| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 2502 00315 0262 |
| Дугаар | 2025/ДШМ/1151 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1151
2025 09 25 2025/ДШМ/1151
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ариунтөр,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1857 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-д холбогдох 2502 00315 0262 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г- овгийн Б-ын Б-, ........., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 202/ШЦТ/339 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай, мөн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх тус тус албадлагын арга хэмжээ авагдаж байсан (РД:УК03261136).
Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн түр оршин суух Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- байрны 43 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “Sour Drip” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай цэвэр жин нь 1 мл орчим, хуванцар савтай үеийн жин 16,6 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г- овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хураагдсан Монгол Улсын “AR4013311” гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банканд хүргүүлж, “Sour drip Headstash Dublin” гэх бичиглэлтэй хуванцар савтай үеийн жин 16,6 грамм цагаан өнгийн хуванцар доторх шар өнгийн тосорхог шингэн зүйл, “Dorco” гэсэн бичиглэлтэй цаасан доторх төмөр мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цаас зэргийг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ирланд улсаас ирээд 2 хоногийн дараа нэг найзтайгаа уулзаж, пабад согтууруулах ундааны зүйл уусан. Тэндээс гарч Натурын зам дагуух “Cheers” пабад орж үргэлжлүүлэн уусан. Тэгээд их согтоод гэртээ ирж унтсан байсан, маргааш өглөө нь урьд шөнийн явдлаа ер санахгүй байсан. Куртикнийхээ халааснаас юм авах гээд үзтэл өмнө харж байгаагүй цагаан өнгийн вейп олсон. Найзаасаа асуухад “би мэдэхгүй, юу ч санахгүй байна, миний толгой өвдөөд байна, чи өчигдрийн “Cheers” пабаас асуу” гээд утсаа салгасан. Би тэр вейпийг сонирхож сорж үзэхэд сорогдохгүй байхаар нь задлаад үнэрлэхэд Ирланд улсад цуг ажиллаж байсан залуугийн хэрэглэж байсан юмтай адил үнэр үнэртсэн. Тэгээд би хэрэглэж үзээд болохгүй байхаар нь буцааж угсраад шургуулгадаа хийж мартсан байсан. Мөн найз охин н.У-тай нийлж бизнес буюу хувцасны онлайн шоп хийх гэж Хятад улс руу бараанд яваад ирсэн. Тиймээс хувцасны лого зохиох, бараа бүртгэх зэрэг завгүй явж байгаад тухайн зүйлийн талаар мартсан байсан. Мөн надад ямар ч хар тамхи хэрэглэх, хадгалах бодол байгаагүй. Үүнийг надаас авсан шээсний шинжилгээнээс харуулна. Тухайн зүйлийг хаяхгүй хадгалж байсандаа маш их харамсаж байна. Би энэ жил Хүмүүнлэгийн ухааны их сургуульд санхүүгийн мэргэжлээр төгсөх курст орж байгаа. Мөн н.У- бид 2 нь дөнгөж амьдралаа эхэлж байгаа залуу хүмүүс тул надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Б-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж дараахь тайлбарыг гаргаж байна. Би давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулгыг өөрчилсөн. Учир нь, миний үйлчлүүлэгчтэй хамааралтай хэрэгт авагдсан нотлох баримт, хэрэгт бүрдүүлсэн баримтын хүрээнд хууль зөрчсөн асуудал байдаг учраас энэ талаар тодорхой дэлгэрэнгүй тайлбарлая. Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлээ хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж байгааг нь өмгөөлөгчөөс дэмжиж байна. Өмгөөлөгчөөс хэрэгт авагдсан баримтын хүрээнд, хууль зөрчсөн баримтаар энэ гэмт хэрэгт шийтгэсэн. Хэрэгт авагдсан дараахь баримт буюу хавтаст хэргийн 9 дүгээр талд гэмт хэргийн талаар н.У- гомдол гаргасан. н.У- нь тухайн гаргасан гомдолтойгоо холбогдуулан тухайн үед согтуудаа мэдүүлэг өгсөн, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би өөрийн бодит байдлыг үнэн зөвөөр яриагүй, тухайн үед найз залуу Б.