Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2019/00103

 

 

*******ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Үйлдвэрийн осол гарсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.й

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* би 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2009 оны 05 дугаар сарын 15-ны хооронд Дотоодын цэргийн 816 дугаар ангид дэд ахлагч цолтойгоор харуулаар ажиллаж ирсэн. Би 2008 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажлын байран дээрээ орой 19 цагийн үед ухаан алдаж унаад 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 70% алдсан болохоо тогтоолгосон. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн чадвараа 70% алдсан хэвээрээ байна. Би тухайн үедээ үйлдвэрлэлийн осол болохыг тогтоолгохоор хөөцөлдөж чадаагүй бөгөөд хожим хөөцөлдөхөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуг өгсөн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70% хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг буюу түүнээс дээш удаа авах учиртай юм байна. Би өөрийн ажлаа хийж чадахгүй хөдөлмөрийн чадвараа алдсан учир тухайн үед ажлын байран дээрээ ажлаа хийж байгаад ухаан алдаж унасан учир үйлдвэрийн осол мөн болохоо тогтоолгох шаардлагатай байна. Иймд ******* намайг 2008 оны 11 дүгээр сарын 29-нд ажлын өрөөндөө ухаан алдаж унаад хөдөлмөрийн чадвараа 70% алдсан учир намайг үйлдвэрийн осолд орсон болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.5, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* нь 2009 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед Дотоодын цэргийн 816-р тусгай салбарт харуулчнаар ажиллаж байхдаа буюу Уулын баяжуулах Эрдэнэт-Үйлдвэрийн УМ-2 харуулын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тархинд нь цус харвалт өгч ухаан алдаж унаж, үйлдвэрлэлийн осол гарсан болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

******* би Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2008 оны 11 дүгээр сарын 28-ны орой ажлын байран дээрээ байж ажлаа хийж байгаад ухаан алдаж унан улмаар тархинд маань цус харваснаар хөдөлмөрийн чадвараа 75% алдаж ямар нэгэн хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон бөгөөд намайг ажиллуулж байсан ажил олгогч болох Дотоодын цэргийн 816-р ангийн захиргаа тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаартай тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-д болон Хөдөлмөрийн тухай хуулийн 95-р зүйлийн 95.9-д үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж тухайн үед ослын талаар холбогдох байгууллагуудад шийдэгдээгүй, ослын акт тогтоолгоогүй байснаас шалтгаалж ******* би тухайн үед үйлдвэрлэлийн осол болсон болохыг тогтоолгохыг хүсэж шаардлага гаргаснаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаартай шийдвэрээр 2008 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр намайг үйлдвэрлэлийн осолд орсон болохыг тогтоолгосон. Гэтэл дээрх шийдвэрийн тогтоох хэсэгт тухайн осол болсон өдрийг 2009 оны 11 дүгээр сарын 29-ний орой ажлын байран дээрээ ажлаа хийж байгаад осолд орсон болохыг тогтоов гэжээ. Иймд Миний осолд орсон өдөр 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр учир дээрх шийдвэрийн тогтоох хэсэгт миний осолд орсон өдрийг 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дотоодын цэргийн 816-р тусгай салбарт харуулчнаар ажиллаж байхдаа буюу Уулын баяжуулах Эрдэнэт-Үйлдвэрийн УМ-2 харуулын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тархинд нь цус харвалт өгч ухаан алдаж унаж, үйлдвэрлэлийн осол гарсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж *******ийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ үйлдвэрлэлийн осол гарсан огноог буруу бичсэн байх тул хүсэлт гаргагч *******ийн гаргасан ...осол гарсан өдрийг 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01159 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд ...2009 оны... гэснийг ...2008 оны... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

Б.ОЮУНЦЭЦЭГ