Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 308/ШШ2026/00344

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн Иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д аймаг Х сум, * дүгээр баг, Ж гэх газар оршин суух, У овогт Б Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум * дугаар баг, М гудамж *-р хэсэг ** тоотод оршин суух, Б овогт Ү Ш холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 80,176,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: Ү.Ш /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 20** оны 10 дугаар сарын 18-ны өдөр Д аймгийн зар дээрээс хашаа байшин зарна гэсэн зарын дагуу Ү.Ш эгчтэй ярьсан. Анх ярихад 100,000,000 төгрөгөөр зарна гэхдээ бэлэн мөнгөнд 5,000,000, 10,000,000 төгрөг татаад өгч болно гэж ярьсан. 11 дүгээр сарын 20-ны өдөр манай аав Ш эгчтэй ярихад ирээд үзэж болно гэсэн хариу өгсөн байсан. Тэгээд манай дүү эгчтэй очиж хашаа байшинг үзсэн. 10 дугаар сарын 22-нд манай аав Ш эгчтэй ярихад 80,000,000 төгрөгт өгч болно гэж ярьсан. 10 дугаар сарын 22-ны өдөр банк дээр очиж миний нэр дээр зээл гарах эсэхийг судлуулаад над дээр зээл гарна гэсэн учраас хашаа байшинг худалдаж авахаар шийдсэн. 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээгээ байгуулаад 10 дугаар сарын 29-нд анх байшиндаа нүүж орсон. 11 дүгээр сарын дундаас эхлээд байшин нэлээн хүйтэн болж эхэлсэн. Хаалга, цонх, ханаараа салхи сийгэж байсан. Халаалт нь цахилгаанаар шийдсэн байсан. Цахилгаан нь ачааллаа даахгүй байнга унтраад байсан. Оршин суух ямар ч боломжгүй маш хүйтэн байсан учраас бид хэд 12 дугаар сард байшиндаа байхаа болиод нагац ахындаа хэсэг байж байгаад 01 дүгээр сард байшингаас бүх зүйлээ аваад нүүсэн. Тэнд дахиж амьдрах боломжгүй гэж үзэж байгаа учраас худалдах худалдан авах гэрээгээ цуцлуулж, 80,176,900 төгрөг нэхэмжилж байгаа. гэв.

Хариуцагч Ү.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хашаа байшин зарна гэж зар тавьсан. Зарын дагуу холбогдоод 5-10 сая төгрөг яриад өгнө гэсэн. Аавтай ярилцаад манайх хол нүүх гэж байгаа учраас тавилга чирмээргүй байгаа. Дотор бүх зүйлтэй нь 90,000,000 төгрөгт базаад өгнө гэж хэлсэн. Манай тавилга нь хөргөгч, камин зуух, буйдан гээд бүх зүйл орсон байгаа гэхэд аав нь гэр бүлийнхээ хүмүүстэй ярилцаад эргээд яръя гэсэн. Хэд хоногийн дараа эргээд ярихдаа бид нарт тавилга хэрэггүй гэсэн. Намайг ганц байшингаа үнэлээд өг гэсэн. Тэгээд би тавилгаа 10,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан тул хасаад байшингаа 80,000,000 төгрөгөөр тохиролцсон. Би тухайн үед амьдрах газраа хайж байсан тул эзгүй явж байсан. У хотод явж байхад та яаралтай хүрээд ирээч гэрээгээ хийе гэсэн. Би тэрний дагуу очоод Э болон аавтай цуг явж байгаад худалдах, худалдан авах гэрээгээ хийсэн. Надад урьдчилгаа нэг ч төгрөг өгөөгүй байж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрсдийнхөө нэр дээр шилжүүлээд авсан. Би тоглоом шоглоомоор Э эгч нь нэг төгрөг аваагүй байж гэрчилгээгээ шилжүүлээд өгчихдөг зөв үү буруу юу гэж хэлж байсан. Би энэ хүмүүст итгэсэн. Би хүлээлгэж өгөхдөө бүх зүйлийг хэлж өгсөн. 380 цахилгаантай энэ нь хаяад байсан тул нэмэлтээр паскатл хийлгэсэн гэж хэлж байсан. Халаагуурыг бүгдийг нь хэлж өгсөн. Усыг мөн адил хэлж өгсөн. Шинэ шүршүүртэй усанд орж ч үзээгүй байгаа. Тоолуураа ч холбуулж амжаагүй хүлээлгэж өгсөн. Урьд 20** оны 12 дугаар сарын эхээр байшингаа бариад дотроо байж байгаад 12 сарын дундуур орсон. Тэгэхэд 2 ой хүрээгүй хүүхэдтэй өвөлжсөн. Тэр үед усаа татуулж амжаагүй 12 сар болсон. 11 сараас хойш Чандмань-Илч ОНӨХХК ус тавихгүй гэсэн. Бид тэр өвлөө зөөврийн усаар өвөлжсөн. Эхлээд бичиг баримт хөөцөлдөхдөө Э-с 2,000,000 төгрөг авсан. Урьдчилгаа 28,000,000 төгрөг өгсөн. Дараа нь зээл гарахаар үлдсэн мөнгөө өгье гэсэн. Үлдсэн мөнгөө 5, 6 хоногийн дараа Э-с авч байсан. Цахилгааны мөнгө гарсан байна та төлөх үү гэхэд төлнө гэж байсан. Тухайн үед халуураад бие өвчтэй байхад залгасан. Би мөнгөгүй байна гэж хэлээд төлнө гэж хэлсэн. Түүнээс хойш ус хөлсөн гэж нэг ч удаа яриагүй. Би өвчтэй байсан мөн нөхөр минь ажилгүй байсан болохоор мөнгө явуулж чадаагүй. 1 дүгээр сарын 20-д гаргаад над руу шүүхээс залгаад надад холбогдуулж нэхэмжлэл ирсэн гэж холбогдсон. Надад хэлээгүй байж яагаад шүүхэд хандаж байгаа юм. Ус хөлдсөн талаар нэг ч удаа яриагүй. Тэр байшинд хэдэн сар болсон учир хариуцахгүй гэж үзэж байна. Цахилгааны 176,900 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой биет байдлын доголдол үүссэний улмаас худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 80,000,000 төгрөгийг гаргуулах мөн худалдагч талын өөрсдийнх нь хэрэглэж байх тухайн байшиндаа амьдарч байх үеийн цахилгааны төлбөр болох 176,900 төгрөг гаргуулах нийт 80,176,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэг зүйлийг тайлбарлаж залруулж хэлэхэд нэхэмжлэл дээр нэхэмжлэлийн шаардлага хэсгийг 80,000,000 төгрөг гээд биччихсэн байна. Нэхэмжлэлийн үндэслэх хэсэг дээр 80,176,900 төгрөг гээд биччихсэн байгаа. Залруулга нь 80,176,900 төгрөг гэдгийг тайлбарлаж хэлье. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар ноднин ч гэдэг юм уу, өөрсдийнх нь амьдарч байсан эсэхэд бид нар ерөөсөө маргаагүй. Тэр хүн хэзээ ашиглалтад ороод хэзээ амьдарч байсан гэдгийг бид нар сонирхохгүй байна. Гол нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь буюу Шинэжаргал нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө болон түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч буюу Э шилжүүлэх, Э нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан. Тэгэхээр энэ хуулийн зохицуулалт дээр биет байдлын доголдолгүй эд хөрөнгө байхыг тусгайлан зохицуулж өгсөн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, байдлын талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй. Тэгэхээр бид нар худалдан авсан зүйл болох тухайн хувийн орон сууцын биет байдлын доголдлын талаар хэд хэдэн баримтыг гаргаж өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт гар утсанд үзлэг хийж баримт гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр нэгдүгээрт нь эд хөрөнгийн доголдлын талаарх анхны буюу хэлж эхэлсэн хугацаа нь 20** оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхэлсэн тухайн орон сууц маань халаалт дулаанаа, шалны халаалт цахилгаанаар шийдсэн. Гэтэл цахилгааны хэрэглээ өндөрсөөд эхлэх үед паскатель нь буугаад тухайн орон сууцыг халаах боломжгүй болоод ирсэн. Хоёрдугаарт нь 12 сарын дундуураас эхлээд усны цэвэр усны шугамууд нь хөлдөөд эрх бүхий байгууллага болох Чандмань-Илч компанид дуудлага өгсөн. Дуудлагын дагуу инженер техникийн ажилчид ирээд гадаа шугам нь хөлдсөн байна гэдэг тайлбарыг өгсөн байдаг. Энэ байдалтай холбоотойгоор эргээд хариуцагчтай утасны дугаар болон фэйсбүүк чатаар холбогдох гэхээр өмнө нь цахилгааны асуудлаар холбогдоод хариу өгөөгүй учраас харилцах хэрэгслүүдийн дугаарыг нь блоклочихсон, фэйсбүүкийг нь блоклочихсон байсан учраас энэ талаар хэлэх боломжгүй байсан. Аргагүй Шинэжаргалын хүүд энэ асуудлыг тайлбарлаж хэлж утсаар ярьсан. Мөн мессеж бичсэн талаар баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт худалдагчийн эрх гэж хуулийн зохицуулалт байгаа. Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр солих үүрэг хүлээсэн. Гэтэл энэ талаарх доголдлын талаар мэдсээр байж хариу арга хэмжээ ерөөсөө аваагүй ийм байдал үүссэн. Эд хөрөнгийн доголдлын талаарх баримтуудыг хэрэгт авагдсан шинжлэн судлагдсан байгаа. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдол нь тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсвэл уг гэрээгээ цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байгаа. Тэгэхээр уг гэрээг цуцлаад гэрээний зүйлийн төлбөр болох 80,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Түрүүнд хариуцагч хэдэн сарын дараа эд хөрөнгийн доголдлын талаар надад хэлсэн, мэдэгдсэн 2, 3 сарын дараа гээд тайлбарласан. Гэхдээ хуулийн зохицуулалтад 6 сарын дотор гаргаж өгөх боломжтой. Гэхдээ манай үйлчлүүлэгч эд хөрөнгийн доголдлын талаар 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш гэрээ байгуулагдсан. 10 дугаар сарын 23-нд худалдах, худалдан авах гэрээ хийгдээд 11 дүгээр сарын 07-ноос хойш эд хөрөнгийн доголдлын талаар учир байдлыг тайлбарлаж хэлсэн байгаа. Энэ баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байна. Ийм учраас энэ доголдолтой эд хөрөнгийг буцаах, орон сууцын үнийг хариуцагчаас нөхөн төлүүлэх ийм хуулийн зохицуулалттай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх-5-6/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7/, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хх-8-9/, Х банкны дансны хуулга /хх-11-13/, гэрэл зураг, Б.Э Х банкны дансны хуулга зэрэг баримт,

Хариуцагчаас хариу тайлбар /хх-22-23/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-24/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Б.Э гар утсанд үзлэг хийсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2-т ...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...

Мөн хуулийн 253 дугаар зүйлийн 1-д ...Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй... гэж заасан байна.

Иймд хуульд зааснаар худалдагч буюу хариуцагч Ү.Ш 80,176,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Ш 557,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг 759 дүгээр зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 253 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцагч Ү.Ш 80,176,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Ш 557,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь гарсан өдрөөс хүчинтэй ба үүнээс хойш 10 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