Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1814002990181 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Цэлмэг өглөө барилгын материалын урд талын засмал зам дээрээс Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Жинст хайрхан дэлгүүрээр дайрч Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 43 дугаар байранд байх гэртээ хүргүүлэхдээ суун хөлсөлж явсан Ж.Бийн эзэмшлийн 1******* улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн арын суудал дээр байсан Д.Мгийн эзэмшлийн самсунг эс-7 маркийн гар утас бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилийнхийг мэдсээр байж завшиж бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ж.Бийн 1******* улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн арын суудал дээрээс иргэн Д.Мгийн гээгдүүлсэн 1.050.000 төгрөгийн үнэлгээтэй S-7 edge маркийн гар утсыг олж завшсан болох нь ...

Хохирогч Д.Мгийн ... Миний хувьд Ж.Б гэж хүний 1******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гуйж унаад зах дээр очоод Гантиг худалдааны төвийн урд талын засмал зам дээр машиныг үлдээгээд явсан. Ингэж явахдаа уг машинд өөрийн гар утсаа мартаж уг машинд үлдээсэн байсан. Ингээд гар утсаа үлдээгээд явснаа санаад хүүхдээ явуулсан боловч уг машин байхгүй байсан. Тэгээд зах дээр байж байтал нөгөө машины жолооч буцаад хүрээд ирсэн. Тэгээд би утсаа үлдээсэн байна авъя гэхэд жолооч мэдэхгүй машинд гар утсаа үзхэд алга болсон байсан ... гэсэн мэдүүлэг /х-ийн 25-26/,

Гэрч Ж.Бийн ... Би машинаа урд захын Гантиг дэлгүүрийн хажуугаас авсан намайг харж байхад М миний машиныг орхиод явчихаар нь нэг хүн аваад хөх толгойд Жинст хайрхан дэлгүүрийн өмнө буулгаад уруудсан. Тэгээд эргээд зах яваад ортол М нөгөө машин тавьсан байсан газар утсаа авъя мартсан байна гээд зогсож байсан ... Би гар утас үлдээснийг мэдээгүй гар утас байсныг хараагүй юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Шүүгдэгч *******гийн ... 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байсан. Миний бие Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Цэлмэг өглөө барилгын материалын дэлгүүрийн ар талын засмал зам дээрээс таксинд гар өргөж сууж уг машины арын суудалд сууж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Жинст хайрхан нэртэй дэлгүүр хүргүүлэхдээ миний сууж явсан арын суудал дээр нэг гар утас байсан. Миний хувьд нэг хүн гар утсаа энд үлдээгээд бууж дээ гэж бодоод таксины жолоочид хэлдэг юм билүү гэж бодсон боловч энэ жолооч эзэнд нь өгөхгүй байлгүй дээ гэж бодоод жолоочид хэлэлгүй уг гар утсыг халаасандаа хийж уг таксинаас буусан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49/,

“Энх Нахиа” ХХК-ны 2018 оны 05 сарын 29-ны өдрийн 51 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/,

Хохирогч Д.Мд S-7 edge маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18/ зэрэг болон хэрэгт аваглсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Д.М нь гээгдүүлсэн эд хөрөнгө болох S-7 edge маркийн гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан болох нь хэргийн 18 дугаар талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА