2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/11800

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******************* тоот хаягт оршин суух, Барнууд овогт *******гийн ******* /Регистрийн дугаар *******/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ********************давхарт байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Н.*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.******* /Үнэмлэхийн дугаар *******/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

хариуцагчийн өмгөөлөгч Д. /Үнэмлэхийн дугаар /,

гэрч Г., С., Б., Р.,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хан Нүри.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Н.******* нь 2012 онд ******* ******* ХХК-д уурхайн талбай дээр гэнэтийн ослын үед хариу өгөх багийн ажилтнаар ажилд орж, 2017 оноос хойш сургалтын ажилтнаар ажиллаж 2024 оны 5 сараас эхлэн сургалтын багийн ахлагчийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, хариуцлагатайгаар хөдөлмөрлөж ирсэн. Маргаан бүхий 2024 оны 12 сарын 10-ны өдрийн гүйцэтгэх захирлын ******* дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг үндэслэлгүй гарсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, холбогдох дүрэм журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. 2024 оны 11 сарын 05-ны өдөр Н.******* нь нисэх буудлын агаарын хөлгийн гал унтраах сургалтанд оролцчихоод 22 цагийн үед ажилчдын амрах байранд эхнэртэйгээ утсаар яриад сууж байхад Г. хаалга хүчтэй цохиод байхаар нь эхнэр хүүхэдтэйгээ утсаар ярьж байна, тэгээд ч амралтын цаг битгий саад болоод бай гэж хэлсэн. ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалд дурдсан хөдөлмөрийн гэрээ, кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж бусдын биед халдсан, хэн нэгнийг дарамталсан, зодолдсон зүйл огт байхгүй. Н.******* нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж хохирол, гэмтэл учруулаагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс энэ асуудалд бодитой дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.4-т заасан ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах үүргээ биелүүлээгүйд гомдолтой байхын зэрэгцээ хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан тушаалтай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.5-д заасан хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах эрхийнхээ хүрээнд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хороонд гомдол гаргасан боловч ******* ******* ХХК-ийн зүгээс ирж оролцоогүй тул эвлэрэх боломжгүй хэмээн шийдвэрлэсэн хорооны шийдвэр 2025 оны 03 сарын 07-ны өдөр гарч, 11-ний өдөр гардан авсан. Н.******* нь тус байгууллагад 12 жилийн хугацаанд ажилдаа хариуцлагатай ханддаг, хичээл зүтгэлтэй ажилладаг болохыг хамт ажилладаг хүмүүс мэдэх ба урьд өмнө сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэнэ гэсэн зохицуулалтыг зөрчсөн. Маргаан бүхий асуудал болсноос 6 хоногийн дараа нэхэмжлэгчийг ажлаас нь шууд буулгаж, уурхайн талбайгаас чөлөөлж, ажилд нь явуулахгүй болгоод онгоцны тийз захиалаад Улаанбаатар хот руу буцаасан. Энэ нь ажилтны тайлбар өгөх, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх, мэтгэлцэж шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрх үүргийг зөрчсөн. Уурхайн талбайгаас Улаанбаатар хот руу явснаас хойш 28 хоногийн дараа 2024 оны 12 сарын 10-ны өдөр шийдвэр гарсан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож цуцлахтай холбоотой нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зөрчил гаргасан. Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Кемпийн дотоод журмын ёс зүйн дүрмийн 9.1.2 бусдын биед халдсан, 9.1.12 аливаа хэлбэрээр бусдыг ялгаварлан гадуурхах, дарамтлах, эсхүл дарамталсан, гадуурхсан хүнийг дэмжиж өөгшүүлэх гэдэг зохицуулалтыг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч маргалдсан талаар ямар нэгэн байдлаар маргаагүй, маргалдсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан ажилтны буруугаас болж маргаад байхад энэ үйл баримтыг огт анхаарч үзээгүй. Тухайн хүнд ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэл, хариуцлага ногдуулаагүй нь шударга ёсонд нийцэхгүй байна. 2 хүн маргалдаад байхад нэгийг нь халаад, нэгийг нь ажилдаа үлдээнэ гэдэг нь нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхаж байгаа бас нэг хэлбэр гэж харж байгаа. Бид маргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас кемпийн дотоод журмын 9.1.16-д заасан кемпэд болон уурхайн талбарт хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж, кемпийн үйл ажиллагааны дарааллын журам зөрчих гэдэг зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл журмын холбогдох зохицуулалтыг буруугаар тайлбарлаж хэрэглэснээс болж нэхэмжлэгчийг ажлаас халсан. Тус журмын аль зөрчилд ямар хариуцлага ногдуулахыг кемпийн дотоод журмын ёс зүйн дүрэмд зааж өгсөн. Журмын 9.1.16-9.1.25, 16, 18.7-д заасан зөрчилд ажлаас халахаас бусад хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж байгаа. Гэтэл энэ журмын зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ажлаас халахаас бусад төрлийн сахилгын шийтгэл ногдуулах ёстой байсан тул тушаал үндэслэлгүй байна. Хэрэглэх ёсгүй журмыг хэрэглэсэн, маргаан бүхий асуудалд тохирох хэм хэмжээг хэрэглээгүй. Сахилгын журам дээр мөн кемпийн ёс зүйн дүрэмтэй холбоотой зохицуулалтууд дурдсан байгаа. Ёс зүйн дүрмийн холбогдох зохицуулалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу ёс зүйн дүрмийн сахилгын шийтгэл ногдуулах журмын холбогдох зохицуулалтуудыг буруу хэрэглэн 17.2.8.2, 17.2.9, 17.2.9.1, 17.2.9.4 зохицуулалтуудыг зөрчсөн. Бусдын биед халдсан гэж байгаа. Бусдын биед халдаж байгаа үйлдэл маш олон янзын хэлбэрүүдтэй. Нэхэмжлэгч хаалга хүчтэй нүдээд байсан учраас би хаалга онгойлгоод түлхсэн гэж байгаа. Гэтэл энэ зодох, бусдын биед халдах үйлдэл биш. Бас Г. гэдэг хүн зөрүүлээд нэхэмжлэгчийг түлхсэн асуудал бас байгаа. Харилцан бие биеэ түлхэлцэж байгааг зодсон, цохисон болгож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ зодсон, 12 сарын 8-нд авсан зураг дээрх шиг үйл явдал болсон бол хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Кемпийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод журмаар холбогдох байгууллагад гомдол гаргаж шалгуулна гэсэн зохицуулалтууд байгаа. Гэтэл энэ талаар цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинж эсхүл зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгасан, тогтоосон зүйл байхгүй. Хэн нэгэн этгээд гомдол гаргаагүй. Бусдыг зодсон гэдэг үйлдлийг компани зөвхөн нэг талын тайлбарт үндэслэж тогтоож, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдсан нь үндэслэлгүй, буруу гэж тайлбарлаж байгаа. Кемпийн журмын холбогдох зохицуулалтаар маргаан үүссэн тохиолдолд хэн аль нь СОС буюу байгууллагын холбогдох утасны дугаар луу яаралтай байдлаар залгаж мэдэгдэх ёстой. Цохиулсан гээд байгаа хүн, нэхэмжлэгч аль алинд огт мэдэгдээгүй, залгаагүй. Тэгэхээр хэрүүл маргаан үүсгэсэн, зодсон гэдгийг хожим нь хэн нэгэн этгээд санаачилгаар ч юм уу шалгаад байгаа гэдгийг сайн мэдэхгүй байгаа. Нэхэмжлэгчийн зодсон гээд байгаа хүний биед учирсан гэмтэл, хохирлыг 2024 оны 11 сарын 8-ны өдөр үзээд 13-ны өдрийн зураг нь хэргийн материалд авагдсан. 11 сарын 06-нд буюу маргаан болсны маргааш өглөө болсон сургалтад энэ хүн суусан, нүд нь хөхөрсөн, шанаа нь хавдсан зүйл байгаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс энэ хохирол, хөхөрсөн зүйлийг нэхэмжлэгч учруулаагүй гэж үзэж байгаа. Энэ хүн тухайн маргаан болсноос хойш маргааш нь юм уу, нөгөөдөр нь юм уу, каскаараа *******гоо цохичихсон гэж багийнхаа бусад гишүүдэд тайлбарлаж хэлсэн. Тэгэхээр энэ хүний каскаараа нүүр лүүгээ цохиж өөрийгөө гэмтээсэн үйлдлийг бусдад халдааж буюу нэхэмжлэгч Н.*******ы бусдад учруулсан хохирол мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ үндэслэлээр бусдыг зодсон, бусдын биед халдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй шийдвэр болсон. 11-нд шалгаж эхлээд 12-нд тайлбар авсан. Энэ хугацаанд буюу 11 сарын 5-11-ний өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч хохирол учруулсан гээд байгаа Г. гэх хүнтэй хамт ажилласан, хамт гарсан, өглөө болгон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. Маргааш өдөр нь хамт шагнал авахдаа бөөндөө зэрэгцэж зогсож байгаад зураг авхуулсан. Эндээс харахад байгаагүй байсан. Хэзээ үүссэн хөхрөл гэдгийг мэдэхгүй байна, ямартай ч би учруулаагүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Иймд ажлаас халсан тушаал үндэслэлгүй буюу Кемпийн ёс зүйн дүрэм, сахилгын шийтгэл ногдуулах журам, холбогдох зохицуулалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчлийн шинж байдлыг бүрэн гүйцэт тогтоолгүй сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Тухайн шалгах ажиллагааны процесст нэг удаа тайлбар аваад бусад байдлаар оролцуулаагүй. Нэхэмжлэгч болон тухайн хохирол учирсан гэдэг хүний хоорондын тайлбарууд зөрүүтэй байхад энэ талаар шалгаж нягтлалгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэр бүхэлдээ үндэслэлгүй бөгөөд хууль бус байна. Иймд ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.*******ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2024 оны 12 сарын 10-ны өдрийн тушаал холбогдох хяналт шалгалтаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэж гарсан. Н.******* 2012 оноос хойш ажиллаж байгаа, сүүлд гэнэтийн ослын багийн болон сургалтын ажилтнаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2023 оны 05 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтан ******* ******* ХХК-д мөрдөгдөж байгаа холбогдох дүрэм журмын дагуу ажиллах, ажил олгогч ажилласан хугацаанд ногдох цалин хөлсийг өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Н.******* 2024 оны 11 сарын 05-ны өдөр ******* ******* ХХК-д мөрдөгдөж байгаа Сахилгын шийтгэл ногдуулах журам, Кемпийн дотоод журам болон ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдлээс хамаарч 2024 оны 12 сарын 10-ны өдрийн тушаал гарсан. Тухайн тушаалтай холбоотой асуудал ямар үндэслэл, журмын дагуу гарсан бэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу харагдаж байгаа. Зохигч хавтаст хэрэгт авагдсан баримтад тулгуурласан бодит тайлбар гаргах шаардлагатай. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч зарим зүйлийг хийсвэр агуулгаар, баримтад авагдаагүй зүйлүүдийг дурдлаа гэж хэлэх нь зүйтэй байх. 2024 оны 12 сарын 03-ны өдөр хяналт шалгалтын тайлан гарсан, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 11 дүгээр зүйлд зөрчлийг шалгах баг гардаг. Тухайн баг ямар нэгэн байдлаар хөндлөнгийн нөлөөлөл орохгүй байх зорилгоор зөрчилд холбогдогчийн удирдах ажилтан болох хэлтсийн дарга буюу менежер оролцсон. Хянан шалгах ажиллагааны явцад тухайн үйл баримтыг болсон цаг хугацаанаас холбогдсон хүмүүсээс ярилцлагын тэмдэглэл үйлдээд холбогдох баримтуудыг цуглуулаад энэ хүн ******* ******* ХХК-д мөрдөгдөж байгаа холбогдох журмыг зөрчсөн гэдэг нь тогтоогдсон. Хянан шалгалтын тайланг үндэслэж тушаал гарсан. ******* ******* ХХК-ийн уурхайн талбар буюу сайт дээр дэлхийд бараг 3-т жагсаж байгаа уурхай байгаа. ******* ******* ХХК-ийн нийтийн сайт дээр туслан, үндсэн ажилтнууд 4-6 мянгын хооронд эргэлдэж байгаа. Туслан гүйцэтгэгч ажилтнууд нийлээд нийт бараг 18,000 ажилтан тухайн сайтаар ажилладаг. Энэ хүмүүсийг гэр орноосоо хол ажилладаг учраас тодорхой дарамт шахалт, хүчирхийллээс ангид байх зүйлүүдийг хатуу мөрдөж ажилладаг. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хуулийн 7.1.1-т аливаа дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид байх гэж заасан. Энэ хуулийн холбогдох заалтыг нэхэмжлэгч зөрчсөн. Н.******* 2024 оны 11 сарын 05-ны өдөр уурхайн талбар дээр хамт ажиллагсадтайгаа *******т гэдэг уушийн газар буюу бааранд орж холбогдох багийнхаа ажилчидтай архи согтууруулах ундаа хэрэглэсний дараа өөрийнхөө гоймонг халаалгахаар Г.д хэлсэн байдаг. Энэ нь Г. ярилцлагын тэмдэглэл, хяналт шалгалтын тайлан, гэрч С.ын ярьсан зүйлүүдээр тогтоогдоно. Өөрөөр хэлбэл уушийн газарт орсных нь дараа амрах байр луугаа явж байх явцдаа Н.*******ы тухайд гадаа нь өөрийнхөө багш, холбогдох ажилтантай таараад миний гоймонг халаачхаарай гэж хэлсэн. Ус дууссанаас шалтгаалаад гоймонг нь халааж амжаагүй байхад гоймонг халаасангүй гэдэг шалтгаан, өөрийн амрах байрандаа очиж амарч байх хугацаандаа гэр бүлийнхээ хүнтэй таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр уурласан уураа Г. руу гаргаж байгаа хандлага. Г. араас нь гоймонг нь халааж 2 гоймон халуун устай аваачиж хаалгыг нь тогшоод утас руу нь залгасан. Энэ бол хэдхэн секундийн үйл явдал болсон гэдэг нь хяналт шалгалтын ажиллагаагаар тогтоогдсон. Хаалгыг нь тогшоод залгасан. Гарч ирэнгүүтээ зүүн шанаа руу цохисон. Цохисон үйл баримттай холбоотой асуудал, мөн Г. шанаанд хөхрөлт, няцралт үүссэн гэдэг байдал хяналт шалгалтын тайлангийн хавсралт мэдээлэл, эмчийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа. Энэ хүн хүчирхийлэл үйлдээд хүн цохиж байна, мөн цохисонтой үйлдэлтэйгээ би чамайг насаар чинь байхгүй болгоно, чамайг ална гэж айлган сүрдүүлж байна. Н.******* гэдэг хүн өнөөдрийн гэрчээр оролцож байгаа Г. дээд шатын албан тушаалтан. ******* ******* ХХК-д ороод удаагүй байгаа, энэ хүнийг хэлэх юм бол асуудал үүснэ, нэгдүгээрт айдас байсан гэдгээ хэлсэн, хоёрдугаарт энэ хүн тэгж айлган сүрдүүлж байгаатай холбоотой, ахлах ажилтан гэдэг утгаар нь хэлсэн. Энэ хүнийг харин ч өмөөрч, аюулгүй байдалд хэлээгүй гэдэг шалтгаанаа хэлдэг. Хэлтсийн менежер нь ийм асуудал болсон байна гэдгийг мэдээд 2024 оны 11 сарын 8-ны өдөр холбогдох аюулгүй байдал болон зөрчлийг шалгадаг хөдөлмөрийн харилцааны алба, газарт энэ мэдээллүүд ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, менежерийнх нь хүсэлтийн дагуу үйл хэрэг болсон гэдгийг дараа нь мэдсэн. Гомдлын дагуу холбогдох шалгалтын ажиллагаа явагдсан. Энэ шалгалтын ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4-ийг зөрчөөгүй. ******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулах журмын дагуу энэ хүний 2024 оны 12 сарын 10-ны өдөр тушаал гарах хүртэлх хугацааны цалин хөлсийг олгосон. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас цалинтай нь өөрт нь мэдэгдэл өгч ажлаас нь буулгасан асуудал байгаа. Мэдэгдсэнтэй холбоотой цалингаа авсан талаар энэ хүн маргахгүй байгаа. Цохиж байгаа, дарамталж байгаа үйл баримттай холбоотой асуудлыг ******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн кемпийн дотоод журам, Сахилгын шийтгэл ноогдуулах журамд ноцтой зөрчилд хамаарна гэж зохицуулсан. Байгуулсан 2023 оны хөдөлмөрийн гэрээний 8б, 8в дээр ******* ******* ХХК-д мөрдөж байгаа дүрэм журмыг мөрдөх үүрэгтэй, холбогдох дүрэм журамтай өөрөө танилцах үүрэгтэй. Н.******* зөрчил гаргаагүй бол өнөөдөр ч ажиллаж байх боломжтой. Харин ажилтайгаа үлдэх зорилгоор өнөөдрийг хүртэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас тэс хөндлөн худлаа яриад байна. Үйл баримттай холбоотой асуудал дээр 9.2.1.и гэдэг заалт байгаа. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Сахилгын шийтгэл ногдуулах журам, Кемпийн дотоод журамд заасан гэж мэдэж байгаа. Журам дээр ноцтой зөрчилд тооцох зөрчлийг гаргасан тохиолдолд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.2.1.и заалтаар тэр 2 журам дээр хэрэв ноцтой зөрчилд тооцсон бол Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцно гэж заасан. Тэрийгээ ч энэ хүн өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Хянан шалгалтын дүгнэлтээр Н.******* хамт ажиллагсдаа цохисон, заамдсан, зохисгүй үг хэлж дарамталсан гэдэг үйл баримт нь тогтоогдсон. Анх удаа зөрчил гаргалаа гээд хариуцлагын арга хэмжээ чөлөөлөгдөхгүй. Ноцтой зөрчил гаргасан учраас түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, итгэмжлэл /хх-3/, ******* ******* ХХК-н Гүйцэтгэх захирлын 2024.12.10-ны ******* дугаартай тушаал /хх-4/, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025.03.07-ны 36 дугаартай хуралдааны тэмдэглэл /хх-5-7/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-202/, фото зураг /хх208-210/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: итгэмжлэл /хх-13-15/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-18-19/, 2025.04.14-ний хариу тайлбар /хх-20/, 2023.05.01-ний хөдөлмөрийн гэрээ /хх-26-32/, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм /хх-33-56/, Сахилгын шийтгэл ногдуулах журам /хх-57-81/, ******* ******* ХХК-н Гүйцэтгэх захирлын 2022.05.02-ны 27/22 дугаартай тушаал /хх-82-83/, ******* ******* ХХК-н Гүйцэтгэх захирлын 2023.05.24-ний А/19 дугаартай тушаал /хх-102-105/, ******* ******* ХХК-н Гүйцэтгэх захирлын 2024.12.10-ны ******* дугаартай тушаал /хх-106, 107/, хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримт /хх-108/, эмчийн үзлэгийн баримт /хх-109/, фото зураг /хх-110, 111/, шалгалтын репорт /хх-112127/, тайлбар /хх-128-132/, 2024.11.12-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл /хх-133-168/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-177-178/, сургалтад хамрагдсан талаарх системийн мэдээлэл /хх-181, 181/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2025.12.19-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл /хх-212-216/, гэрч Г., С., Б., Р. нарын мэдүүлэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ уурхайн ажилчдын амралтын байранд бусадтай маргалдсан асуудалд маргахгүй боловч хөдөлмөрийн гэрээ, кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж бусдын биед халдсан, хэн нэгнийг дарамталсан, зодолдсон зүйл байхгүй, хариуцагч тал Кемпийн дотоод журмын ёс зүйн дүрмийг буруу тайлбарлаж хэрэглэн болсон үйл баримт, нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийлгүй, маргалдсан талуудад ялгавартай хандсан шийдвэрийг гаргасан, түүний гаргасан зөрчилд ажлаас халахаас бусад хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан байхад маргаан бүхий асуудалд тохирох хэм хэмжээг хэрэглээгүй, үндэслэлгүй тушаал гаргасан, мөн гомдлыг хянан шалгах ажиллагаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу явагдаагүй, тайлбар мэдүүлэг өгөх боломжийг олголгүй уурхайн ажлын байрнаас үндэслэлгүй чөлөөлж Улаанбаатар хот руу явуулж хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчсөн гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Н.******* 2024 оны 11 сарын 05-ны өдөр хамт ажилладаг хүнийг цохисон, заамдсан, зохисгүй үг хэлж дарамталсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон, уг үйлдэл нь ******* ******* ХХК-д мөрдөгдөж байгаа Сахилгын шийтгэл ногдуулах журам, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа, хянан шалгалтын ажиллагааг явуулж байсан учир мэдэгдэл өгч ажлаас нь буулгасан, 2024 оны 12 сарын 10-ны өдөр тушаал гарах хүртэлх хугацааны цалин хөлсийг бүрэн олгосон, ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлан маргаж мэтгэлцсэн.

 

4. ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/191 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам-ын 2 дугаар зүйлийн 2.8(2), хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, 9.4, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.1, 17.3 болон тус компанийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх олгох тухай 27/22 дугаар тушаалыг үндэслэн тус компанийн ЭМААБОАБ газрын Гэнэтийн ослын багийн болон сургалтын ажилтан Н.*******ы 2024 оны 11 сарын 05-ны өдөр бусдын биед халдсан, хүнийг дарамталсан ноцтой зөрчил гаргасан нь түүнтэй 2023 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн б, в, г-д заасан үүргийг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, 9.2.1.и заалтууд болон ******* ******* ХХК-ийн Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.2, 9.1.12, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2.8.2, 17.2.9, 17.2.9.1, 17.2.9.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдох үйлдэл гэж хөдөлмөрийн гэрээг 2024 оны 12 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /хх-ийн 4, 106, 107/

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. , суманд байрлах ******* ******* эмнэлгийн эмч Б. 2024 оны 11 сарын 08-ны өдөр ******* ******* компанийн Шуурхай багийн оффицор албан тушаалтай Г. биед эмчийн үзлэг хийж баримт үйлдсэн байх ба эмчийн үзлэгийн баримтад

асуумжаар 2024.11.05-ны өдрийн 21:30-22:00 хооронд 5G 7 блокт ажлын газрын хүнд юм өгөх гээд очтол өрөөн дотор байсан хүн хаалгаа онгойлгоод гараараа зүүн шанааны орчим 1 удаа цохисон. Тухайн үедээ өвдөөгүй гэнэ. Цохиулсны дараа 1 минут орчим халуу дүүгээд зүгээр болсон. Бага зэргийн хавдсан, мөсөөр жин тавьсан. Одоогоор өвдөлт зовиургүй...,

үзлэгт ...Арьс салст хэсэг газартаа хөхөрч, шалбарч, улайсан....,

хэсэг газрын үзлэгт Зүүн шанааны арьс улайсан, бага зэргийн хавантай, шалбарсан оромтой, тавшсан. Зүүн нүдний дээд зовхи гадна хэсгээрээ хөхөрсөн. Тэмтрэхэд өвдөлт зовуурь үгүй. Гавал ясны бүтэц үзлэгт илэрхий өөрчлөлтгүй,

онош нь Толгой орчмын хэсэг газрын гэмтэл гэжээ. /хх-ийн 109-111/

 

5.2. ******* ******* ХХК-аас Шуурхай багийн оффицор албан тушаалтай Г. биед учирсан гэмтлийг хянан шалгах ажиллагааг явуулсан байх ба компанийн Хөдөлмөрийн харилцааны багийн ажилтан Б., Х., Б., Р. нар Ажилтан Н.*******, Г. нар *******т уушийн газраар үйлчлүүлсний дараа өөрсдийн оршин суух 5J-7 блокд очин амрах үедээ Н.******* нь Г.Пүрэвтулгыг бэлэн гоймонд ус халааж хийсэнгүй, утсаар ярьж байх үед хаалга цохилоо гэх шалтгаанаар зүүн шанаа тус газар цохиж үгээр заналхийлсэн зөрчлийг шалгаж, холбогдох хүмүүс болох Н.*******, Г., удирдлагын ажилтан С., гэрч Ц., Ц. нараас тайлбар, мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдэж,

шалгалтаар ******* ******* ХХК-ийн ажилтан Н.*******, Г. нар *******т уушийн газраар үйлчлүүлсний дараа Н.******* өөрийн удирдлаган дор ажилладаг Г.Пүрэвтулгыг өөрийн оршин суух 5J-7-2 тоот өрөөнд бэлэн гоймонд ус халааж хийсэнгүй, утсаар ярьж байх үед хаалга цохилоо гэх шалтгаанаар Г. зүүн шанаа тус газар цохиж хөхрүүлсэн, зрхисгүй үгээр заналхийлсэн гэх ноцтой зөрчил гарсан байна гэж дүгнэж 2024 оны 11 сарын 12-ны өдөр шалгалтын илтгэх хуудсыг үйлджээ. /хх-ийн 112-115/

 

2024 оны 12 сарын 03-ны өдөр үйлдсэн Хянан шалгах ажиллагааны тайланд ажилтан Н.******* ажилтан Г. биед халдаж цохьсон үйлдэл нь тус блокт камер байхгүй, цохьсон гэдгийг харсан гэрч байхгүй боловч Г. өөрөө мэдүүлсэн, зүүн нүдний зовхи хөхөрсөн нь нотлогдсон гэж үзэх боломжтой, заамдсан үйлдэл нь гэрч С.*******ы тайлбараар нотлогдсон, чамайг насаар чинь дарамтлах болно гэж зохисгүй үг хэллэгээр заналхийлсэн, дарамталсан үйлдэл нь гэрч С.*******ы тайлбар болон Г. тайлбараар нотлогдсон гэж дүгнэн, Н.******* нь хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн б, в, г, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, 9.2.1.и, ******* ******* ХХК-ийн Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.2, 9.1.12, Гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлогын 3.1, 3.2.а, 3.2.б, 3.2.в, 6.1, 6.3, Бидний ажлын арга барилын Бидний үнэт зүйлс, хөдөлмөрийн харилцаа ба оролцоо, мөн Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.1, 17.2.9.1, 17.2.9.4, 17.2.10.2, 17.3, 18.7.1, 18.7.2, 18.7.3, 18.7.4 заалтыг тус тус зөрчсөн нь нотлогдсон үндэслэлээр зохих журмын дагуу арга хэмжээ авах, мөн ахлах болон бусад гишүүд аливаа зөрчлийг мэдвэл журмын дагуу холбогдох удирдлагуудад мэдээлэхийг сануулах саналыг гаргасан байна. /хх-ийн 116-168/

 

5.3. Дээр дурдсан Хянан шалгах ажиллагааны тайланг үндэслэн ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан Н.*******ыг 2024 оны 11 сарын 05-ны өдөр бусдын биед халдсан, хүнийг дарамталсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 12 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /хх-ийн 4, 106, 107/

 

6. Н.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд дурдсан

Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9.1-д Дараах үйлдлүүдийг ёс зүйн зохисгүй хэм хэмжээ гэж үзнэ. Үүнд: ...9.1.2. Бусдын биед хүч хэрэглэх, бие махбодид халдах, ...9.1.12. Аливаа хэлбэрээр бусдыг ялгаварлан гадуурхах, дарамтлах эсвэл дарамталсан, гадуурхсан хүнийг дэмжих өөгшүүлэх, ...9.1.16. Кэмпид болон уурхайн талбарт хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж, кэмпийн үйлчилгээний болон дарааллын журам зөрчих, ...9.1.20. Бусадтай харилцахдаа айлган сүрдүүлэх, түрэмгий зан авир гаргах, заналхийлсэн шинжтэй үг хэллэг ашиглах, үйл хөдлөл үзүүлэх, зохисгүй байдлаар бусдын биед хүрэх, ...19.1. Журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна. ...19.3. Журмын 9.1.1-9.1.15-д заасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно. 19.4. Журмын 9.1.1-9.1.15-д заасан ноцтой зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах. 19.5. 9.1.16-9.1.25, 16, 18.7-д заасан зөрчил гаргасан ажилтанд зөрчлийн шинж чанарыг харгалзан ажлаас халахаас бусад хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж /хх-ийн 33-56/

Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2. Дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно 17.2.8.2. Бусдын биед гэмтэл учруулсан эсэхээс үл хамааран бүхий л хэлбэрээр халдах /Үүнд цохих, алгадах, шанаадах, тонших эсвэл аливаа багаж хэрэгслээр хүнийг цохих гэх мэт орно/, 17.2.9.1. Бусдыг дээрэлхэх, доромжлох, дарамтлах, ялгаварлан гадуурхах, нэр хүндэд халдах гэх мэт зөрчил, 17.2.9.4. Хүч хэрэглэхээр заналхийлэх айлган сүрдүүлэх зорилгоор үйл хөдлөл болон үгээр сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх, 17.3. Журмын 17.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна. /хх-ийн 58-81/

2023 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн б- Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэх, компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, в-д Компанийн дотоод бодлого, журмуудад заасан ажилтны ёс зүй, зан хандлага болон мэргэжлийн талаарх зан төлөвийн талаарх хэм хэмжээг ханган ажиллах, г-д Компанийн бодлого, журам, стандарт болон холбогдох бусад баримт бичгүүдтэй өөрөө танилцах, 9 дүгээр зүйлийн 9.2. Ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр болон ажил олгогчийн дотоод журам, бодлого, энэхүү гэрээнд заасан үндэслэлээр энэхүү гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болно, 9.2.1. Хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах Ноцтой зөрчлүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасныг үндэслэн ажил олгогч ба ажилтан нар дор дурдсан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон, 9.4. хэрэв ажилтан сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан тохиолдолд гэрээг цуцлах талаар ажилтанд урьдчилан мэдэгдэхгүй бөгөөд гэрээг шууд цуцална гэж тус тус заасан байна. /хх-ийн 26-32/

 

7. Нэхэмжлэгч нь дээр дурдсан дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээнд заасан нэрлэн заасан зөрчлүүдээс бусадтай маргалдсан зөрчлийг гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрч байх ба тухайн зөрчлийн шинж чанарыг харгалзан ажлаас халахаас бусад хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байхад ажлаас халсан нь үндэслэлгүй шийдвэр болсон гэх тайлбарыг гарган маргаж байна.

 

Мөн тэрээр гомдлыг хянан шалгах ажиллагаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу явагдаагүй, тайлбар мэдүүлэг өгөх боломжийг олголгүй уурхайн ажлын байрнаас үндэслэлгүй чөлөөлж Улаанбаатар хот руу явуулж хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчсөн гэх тайлбарыг гаргасан.

 

8. ******* ******* ХХК-ийн : Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 10 дугаар зүйлд сахилгын шийтгэл ногдуулах үйл ажиллагаа нь хянан шалгах үе шат, сахилгын шийтгэл ногдуулах үе шаттай байна гэж зохицуулсан байх ба журмын 10.2. Хянан шалгах үе шат гэж хөдөлмөрийн сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар олж мэдсэн, илрүүлсэн эсхүл сахилгын зөрчил гаргасан талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тохиолдолд удирдах ажилтан нь Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалтын газарт нэн даруй мэдэгдэж, нотлох баримт цуглуулах, тайлбар авах, гэрч болон зөрчилд холбогдсон ажилтантай ярилцлага хийх зэрэг сахилгын зөрчлийг шалган тогтоох зорилгоор хийгдэж буй ажиллагааг хэлнэ, 10.3. Сахилгын шийтгэл ногдуулах үе шат гэж хянан шалгах ажиллагааны үр дүнд ажилтан сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон нөхцөлд сахилгын шийтгэл ногдуулахыг хэлнэ гэж заажээ. /хх-ийн 58-81/

 

Тус журмын 8.13-т Ноцтой зөрчил гэж компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, компанид дагаж мөрддөг аливаа бичиг барим, дүрэм, журам, стандартад хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчлүүдийг ойлгоно гэж заасан байна.

 

9. Хариуцагч тал нь дээр дурдсан журмын зохицуулалтын дагуу уурхайн ажилчдын амралтын байранд 2024 оны 11 сарын 05-ны өдөр ажилтан Н.*******, Г. нарын хооронд болсон үйл баримтыг хянан шалгах багийг томилж шалгуулсан, тус баг нь сахилгын шийтгэл ногдуулах журмын 11 дүгээр зүйлд заасан хянан шалгах ажиллагааг явуулж, ажилтан Н.******* ажилтан Г. биед халдаж ******* ******* ХХК-ийн Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.2 болон 9.1.12-т заасан бусдын биед хүч хэрэглэх, бие махбодид халдах, бусдыг дарамталсан ёс зүйн зохисгүй үйлдэл гаргасныг тогтоосон байх ба эдгээр үйлдэл нь ******* ******* ХХК-ийн Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 17.2.8.2-д заасан бусдын биед гэмтэл учруулсан эсэхээс үл хамааран бүхий л хэлбэрээр халдах, 17.2.9.1-д заасан бусдыг дээрэлхэх, доромжлох, дарамтлах, 17.2.9.4-т заасан хүч хэрэглэхээр заналхийлэх айлган сүрдүүлэх зорилгоор үйл хөдлөл болон үгээр сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх гэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон үндэслэлээр Н.*******ыг ажлаас чөлөөлөхөөр тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй байна.

 

10. ******* ******* ХХК-ийн уурхайн ажилчдын амралтын байранд 2024 оны 11 сарын 05-ны өдөр болсон үйл баримтыг хянан шалган тогтоох ажиллагааг гүйцэтгэхдээ 2024 оны 11 сарын 11-ний өдөр Н.*******ыг уурхайн талбайн ажлаас чөлөөлж Улаанбаатар хот руу явуулсан үйл ажиллагаа нь ******* ******* ХХК-ийн Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 11.3 дугаар зүйлд заасны дагуу явагдсан байх бөгөөд Н.*******аас холбогдох тайлбар авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

11. Нэхэмжлэгч нь 2024 оны 12 сарын 10-ны өдрийг тушаалаар ажлаас чөлөөлөхдөө 30 хоногийн өмнө мэдэгдээгүй хууль зөрчсөн ажиллагаа болсон гэх тайлбарыг гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх зохицуулалт нь тус хуулийн 80.1.4-т заасан үндэслэлээр буюу ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх зохицуулалтад хамааралгүй болно.

 

Хариуцагч тал нь Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 12 сарын 10-ны өдрөөр тасалбар болгож цуцлахдаа энэ өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг олгосон болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

12. Нэхэмжлэгч нь хариуцагч тал Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийг буруу тайлбарлаж хэрэглэн болсон үйл баримт, нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийлгүй, маргалдсан талуудад ялгавартай хандсан шийдвэрийг гаргасан гэх тайлбарыг гарган маргаж байх ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон компанийн холбогдох дүрэм, журамд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан үйлдэл нь баримтаар тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн хариуцагчийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан ...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхэллтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгч Н.******* нь талуудын хооронд 2023 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Сахилгын шийтгэл ногдуулах журамд нэрлэн заасан ноцтой зөрчлүүдийг 2024 оны 11 сарын 05-ны орой уурхайн ажилчдын амрах байранд гаргасан болохыг ажил олгогч болох хариуцагч шалган тогтоосон нь хэргийн баримтуудаар нотлогдож байх тул энэ үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн ******* дугаартай тушаал Хөдөлмөрийн тухай хуульд заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

14. Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан шийдвэрлүүлэхээр заасан.

 

Нэхэмжлэгч Н.******* нь түүнийг ажлаас чөлөөлсөн ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн ******* дугаартай тушаалыг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, гомдлыг 2025 оны 01 сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж 2 тал харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуралдааны 36 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь 2025 оны 01 сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг 2025 оны 03 сарын 07-ны өдөр албажуулан гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хуралдааны тэмдэглэлийг хүлээн авч 2025 оны 03 сарын 14-ний өдөр шүүхэд гомдлын шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8-д заасны дагуу хуулийн хугацаанд гаргасан гэж үзэхээр байна. /хх-ийн 5-7/

 

15. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

16. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэрэг маргаанд хамаарах нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэгч Н.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР