| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/10675/И |
| Дугаар | 191/ШШ2025/11340 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/11340
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* ХХК /Регистрийн дугаар: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* ХХК /Регистрийн дугаар: /-д холбогдох
Гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голден Пэйж Аудит ХХК нь Жин туул ХХК-тай харилцан тохиролцож, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ГЦА-23/01 дугаартай Санхүүгийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Голден Пэйж Аудит ХХК нь үйлчилгээний үүргээ цаг хугацаанд нь, чанартайгаар бүрэн биелүүлсэн. Гэсэн хэдий ч Жин туул ХХК нь гэрээний дагуу 2023-2024 оны 06 сарын 30-нд төлөх ёстой байсан үйлчилгээний хөлсийг өнөөөг хүртэл төлөөгүй байна. Голден Пэйж Аудит ХХК нь үйлчилгээний төлбөрөө барагдуулахыг Жин Туул ХХК-д удаа дараа бичгээр болон цахим шуудангаар мэдэгдэж, нэхэмжлэл шаардлага хүргүүлсэн боловч Жин Туул ХХК нь Одоохон ажил бүтнэ, удахгүй мөнгө өгнө, захиралд хэлсэн гээд нягтлан бодогч нь тооцоогоо нийлж баталгаажуулдаг бөгөөд сүүлийн жил захирлууд нь утсаа авахгүй болсон, ажил дээр нь очихоор байхгүй таардаг гэхчлэн хариу өгөөд амлалтаа биелүүлэлгүй өнөөг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Тиймээс аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.
Хариуцагч Жин туул ХХК нь бидний нэхэмжилсэн мөнгийг өчигдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн бөгөөд манай дансанд орж ирсэн. Төлбөр төлсөнтэй холбоотой маргаан байхгүй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голден пэйж Аудит ХХК нь хариуцагч Жин туул ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь хариуцагч Жин туул ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй байх тул хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Жин туул ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,000,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, Голден пэйж Аудит ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Жин туул ХХК-д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгож, мөн эрх зүйн үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Голден пэйж Аудит ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Жин туул ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,000,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгөөс 146,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 146,475 төгрөгийг нэхэмжлэгч Голден пэйж Аудит ХХК-д буцаан олгож, хариуцагч Жин туул ХХК-аас 146,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голден пэйж Аудит ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР