2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/11322

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* ББСБ ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******гийн /Регистрийн дугаар /,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******, 51 тоотод оршин суух Дориг овогт ын /Регистрийн дугаар / нарт холбогдох,

 

35,658,703.25 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 89,047,110 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.,

хариуцагч бөгөөд хариуцагч Д.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.,

хариуцагчийн өмгөөлөгч П. /ҮД:/,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Дотно финанс ББСБ ХХК нь 3., Д. нартай 2024 оны 01 сарын 31-ний өдөр дугаар DF51742 тоот Зээлийн гэрээг байгуулж, 245,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээл олгосон. Мөн тус өдөр DF51742 тоот Барьцааны гэрээг байгуулж 2022 оны 05 сарын 24-нд орж ирсэн, 2021 онд үйлвэрлэгдсэн, Toyota Land Cruiser маркын, арлын дугаартай, хар өнгийн автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нар үндсэн зээлийн төлөлт болох 245,000,000 төгрөгийг гэрээний хугацаа дууссаны дараа төлөх, гэрээний хугацаанд хүүг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. 3.Пүрэвжав, Д. нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүүгээ хугацаандаа төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаж үндсэн төлөлт болон зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргийн зөрчил хэвээр байсан. Зээлдэгч нар нь 2024 оны 01 сарын 31-нээс 2024 оны 08 сарын 02-ны өдөр хүртэл нийт 184 хоногийн хугацаанд үндсэн зээлнээс 1,196 төгрөг, хүүнд 42,980,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 411,184 төгрөг, нийт 47,092,600 төгрөгийг төлсөн. Зээлийн эргэн төлөлтийг тодруулбал, 2024 оны 02 сарын 28-ны өдөр 6,775,000 төгрөг, 2024 оны 04 сарын 24-ний өдөр 15,417,000 төгрөг, 2024 оны 08 сарын 02-ны өдөр 24,900,600 төгрөгийг тус тус төлсөн. 3ээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу заасан хугацаандаа төлөлгүй, зээлийн гэрээний 4.2.4, 4.2.5-т заасан зөрчлүүдийг гаргасан тул удаа дараа холбогдож мэдэгдэл хүргүүлж, уулзаж тодруулсан. 2024 оны 06 сарын 12-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан 24/0629 тоот мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд 3. зээлийн хүүний төлбөрийг 2024 оны 06 сарын 20-ны өдрөөр төлөх, мөн өдөр төлөлт хийхдээ гэрээнд өөрчлөлт оруулж дахин 2 сарын хүү төлөхөөр гэрээг сунгаж өгнө үү, энэ хугацаанд үндсэн төлөлтийг хуваан төлж дуусгана гэж бичгээр тайлбар ирүүлсэн. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2024 оны 06 сарын 20-ны өдөр төлбөрийг барагдуулахаар тохирсон боловч үр дүнд хүрээгүй тул 2024 оны 06 сарын 26-ны өдөр 24/0664 тоот шаардах хуудсаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөдлөх хөрөнгийг барьцаалагчид үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах арга хэмжээ авах болохыг мэдэгдсэн. Зээлдэгч 3. нь зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүг 2024 оны 07 сарын 10-ны өдрийн дотор төлбөр төлөх хүсэлтийг гаргасан. Зээлдэгч 2024 оны 07 сарын 26-ны өдөр төлөхөөр утсаар холбогдож тохирсон ч уг хугацаанд төлөөгүй тул 24/0704 тоот шаардах хуудсыг хүргүүлсэн. 2024 оны 08 сарын 02-ны өдөр зээлдэгч 3. зээлийн гэрээний хугацааг 4 сараар сунгаж өгөх хүсэлтийг гаргасны дагуу DF51742-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, гэрээний хугацааг 2024 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Зээлдэгч нар гэрээний үүргээ зөрчсөн хэвээр байсан тул хаягийн дагуу очиж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан ч үр дүн гараагүй бөгөөд барьцаа хөрөнгийг хамгаалалтдаа авч байршуулан хугацаа олгосон боловч үр дүнд хүрээгүй тул барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг Уран ган ХХК-д байршуулан худалдахаар болж, 2024 оны 11 сарын 25-ны өдрийн дотор барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг хангах эрхийг олгож байгаа талаар 2024 оны 11 сарын 13-ны өдөр 24/1164 тоот мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Зээлдэгч нар нь барьцаа хөрөнгийг худалдахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. 2025 оны 02 сарын 26-ны өдөр барьцааны зүйлийг Д.Баярмагнайд 270,000,000 төгрөгөөр худалдсан. Автомашиныг худалдан борлуулж манай байгууллагаас гарсан зардал болох автомашины дулаан зогсоолын төлбөр 300,000 төгрөгийг А.Энхжингийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд 2025 оны 02 сарын 20-ны өдөр шилжүүлсэн, тухайн автомашиныг худалдах үед гарсан байсан торгууль, албан татвар, төлбөрт нийт 356,861.25 төгрөг, Сити кар ваш сервист автомашиныг угаалгасан төлбөрт 81,600 төгрөг, нийт 738,461.25 төгрөгийн зардалыг авто машиныг худалдсан төлбөрөөс төлсөн. Учир нь машиныг худалдан борлуулснаар манай байгууллагааас гарах ёсгүй зардал гарсан учир машин борлуулсан мөнгөнөөс дээрх зардалыг хасаж үлдэгдэл нийт 269,261,538.75 төгрөгийг зээлдэгч нарын төлөх үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсон. Зээлийн төлөлтийн талаар тодруулбал, 2025 оны 02 сарын 27-ны өдрийн байдлаар нийт 209 хоногийн хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлд 244,998,804 төгрөг, зээлийн хүү 48,819,892 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,455,958 төгрөгийг төлөхөөр байсан бөгөөд тухайн барьцааны автомашин борлуулсаны төлбөрөөс 70,000,000 төгрөгийг зөвхөн үндсэн зээлийн төлөлтөөс хасч тооцсон. Ингээд барьцааны автомашины үлдэгдэл төлбөр болох 199,261,538.75 төгрөг 2025 оны 03 сарын 10-ны өдөр төлөгдсөн. Зээлдэгч нар 2025 оны 03 сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 174,988,804 төгрөг, зээлийн хүүнд 50,655,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,823,028 төгрөг төлөхөөр байсан тул автомашины борлуулсан төлбөрөөс үндсэн зээлээс 139,783,290.75 төгрөгийг, зээлийн хүүнд 50,655,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,823,028 төгрөгийг тус тус суутгаж тооцсон. Үүнээс хойш зээлийн үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл төлөөгүй буюу барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Зээлийн хүү нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хариу төлбөр бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл нь гэрээгээр хүлээсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул зээлдэгч 3., хамтран зээлдэгч Д. нар 2025 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 35,215,513.25 төгрөг, зээлийн хүү 369,325 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 73,865 төгрөг, нийт 35,658,703.25 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч З., Д. нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, Дотно финанс ББСБ ХХК-ийн зүгээс хүсэлтийг нь тухай бүрт нь шийдвэрлэж байсан боловч хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлдэгч болон зээлдүүлэгч талаас уулзалт хийж барьцаа хөрөнгө болох автомашиныг худалдан борлуулж зээлээс төлүүлэх арга хэмжээг авахаар харилцан тохиролцсон тул автомашиныг хураан авах бус зайсанд байрлалтай автозогсоолд байршуулж, автомашиныг худалдан борлуулахаар 2 талаас зар өгч, сонирхсон бүхий л хүмүүст зээлдэгч болон зээлдүүлэгч талаас нээлттэйгээр үзүүлсэн. Гэвч зээлдэгч З. маш өндөр үнээр худалдан борлуулах санал тавьж худалдан авагч нарын авах сэдлийг бууруулж, худалдан борлуулах тал дээр саад хийж байсан. Иймд дахин уулзалт хийж автомашины үнийн судалгааг хийж хамгийн хурдан бэлэн мөнгөөр борлуулах үнийг судлаад 240,000,000 төгрөг гэдгийг 2 талаас хүлээн зөвшөөрсөн. Зээлдэгч 3. 2024 оны 12 сарын 06-ны өдрийн өргөдөлдөө Барьцаанд байгаа машиныг ойрын хугацаанд зарах /бэлэн болон үнийн дүнд бартер оролцуулан борлуулах/, 2024 оны 12 сарын 31-ний дотор борлуулагдаагүй тохиолдолд барьцааг байршуулан гэрээг сунгах, дээрх 2 хувилбарын аль нэг нь шийдэгдээгүй тохиолдолд 240,000,000 төгрөг бэлэн төлбөрөөр ченжид өгч борлуулахыг зөвшөөрч байна гэсэн өргөдлийг гаргаж өөрийн болон хамтран зээлдэгчийн гарын үсгээ зурж баталгаажуулан өгсөн. 2024 оны 12 сарын 31 болоход автомашиныг борлуулаагүй, мөн зээлдэгч зээлийн гэрээг сунгах хүсэлтийг өгөөгүй тул 2025 оны 02 сарын 27-ны өдөр автомашиныг 270,000,000 төгрөгөөр худалдсан. 2024 оны 02 сарын 27-ны өдөр зээлийн үлдэгдэл 244,998,804 төгрөг, хүүний төлбөр 48,819,892 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 8,455,958 төгрөг, нийт 302,274,654 төгрөг байсан. 2025 оны 02 сарын 27-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 70,000,000 төгрөгийг худалдан авагч талаас шилжүүлсэн тус төлбөрийг үндсэн зээлийн төлбөр 244.998.804 төгрөгөөс хасаж үлдэгдэл 174,998,804 төгрөг болсон. Байгууллагын зүгээс эхлээд авлага, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээл төлүүлэх дарааллын дагуу төлөх байснаас харилцагчийг аль болох бага төлбөр төлүүлэх зорилгоор шууд үндсэн зээлээс төлөлт хийж зээлийн дүнг багасах боломжийг олгосон. 2025 оны 03 сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 35,125,513.25 төгрөг байгаа гэх мэдээллийг Дотно финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгчид өгч, ирж уулзан үлдэгдэл төлбөрийг өөрийн боломжоор хуваарь гарган сар бүр бага багаар төлөх боломжийг олгож гэрээ хийх саналыг илэрхийлсэн боловч татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар автомашиныг гүйцэтгэх захирал нь нөхрийн хамт хувьдаа завшсан гэх үндэслэлгүй тайлбар гаргаж байна, автомашиныг худалдан авсан хүн нь Д.Баярмагнай гэх иргэн байдаг. Манай компанийн хувьцаа эзэмшигч биш мөн гэр бүлийн хамааралгүй хүн болно. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

3., Д. нар Дотно финанс ББСБ ХХК-тай 2024 оны 01 сарын 31-ний өдрийн DF51742 дугаар зээлийн гэрээг байгуулан 245,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 2,9 хувийн хүүтэй зээлсэн. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2024 оны 01 сарын 31-ний өдрийн DF51742 дугаар Барьцааны гэрээг байгуулж, 0190 УНӨ улсын дугаартай Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг 365,000,000 төгрөгөөр үнэлэн зээлдүүлэгчид нэрийг нь шилжүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээ нэртэй гэрээ байгуулсан боловч зээлдүүлэгч тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг гэрээ байгуулсан өдрөө шилжүүлж авсан тул бидний хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн харилцаа үүссэн. Зээлийн гэрээний хугацааг харилцан тохиролцож 2 удаа нийт 5 сарын хугацаатай сунгасан бөгөөд 2024 оны 09 сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Тухайн хугацаанд бид нийт 47,092,600 төгрөгийг төлсөн. 2024 оны 11 сарын 25-ны өдөр Дотно финанс ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар машиныг биет байдлаар хурааж авсан. Автомашиныг хураах үед буюу 2024 оны 11 сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр 244,998,804 төгрөг, зээлийн хүү 26,862,620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,064,466 төгрөг, нийт 275,925,890 төгрөг байсан. Банк бус санхүүгийн байгууллага нь 0190 УНӨ улсын дугаартай Toyota Land Cruiser маркийн автомашиныг 365,000,000 төгрөгөөр үнэлэн гэрээ байгуулсан тул энэ үнээс зээлийн төлбөр 275,925,890 төгрөгийг хасч, үлдэгдэл 89,047,110 төгрөгийг буцаан олгох ёстой. Дотно финанс ББСБ-д хураалгасан Toyota Land Cruiser 300 GRS маркын автомашин нь Land cruiser 300 маркын автомашин дотроо хамгийн өндөр үнэтэй, нэмэлт үнэтэй тоноглолтой байсан. Энэ автомашиныг 2024 оны 01 сарын 31-ний өдөр 365 сая төгрөгөөр иргэн Э.Энхбатаас худалдан авч байсан бөгөөд 9 сар орчим унаад л нэхэмжлэгчид анх авсан байдлаар нь хураалгасан. Дотно финанс ББСБ нь 275,925,890 төгрөгийн зээлийн төлбөрт 365,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин хураан авсан тул зөрүү төлбөрийг олгох ёстой ч олгоогүй. Дотно финанс ББСБ ХХК нь барьцаа хөрөнгийг зохион байгуулалттайгаар үнэгүйдүүлэн ашиг сонирхолын зөрчилтэйгөөр гүйцэтгэх захирал нь нөхрийн хамт хувьдаа завшсан. 2024 оны 01 сарын 31-ний өдөр автомашиныг өндрөөр үнэлэн барьцаа хөрөнгөөр авчихаад 2024 оны 10 сарын 11-ний өдрөөс үнийг нь байж боломгүй унагаж хямдруулсан, өөрөөр хэлбэл есхөн сарын хугацаанд 365 саяаас 270 сая болгосон. Бид машинаа зарах шийдвэр гаргаж 320 сая төгрөгөөр зарах гэсэн боловч зохион байгуулалттайгаар хааж боож маш их хугацаа алдсан. 