Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 98

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2019/00098

 

 

Акума-Эрин ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ХХК-ийн захирал

М.Лханаад холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдсан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00564 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Акума-Эрин ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-ийн захирал М.Лханаад холбогдох,

Гэм хорын хохирол 14.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг ******* ХХК-ийн захирал М.Лханаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Акума-Эрин ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани 2015 оны 06 дугаар сард ******* ХХК-тай тос тосолгооны материал, аккумлятор, сэлбэг нийлүүлэх гэрээ байгуулж 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 14 000 000 төгрөгийн үнэ бүхий 401-00023А travel motor маркийн экскаваторын сэлбэгийг худалдан хүлээлгэн өгсөн боловч худалдан авагч тал төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул манай компани шүүхийн журмаар гэрээний төлбөр гаргуулахаар тус шүүхэд хандсан хэдий ч хариуцагч тал гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.14-ний өдрийн 142/ШШ2016/01371 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.01.10-ний өдрийн 07 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017.03.21-ний өдрийн 00315 тоот тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин Улсын дээд шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 1-д ******* ХХК-иас гэрээний дагуу шилжүүлсэн моторыг нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгохоор заасан. ******* ХХК нь Улсын дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 315 тоот тогтоолын дагуу ******* ХХК-ийн захирал М.Лханаад холбогдуулан 401-00023а travel motor маркийн экскаваторын сэлбэгийг гаргуулахаар тус шүүхийн 548 тоот шийдвэр гүйцэтгэлийн хуудсаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, 2017 оны 11 дүгээр сард тус шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Магвансүрэнгийн хамт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар ******* ХХК-ийн захирал М.Лханаагийн эзэмшилд байгаа 401-00023а travel motor маркийн экскаваторын сэлбэгийг очиж үзэхэд сэлбэгийн ихэнх хэсэг нь дутуу, бүрэн хэмжээгээр ашиглах ямар ч боломжгүй байсан тул бид тухайн сэлбэгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар авах боломжгүй хэмээн үзэж шийдвэр гүйцэтгэлийн хуудсаа буцаан авсан. Нэгэнт ******* ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу манай компанид худалдан авсан тоног төхөөрөмжөө биет байдлын доголдолгүй эргүүлэн өгөөгүй, түүний эзэмшилд байгаа тоног төхөөрөмж нь ашиглагдах боломжгүй болтлоо тоногдсон байх тул Иргэний хуулийн 9.4.4-д заасныг удирдлага болгон тоног төхөөрөмжийн хохиролд 14.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

******* ХХК-ийн захирал М.Лханаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч "Акума эрин" ХХК 2016 онд манай ХХК-аас моторын үнэ гэж 14.0 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасанчлан "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа" бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай. 3. 401-00023А мотор нь шингэнээр ажилладаг бөгөөд ийм мотор буюу хөдөлгүүрт алдагдах сэлбэг гэж байдаггүй бөгөөд том цул төмөр бөгөөд шингэн 2 нүхтэй, дээрээ хэдэн боолтны нүхтэй байдаг. Тоногдох 14.0 сая төгрөгийн өртөг бүхий эд анги байхгүй юм. 4.Өмнөх нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх явцад маргаан бүхий моторт үзлэг хийлгэхийг хүсэж хүсэлт гаргаж байсан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00564 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан ******* ХХК-аас 7.236.946 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Акума-Эрин ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5.836.946 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 130.741 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Акума-Эрин ХХК-д олгож шийдвэрлэжээ.

