| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 2409 02928 0773 |
| Дугаар | 2025/ДШМ/1394 |
| Огноо | 2025-12-09 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | О.Анужин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/1394
2025 12 09 2025/ДШМ/1394
Э.Я-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Анужин,
шүүгдэгч Э.Я-, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2315 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Я-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2409 02928 0773 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О- овгийн Э-ын Я-, ........., урьд:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял,
2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 614 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн (РД:Э-).
Шүүгдэгч Э.Я- нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Э- тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Б-ийн биед толгойн үснээс зулгаах, толгой руу нь цохих, өшиглөх, хөл, гар, цээж хэсэгт нь дэвсэх, хазах зэргээр халдаж, эрүүл мэндэд нь “бүсэлхийн 1, 2, 3 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүгүй далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Я-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О- ургийн овогт Э-ын Я-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Я-ыг 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Я-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Я-аас 274,522 /хоёр зуун далан дөрвөн мянга таван зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Я- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэмт хэргийн улмаас үүссэн иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн нэхэмжлээд буй эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой 274,522 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тусгагдсан байдлыг баримтын дагуу хангаж, учруулсан хохирлыг төлсөн. Мөн уг хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэснийг биелүүлж байх тул дээрх нөхцөл байдал тус бүрийг харгалзан үзнэ үү. Би гэмт хэргийн хор уршгийн талаар сайтар ухамсарлан, үйлдсэн гэмт үйлдлийн улмаас гэр бүл, үр хүүхэд болон өөртөө маш хүнд нөхцөл байдал бий болгосондоо харамсаж байна. Дахин ямарваа нэгэн гэмт хэрэг гаргахгүй, нийгэм болон гэр бүлдээ хүлээсэн үүргээ сахин биелүүлнэ гэдгээ үүгээр тодорхой илэрхийлж байна. Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хохирол, хор уршгийг арилгасан байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж ухаарсан зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Э.Я-ын өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдолд хавсаргаж нотлох баримтуудыг өгсөн. Тухайлбал хоёр хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа, тухайн хороонд оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтын хүрээнд нотариатаар баталгаажуулж давж заалдах гомдолд хавсаргаж өгсөн. Э.Я- өөрийн эхнэртэйгээ олон жил хамт амьдарсан. Урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч тухайн төрлийн зүйл ангид заасан гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Өмнө нь торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр заасан, үүнийгээ төлж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч өмгөөлөгчгүй оролцсон ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурийг илэрхийлж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүсэлтээ илэрхийлэхийг хүссэн. Шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү.” гэв.
Прокурор О.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2315 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Я-ад холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Өнөөдрийн шүүх хуралдааны явцад хэд хэдэн нөхцөл байдал тодорхой болж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 274,522 төгрөгийг төлсөн талаарх баримтаа шүүгдэгчийн зүгээс хавсаргаж өгсөн байна. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцээгүй боловч шүүгдэгч Э.Я-ын хувьд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгийн хэмжээнд торгох ял шийтгэгдсэн нөхцөл байдал байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбоотой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Учир нь үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон. Аюулын зэрэг нь өндөр гарсан ба үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү хэмээн хүсэж байна. Эрүүгийн хариуцлагын тухайд өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн торгуулийн ял биелэгдээгүй нөхцөл байдал анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй учраас давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс үүнийг шүүх бүхэлдэхүүн өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2315 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Монгол Улсад шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлж буй шүүх байгууллага нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой тул үйл ажиллагаандаа хуульд захирагдах зарчмыг ягштал биелүүлэх үүрэгтэй нь:
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”,
мөн хуулийн 6.3-т “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ”,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэх заалтуудаар тусгалаа олжээ.
Мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийг сэжигтнээр тооцсон үеэс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлд зааснаар хувийн байдлыг тогтоож, хавтаст хэрэгт хавсаргах үүрэгтэй.
Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Э.Я- нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 614 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан...” гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх93/ Э.Я- нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн талаар тэмдэглэсэн байх ба энэ талаарх баримт (шийтгэх тогтоол) хэрэгт авагдаагүй, тухайн ял биелэгдсэн эсэх нөхцөл байдал тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Я-ад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хэрхэн шийдвэрлэх талаар шүүх, прокурор хэн аль нь хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгч Э.Я-ад эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлөхөөр байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасанд нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй үндэслэлд хамаарна.
Иймд шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргаагүй нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.
Ийнхүү шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2315 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Э.Я-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Э.Я-ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2315 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Э.Я-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА