Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/1195

 

2025           10           14                                                                               2025/ДШМ/1195

 

 

Д.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч Д.Т-,

хохирогч Б.Э-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1835 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Т-, хохирогч Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Т-т холбогдох 2508 02285 1023 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц- овгийн Д-гийн Т-, ....., урьд:

1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ял,

2. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 818 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,

3. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 608 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 cap хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял тус тус шийтгүүлж, нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101 дүгээр захирамжаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 4 жил 8 сар 9 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2 жил 8 сар 9 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон, мөн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 17  хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож байсан (РД:Д-).

Шүүгдэгч Д.Т- нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, “Д-” хороолол, Д- дүгээр байрны 502 тоотод хохирогч Б.Э-ыг хардаж “гэртээ ирсэнгүй” гэх шалтгаанаар биед нь халдаж “баруун, зүүн хацар, зүүн чих, хүзүү, баруун гарын 5 дугаар хуруу, зүүн алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т- нь шүүхээс оногдуулсан 240 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр Б.Э-тай 2021 онд анх танилцан гэр бүл болж хамтран амьдарсан. 2025 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө эхнэр Б.Э-ыг гадуур хоносноос болж ам зөрж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Дээрх буруутай үйлдэл хийсэндээ харамсаж гэмшиж уучлалт гуйж, бид хоёр одоо эвтэй амьдарч байна. Иймээс цаашдаа түргэн уур гаргахгүй, уур бухимдлаа дарж асуудлыг ярилцаж шийдвэрлэнэ. ...Бид банк бус санхүүгийн байгууллага, цалингийн зээл, орон сууцны зээлээ хувааж төлдөг. ...Анхан шатны шүүхээс 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан нь өөрсдийн амьдралаа олсон мөнгөөрөө зохицуулан амьдарч байгаа залуу хүмүүст санхүүгийн давхар асуудал үүсгэж зээлээ төлж чадахгүйд хүрч байна. ...Иймд бидний амьдралын нөхцөл байдлыг ойлгож, оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 04 дүгээр сарын 12-ноос 13 шилжих шөнө нөхөр намайг хардан миний биед хүрч хөнгөн хохирол учруулсан. Дээрх үйлдэл хийхэд хүргэсэн миний бас буруутай үйлдэл байсан гэдгийг би хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь би гэр бүлийнхээ хүнд эгчийндээ хонолоо гэж хэлээд гадуур 2-3 хоног хоносон. Энэ үйлдэлдээ харамсаж, гэмшиж байгаа. Тухайн үед би гадуур ажлынхаа хүний гэрт хоносон. Би гадуур гараагүй, худлаа хэлээгүй байсан бол ийм зүйл болохгүй байсан гэж боддог. Нэгэнт ийм үйл явдал болсон хэдий ч бид залуу хүмүүс цаашдын алдаа оноогоо ухамсарлан ирээдүйгээ харж хэн хэнийгээ уучлан амьдарч байна. Бид банк бус санхүүгийн байгууллага, цалингийн зээл, байрны зээл гэх мэт олон зээлийг төлдөг. Манай нөхөр Д.Т-ийн нэр дээр дээрх зээлүүдийг авсан. Мөн би Голомт банкны зээлээс гадна байрны зээлээ хувааж төлдөг. Шүүхээс нөхөр Д.Т-т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь өөрсдийн амьдралаа өөрсдийн цалин, зээлээр зохицуулан амьдарч байгаа залуу хүмүүст санхүүгийн давхар асуудал үүсгэж, зээлээ төлж чадахгүй байдалд хүргэж байна. Миний хувьд хэдийгээр нөхөр Д.Т-т ямар нэг гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, миний буруутай үйл ажиллагаа байгаа гэдгийг анхан шатны шүүхэд илэрхийлсэн боловч шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь биднийг зээлээ төлөх боломжгүй байдалд оруулж байна. Би хэдийгээр ажил хийдэг боловч миний цалин нь цалингийн зээлээ төлөх, ахуй амьдралд байрны зээл төлөлт зэрэгтээ таардаг. Д.Т-ийн цалингаар бид амьдралаа болгож зээлээ төлж амьдардаг. Иймд бидний амьдралын нөхцөл байдлыг ойлгож, Д.Т-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох   ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Т-, хохирогч Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

1. Шүүгдэгч Д.Т- нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Д-” хорооллын Д- дүгээр байрны 502 тоот дахь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хохирогч Б.Э-ыг “гэртээ ирж хоносонгүй” гэх шалтгаанаар хардаж, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь “баруун, зүүн хацар, зүүн чих, хүзүү, баруун гарын 5 дугаар хуруу, зүүн алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Э-ын “...2025 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад би гэртээ охин Ж.М-ын хамт унтаж байтал нөхөр Т- гаднаас ...ажлаа тараад орж ирсэн. Би хоёр өдөр сургалттай байсан болохоор 1 дүгээр сургуульд ойрхон, хамаатныдаа охинтойгоо хамт хоёр өдөр гадуур хоноод, тэр орой нь гэртээ ирээд охинтойгоо амарч байтал орж ирсэн. ...намайг орон дээр хэвтэж байтал миний утсыг аваад шалгаж байгаад гэдэс, хэвлий хэсэг рүү хөл нүцгэн хөлөөрөө нэг удаа өшиглөөд, хоёр хацар, шанаа хэсэгт гараараа ойролцоогоор 9-10 удаа алгадсан.  Хүзүүний ар хэсэг рүү атгасан гараараа 3-4 удаа цохисон. Би тухайн үед цагдаа дуудах гэсэн боловч миний утсыг өгөөгүй. Би утсаа хайж байгаад ...хувцасны шкафнаас олж авсан. Эхлээд өөрийн эгч рүү болсон явдлыг хэлсэн чинь том ахад хэлсэн байсан. Манай том ах цагдаа дуудчихсан байсан. Тухайн үед хоёр цагдаа манай гэрт ирээд уулзаад явсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхээр цагдаагийн хэлтэс дээр өөрийн биеэр ирсэн. ...яг алгадаж байхад нь бол охин харсан ...” гэсэн мэдүүлэг /хх 7-8/,

шүүгдэгч Д.Т-ийн яллагдагчаар өгсөн “...гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй ... Э-ын нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Мөн хэвлий хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн. Надаас өөр хүн Э-д гэмтэл учруулаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх 101/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн тасгийн ахлах шинжээч Б.Долгормаагийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЕГ0725/5583 дугаар “...Б.Э-ын биед баруун, зүүн хацар, зүүн чих, хүзүү, баруун гарын 5-р хуруу, зүүн алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх 18-19/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2025 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн 11 цаг 47 минут 26 секундэд ирүүлсэн “...нөхөр нь эхнэрээ зодсон” гэх дуудлагын лавлагааны хуудас /хх 3/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл /хх 83-84/, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 85-89/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгах, үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Д.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Д.Т-ийн “гэртээ ирж хоносонгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч хохирогч Б.Э-ыг гэр бүлийн харилцаа, эр эмийн хардалтаас үүдэлтэйгээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “баруун, зүүн хацар, зүүн чих, хүзүү, баруун гарын 5 дугаар хуруу, зүүн алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

Тодруулбал, хэрэгт тогтоодсон үйл баримтаар шүүгдэгч, хохирогч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 2020 оноос хойш хамтран амьдарч байх ба тэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд хамаарна. Гэхдээ шүүгдэгч Д.Т-ийн 2025 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй тухайн үед үүссэн үл ойлголцол, эр эмийн хардалтаас хохирогчийн биед халдсан нэг удаагийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийллээр буюу хүндрүүлэх шинжээр зүйлчлэх шаардлагагүй гэж үзэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

2. Шүүгдэгч Д.Т-, хохирогч Б.Э- нар нь “...ахуй амьдралын нөхцөл байдал буюу цалин, байрны зээл төлдөг тул анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь зээлээ төлж чадахгүй байдалд хүргэж, санхүүгийн хүндрэл үүсгэхээр байх тул торгох ял болгон сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд үүрэг билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог ба, тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнүүдийн агуулга буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг хамгийн бага хэмжээгээр, 240 цагийн хугацаагаар тогтоож оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирчээ.

Шүүгдэгч Д.Т- удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч засрал хүмүүжил олоогүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, бусад нөхцөл байдалд дүгнэлт хийж, оногдуулсан ял нь тохирсон байх тул ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Д.Т-, хохирогч Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1835 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-, хохирогч Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                       М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                  Т.АЛТАНТУЯА