Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/1269

 

2025           11           06                                                                               2025/ДШМ/1269

 

 

С.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч С.У-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1959 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.У-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2408 00000 1918 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М- овгийн С-ын У-, ........., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

2008 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

2010 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сум дундын 27 дугаар шүүхийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял,

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 572 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 782 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч, суллагдсан (РД:С-).

Шүүгдэгч С.У- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 25 иргэнд цагдаагийн үнэмлэх болон бусад баримт үзүүлж “...цагдаагийн байгууллагаас явж байна, эсхүл би эрүүл мэндийн яамнаас ярьж байна, танайх насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа, эм зарсан, мөн тамхи ширхэглэж зарсан байна, эмчилгээний зардал, торгууль төлөхгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийг нь хүчингүй болгуулна, хэрэг үүсгэнэ...” гэх зэргээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Орхон, Дархан-Уул аймаг, Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус шилжүүлсэн нийт 13,119,390 төгрөгийг өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Шүүгдэгч М- овогт С-ын У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-ыг хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч С.У-ын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 141 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-аас хохирогч Б.У-т 163,000 төгрөгийг, М.Ө-т 97,500 төгрөг, Т.С-ад 350,000 төгрөг, Н.О-т 1,208,000 төгрөг, Ю.Г-т 878,490 төгрөг, Б.Д-д 500,000 төгрөг, С.С-т 250,000 төгрөг, Ч.Н-д 346,000 төгрөг, Б.С-д 560,000 төгрөгийг, З.Д-ад 405,000 төгрөг, М.О-д 312,000 төгрөг, Ц.Э-т 120,200 төгрөг, Д.Ц-д 440,000 төгрөг, Н.Н-т 405,000 төгрөг, Б.Б-т 680,000 төгрөг, М.Д-д 795,500 төгрөг, Г.О-д 385,000 төгрөг, Б.А-т 610,000 төгрөг, Н.Ц-д 400,000 төгрөг, Ү.Ц-д 515,000 төгрөг, С.Б-д 872,000 төгрөг, Н.Г-т 791,900 төгрөг, П.Бат- У-ад 700,000 төгрөг, Э.Б-т 720,000 төгрөг, Б.О-т 590,000 төгрөг тус тус олгуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэмт хэрэгт холбогдсоноо ухамсарлан ойлгож, гэм буруу дээр маргадаггүй. Г- гомдол гаргах учир шалтгаан нь ар гэрийн гачигдал, өөрийн өвчин, хохирол төлбөрөө хурдан төлөх юм. Би ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Ээж С- нь эрүүл мэнд маш муу, бамбай булчирхайн хорт хавдартай гэсэн оноштой, бас хавсарсан олон хүндрэлтэй өвчтэй, яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Ээж маань хагалгаа нь амжилттай болбол удаан хугацааны эмчилгээ, асаргаа хэрэгтэй. Би өөрөө бас эрүүл мэнд тааруу, арьсны хоргүй хавдартай, байнга юм туурч, гар загатнадаг, эм, тариа, тос их хэрэглэдэг. Хохирогч нарын төлбөрийг хурдан төлөх боломж олгож өгнө үү. Энд хоригдож байх хугацаандаа хохирол төлөх боломж муу. ...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Би 2 жилийн хорих ял эдэлж байх хугацаанд ээжид минь юу тохиолдох бол гэдгийг мэдэхгүй байна. Хамгийн гол нь би хорих ангид очсон хойноо нийгэм арга зүйн нэгжээс явуулах сургалт, семинарт идэвхтэй оролцож, цалинтай ажил хийж хохирол төлбөрөө хийж, бас дүү болон найз нөхдөөсөө хохирол төлбөр дээр туслалцаа авах бүрэн боломжтой. Г- хамгаас хайртай ээж дээрээ хурдан очих хүсэлтэй тул оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү. Манай өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаад хэрэггүй гэж зөвлөсөн. Гэхдээ яах ч аргагүй манай дүү эхийг минь тэргэнцэртэй авчирч уулзуулахад үнэхээр сэтгэл эмзэглээд байсан. Манай дүү “5.300.000 төгрөг бэлдчихсэн байгаа, дараагийн 7 хоногт эргэлтээр ирнэ, аль болохоор цувуулаад өгнө, эхийгээ янз бүр болохоос өмнө гарч ирээрэй” гэсэн. Би өмнө нь долоон удаа ял шийтгүүлсэн болохоор хэлсэн үг минь үнэгүй, худлаа сонсогдох байх. Амьдралд мөнгө байлаа ч гэсэн эрүүл энх, хамт байхгүй бол аз жаргал гэдэг зүйлийг бүтээж чаддаггүй юм байна гэдгийг олон зүйлээс би харсан. Би өмнө нь 2 найз, 2 дүүгээ алдаж байсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.” гэв.

Прокурор Б.У- тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.У-ын зүгээс өөрийн эрүүл мэнд болон эхийнхээ эрүүл мэндийн талаар дурдаж, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргажээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчийн зүгээс өөрийнхөө талаар дурдахгүй, эхийнхээ бие муу байгаа тухай дурддаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад эхийнх нь эрүүл мэндийн байдал муу, харж хандах хүнгүй байгаа гэсэн баримтууд цуглараагүй, түүний дүү эхтэйгээ хамт амьдардаг, биечлэн уулзсан нөхцөл байдал байхгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад С.У-ын биеийн эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байгаагүй бөгөөд энэ талаар давж заалдах гомдолдоо дурдсан байна. Анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С.У-ыг үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 25 иргэнд цагдаагийн үнэмлэх болон бусад баримт үзүүлж “...цагдаагийн байгууллагаас явж байна, эсхүл би Эрүүл мэндийн яамнаас ярьж байна, танайх насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа, эм зарсан, тамхи ширхэглэж зарсан байна, эмчилгээний зардал, торгууль төлөхгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийг нь хүчингүй болгуулна, хэрэг үүсгэнэ...” гэх зэргээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Орхон, Дархан-Уул аймаг, Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус шилжүүлсэн нийт 13,119,390 төгрөгийг өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, С.У-ыг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-ыг хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.

Залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэргийн замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл хамаарал бүхий харилцаатай хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл ашиг олох зорилготой бусад үйлчилгээ, үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Түүнчлэн энэ шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үздэг.

Хавтаст хэргээс үзэхэд, шүүгдэгч С.У- нь “залилах” гэмт хэрэгт өмнө нь 4 удаа ял шийтгүүлж, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч, суллагдсан бөгөөд 3 сарын дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 25 иргэнийг залилж, нийт 13,119,390 төгрөгийн хохирол учруулсан ба түүний энэхүү үйлдэлд “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж байгаа эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзэв.

Ингэснээр хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох, цаашлаад шүүгдэгчийн гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулахад чухал ач холбогдолтой бөгөөд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Мөн шүүгдэгч С.У- нь дээрх хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг байсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд үүнийг тогтоосноор түүний хэргийн зүйчлэлийг зөв тогтооход чухал ач холбогдолтой юм.

Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1959 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч С.У-ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

Шүүгдэгч С.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1959 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч С.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,                                               

                       ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                          Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                           Т.АЛТАНТУЯА