12 сараас автоашиныг Зайсанд гражинд хийж, үзүүлэх боломж дутмагаас болж олон хүнтэй наймаа хийж чадаагүй. Гэтэл энэ хугацааны хүү, алданги надаар төлүүлэх нь байж боломжгүй юм. 2024 оны 02 сарын 26-ны өдөр өөр хүн унаж замын хөдөлгөөнд оролцсон, энэ үйлдэл нь дүрэм журам зөрчсөн үйлдэл болсон. Мөн өөрийн дүүдээ машинаа зарах болсон ч битүүний өмнөх өдөр, битүүнд хөөцөлдөөд машинаа олж авч чадаагүй, зохион байгуулалттайгаар хаана байгаа газрыг нь хэлж өгөхгүй тас нуусан. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Дотно финанс ББСБ ХХК-д өр төлбөр төлөхгүй, эсрэгээрээ хохирлоо нэхэмжлэх үндэслэлтэй байна. Иймд 89,047,110 төгрөгийг Дотно финанс ББСБ ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, итгэмжлэл /хх-6/, Дотно финанс ББСБ ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-7, 8-9/, хүү тооцооллын хүснэгт /хх-10/, зээл төлөлтийн дансны хуулга /хх-11/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-12/, зээл хүссэн өргөдөл /хх-13-16/, 2024.01.31-ний өдрийн DF51742 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-17-18/, 2024.01.31-ний өдрийн DF51742 дугаартай Барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө барьцаалах/ /хх-19/, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн мэдээлэл /хх-20/, З., Д. нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21, 22/, Тээвэр хөгжлийн банкны 2024.01.31-ний мөнгөн шилжүүлгийн баримт /хх-23/, 2024.01.31-ний өдрийн бүртгэлийн 0510 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ 2024.01.12-ны бүртгэлийн 0077 дугаартай итгэмжлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-24, 25, 26/, фото зураг /хх-27-29/, 2024.12.06-ны З., Д. нарын Дотно финанс ББСБ ХХК-д гаргасан хүсэлт /хх-30/, зээлийн дансны хуулга /хх-31/, 2024.06.12-ны 24/0629, 2024.11.13-ны 24/1163, 24/1164 дугаартай Мэдэгдэх хуудас /хх-32, 38, 39/, 2024.06.26-ны 24/0664, 2024.07.26-ны 24/0704 дугаартай шаардах хуудас /хх-33, 34/, 2024.08.12-ны зээл олгох шийдвэр /хх-35/, 2024.08.02-ны DF51742-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-36/, 2024.08.02-ны З.ын Дотно финанс ББСБ ХХК-д гаргасан хугацаа сунгах хүсэлт /хх-37/, 2025.02.26-ны бүртгэлийн 0353 дугаартай Худалдах худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-40, 41/, Дотно финанс ББСБ ХХК-н 2025.02.27-ны 25/0282 дугаартай албан бичиг /хх-42/, 2025.02.26-ны Автомашин хүлээлцсэн акт /хх-43/, Сити кар ваш сервис төлбөр төлсөн баримт /хх-44/, ХААН банкны 2025.02.20-ны шилжүүлгийн баримт /хх-45/, Smart car төлбөрийн баримт /хх-46, 48, 49, 50, 51, 52, 53, /, авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн тасалбар /хх-47/, төлбөрийн баримт /хх-54/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-94, 125/, 2025.11.19-ний хариу тайлбар /хх-122-124/, Toyota Land cruiser автомашины зах зээлийн үнийн баримтууд /хх-126-129/, Дотно финанс ББСБ ХХК-н хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-130-131/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-132, 133/,

3.2. Хариуцагч нараас ирүүлсэн: З.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-86/, Д.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-87/, 2025.10.01-ний өдрийн хариу тайлбар /хх-89/, итгэмжлэл /хх-100/, сөрөг нэхэмжлэл /хх-104-105/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-106/, 2025.11.11-ний өдрийн хариу тайлбар /хх-107-108/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-109/, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-142-152/.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт авагдсан, зохигчоос гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Дотно финанс ББСБ ХХК нь хариуцагч З., Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 35,215,513.25 төгрөг, зээлийн хүү 369,325 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 73,865 төгрөг, нийт 35,658,703.25 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

3. Хариуцагч З. нь нэхэмжлэгчид холбогдуулан барьцааны зүйл болох автомашиныг худалдан борлуулсны зөрүү төлбөр 89,047,110 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

4. Зохигчийн хэн аль нь эсрэг талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

5. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. З. нь 2024 оны 01 сарын 31-ний өдөр Дотно финанс ББСБ ХХК-д бусдаас худалдан авч байгаа өөрийн өмчлөлийн улсын дугаартай Toyota Land Cruiser маркийн автомашиныг барьцаалан, автомашин худалдан авах зориулалтаар 245,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлэх хүсэлтийг, Д. нь хамтран зээлдэгчээр орох хүсэлтийг тус тус гаргасан. /хх-ийн 13-16/

 

5.2. Дотно финанс ББСБ ХХК, З., Д. нар 2024 оны 01 сарын 31-ний өдрийн DF51742 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, Дотно финанс ББСБ ХХК нь 245,000,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар сарын 2.9 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэх, З., Д. нар 2024 оны 02 сарын 29-ний өдрөөс зээлийн хүүгийн төлөлтийг хийх, зээлийн төлөлтийг 2024 оны 05 сарын 31-ний өдөр бүрэн төлөх үүргийг хүлээж, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцсон. /хх-ийн 17-18/

 

Мөн 2024 оны 08 сарын 02-ны өдөр DF51742-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж 2024 оны 01 сарын 31-ний өдрийн DF51742 дугаартай Зээлийн гэрээний хугацааг 2024 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатай сунгасан. /хх-ийн 36/

 

5.3. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Дотно финанс ББСБ ХХК болон З. нар DF51742 дугаартай Барьцааны гэрээг байгуулж, 0190 УНӨ улсын бүртгэлийн дугаартай, 2021 онд үйлвэрлэгдсэн, арлын дугаартай Toyota Land Cruiser маркийн автомашиныг 365,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалж, мөн өдөр уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг Дотно финанс ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. /хх-ийн 19, 12, 41/

 

6. Дээр дурьдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан үйл баримтын талаар зохигч маргаагүй боловч хариуцагч тал барьцааны зүйл болох автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгч гэрээ байгуулсан өдөр шилжүүлж авсан тул талуудын хооронд барьцааны гэрээ бус фидуцийн гэрээний харилцаа үүссэн гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Дотно финанс ББСБ ХХК болон хариуцагч З., Д. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба нэхэмжлэгч, хариуцагч нар зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

  8. Дотно финанс ББСБ ХХК нь 2024 оны 01 сарын 31-ний өдөр 245,000,000 төгрөгийг зээлдэгч тал болох З.ын ХААН банкны дугаартай данс руу шилжүүлэн зээлийг олгож, зээлдүүлэгч тал гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх ба хариуцагч нар зээлийн мөнгийг хүлээн авсан асуудлаар маргаагүй.

 

9. Нэхэмжлэгч нь хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 02 сарын 28-ны өдөр 6,775,000 төгрөг, 2024 оны 04 сарын 24-ний өдөр 15,417,000 төгрөг, 2024 оны 08 сарын 02-ны өдөр 24,900,600 төгрөг, нийт 47,092,600 төгрөгийг төлсөнийг үндсэн зээлийн төлбөрт 1,196 төгрөг, хүүгийн төлбөрт 42,980,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,111,184 төгрөгийг суутган тооцсон гэх тайлбарыг гаргасныг хариуцагч нар баримтаар үгүйсгэж няцаагаагүй ба зээлийн гэрээний үүрэгт төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

 

10. Зохигчийн хооронд DF51742 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2024 оны 05 сарын 31-ний өдөр дуусахаар гэрээ байгуулсан, улмаар гэрээний хугацааг сунгаж 2024 оны 09 сарын 30-ны өдөр дуусахаар талууд харилцан тохиролцсон байх ба зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 08 сарын 02-ны өдрийн байдлаар нийт 47,092,600 төгрөгийн төлөлтийг хийж, үүнээс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нар биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

 

11. Нэхэмжлэгч Дотно финанс ББСБ ХХК зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг зээлдэгч нарт 2024 оны 06 сарын 12-ны өдөр хүргүүлэхэд хариуцагч З. зээлийн хүүгийн төлбөрийн 2024 оны 06 сарын 20-ны өдрийн байдлаар төлж, гэрээний хугацааг 2 сарын хугацаатай сунгах саналыг гаргасан, 2024 оны 06 сарын 26-ны өдөр шаардах худаас хүргүүлэхэд 2024 оны 07 сарын 10-ны өдөр хүүгийн төлбөрийг төлөх хүсэлтийг гаргасан, 2024 оны 07 сарын 26-ны өдөр шаардах хуудсыг хүргүүлэхэд гэрээний хугацааг сунгах хүсэлтийг гаргасны дагуу талууд 2024 оны 08 сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 4 сараар буюу 2024 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан, 2024 оны 11 сарын 13-ны өдөр мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нар нэхэмжлэгчээс хүргүүлсэн шаардах хуудас болон мэдэгдэх хуудаст дурдсан хугацаанд үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 32, 33, 34, 36, 37, 38, 39/

 

12. Хариуцагч нар нь 2024 оны 12 сарын 06-ны өдөр Дотно финанс ББСБ ХХК-д ...барьцаанд байгаа автомашиныг бэлэн болон бартер оролцуулан худалдан борлуулах, 2024 оны 12 сарын 31-ний дотор борлуулагдаагүй тохиолдолд барьцаа байршуулан зээлийн гэрээг сунгах, дээрх хоёр хувилбарын аль нэг шийдэгдээгүй тохиолдолд 240,000,000 төгрөгөөр бэлнээр ченжид өгч борлуулахыг зөвшөөрч байна гэсэн хүсэлтийг гаргасны дагуу талууд 2025 оны 01 сарын 09-ний өдөр уулзалт хийж 2025 оны 01 сарын 17-ны өдөр хүртэл олгосон хугацаанд ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол өргөдлийн дагуу шийднэ гэж тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 30, 31/

 

13. Дотно финанс ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Одончимэг нь 2025 оны 02 сарын 26-ны өдөр нотариатын бүртгэлийн 0353 дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг Д.Баярмагнайтай байгуулж, барьцаа хөрөнгө болох 0190 УНӨ улсын бүртгэлийн дугаартай Toyota Land Cruiser маркийн автомашиныг 270,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, улмаар тухайн автомашиныг Д.Баярмагнайгийн нэр дээр шилжүүлсэн нь хэрэгт авагдсан гэрээ, Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн албан бичиг, автомашин хүлээлцсэн акт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 40-41, 42, 43/

 

14. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг 2025 оны 02 сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 244,998,804 төгрөг, зээлийн хүү 48,819,892 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,455,958 төгрөг гэж тодорхойлон барьцааны зүйл болох автомашин борлуулсаны урьдчилгаа төлбөр 70,000,000 төгрөгийг үндсэн зээлийн төлөлтөөс хасаж тооцсон, автомашины үлдэгдэл төлбөр 2025 оны 03 сарын 10-ны өдөр төлөгдсөн өдрөөр зээлийн гэрээний үүргийг үндсэн зээлийн үлдэгдэл 174,988,804 төгрөг, зээлийн хүү 50,655,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,823,028 төгрөг гэж тодорхойлон үндсэн зээлээс 139,783,290.75 төгрөг, зээлийн хүүнд 50,655,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,823,028 төгрөгийг суутгаж тооцсон, мөн автомашины дулаан зогсоолын төлбөр 300,000 төгрөг, автомашиныг худалдах үед гарсан байсан торгууль, албан татвар, төлбөрт 356,861.25 төгрөг, автомашиныг угаалгасан төлбөрт 81,600 төгрөг, нийт 738,461.25 төгрөгийн зардалыг тус байгууллагаас гарсан зардалд тооцож автомашин борлуулсан мөнгөнөөс хасаж тооцоход 2025 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 35,215,513.25 төгрөг, зээлийн хүү 369,325 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 73,865 төгрөг, нийт 35,658,703.25 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсэн үндэслэлээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 35,658,703.25 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

15. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

Зээлдүүлэгч Дотно финанс ББСБ ХХК нь зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрхтэй.

 

Үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцалж болох ба хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан.

 

Хариуцагч З., Д. нар нь 2024 оны 08 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 47,092,600 төгрөгийн төлөлтийг хийж, зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгчээс зээл төлөх нэмэлт хугацаа олгосон боловч зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үүргээ зөрчсөөр байсан нь баримтаар тогтоогдож байх ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан хэдий ч хариуцагч талын үүргийн зөрчлийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

Нэхэмжлэгч Дотно финанс ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Одончимэг 2025 оны 02 сарын 26-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан автомашиныг бусдад худалдан борлуулснаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг нэхэмжлэгч талын санаачлагаар цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй бөгөөд хариуцагч нар нь гэрээ цуцлагдах хүртэл хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээнэ.

 

Зээлдүүлэгч банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг төлөх үүргийг тус тус хүлээх ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар гэрээ байгуулагдсан хугацаанаас гэрээ цуцлагдах хүртэл хугацааны үүссэн үүргийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь 2025 оны 02 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 244,998,804 төгрөг, хүүгийн төлбөр 55,827,592 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,448,258 төгрөг, нийт 302,274,654 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

16. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Дотно финанс ББСБ ХХК болон З. нарын хооронд DF51742 дугаартай Барьцааны гэрээг байгуулж, 0190 УНӨ улсын бүртгэлийн дугаартай, 2021 онд үйлвэрлэгдсэн, арлын дугаартай Toyota Land Cruiser маркийн автомашиныг 365,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан гэрээг хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг Дотно финанс ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн үндэслэлээр фидуцийн гэрээний харилцаа үүссэн гэж маргасан.

 

Барьцааны зүйл болох автомашины тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэр шилжүүлсэн үйлдэл нь фидуцийн гэрээний шинжийг агуулж байх боловч талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, тохиролцооноос үзэхэд барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй, уг гэрээ нь Иргэний хуулийн156 дугаар зүйлийн 156.1-т зааснаар гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба хариуцагч нар уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй. /хх-ийн 19/

 

17. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 158 дугаар зүйлийн 158.1-д Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, мөн 163 дугаар зүйлийн 163.2-т Барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдах болсон тухай болон худалдах үнийн тухай өмчлөгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арван дөрвөн хоногийн дотор барьцааны зүйлийг худалдаж болохгүй гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Дотно финанс ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Одончимэг 2025 оны 02 сарын 26-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан автомашиныг бусдад худалдан борлуулсан үйл ажиллагаа нь дээр дурдсан хуулийн заалтын дагуу явагдаагүй буюу хууль зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгчийн барьцааны зүйлийг худалдан борлуулсан үйл ажиллагаа нь Иргэний хуульд заасан барьцааны зүйлийг худалдан борлуулахтай холбоотой зохицуулалтад нийцээгүй тул автомашиныг худалдан борлуулахтай холбогдон гарсан гэх зардлуудыг хариуцагч нараас шаардах эрхгүй буюу автомашиныг бусдад худалдан борлуулсан төлбөрөөс хасаж тооцсон нь үндэслэлгүй байх ба барьцааны автомашин 2024 оны 11 сарын 25-ны өдрөөс 2025 оны 02 сарын 26-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байсныг дурдах нь зүйтэй.

