Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2019/00101

 

 

*******гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00676 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: *******гийн хүсэлттэй

Эрдэнэт хотын Хялганат хорооны 10 жилийн дунд сургуульд 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл туслах тогооч, тогоочоор ажиллаж байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хүсэлт гаргагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Балжингийн Эгиймаа нь 1964 оны 06 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 1976 оноос эцэг эхийн хамт Эрдэнэт хотын Хялганат хороонд амьдарч байсан. 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Хялганат тосгоны 8 жилийн сургуульд туслах тогоочоор ажиллаж эхэлсэн. Одоо тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэж баримтуудыг цуглуулсан боловч анх ажилд орсон тушаал Булган аймгийн архивт байхгүй байна. Хөдөлмөрийн дэвтэр тэр үедээ бичигдсэн боловч 8 жилийн сургууль болон бүтцийн өөрчлөлт орох үед үрэгдсэн гээд надад хөдөлмөрийн дэвтэр өгөөгүй. Тухайн үед ажиллаж байсныг гэрчлэх 3 хүний тодорхойлолт, 8 төгссөн гэрчилгээ, ажиллаж байсныг гэрчлэх архивын тушаалуудын хуулбарыг хавсаргав. Миний 1980 оны 06 дугаар сарын 20-оос Хялганатын сургуульд тогоочоор /туслах/ ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00676 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бодончир овогт Балжингийн Эгиймаа /регистрийн дугаар ФЖ64060908/-г Эрдэнэт хотын Хялганат хорооны 10 жилийн дунд сургуульд 1983 оны 9 дүгээр сараас 1987 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл туслах тогоочоор, 1987 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлээс баримтаар нотлогдоогүй 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацааны тогоочоор ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч ******* давж заалдсан гомдолдоо:

Миний бие Эрдэнэт хотын Хялганатын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж тус сургуулийнхаа гал тогоонд бэлтгэгчээр ажилд орсон. Эрдэнэт, Булганы архивт ажиллаж байсан бичиг баримт байхгүй учир Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шүүх хуралдаан болсон боловч баримтаар тогтоогдсонгүй. Миний амьдралын баталгаа болох 1980-1984 онд ашиглаж байсан байдлыг үнэн зөвөөр шийдэж өгөхыг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч ******* нь Эрдэнэт хотын Хялганат хорооны 8 жилийн сургуульд 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс туслах тогоочоор ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоох тухай хүсэлт гаргажээ.

******* нь Эрдэнэт хотын Хялганат хорооны 8 жилийн сургуульд 1980 оноос туслах тогоочоор ажиллаж байгаад 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр сургуулийн захирлын тушаалаар сургуулийн тогоочоор ажиллуулсан болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч ******* нь 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс тус сургуулийн гал тогоонд туслах тогооч буюу бэлтгэгчээр ажилд орж ажилласан энэ хугацааны баримт архивт байхгүй олдохгүй байгаа тул энэ хугацааг шүүхээр тогтоолгох хүсэлт гаргасан гэсэн тайлбар гаргасан бөгөөд түүний анх ажилд орсон тушаал байхгүй байгаа ч түүнтэй хамт ажиллаж байсан / багш 3 хүний мэдүүлгээр/ 1980 онд сургуулийн гал тогоонд туслах тогоочоор ажиллаж байсан болох нь мөн сургуулийн захирлын 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар туслах ажилчнаас чөлөөлж тогоочоор ажиллуулахаар шийдвэрлэсэн зэрэг нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 09 сар хүртэл тогоочоор ажиллаж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч *******гийн 1980 оны 07 дугаар сарын 01-нээс 1983 оны 09 дүгээр сарын 01 хүртэл сургуулийн туслах тогоочоор ажилласан байдлыг сэргээн тогтоохоор өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00676 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...нэхэмжлэлээс баримтаар нотлогдоогүй 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацааны тогоочоор ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...1980 оны 07 дугаар сарын 01-нээс 1983 оны 09 дүгээр сарын 01 хүртэл 8 жилийн сургуульд туслах тогоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хүсэлт гаргагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

С.УРАНЧИМЭГ