Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0440

 

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0440

Улаанбаатар хот

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0316 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн нарын давж заалдах гомдлоор, Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайз тауны 40И байрны 44 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, 000000000 тоот гэрчилгээтэй, 90 м.кв талбай бүхий орон сууцанд БГ15/31 тоот Барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн Б.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбарын хүрээнд эрх зүйн талаас нь зөв дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...маргаан бүхий бүртгэлийг хийхэд хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-ын эхлэл хэсэгт заасан “...барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр гаргах шаардлагыг хангаагүй гэж маргаж буй нь үндэслэл бүхий мэт боловч энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс хуулийн 28.2.1-28.2.3-т заасан баримт бичгийг буюу холбогдох барьцааны гэрээ, барьцаалбарыг үндэслэн бүртгэл хийсэн бүртгэгчийг буруутгаж, бүртгэлийг хүчингүй болгуулах боломжгүй байна...” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болжээ.

Учир нь “К.К.И” ББСБ ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Н.С-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг миний бие олж мэдсэн бөгөөд тухайн хэргийн хариуцагч Н.С мөн надтай утсаар ярьж энэ талаар мэдэгдсэн бөгөөд энэ үеэс эхлэн миний эд хөрөнгөнд зээлдэгч, зээлдүүлэгч нар хууль бусаар халдах гэж байгааг, түүнчлэн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн газраас лавлагаа авснаар олж мэдсэн байхад нэхэмжлэгч Б.Б нь анхнаасаа мэдэж байсан байна гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

Нөгөө талаар “К.К.И” ББСБ ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “Барьцааны гэрээ”-ний дагуу “Барьцаа хөрөнгө”-өөр хангуулахаар шаардаж эхэлснээр миний хуулиар олгогдсон хууль ёсны эд хөрөнгөө өмчлөх, захиран зарцуулах эрх ашиг, сонирхол шууд хөндөгдөж эхэлсэн байхад шүүхээс илт үндэслэлгүй дүгнэлтийг хийлээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид “ипотек” гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ, мөн хуулийн 28.2 дахь хэсэгт гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараахь баримт бичгийг хавсаргана гэж тус тус заасан байх бөгөөд хуулийн энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэгч өөрийн биеэр 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуулийн дагуу “Барьцааны гэрээ”-г бүртгүүлэх талаар огт мэдүүлэг гаргаагүй, энэ нь нэхэмжлэгчийн болон барьцаалуулагч нарын хүсэл зоригийн илэрхийлэл биш байхад нэхэмжлэгч нь өөрөө мэдүүлэг гаргасан мэтээр хуурамч мэдээлэл, түүнд зурсан Б.Б гэх гарын үсэг бүхий мэдүүлгийг үндэслэн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан буюу улсын бүртгэгч “Барьцааны гэрээ”-г бүртгэж баталгаажуулсан үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа тул захиргааны актыг хүчингүй болгох боломжтой гэж үзэж байгаа болно.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Б гэх агуулга бүхий гарын үсэгтэй мэдүүлгийн хүрээнд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт бүртгэл үнэн зөв байх, мөн 5.2 дахь хэсэгт бүртгэл нэгдсэн байх гэсэн бүртгэлийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдөж байхад шүүхээс маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байгааг давж заалдах шатны шүүх анхаарна уу.

Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын бүртгэгч хүлээн авч, мэдүүлэгт хүлээн авсан тэмдэг дарж, хуудсыг дугаарлан, огноо, цаг, минутыг бичиж, мэдээллийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна гэж заасныг зөрчиж бүртгэл хийсэн.