Б-тай маргалдсаны улмаас ийм мэдүүлэг өгсөн, энэ мэдүүлгээ ингээд өөрчилье гэдэг байдлаар ярьсан. Анх н.У-ас мэдүүлэг авахдаа тухайн гомдол гаргасан өдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 12 цаг 20 минутад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч н.Бямбацогт мэдүүлэг авсан байдаг. Энэ мэдүүлэг нь түрүүнд дурдагдсан асуудлаас зөрүүтэй мэдүүлэг байдаг бөгөөд Ирланд Улсаас эс си ти оруулж ирдэг, бараг 50 ширхэг эс эи ти-г харж байсан, барьж байсан, энэ хар тамхийг пүүзний уланд нуугаад оруулж байсан гэж ноцтой асуудал яригддаг. Гэтэл эсрэгээрээ миний үйлчлүүлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбараас өөр тогтоогдоогүй зүйл байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэдийгээр сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч дангаараа өөрийг нь яллах үндэслэл болохгүй гэсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийг яллаад байгаа гол үндэслэл нь өөрийнх мэдүүлэг болон гэрч н.У- нарын мэдүүлгээр үндэслэж ялласан. Мөн гэрч н.У- болон шүүгдэгч Б.Б- нар нь 2017, 2018 оноос эхэлж хамтран амьдарч байгаа. Хэргийн 34 дүгээр талд авагдсан ээж н.Солонгоогийн мэдүүлгээр “9 дүгээр ангиас эхэлж энэ хоёр үерхсэн, 2024 онд бэр гуйж албан ёсоор хамтран амьдардаг” гэж мэдүүлсэн. Мөн Гэр бүлийн тухай хуульд зааснаар албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй ч гэсэн хамтран амьдардаг нөхцөл байдал тогтоогдсон.
Мөн хэргийн газрын үзлэг хийсэн байр нь н.У-ын амьдардаг байр юм. Мөрдөгчөөс анх мэдүүлэг авахдаа Үндсэн хуульд заасан өөрийн хамтран амьдарч гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь сануулахгүйгээр мэдүүлэг авсан. Тухайн Үндсэн хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл байна гэж үзсэн. Мөн гэрч н.У- нь “согтуудаа ямар юм ярьснаа мэдэхгүй байна” гэсэн тайлбар гаргасан. Үүнийг Хар тамхитай тэмцэх газар хэргийг харьяаллын дагуу шилжүүлж авсан атал шалгаагүй, өөрөө мэдүүлэг өгье гэхэд нь таныг шалгахгүй гэж хэлээд явуулсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор нотлох ёстой ажлаа хийгээгүй, үүргээ гүйцэтгээгүй. Мөн гэрчээр мэдүүлэг өгсөн хүн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь ач холбогдолгүй, шүүхийн нотлох баримтаар тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2025 оны 5 дугаар сарын 13-ны 19в/1530 дугаартай албан бичиг байдаг боловч хариу нь ирээгүй. Тухайн албан бичигт гэрчээр мэдүүлэг өгсөн н.У- нь Сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэж сэтгэцийн шинжилгээний дүгнэлтэд дурдагдсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс уг баримтыг шинээр гаргаж өгсөн боловч тухайн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй байсан тул нотлох баримтаар судлагдаагүй. Тухайн нотлох баримтаар судлагдаагүй баримтын талаар Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн байцаах тасгийн дарга н.Отгонбаатарын гарын үсэгтэй Сэтгэцийн эмнэлэг рүү албан бичиг явуулсан боловч хариу ирээгүй. Өмгөөлөгчийн хувьд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэж үзэж байна. Учир нь, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэрчээр мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн. Мөн хуулийн 4.6 дахь заалтад “өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогч” гэж заасан. Эдгээр дүгнэлтүүдээс харахад анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн баримтууд нь хуулийн хүрээнд нотлох баримтын шаардлага хангасан эсэх эргэлзээтэй. Хэдийгээр шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа ч гэсэн хэрэгт авагдсан баримтуудыг хэлэх нь зүйтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл харагдаж байгаа учраас давж заалдах гомдлоо агуулгын хувьд бүрэн өөрчилж байна.” гэв.
Прокурор Б.Ариунтөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцлаа. Өмгөөлөгч нь миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргаагүй, би хуульчийнхаа хувьд ийм нөхцөл байдал байна гэж үйлчлүүлэгчтэйгээ нэгдмэл сонирхолгүйгээр авцалдаагүй тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд үйлчлүүлэгч болон өмгөөлөгчөөс нь гэм буруугийн талаар маргахгүй гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууриас оролцсон талаарх тэмдэглэл, шийтгэх тогтоолд авагдсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дараахь тайлбарыг гаргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “хавтаст хэрэгт авагдаагүй баримтыг шүүхийн аль ч хэлэлцүүлгийн үе шатад танилцуулахыг хориглоно” гэж заасан. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч ийм нөхцөл байдал байсан гэж хэрэгт огт авагдаагүй зүйлийг шүүх хурлын хэлэлцүүлгийн үе шатад ярьж байгаа нь хуулиар хориглосон зүйл юм. Мөн энэ хэрэгт зөвхөн гэрч У-, шүүгдэгч Б.Б-ын мэдүүлгээр л энэ хүнийг яллаад байгаа юм шиг зүйл яриад байна. Гэтэл хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд авагдсан, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд прокурор тооцсон, мөн хураан авсан эд зүйлд шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлтээр тухайн эд зүйлээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан “Sour Drip” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэц нөлөөт бодис илэрсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б- өөрөө мэдүүлдэг. Эдгээр бүх нөхцөл байдлыг харгалзан үзээд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийг шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Ял шийтгэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг ч гэсэн нийгмийн хор аюул бусад хөнгөн гэмт хэрэгтэй харьцуулж үзэхэд харьцангуй их байдаг. Мөн дотоодын болон Олон Улсын эрх зүйн хэмжээнд энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн. Энэхүү бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх, таслан зогсооход чиглэсэн бодлогын илрэл гэж үзэж тухайн гэмт хэрэгт хорих ялыг зааж өгсөн байдаг. Иймээс шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзээд прокурорын саналын хүрээнд буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.
Мөн согтуугаар мэдүүлэг өгсөн, гэр бүлийн гишүүд, энэ 2 хүн чинь хоорондоо хамтран амьдарч байсан, гэрч н.У-тай 9 дүгээр ангиасаа хойш үерхэж байсан гэж байна. Гэтэл гэрч н.С-ын мэдүүлэгт хүү Б- нь Ирланд улсад суралцаж байгаад 2025 оны 3 дугаар сард ирсэн гэсэн. Гэтэл энэ гэмт хэрэг нь 4 дүгээр сард болсон, хэд хоногийн хугацаанд хамт байсныг хамтран амьдрагч гэж үзэх эсэх нь эргэлзээтэй. Мөн гэрчийн мэдүүлгээр шүүгдэгч Б.Б- нь өмнө нь өөр төрлийн сэтгэц нөлөөт бодис хэрэглэдэг байсан, Монгол Улсад авч ирдэг байсан, найз нөхдөдөө өгдөг байсан гэж мэдүүлсэн байдаг. Тухайн хэрэгт хяналт тавьж байсан прокурорын зүгээс энэ мэдүүлгийн энэ хэсгийг ач холбогдолтой гэж үзээгүй бөгөөд өөр бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа учраас зөвхөн хувийн байдлыг тогтоох, хань хамаарлыг тогтоох зорилгоор гэрчийн мэдүүлгийг яллах дүгнэлтийн нотлох баримтын хэсэгт оруулж өгсөн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болсон байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1. Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн түр оршин суух Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С- байрны 43 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “Sour Drip” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай цэвэр жин нь 1 мл орчим, хуванцар савтай үеийн жин 16,6 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 12 цаг 10 минутаас хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С- байрны 43 тоотод үзлэг хийхэд: “...модон тавиур дээр 9.5х2.1 см хэмжээтэй Headstash Dublin, Sour drip гэх бичиглэлтэй цагаан өнгийн хувцанцар мэт материалтай, цэнэглэгчийн холболттой зүйлийг 1 гэж дугаарлан гэрэл зургээр бэхжүүлж хураан авав. ...Оролцогч П.У- хоёр хаалгатай хүрэн өнгийн ширээний шургуулгийг онгойлгон АR40133121 серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт, хуниж базсан цаас, цэнхэр өнгийн претикний хайрцаг зэргийг гаргаж өгсөн ба, 13 цаг 20 минутад үзлэгийг дуусгав. ...” гэсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17-22/,
Хураан авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 26/,
Эд мөрийн баримтад 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 27/,
гэрч П.У-ын “...Б- 2024 оноос хойш LCD гэх нэртэй мансууруулах бодис хэрэглэдэг байсан, мөн газ үнэрлэж мансуурдаг байсан. Сүүлд Ирланд улс руу явахдаа LCD гэх нэртэй мансууруулах бодис хэрэглэж, зардаг болсон. Найзууд нь ихэнх нь хэрэглэдэг. Би LCD гэх бодисыг нь харсан. Жижиг уутанд хийсэн байсан. Би гаднаас нь харахад олон янзын зурагтай, цаасан материлтай. ...Б- нь 2024 оны 12 дугаар сард Ирландаас ирэхдээ гутлынхаа улавч доороос LCD гэх нэртэй мансууруулах бодис гаргаж ирсэн. Би найзуудын хамт онгоцны буудал дээрээс тосож авсан болохоор тухайн үед харсан...” /хх 31-32/,
Шүүгдэгч Б.Б-ын сэжигтнээр өгсөн “...У-агийн гэр рүү хувцсаа аваад явахдаа цагаан гэртэй веб шиг зүйлийг гэрт нь авч очсон. Хэд хоногийн дараа У-агийн гэрт байхдаа цагаан өнгийн веб шиг, дотроо шар өнгийн шингэнтэй зүйлийг сорох гэсэн боловч сорогдохгүй байхаар нь задлаад үнэрлэхэд мансууруулах төрлийн өвс шиг үнэртэхээр нь мөн биш үгүйг нь мэдэх гээд тугалган цаасан дээр бага хэмжээний шар өнгийн шингэнээс нь тавиад 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээр сольж хэрэглэсэн. Тухайн үед би У-д Ирланд улсад байхад татаж байсан мансууруулах төрлийн өвс шиг зүйл байна гэж хэлсэн. ...” гэх болон /хх 36-37/ яллагдагчаар өгсөн “...би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар бүгдийг хэлсэн. ...” /хх 64-65/ гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ЕГ0325/3191 дугаартай “...1.2.4. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Sour drip Headstash Dublin гэх бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар доторх шар өнгийн тосорхог шингэн зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна. ...3. Sour drip Headstash Dublin гэх бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар доторх шар өнгийн тосорхог шингэн зүйл нь 1 мл орчим хэмжээтэй, хуванцар савтай үеийн жин 16,6 грамм байна...” /хх 54-56/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хэрэгт авагдсан нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан шүүгдэгч, гэрч нарын тайлбар, мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Б-ын өөрийн түр оршин суух Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- байрны 43 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “Sour Drip” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай цэвэр жин нь 1 мл орчим, хуванцар савтай үеийн жин 16,6 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлууд зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
2. Харин хууль, хэрэглээний хувьд дараах зөрчил байгааг зөвтгөх нь зүйтэй байна. Үүнд:
Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Прокуророос Б.Б-ыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн атал анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцохдоо шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй өөр шинж нэмж гэм буруутайд тооцсныг зөвтгөх нь зүйтэй.
Хэргээс үзэхэд, шүүгдэгч Б.Б-д холбогдуулсан эрүүгийн хэрэгт орон байранд хадгалсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хэзээ, хаанаас яаж олж авсан болон зорилго, гэм буруугийн сэдэлтийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй, энэ талаар нотолж тогтоосон баримтгүй, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд энэ шинжээр яллаагүй байна.
Нөгөө талаар шүүгдэгч Б.Б- “...Куртикнийхээ халааснаас юм авах гээд үзтэл өмнө нь харж байгаагүй цагаан өнгийн вейп олсон. Найзаасаа асуухад “би мэдэхгүй, юу ч санахгүй байна, миний толгой өвдөөд байна, чи өчигдрийн “Cheers” пабаас асуу” гээд утсаа салгасан. ...Тэгээд би хэрэглэж үзээд болохгүй байхаар нь буцааж угсраад шургуулгадаа хийж мартсан байсан. ...” гэж тайлбарладаг ба түүний мэдүүлгийн эх сурвалжийг шалгаагүй, уг бодисыг хаанаас олж авсныг тогтоогоогүй байна.
Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “тодорхойлох хэсэгт” гэм буруугийн талаар дүгнэлтдээ шүүгдэгч Б.Б- нь “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” үйл баримт болон мөн гэмт хэргийн шинжийг хангасан талаар дүгнэсэн мөртлөө “тогтоох хэсэгт” “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан” гэсэн шинжээр давхар гэм буруутайд тооцсон зөрчил гаргажээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй, яллах дүгнэлтэд тусгагдаагүй гэмт хэргийн шинжээр буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр “олж авсан”-аар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсныг зөвтгөж шийдвэрлэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан давж заалдах гомдлын тухайд: мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч П.У-ас мэдүүлэг, тайлбар авах явцад П.У- нь согтуурсан байсан эсэх талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд өөр бусад нотлох баримтуудаар Б.Б-ын үйлдэл хангалттай тогтоогдсон байна.
Түүнчлэн гэрч П.У- нь шүүгдэгч Б.Б-тай гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдрагч байхад хуульд заасан гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 дахь заалтад заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогч”-оос авсан мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх гомдол үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь:
Хавтаст хэргийн 30 дугаар талд авагдсан гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа бүхий 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн баримтын гэрчийн “эрх” хэсгийн 1-т “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй талаар гэрч П.У-д танилцуулсан байх ба гэрч гарын үсгээ зурж баталгаажуулсан, улмаар гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд түүнийг гэрчээр мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэх байдал тогтоогдоогүй. Иймд гэрч П.У-ын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 дахь заалтыг зөрчиж цуглуулсан гэх, нотлох баримтаас хасах үндэслэлгүй байна.
Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд П-ийн У- нь хэвтэн эмчлүүлсэн эсэх талаарх өвчний түүхийг хуулбарлан авах тухай албан бичгийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн байдал байгаа боловч энэ нь тухайн хэрэгт шууд хамааралтай гэж үзэхгүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй, нөгөө талаас гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасах үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж;
16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж тус тус хуульчилсан бөгөөд энэхүү заалтуудын агуулга нь сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй ба хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулж, магадлах аргаар шалгаж бусад эх сурвалж, нотлох баримтаар тогтоогдвол нотлох баримтад тооцох юм.
Тус хэрэгт шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь гэрч П.У-ын мэдүүлэг, сэжигтэн, яллагдагчаар өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хоёр нотлох баримтад үндэслээгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад эх сурвалж баримттай харьцуулах, магадлах аргаар тэдгээрийг шалгахад цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагаар очсон алба хаагч нар хэргийн газрын үзлэгээр бодис илрүүлсэн, эд мөрийн баримтаар тооцсон, тухайн бодис нь Б.Б-ын хадгалж байсан бодис болох тухай, улмаар тухайн бодисыг шинжилгээнд хүргүүлэхэд тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодист хамаардаг болох талаар дүгнэсэн зэргээр эргэлзээгүйгээр хангалттай нотлогдон тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан энэ хэрэгт нотолбол зохих байдлыг хангалттай нотлоогүй, хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4. Шүүгдэгч Б.Б- “...хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх ба ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.
Тиймээс шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, нөгөө талаас түүний хувийн байдал зэргээс дүгнэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тухайн зүйл хэсэгт заасан хөнгөн төрлийн ял болгон өөрчлөх, эсхүл хорих ялын хэмжээг багасан өөрчлөх үндэслэлгүй байна.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Б.Б-ын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1857 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойшхи хугацаанд буюу 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны энэ өдрийг хүртэл 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1857 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтыг “Шүүгдэгч Г- овгийн Б-ын Б-ыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА