Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2019/00097

 

*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

*******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00542 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.789.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие хариуцагч *******аас 2017 оны 12 сарын 15-нд Nissan patrol Ү-61 маркийн жийп авто машины хуучин ZD30101973 А дугаартай моторыг ярилцан үнэ тохиролцож 2.300.000 төгрөгөнд бодож худалдаж авсан билээ. Тухайн үед ******* нь өөрийн хуучин муу, асдаггүй эвдэрхий мотороо бараг шинэ шахуу гэж худлаа ярьж зарсан. Энэ моторын талаар олон хүн надтай уулзаж ийм ч юмыг нь тийм ч юмыг нь зарчих, Моннис төвөөс хүртэл над дээр ирж түлшний өндөр даралтын насосыг нь салгаад зарчих гэж гуйж байсан, би бүхлээр нь зарна гээд салгаж өгөөгүй, энэ моторыг чи тавиад л шууд түлхүүр түлхээд л асна. 100 километрт 8 литр түлш иддэг жоохон хүч муутай. Би өөрөө ГОК-ын чадалтай том мотортой машин унаад муу зан сурчихаж тэгээд зүгээр байсан мотороо авч оронд нь ТD-42 гэдэг чадалтай мотор авч тавьсан гэх мэтийн янз бүрээр толгойг эргүүлж би 2.300.000 төгрөгөө бэлнээр өгч худалдаж авсан. Ингээд мотороо тавиулан тэргээ асаах гэсэн боловч уг мотор асах битгий хэл тэсрэх ч үгүй дүлий байсан тул аргаа бараад Д.Тайванжаргалыг утсаар дуудан өөрөөр нь чирүүлэн асаах гэсэн боловч асаагүй. Тэгээд Тайванжаргал би хүн авч ирж цагаан сараас өмнө тэргийг чинь асааж өгнө гэж хэлээд явсан хэдий боловч өдийг хүртэл сураггүй, утсаа авахаа болиод байна. Энэ хүн зориуд санаатайгаар хөгшин хүнийг хуурч залилан мэхэлж луйврын үйлдэл хийж иргэн намайг хохироож байна. Уг моторыг Орхон аймаг дахь Ниссан моторс ХХК-иар компьютер оношилгоог хийлгэсэн баримт дээр тодорхой байна. Иймд иргэн намайг залилан мэхэлсэн иргэн *******аас миний хохирол болох моторын үнэ 2.300.000 төгрөг, моторонд хийгдсэн тос тосолгооны материал 290 000 төгрөг, мотор тавиулсан 150 000 төгрөг, тээврийн зардал 35 000 төгрөг, оношилгоо үйлчилгээний хөлс 15.000 төгрөг зэрэг бүгд 2.789.000 төгрөг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь намайг залилж хуурч мэхлээд мотор зарсан тухай бичсэн байна. Би Ниссан патрол Ү-61 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч бөгөөд 2017 оны 12 сарын эхээр өөрийнхөө тээврийн хэрэгслийн моторыг илүү хүчин чадалтайгаар сольж тавиулсан болно. Миний зарсан мотор нь зүгээр ажиллаж байсан бөгөөд би машиныхаа моторын хүчин чадлыг илүү сайжруулахаар сольж тавьсан болно. Тэгээд ******* нь миний мотор сольсныг сайн мэдэж байсан тул миний моторыг худалдаж авах талаар санал тавьсан юм. Надаас авсан моторыг миний машинд ажиллаж байсан талаар сайн мэдэж байсан учраас надаас худалдаж авсан болно. Би машиныхаа моторыг Цагаанчулуутад байдаг засварын газрын засварчин Ганхуяг гээд хүнээр солиулсан юм. Би ажиллагаагүй мотор зарахгүй тийм ч хүнийг залилдаг хүн биш. Намайг эвдэрхий, хуучин муу асдаггүй мотороо бараг шинэ шахуу моторын үнээр зарсан гээд байгааг ойлгохгүй байна. Миний мотор урьд нь задаргаа ороогүй ба ******* нь надаас мотор авснаас хойш чаддаг чаддаггүй олон хүнээр үзүүлж, порсункийг хүртэл сольсон гэж байсан. Тэгэхээр задаргаа ороогүй моторыг одоо задаргаа орсон моторын хооронд ялгаа байгаа шүү дээ. Анх миний өгсөн мотор мөн эсэхэд эргэлзээтэй байна. Тухайн үедээ З.Эрдэнэсүх надад хандаж нөхцөл байдлын талаар ярьж байгаагүй, гэнэт хэдэн сарын дараа шүүхэд хандсан байна. Тэр үедээ хүний моторыг элдэв хүнээр задлуулж эвдэрхий болгож байхын оронд надад буцаагаад аваад ирэхгүй яасан юм. Тэгвэл би газар дээр нь яасан талаар шалгах байсан юм. Би одоо итгэхгүй байна. Би нэхэмжлэгчийн нэхээд байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй гэж бодож байна. Би мотор зарсан болохоос машинд нь хийгдсэн моторын тосны үнийг төлөх учиргүй гэж бодож байна. Тухайн үед өвлийн хүйтний үе байсан тул машинаа дулаан гражид тавьж мотороо солиулаагүй байх гэж бодож байна. Тэгээд машин нь асахгүй болохоор намайг хуучин эвдэрхий мотор өгсөн гээд элдэв хүнээр задлуулж өөрөө эвдэлсэн байна гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00542 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 2.300.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 489.000 төгрөг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 51.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг давж заалдсан гомдолдоо:

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 67 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд ач холбогдол өгч дүгнэсэнгүй, шинжээчийн дүгнэлтээр тус хөдөлгүүр нь Ниссан Ратрол маркийн автомашиных байна, мөн *******ын автомашины хөдөлгүүр мөн эсэхийг тогтоох боломжгүй, шинжилгээнд ирүүлсэн хөдөлгүүр нь механик гэмтэлгүй, хөдөлгүүрийг машинаас салган авсан тул бүрэн ажиллагааг шалгах боломжгүй гэжээ. Хариуцагч ******* нь тайлбартаа: *******эд байгаа хөдөлгүүр нь минийх гэхэд эргэлзээтэй, миний автомашинд ажиллагаатай байсан, хөдөлгүүрийг худалдан авах тухай саналыг 3 Эрдэнэсүх тавиад авсан. Би өөрийн автомашины хөдөлгүүрийг сайжруулахаар шинээр хөдөлгүүр худалдаж авч гэрч гэх н.Ганхуягаар солиулсан гэдгээ бичсэн байдаг. 2017.12 дугаар сарын дундуур солиод удахгүй ******* нөгөө мотор чинь байгаа юу гэж асууж байгаад авсан байна. Шинжээчийн дүгнэлтээр *******ийн эзэмшилд байгаа хөдөлгүүр нь гэмтэлтэй, доголдолтой, хуучин хөдөлгүүр байна гэж гараагүй байхад шүүх өөрийн үзэмжээр доголдолтой, хуучин хөдөлгүүр худалдсан нь тогтоогдож байна гэсэн нь нэг талыг баримталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2, 40.3-ийг тус тус зөрчсөн байна. З.Эрдэнэсүх нь тус хөдөлгүүрийг анх худалдаж авахдаа доголдолтой байсан эсэхийг шалгах боломжтой байсан боловч шалгаагүй, шалгах шаардлагагүй байсан учир нь Д.Тайванжаргалын автомашинд бүрэн ажиллагаатай явж байсныг мэдэж байсан болохоор шууд худалдаж авсан нь гэрч н.Ганхуяг, хариуцагчийн тайлбараар нотлогддог. Хөдөлгүүрийг худалдаж авах үедээ уг хөдөлгүүрийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, өөрөө шалгаж аваагүй нөхцөл байдлаас үзэхэд худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдсан байна. ИХ-ийн 255.1.1 Шүүх гэрч Э.Галдан, Моннис моторс засварын газрын засвар үйлчилгээний хуудсаар л хариуцагч *******ын худалдсан гэх хөдөлгүүр нь доголдолтой байсан нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй. Харин гэрч гэх н.Ганхуяг нь анх хөдөлгүүрийг хариуцагчийн автомашинаас авч өөр хөдөлгүүрээр сольсон тухай мэдүүлдэг бөгөөд тухайн үед солихоос өмнө ажиллаж байхад нь сайн ажиллаж байсан талаар мэдүүлдэг. Энэ гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлсэнгүй тухайн үед мэдэгдээгүй байсан гэрч гэх Э.Галдангийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцсэнгүй. Тус хөдөлгүүрийг ******* нь худалдаж аваад задаргаа оруулж порсункийг нь сольсон тухайгаа шүүх хурал дээр мэдүүлдэг, мөн олон хүнээр үзүүлж задлуулсан байдаг. Тухайн үед ингэж эд ангийг нь сольж, мэдэх, мэдэхгүй хүнээр задлуулж байхын оронд *******д хөдөлгүүрийг аваачиж өгөлгүй хэдэн сар өөртөө байлгаснаас үзэхэд нэхэмжлэгч 3. Эрдэнэсүх нь задаргаа ороогүй хөдөлгүүрийг задалснаас болж ажиллагаагүй болгосон нь тогтоогдож байна. Харин ******* нь доголдолгүй хөдөлгүүр өгсөн гэдэг нь нотлогдож байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан моторын үнэ 2.300.000 төгрөг, моторонд хийгдсэн тос тосолгооны материал 290.000 төгрөг, мотор тавиулсан 150.000 төгрөг, тээврийн зардал 35.000 төгрөг, оношилгоо үйлчилгээний хөлс 15.000 төгрөг, нийт 2.789.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 2.300.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 489.000 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

******* нь 2017 оны 12 дугаар сард хариуцагч *******аас Nissan patrol Ү-61 маркийн жийп автомашины хуучин моторыг 2.300.000 төгрөгөөр худалдан авчээ.

Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч *******ийн худалдан авсан мотор доголдолтой байсан болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 12 дугаар сард моторын доголдлыг илрүүлж 2018 оны 04 дүгээр сарын 06 шүүхэд нэхэмжлэл гаргасан Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д заасан худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасантай нийцжээ.

Хариуцагч ******* нь В.Одгэрэл гэх хүний эзэмшлийн автомашины моторыг нэхэмжлэгч *******эд зарсан энэ үйлдэл эрхийн зөрчилтэй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч *******аас моторын үнэ 2.300.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас моторонд хийгдсэн тос тосолгооны материал 290.000 төгрөг, мотор тавиулсан 150.000 төгрөг, тээврийн зардал 35.000 төгрөг, оношилгоо үйлчилгээний хөлс 15.000 төгрөг, нийт 489.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг давж заалдсан гомдолдоо ...нэхэмжлэгч 3.Эрдэнэсүх нь задаргаа ороогүй хөдөлгүүрийг задалснаас болж ажиллагаагүй болгосон нь тогтоогдож байна. Харин ******* нь доголдолгүй хөдөлгүүр өгсөн гэдэг нь нотлогдож байна... гэх боловч энэ байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР