Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1814002980157 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянбулаг 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ *******ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багт иргэн *******ын цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч *******ын ... 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянцагаан сумын төвд Д бид хоёр хамт Дын гэрт нь хамт архи уусан. Тэгээд архи ууж байгаад гэнэтхэн Д нь гэрийнхээ гал тогооны савнаас хутга гаргаж ирээд миний цээжний зүүн талруу хутгаараа дүрсэн. Тэгэхээр нь би гарч зугтаагаад тань дээр ирсэн. Д нь болохоор гэрээсээ гараад гүйгээд яваад өгсөн ... Тэр үед Дын гэрт нь Д бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Д намайг ямар нэгэн шалтгаангүй л хутгалсан ... Миний цээжний зүүн хэсэг рүү л хутгалсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/,

Гэрч *******ийн ... 19-20 цагийн үед л байх ******* манай байшинд гаднаас баруун гартаа хутга барьчихсан согтуу байдалтай ороод ирсэн юм. Тэгэхээр нь би хүүе миний хүү ээждээ наад хутгаа өг, яагаад хутга барьчихсан явж байгаа юм гэж хэлсэн чинь хутгаа надад өгчихөөд уйлаад гараад явчихсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Гэрч *******гийн ... 2018 оны 05 сарын 25-ны орой 21 цагийн үед би гэртээ байж байсан чинь ******* нь гаднаас гэрт орж ирээд би хүнд хутгалуулчихлаа үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт эмнэлэг дээр очиж гаднах дэрлэгийг нь тайлж хутгалуулсан шарханд нь цэвэрлэгээ хийж анхны тусламж үзүүлж оёдол тавьчихаад эмийн сангаас эм тариа авхуулж эмчилгээ хийж ажигласан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Шүүгдэгч *******ын ... Би 2018 оны 05 дугаар сарын 25-ны орой цагийг нь сайн санахгүй байна ... би хутга аваад *******ыг дүрчихсэн юм шиг байгаа юм ... би хутгаа бариад хадам ээж Одончимэгийнд гүйгээд орсон, араар ******* ч гэсэн мотоциклио унаад явчихсан. Би хадам ээжийнд орход жоохон ухаан орж 1 мэдсэн чинь баруун гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд л хутгыг хадам ээж аваад нуучихсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50- 53/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 355 дугаартай шинжээчийн ... *******ын биед хөхөнд шарх, цус хуралт, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 5-6 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгийг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА