| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0139/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/164 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Б.О,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох 1814003300167 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* овогт Б.О,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Цагаан далай сургуулийн хичээлийн байранд 9 дүгээр багийн сурагч ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Цагаан далай сургуулийн хичээлийн байранд ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Насанд хүрээгүй хохирогч *******ын ... Би 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ангидаа давтлагаа хийж байхад ангийн багш орж ирээд миний утсыг хурааж авснаас хойш ахиж ирээд миний зүүн талын чих рүү 2 удаа гарынхаа араар цохьчихоод явсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/
Насанд хүрээгүй гэрч *******гийн ... Би 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10-аас 13 цагийн үед сургууль дотроо ангидаа давтлага хийж байсан чинь ******* утас оролдоод байхаар нь ангийн багш *******ын утсыг нь хураагаад авсан чинь урд сууж байсан *******ыг пизда чинь гэж хэлсэн чинь ангийн багш хараад утас оролдох нь чиний зөв юмуу гээд ******* гарынхаа араар 1 удаа алгадсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Насанд хүрээгүй гэрч *******ийн ... Ангийн багш *******ыг утас оролдолоо гээд гарынхаа араар нэг удаа цохиж авсан юм өөр юм болоогүй юм ... ангийн багш хараад утас оролдох нь чиний юм зөв юмуу гээд ******* гарынхаа араар 2 удаа алгадсан юм ... *******ын зүүн талынхаа чих рүү 2 удаа гарынхаа араар цохисон юм ... *******ын чихнээс нээх цус гараагүй сальфеткны үзүүр дээр жоохон цустай юм гарсан байсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 29-30/,
Шинжээч эмч Б.Баяртогтохын ... 2018 оны 06 дугаар сарын 06-ний Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн *******ын эмчийн үзлэгийн оншонд дурдагдсан ахуйн осол чихний дэлбээ сувгийн битүү гэмтэл гэсэн оноштой адил ойлголт юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46/,
Шүүгдэгч Б.Огийн ... Би 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед манай анги давтлага орж байгаад манай ангийн сурагч ******* хичээл дээрээ дуу сонсоод байна гэхээр нь очоод утсыг нь хурааж аваад явсан чинь пизда чинь гэхээр нь юу гэнээ чи гээд гарынхаа араар хацарлуу нь 2 удаа ороолгоод тэгээд би ширээн дээр очоод суусан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 07-ны өдрийн 372 дугаартай шинжээчийн ... *******ын биед тархи доргилт, зүүн чихний дэлбээний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүгдэгч Б.О нар эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 69 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Огийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Огийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч******* овогт Б.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Огийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Од мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Огийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА