| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2026/00429/И |
| Дугаар | 191/ШШ2026/03099 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2026/03099
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- ******* дүүрэг, *******, ******* хотхон, *******-р байр, 188 тоотод оршин суух, ******* овогт *******-н ******* /РД-*******/-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- ******* дүүрэг, 1-р хороо, өөрийн байранд байрлах, /РД-/-т холбогдох,
тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 12,667,776 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Нэхэмжлэгийн өмгөөлөгч /ӨҮ-/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч..
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 12-р сарын 02-ны өдрөөс эхлэн 2025 оны 10-р сарын 09 ний өдөр хүртэл нийт 6 жил гаруй хугацаанд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрхний төвд их эмч, ангиологчоор ажилласан. Би тус хугацаандаа зүрхний титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг т нутагшуулсан. Эмнэлгийн байгууллагад ийм төрлийн нарийн мэргэжлийн ур чадвар, туршлага дадлага, ёс зүй, мэргэжилдээ мэргэшсэн эмч мэргэжилтэн бэлтгэхэд ойролцоогоор 10-12 жил шаардлагатай байдаг. Миний хувьд дээрх шаардлагыг бүрэн хангасан зүрхний судсан дотуурх оношилгоо, эмчилгээний эмч гэж хамт олондоо үнэлэгдсэн. Үйлчлүүлэгч өвчтөн олон түмний дунд нэр хүндтэй хүний нэг юм. Энэ нь жил бүрийн эцэст эмч эмнэлгийн ажилтны ажлыг үнэлж, дүгнэдэг надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үзүүлэлт дүгнэлтээр нотлогдоно.
Гэвч Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн ерөнхий захирлын 2025 оны 10-р сарын 07-ны өдрийн тоот тушаалаар намайг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, 2025 оны 09-р сарын 10-ны өдрөөс 2025 оны 09-р сарын 15-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажлын байрны дарамт, хүчирхийлэн үйлдсэн гэж үндэслэлгүйгээр гүтгэн буруутгаж 2025 оны 10-р сарын 08-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, зүрхний төвийн их эмч, ангиологч албан тушаалаас чөлөөлсөнд гомдолтой байна.
Миний хувьд УНТЭ-ийн захиргаа хүний нөөцийн албанд гаргасан 2025.09.08-ны өдрийн чөлөө хүссэн өргөдөлд УНТЭ зүрхний төвийн дарга Л.Анхбаяр хүсэлтийг дэмжиж байна гэж гарын үсэг зурсан байгаа. Би 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Малайзын Кардиоваскуляр Интервеншний Нийгэмлэг (ICSM)-ээс зохион байгуулсан 21 дэх удаагийн Ази бүсийн (MYLIVE 2025) apга хэмжээнд панелистаар оролцож, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний чиглэлээр олон улсын туршлага судлах, хэлэлцүүлэг өрнүүлэх, шинэ технологи, арга барилын талаар судлах, Монголын эмч нарын оролцоог танилцуулах, Монгол Улсын эмч нарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх тэр дундаа УНТЭ зүрхний төвийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой албан ёсны урилга, үйл ажиллагааны зардал болон холбогдох бүх зардлыг тухайн хурлыг зохион байгуулагч Малайз улс дааж оролцсон.
Миний 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан чөлөө авах өргөдөл болон нотлох баримтуудыг ЗХНА-ны менежер Ч.Бямбасүрэн хүлээн авч УНТЭ захиралд өөрийн биеэр танилцуулж чөлөөг олгож өгнө гэсэн боловч олон улсын хуралд оролцоод ирсний дараа чөлөө олгоогүй байхад ажил тасалж явсан гэж ажлаас халах шалтгаан болгож байгаад гомдолтой байна.
Миний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.7, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 3.3.6.1,8.2,8.6,8.9 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний 2 дугаар зүйлийн 2.3.6, 3 дугаар зүйлийн 3.2.7, 10 дугаар зүйлийн 10.7.2, 10.7.3, 10.7.12, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь 14 дүгээр зүйлийн 14.2.1, 14.2.3, 14.2.7, дэх заалтыг зөрчсөн үйлдэл байхгүй болно.
Миний бие 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн ээлжийн амралтаа 2025 оны 08 дугаар сарын 01-нд авах санлыг Зүрхний төвийн даргыг түр орлон гүйцэтгэж байсан эмч амралтаа хойшлуулахгүй бол болохгүй байна гэж хэлсэн, би учрыг тодруулахад эмч амралтаасаа орж ирээгүй байгаа учир ажиллах эмчгүй болоод байна гэсэн учраас нөхцөл байдлыг харгалзан үзэж, байгууллага, тасгийн хамт олноо бодож би амралтаа хойшлуулсан. 2025.09.01-ний өдрөөс амрах талаар зүрхний төвийн даргын орлон гүйцэтгэгч -д хэлэхэд мөн 2025.09.16-нд амарчих гэж хэлсэн учир миний ээлжийн амралт цаг хугацаандаа олгогдоогүйд гомдолтой байна. Амралт авах хугацааг хойшлуулснаас чөлөө хүсэх өргөдөл бичихээс өөр аргагүй болсон. Түүнчлэн 2025.09.16 өдрийн тушаалаар ээлжийн амралтаа авахаар байсан боловч надад болон нэгжийн эрхлэгчид мэдэгдэлгүйгээр ээлжийн амралтыг хойшлуулан 2025.11.03-ны өдөр болгосон байсан тул 2025.09.16-ны өдөр ажилдаа ирсэн. Зөвхөн надад зориулж олон удаагийн ээлжийн амралтын тушаал гаргаж, хүсэлт өгсөөр байтал шийдэж өгөхгүй байсаар ажил тасалсан шалтгаанаар халах тушаал гаргаж байгаа нь цаанаа ямар ашиг сонирхлын зөрчилтэй, эмнэлгийн байгууллагын удирдлага, намайг албан тушаалын эрх мэдлийн давуу байдлаа ашиглаж, ажил албан тушаалын дарамтыг надад үзүүлж, ажлын байрны хүчирхийлэл үзүүлсэнд гомдолтой байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрхний төвийн хөгжилд эрдэм мэдлэг, ур чадвар, хүнлэг сэтгэлээ дайчлан ажиллаж байгаа бөгөөд багаар хөгжих үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний ажлууд, хувь хүний хөгжил зэрэг үйл ажиллагаанд хориг саад учруулж байгаад харамсаж байна. Түүнчлэн ээлжийн амралтаа авч болдоггүй, сурч хөгжиж болдоггүй, ялгаварлан гадуурхалтад өртөж, бие болон сэтгэл санааны дарамтад оруулж байгаа нь хэн нэгний эрх ашиг, ашиг сонирхол байна гэж хардахаас өөр аргагүй байдлыг үүсгэж байна. Миний асуудал дээр шударга бус харилцаа үүсгэж, ялгаварлан гадуурхаж олон удаа ээлжийн амралт хойшлуулж, ээлжийн амралтын тушаалыг удаа дараа өөрчилж байгаад үнэхээр их гомдолтой байна. Олон улсын хурал чуулганд сонгон шалгаруулалтаар монголоо төлөөлөн, Улсын нэгдүгээр төв эмнэлгээ төлөөлөн амжилттай үр дүнтэй оролцсон явдлыг буруутгаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж гомдож байна.
Иймд шүүх, миний гомдлыг хүлээн авч, зохих журмын дагуу шалган шийдвэрлэж, хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны сэтгэл санааны хохирол болон ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэгдэл цалин, шагнал, урамшууллыг олгож хууль журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье. Мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэрэг нөхөн олговрыг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ /хх-1-8/.
2. Нэхэмжлэгч 2026 оны 03 дугаар сарын 3-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаарлагадаа: Миний бие УНТЭ-н их эмчийн ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 10-р сарын 7-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 12,667,776 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ /хх-148/.
3. Хариуцагч байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирлын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах тухайд: Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дүгээр хэсэгт заасанчлан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжид нийцүүлэн дуусгавар болгох үндсэн эрх бүхий субъект юм. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тохиолдолд дуусгавар болох ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дүгээр зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг тодорхой зааж өгсөн байдаг. Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 хэсгийн 80.1.4 дэх заалтад "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэж заасан байна.
Нэхэмжлэгч Б.******* нь эрүүл мэндийн сайдын тушаалаар Монгол Улсад нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, хүлээгдлийг бууруулах зорилгоор төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагаас тухайн тусламж, үйлчилгээг аймаг, дүүрэгт нутагшуулах Ангиографын эмчилгээний үндэсний багийн гишүүнээр томилогдож, Хэнтий аймагт ажиллахаар явахдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, харилцаа, хандлагын ноцтой зөрчил гаргасан тул 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын Б/503 дугаар тушаалаар "албан тушаалын үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах" сахилгын шийтгэл оногдуулж байсан.
Мөн нэхэмжлэгч Б.******* ажлын цаг эхлэх, дуусах цагийг зохих журмын дагуу бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын Б/340 дугаар тушаалаар "өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах" сахилгын шийтгэл оногдуулж байсан болно. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Б.******* нь т Зүрхний төвийн их эмчээр ажиллаж байхдаа хөдөлмөрийн сахилгын зөрчил 2 удаа буюу давтан гаргасан байна. Түүнчлэн Б.******* нь хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргахын дээр мөн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажлын байрны дарамт хүчирхийллийг хориглох хэм хэмжээг зөрчсөн зэрэг зөрчлүүдийг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 хэсгийн 80.1.4 дэх заалтад заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг бүрэн хангаж байгаа юм. Иймд ажил олгогч нь хөдөлмөрийн 2 сахилгын зөрчил гаргасан ажилтан, их эмч Б.Бум-Эрдэнийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгосон Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байх тул нэхэмжлэгчийн уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй.
Урьд эрхэлж байсан Зүрхний Төвийн их эмч, ангиологчийн ажил албан тушаал буцаан томилуулах: Дээр дурдсанчлан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр тул их эмчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Бум-Эрдэнийг буцаан урьд эрхэлж байсан албан тушаалд нь томилох үндэслэл байхгүй, түүнд ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөх нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч Б.Бум-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ /хх-69-71/.
4. Зохигчид шүүх хуралдааны үед байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.******* нь т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2025-10-7-ны өдрөөс 2026-03-2-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 12,667,776 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч тэй харилцан тохиролцож ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Бум-Эрдэнийг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор ажилд нь эгүүлэн томилох тушаалыг гаргах,
нэхэмжлэгч Б.******* нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын 12,667,776 төгрөгийн шаардлагын 7,653,109 төгрөгөөс татгалзаж, үлдэх олговор болох 5,014,667 төгрөгийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрч, мөн нэхэмжлэгч Б.Бум-Эрдэнийн 2025 оны 10-р сараас 2026 оны 03-р сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагч хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ /хх-150/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч т холбогдуулан тус эмнэлгийн ерөнхий захирлын 2025 оны 10 сарын 07-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-8/.
2. Нэхэмжлэгч Б.******* нь ажилгүй байсан буюу 2025 оны 10-р сарын 7-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 12,667,776 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан гаргасан /хх-148/.
3. Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гардан авч /хх-62/, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй агуулгаар хариу тайлбар гаргасан /хх-69-71/.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тус эмнэлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн 7 дугаартай тогтоол 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гарч /хх-132-133/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус байгууллагыг төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 1/388 дугаартай итгэмжлэлээр төлөөлөгч т нэг жилийн хугацаатай олгосон байна /хх-134/.
5. Шүүх хуралдааны явцад зохигч талууд эвлэрч, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэж байгуулсан эвлэрлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, түүнийг ажилд эгүүлэн томилсон тушаалыг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор гаргах, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын 12,667,776 төгрөгийн шаардлагын 7,653,109 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,014,667 төгрөгийг хариуцагч төлөхөөр, нэхэмжлэгчийн 2025 оны 10-р сараас 2026 оны 03-р сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагч хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ /хх-150/.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус зохицуулсан.
7. Хэрэгт авагдсан 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний жишиг загвар гэрээнд ийг төлөөлөн ерөнхий захирал , ажилтан Б.******* оролцож гарын үсэг зурсан /хх-88-92/, Б.Бум-Эрдэнийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, албан тушаалаас чөлөөлөх тухай Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захиралын дугаартай тушаал 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гарсан байна /хх-85-86/.
8. Иймд зохигчийн байгуулсан дээрх эвлэрлийн гэрээгээр ажил олгогчийн 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр гарсан дугаартай тушаалын хүрээнд талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Бум-Эрдэнийг зүрхний төвийн их эмч, ангиологичийн ажилд нь эгүүлэн томилох тушаалыг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор гаргах, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын 7,653,109 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,014,667 төгрөгийг, мөн нэхэмжлэгчийн 2025 оны 10-р сараас 2026 оны 03-р сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчийн баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх маргаанд хамаарахаар байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж тус тус зохицуулсан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* овогт *******-н ******* /РД-*******/-н нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч /РД-/ хүлээн зөвшөөрч, талууд ажил олгогчийн 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр гарсан дугаартай тушаалын хүрээнд харилцан тохиролцож,
нэхэмжлэгч Б.*******-г зүрхний төвийн их эмч, ангиологичийн ажилд нь эгүүлэн томилох тушаалыг хариуцагч нь 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор гаргах,
нэхэмжлэгч Б.******* нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын 7,653,109 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,014,667 төгрөгийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрч,
нэхэмжлэгчийн 2025 оны 10-р сарын 7-ны өдрөөс 2026 оны 03-р сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохирч эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* овогт *******-н ******* /РД-*******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн дугаартай тушаалын хүрээнд тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