 

18. Хариуцагч З. нь нэхэмжлэгч Дотно финанс ББСБ ХХК-аас барьцааны зүйл болох автомашиныг худалдан борлуулсны зөрүү төлбөр 89,047,110 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

2024 оны 01 сарын 31-ний өдөр З. нь Л.Очирсүхийн өмчлөлийн гаалийн мэдүүлгийн , арлын дугаартай, 2021 онд үйлвэрлэгдсэн, хар өнгөтэй Toyota Land Cruiser маркийн автомашиныг 365,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 120,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 245,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас авах зээлээр төлөхөөр тохиролцож, тээврийн хэрэгсэлд 0190 УНӨ улсын дугаар авч, гэрчилгээг өөрийн нэр лүү шилжүүлэн авсан, мөн өдөр Дотно финанс ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 245,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд уг автомашиныг барьцаалан тээврийн хэрэгслийн гэрчилгээг зээлдүүлэгчийн нэр лүү шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 23-29, 19, 13-16/

Хариуцагч нь Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-аар барьцааны зүйл болох 0190 УНӨ улсын бүртгэлийн дугаартай, 2021 онд үйлвэрлэгдсэн, арлын дугаартай Toyota Land Cruiser маркийн автомашины үнэлгээг хийлгэсэн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн ба үнэлгээнд 2024 оны 11 сарын байдлаар уг автомашин 339,666,600 төгрөгийн үнэлгээтэй гэсэн байх ба нэхэмжлэгч талаас уг үнэлгээний талаар маргаж мэтгэлцээгүй. /хх-ийн 142-152/

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нь 2024 оны 12 сарын 06-ны өдөр барьцаа хөрөнгийг 2024 оны 12 сарын 31-ний дотор бусдад худалдан борлуулж чадаагүй тохиолдолд 240,000,000 төгрөгөөр ченжид худалдан борлуулахыг зөвшөөрсөн агуулга бүхий хүсэлтийг гаргасан нь тогтоогдож байх боловч зээлдүүлэгч тал болох нэхэмжлэгч нь барьцааны зүйлийг хууль, болон гэрээнд заасны дагуу худалдан борлуулах эрх, үүргийг эдлэх бөгөөд барьцааны зүйлийг худалдан борлуулахтай холбоотой үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй байх тул хариуцагч нь барьцааны зүйлийн зөрүү мөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан 0190 УНӨ улсын бүртгэлийн дугаартай, Toyota Land Cruiser маркийн автомашиныг 2024 оны 11 сарын 25-ны өдөр Дотно финанс ББСБ ХХК биет байдлаар хураан авсан буюу хариуцагч автомашиныг 2024 оны 01 сарын 31-ний өдөр бусдаас худалдан авч 2024 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл өөрөө эзэмшиж ашигласан нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул тухайн үеийн зах зээлийн үнэлгээг хэрэгт авагдсан баримтын хүрээнд Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлсэн үнэлгээ болох 339,666,600 төгрөгөөр тодорхойлох үндэслэлтэй байх тул хариуцагч нарын зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих нийт 302,274,654 төгрөгийг хасаж тооцоход зөрүү 37,391,946 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

19. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч З., Д. нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 35,215,513.25 төгрөг, зээлийн хүү 369,325 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 73,865 төгрөг, нийт 35,658,703.25 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Дотно финанс ББСБ ХХК-аас барьцааны зүйл болох автомашины зөрүү төлбөрт 37,391,946 төгрөгийг гаргуулан хариуцагч З.т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51,655,164 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336,245 төгрөг, хариуцагч З.аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 603,321 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 344,909 төгрөгийг гаргуулан хариуцагч З.т олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 157 дугаар зүйлийн 157.5.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч З., Д. нараас зээлийн гэрээний үүрэгт 35,658,703.25 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Дотно финанс ББСБ ХХК-аас барьцааны зүйл болох автомашины зөрүү төлбөрт 37,391,946 төгрөгийг гаргуулан хариуцагч З.т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51,655,164 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336,245 төгрөг, хариуцагч З.аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 603,321 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Дотно финанс ББСБ ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 344,909 төгрөгийг гаргуулан хариуцагч З.т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР