| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 2416002760212 |
| Дугаар | 2025/ДШМ/21 |
| Огноо | 2025-12-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Т |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/21
Д.Ш-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ц.Т,
Хохирогч А.Е,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/432 дугаар шүүгчийн захирамжийг прокурор Ө.М эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Д.Ш-т холбогдох эрүүгийн 2416002760212 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн хувийн мэдээлэл:
Б овогт Д.Ш нь Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын ** -ны өдөр Завхан аймгийн ********** сумд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ***, *****, *** хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн *********** сумын ********** багийн *** - *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ** ********** регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Д.Ш-ын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчинд байр зарна гэсэн зарын сэтгэгдэл хэсэгт байр зарна гэж бичсэний дагуу хохирогч А.Е холбогдож зурвас бичихэд Говь-Алтай аймгийн *********** сумын ***** дүгээр байрны хажууд байрлах ***** давхар ***** байрны ***** давхарт байрлах М.Ө-ын өмчлөлийн байрыг өөрийн эзэмшлийн байр мэт ойлгуулж, түрээслэхээр тохирч, түрээсийн мөнгө болох 2,100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ********** тоот харилцах дансаар шилжүүлэн авсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч Д.Ш-т холбогдох эрүүгийн 2416002760212 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, ….. эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Прокурор Ө.М давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
Шүүгчийн захирамжийг хүлээн авч дараах эсэргүүцлийг гаргаж байна. Шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед М.Ө-ыг хохирогчоор тогтоолгүйгээр гэрчээр мэдүүлэг авсан байх бөгөөд яллагдагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гэрч М.Ө-д түүний олох байсан түрээсийн орлого буюу эд хөрөнгийн шууд хохирол учирсан байх нөхцөл байдал тогтоогдож байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, прокурор баримтгүйгээр “...Эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэхээр М.Ө гэдэг хүнд хохирол хор уршиг учраагүй байна гэж үзсэн.
Мөн гэрч М.Ө, яллагдагч Д.Ш, хохирогч А.Е нарын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, хэзээ, хэн ямар зөрчил гаргасныг нарийвчлан тогтоож, хэний гаргасан ямар зөрчил нь эрүү эсхүл иргэний эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл болохыг нарийвчлан тогтоогоогүй, яллагдагчийн субъектив санаа зорилгыг бүрэн, эргэлзээгүй байдлаар нотлох ажиллагаа хийгдээгүй байна.
Яллагдагчийн гэм буруутай ямар үйлдлийн улмаас хэнд, хэр хэмжээний хохирол учирсныг мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн эргэлзээгүй тогтоох ажиллагаа хийгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг эргэлзээгүйгээр тогтоогоогүй байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох” үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй, мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэж шүүхээс дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилсан ба гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийг шилжүүлж аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилготой байж ингэхийн тулд өмчлөгчийг хууран мэхэлж төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхыг хуульчилсан. Яллагдагч Д.Ш нь хохирогч А.Е-д М.Ө-ын өмчлөлийн байрыг өөрийн эзэмшлийн байр мэтээр ойлгуулж түрээслэхээр тохирч түрээсийн мөнгө болох 2,100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ********** тоот харилцах дансаар шилжүүлэн авсан, тус мөнгөнөөс 900,000 төгрөгийг 3 сарын түрээс гэж М.Ө-д шилжүүлсэн байна. Иймд яллагдагч Д.Ш-ын дээрх үйлдэл нь анхнаасаа А.Е-ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож буцаан өгөхгүй байх санаа зорилгоор 2,100,000 төгрөгийг авч хэрэгцээндээ зарцуулсан гэм буруугийн санаатай үйлдэл мөн гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд хохирогч А.Е-ын гаргаж өгсөн Д.Ш гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан зурвасууд, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Хаан банкны 5337/25/***** дугаартай албан бичиг, Д.Ш-ын Хаан банкны ********** тоот харилцах дансны хуулга, тус дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хохирол хор уршгийн тухайд яллаглагч Д.Ш нь 2,100,000 төгрөгийг хохирогч Д.Е-аас өөрийн эзэмшлийн Хаан банкны ********** тоот харилцах дансаар шилжүүлэн авсан байна. Тус мөнгөнөөс 3 сарын түрээсийн мөнгө гэж М.Ө-д шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл мөнгийг дараа мөнгөтэй болохоороо өгнө гэж хэлэн өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Тус хохирлыг хэмжээг тусгай мэдлэг бүхий шинжээч эсхүл хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар гаргуулах ямар нэгэн боломжгүй бөгөөд хохирогч болон гэрч нараас хэдэн төгрөгийг ямар байдлаар хэрхэн шилжүүлсэн талаар мэдүүлэг тайлбар авч хохирлын хэмжээг тогтоох бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүх тогтоох бүрэн боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг эргэлзээгүйгээр тогтоогоогүй байна гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Дээрх хэргийн тухайд хохирогч А.Е нь яллагдагч Д.Ш-т байрны түрээсийн төлбөр гэж 2,100,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан ба залилуулсныхаа дараа М.Ө-тай утсаар холбогдож тухайн байрыг 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг хүртэл түрээсэлж байгаад байрнаасаа гарсан бөгөөд тус байрыг сарын 300,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч тус байранд засвар хийсэн 300,000 төгрөгийг 1 сарын түрээсийн төлбөрөөс хасаж тооцон үлдэгдэл 600,000 төгрөгийг орон сууц хөлслөгч М.Ө-д төлсөн нөхцөл байдал тогтоогдсон. М.Ө нь яллагдагч Д.Ш-аас 1,200,000 төгрөгийг авахаар Д.Ш-тай ярилцсан бөгөөд одоог хүртэл тус мөнгийг өгөөгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ гэж хуульчилсан байна. М.Ө-ын хувьд эд хөрөнгийн бус хохирол учирсан байх тул түүнийг хохирогчоор тогтоох боломжгүй бөгөөд иргэний нэхэмжлэгчээр тогтоох боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Иргэний нэхэмжлэгчээр мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан бөгөөд шүүхээс тогтоож болох байтал “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” гэж урьдчилсан хэлэлцүүлгээс буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна гэж үзлээ.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/432 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Яллагдагч Б ургийн овогт Д.Ш /РД: ** **********/ нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр фэйсбүүк цахим орчинд байр зарна гэсэн зарын сэтгэгдэл хэсэгт байр зарна гэж бичиж улмаар хохирогч А.Е нь тус зарын дагуу холбогдож зурвас бичихэд нь Говь-Алтай аймгийн ********** сумын *** дүгээр байрны хажууд байрлах *** давхар ***** байрны *** давхарт байрлах байр түрээслэхээр тохирсон мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож байрны түрээсийн мөнгө болох 2,100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ********** тоот харилцах дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэргийг анхан шатны шүүх хүлээн аваад 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/432 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр прокурорт буцаан шийдвэрлэжээ.
3. Прокурорын бичсэн эсэргүүцлийн талаар: Мөрдөн шалгах ажиллагааны үед М.Ө-ыг хохирогчоор тогтоолгүйгээр гэрчээр мэдүүлэг авсан байх бөгөөд яллагдагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гэрч М.Ө-д түүний олох байсан түрээсийн орлого буюу эд хөрөнгийн шууд хохирол учирсан байх нөхцөл байдал тогтоогдож байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, прокурор баримтгүйгээр “...Эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэхээр Ө гэдэг хүнд хохирол хор уршиг учраагүй байна гэж үзсэн. Д.Ш-ын үйлдлээс хохирогч А.Е-д хохирол учирсан байна...” гэж шүүгчийн захирамжид дурджээ.
4. Прокуророос яллагдагч Д.Ш орон сууцны өмчлөгч М.Ө нарын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, улмаар Д.Ш тухайн байраа түрээсэлж суулгүйгээр, хохирогч Д.Е-д тухайн байрыг өөрийн өмч мэтээр ойлгуулж, залилсан гэх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлжээ.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.
6. Яллагдагч Д.Ш М.Ө нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж прокуророос үзсэн тохиолдолд М.Ө-д үүссэн мөнгөн хохирлыг анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоон шийдвэрлэх боломжтой, хэргийн үйл баримтыг гэрч, хохирогч, холбогдогч нарын мэдүүлгээр боломжит байдлаар тогтоосон гэм буруутай гэх үйлдэлд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Д.Ш-ын сувьектив санаа зорилгийг тогтоох боломжтой гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/432 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Ш.БАТТОГТОХ