Мөн журмын 7 дугаар зүйлийн 7.8 дэх хэсэгт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасны дагуу барьцааны гэрээг бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа “мэдүүлэг гаргагч” гэсэн хэсэгт өмчлөгчийн тухай мэдээллийг бичиж, “мэдүүлэг гаргасан” гэсэн хэсэгт барьцаалагч, барьцаалуулагч нар гарын үсгээ зурна, хэрэв хуулийн этгээдийн хувьд төлөөлөгч нь гарын үсгээ зурсан байна гэснийг зөрчсөн байхад улсын бүртгэгч бүртгэл хийсэн нь илт хууль бус байхад шүүх илт үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0316 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр “...нэхэмжлэгч өөрийн биеэр мэдүүлэг гаргаагүй, ...барьцаалуулагч нарын хүсэл зоригийн илэрхийлэл биш байхад нэхэмжлэгч нь өөрөө мэдүүлэг гаргасан мэтээр хуурамч мэдээлэл, гарын үсэг бүхий мэдүүлгийг үндэслэн улсын бүртгэгч “Барьцааны гэрээ”-г бүртгэж баталгаажуулсан үйлдэл нь холбогдох хууль зөрчсөн ...шүүх маргааны үйл баримтын талаар буруу дүгнэсэн, хуулийг буруу тайлбарласан ...” гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “...гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх...” гэж заасныг гомдлынхоо үндэслэл болгосон, барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...өөрийн биеэр 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлэг гаргаагүй, барьцаалуулагч миний хүсэл зоригийн илэрхийлэл биш байхад намайг мэдүүлэг гаргасан мэт хуурамч мэдээллийг үндэслэн гэрээг бүртгэж баталгаажуулсан нь хууль зөрчсөн...” гэж тайлбарласан байна.

Барьцааны гэрээг бүртгүүлэх үед нэхэмжлэгч өөрөө очоогүй гэж маргаж байх боловч үүнийгээ, мөн захиргааны байгууллага гэрээг бүртгүүлэх үед Б.Б-гийн очсон болохыг нь эргэлзээгүйгээр нотолж чадахгүй байх хэдий ч улсын бүртгэгч нь “К.К.И” ББСБ, Н.С нарын харилцан тохиролцож байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ15/40 дугаар “Зээлийн гэрээ”, “Зээлийн эргэн төлөх хуваарь” мөн өдрийн “К.К.И” ББСБ, нэхэмжлэгч Б овогтой Б нарын хооронд “...ЗГ15/40 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, төлбөрийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэх барьцаа болгон барьцаалуулагч Б.Б-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайз тауны 40И байрны 44 тоот 90 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн 000000000 тоот гэрчилгээтэй 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалах зорилгоор талууд харилцан тохиролцож байгуулсан” БГ15/41 тоот “Барьцааны гэрээ”-г тус тус үндэслэн “Барьцааны гэрээ”-г бүртгэснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, “К.К.И” ББСБ, Б.Б нарын хооронд байгуулагдсан БГ15/41 тоот “Барьцааны гэрээ” бүртгэгдэх тухайн цаг үед дээр дурдсан барьцааны гэрээ, зээлийн гэрээ хүчин төгөлдөр буюу өөрөөр хэлбэл, тус гэрээнүүд талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан эсэх, гэрээ хуурамч эсэх, хүчин төгөлдөр эсэхтэй холбоотой эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй, тус гэрээнүүдтэй холбоотой маргаан үүсч эрх бүхий этгээдээр хянагдаж байгаагүй,  нэхэмжлэгч тус гэрээнүүдийг хүлээн зөвшөөрч байсан байх тул барьцааны гэрээг бүртгэсэн хариуцагчийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Барьцааны гэрээ”-г бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгосноор эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар тайлбарлаагүй байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...иргэний хэргийн шүүхэд үүссэн маргаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Б.Б барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ...Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан үед ...барьцаа хөрөнгийг бүртгэсэн улсын бүртгэл хууль бус байсан гэдгийг шүүх тогтоосноор иргэний хэргийн шүүхэд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын хүрээнд маргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой...” гэж нэхэмжлэлийн үндэслэл буюу нэхэмжлэлийн шаардлага хангагдах тохиолдолд нэхэмжлэгчийн эрх сэргэх байдал, нэхэмжлэл гаргах болсон зорилгыг тайлбарласан, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...“К.К.И” ББСБ ХХК Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Н.С-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж эхэлснээр миний хуулиар олгогдсон хууль ёсны эд хөрөнгөө өмчлөх, захиран зарцуулах эрх ашиг хөндөгдөж эхэлсэн...” гэж барьцааны гэрээг бүртгэсэнтэй маргах болсон шалтгаан, бүртгэлийн улмаас эрх зөрчигдсөн талаар мэдсэн байдлыг тодорхойлсноос үзвэл, нэхэмжлэгч нь барьцааны гэрээний бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэх үед ЗГ15/40 тоот “Зээлийн гэрээ”, БГ15/41 тоот “Барьцааны гэрээ”-г тус тус хүлээн зөвшөөрч байжээ.

Хэрэгт цугларсан бүртгэлийн хувийн хэргээс үзвэл маргаан бүхий бүртгэлийг хийхдээ улсын бүртгэгч “2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн байгууллагад Б.Б-гийн гаргасан мэдүүлэг, мөн өдрийн ЗГ15/40 дугаартай “Зээлийн гэрээ”, уг зээлийн гэрээний хавсралт болох “Зээлийн эргэн төлөх хуваарь”, БГ15/31 дугаартай “Барьцааны гэрээ” зэрэг баримтуудыг үндэслэн бүртгэлийг хийжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.2-т “гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараахь баримт бичгийг хавсаргана”, 28.2.1-д “барьцааны гэрээ болон түүний хуулбар”, 28.2.2-д “барьцааны гэрээнд зааж хавсралт болгосон баримт бичиг”, 28.2.3-д “үйлчилгээний хураамж төлсөн баримт”, 25 дугаар зүйлийн 28.5-д “энэ хуулийн 28.2-т заасан эрхийг барьцаалбараар гэрчлэн нотолж болно”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хууль ёсны эзэмшигчийн дор дурдсан эрхийг гэрчилсэн зөвшөөрлийн, биет үнэт цаасыг барьцаалбар гэнэ” 14.1.1-т “өөр нотолгоо шаардахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн барьцаагаар хангагдсан мөнгөн төлбөрийн үүргийн биелэлтийг хүлээн авах, шаардах эрх”, 14.1.2-т “үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл гэрээгээр үүссэн барьцааны эрхийг зөвхөн барьцаалагч, барьцаалуулагч нар хамтран мэдүүлэг гаргасан тохиолдолд бүртгэхээр заагаагүй байна. Өөрөөр хэлбэл барьцааны эрхийг барьцаалбараар гэрчлэн нотолж болохоор заасан байх тул үндсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх болох хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн үйл ажиллагаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасантай нийцсэн, тус бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан барьцааны гэрээ бүртгүүлэх мэдүүлэгт “Б.Б” гэх гарын үсэг зурагдсан байх боловч нэхэмжлэгчээс “...тухайн үед өөрийн биеэр очоогүй, улсын бүртгэлийн байгууллага, барьцаалуулагч байхыг шаардсан хуулийн шаардлага хангагдаагүй байхад барьцааны гэрээг бүртгэсэн нь хууль бус” гэж маргажээ.

Шүүх гарын үсгийг шинжлүүлэхээр шинжээч томилсон байх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 681 дүгээр “Шинжээчийн дүгнэлт”-ээр нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч, маргаагүй “2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”-н дэх монгол бичгээр бичигдсэн “гарын үсэг”-ийг “...харьцуулах загвараар ирүүлсэн түүний гарын үсэгтэй тохироогүй” гэж дүгнэсэн байх тул шүүхийг шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй гэж буруутгах үндэслэлгүй. 

Харин нэхэмжлэгчийн зээл, барьцааны гэрээтэй холбогдуулан иргэний болон бусад журмаар гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