******* ХХК-ийн захирал М.Лханаа давж заалдсан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа ИХШХШИТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байхад хэрэгт авагдсан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01371 дугаартай шийдвэрийг огт үнэлсэнгүй. Дээрх шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт "маргааны гол зүйл болох моторыг нэхэмжлэгч "АКУМА-ЭРИН"ХХК 2015-06-04-ний өдөр хариуцагч *******мХХК-д нийлүүлсэн болох нь нотлогдож байгаа бөгөөд уг мотор захиалагч буюу *******мХХК-ийн шаардлагыг хангахгүйн зэрэгцээ захиалсан мотор нь биш,хуучин байсан учир 3 удаа моторыг нь ачаад аваачиж өгөхөөр хот ороход нэхэмжлэгч мотороо аваагүй учир мотор захиалахдаа урьдчилгаанд өгсөн 2.0 сая төгрөг, моторыг хотруу 3 удаа ачиж явсны зардал 450.000 төгрөг нийт 2.450.000 төгрөг гаргуулан авахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх 2.300.000 төгрөг гаргуулж өгсөн. Энэ шийдвэрийн заалт бүрэн хангагдсан байхад яагаад намайг моторыг өгөхгүй удаасан байна гэж буруутган төлбөр гаргуулна вэ? ИХШХШТХ-ийн 65-р зүйлийн 65.1.6-д заасанчлан шүүхийн хүчин төгөлдөр, мөн 100% биелэгдчихсэн шийдвэрээр намайг буруугүй болохыг тогтоож надад учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлээд хариуцагч шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелэгдчихсэн байхад юу надаас гаргуулах гээд байгааг ойлгохгүй байна. Маргааны гол зүйл болох моторыг шинжээч үзээд дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээс харахад шүүхийн дүгнээд байгаа шиг маргаан бүхий моторыг би өгөхгүй байж байгаад ашиглах боломжгүй болгоогүй болох нь нотлогдоно. Шинжээчийн дүгнэлтэд 401-0023А маркийн хөдөлгүүрийн эд ангиуд гадна харагдах байдлаараа бүрэн байна гэжээ. Нэхэмжлэгч надад яг ийм л мотор авчирч өгсөн тэр хэвээрээ байгаа. Мөн уг мотор гагнаастай, нэмж холболт хийсэн, голын дотор талд нь байдаг шүдний эрмэг мохсон, моторыг будсан будаг халцраагүй байгаа нь моторыг гэмтсэнээс хойш будсан байна гэжээ. Би маргааны зүйл болох моторыг огт хэрэглээгүй авчирч өгснөөс нь хойш буцааж өгөх гэж 3 удаа Улаанбаатар хотруу ачиж очсон боловч нэхэмжлэгч аваагүй байж байгаад надаас моторын үнээ нэхсэн шаардлагыг нь шүүх хэрэгсэхгүй болгосноор мотороо авах гэж жүжиглээд өнөөдрийг хүртэл худал хэлцгээж надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэж явна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар 03-ны өдрийн 142/ШШ2019/00564 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Акума-Эрин ХХК нь ******* ХХК-ийн захирал М.Лханаад холбогдуулан моторын үнэнд 14.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* ХХК-ийн захирал М.Лханаа шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Акума-Эрин ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 00315 дугаар тогтоолд үндэслэн тодорхойлсон байна. Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тос тосолгооны материал аккумулятор сэлбэг нийлүүлэх гэрээ байгуулсан ба гэрээний дагуу 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 14.000.000 төгрөгийн үнэ бүхий 401-00023А travel motor маркийн экскаваторын сэлбэгийг паданы хамт ******* ХХК-ийн захирал М.Лханаад хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч ******* ХХК-ийн захирал М.Лханаа худалдан авсан сэлбэгийн үнийг хугацаандаа төллөөгүй тул нэхэмжлэгч Акума-Эрин ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн тогтоолоор /2017 оны 03 дугаар сарын 21-ний 00315 дугаар/ ******* ХХК-аас гэрээний дагуу шилжүүлсэн моторыг гаргуулж Акума-Эрин ХХК-д буцаан олгохоор өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Акума-Эрин ХХК мотороо буцаан авахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэсэн ба нэхэмжлэгч моторыг ашиглах боломжгүй болсон гэж үзэж гүйцэтгэх бичиг баримтаа буцаан авсан байх ба шүүхэд экскаваторт сэлбэгийн техникийн иж бүрдлийг бүрэн бүтэн эсэх, зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг тогтоолгохоор хүсэлт гаргасны дагуу шинжээч томилжээ.

Шинжээчийн дүгнэлтээр Dooson Travel 401-00023A маркийн хөдөлгүүр нь гадна харагдах байдлын иж бүрдлийг өөрчилсөн, бэхэлгээний боолтын нүхнүүд сунасан, боолт уг хэсгээрээ хугарсан, хөдөлгүүрийн дунд хэсэгт гол холбож гагнаас хийсэн, нэмэлт өөрчлөлт хийсэн тул зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Шүүх ******* ХХК-ийн захирал М.Лханаа нь шүүхийн шийдвэрээр буцаан олгохоор шийдвэрлэсэн өөрийнх нь эзэмшилд байсан 401-00023A Travel motor маркийн экскаваторын моторыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон нь өөрийн буруугаас болоогүй гэдгээ нотолж чадаагүй гэсэн дүгнэлт хийж тухайн моторыг хил гаалиар оруулж ирсэн хүнийг тухайн үеийн долларын ханшаар тооцон татвар хураамжинд төлсөн зардлын хамт нийт 7.236.946 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж Акума-Эрин ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд нийцжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00564 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн захирал М.Лханаагийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар ******* ХХК-ийн захирал М.Лханаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 130.741 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдсан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