| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 2511 01342 1011 |
| Дугаар | 2025/ДШМ/1395 |
| Огноо | 2025-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/1395
2025 12 09 2025/ДШМ/1395
Д.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Болормаа,
яллагдагч Д.Э-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/6736 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Болормаагийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр Д.Э-д холбогдох 2511 01342 1011 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Д-ийн Э-, ........., урьд:
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан (РД:Д-).
Яллагдагч Д.Э- нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөрийн урд баригдаж буй барилга дээр барилгын туслах ажилтан Л.Э-г “ажил хийсэнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун сарвуунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллагдагч Д.Э- нь хохирогчийн биед хүрээгүй, гэмтэл учруулаагүй, намайг ирэхэд гар нь зүсэгдсэн байсан тул эмнэлэг хүргэж өгье гэж л хэлсэн гэж мэдүүлсэн. Харин хохирогч яллагдагчийг намайг авч шидсэн, бөөр лүү өшиглөсөн, машин руугаа чирсэн, ажлаа хий гэж байнга дарамталсан гэж мэдүүлсэн байна. Хэрэгт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл байх боловч үйл баримтыг тогтооход хангалтгүй, барилгын ойр орчин тэдний явсан гэх газруудыг шалгаагүй. Тухайн үед тэдний харилцаа, зодооны талаар мэдсэн, харсан гэрч байсан эсэхийг шалгаагүй, хохирогч яллагдагч нарын заасан гэрчүүдийг бүрэн асууж нөхцөл байдлыг тодруулаагүй, гэмтлийн эмнэлэгт анхны үзлэг хийсэн эмчээс нөхцөл байдлыг тодруулж мэдүүлэг аваагүй, шинжээчийн дүгнэлтэд юуг үндэслэн гэмтлүүдийг тодорхойлсон, тархины доргилт, гар зүсэгдсэн шарх нь дангаараа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн ойлгомжгүй байдлыг тодруулж асуугаагүйгээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэл, санаа зорилго, гэмт хэргийг хэн үйлдэж ямар хохирол учирсныг буюу нотолбол зохих байдлууд нотлогдоогүй гэж дүгнэж яллагдагч Бад овогт Д-ийн Э-д холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор П.Болормаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Д.Э- 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Л.Э-ий биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Хэргийн бүрдэл хангагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон гэж прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Э- хохирогч Л.Э-ий хамт барилгын ажил эрхэлж байсан. Тухайн өдөр хоёулаа барилга дээр ажиллаж байсан ба тус барилгын нэгдүгээр давхарт яллагдагч Д.Э-ын зүгээс ажлаа хурдан хий гэж шаардаж, хохирогч Л.Э-ий зүгээс ийм байдалтай дээрэлхүүлж ажиллаж чадахгүй гэх нөхцөл байдал үүссэн. Улмаар яллагдагч Д.Э-ын зүгээс хохирогч Л.Э-ийг өргөж, шидэж шинжээчийн дүгнэлтэд түүнд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Тухайн нөхцөл байдлын талаар хохирогч барилгыг хариуцаж байсан н.Т-т утсаар мэдэгдсэн. Уг н.Т- гэх этгээд хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Хэргийн газарт болсон үйлдлийн улмаас буюу хохирогчийн зүгээс би хүнд зодуулчихлаа, гар эвгүй болчихлоо гэх талаараа өөрийнхөө эгч н.С-д хэлсэн. Улмаар өөрөө гэмтлийн эмнэлэгт очсоны дараа эгч н.С- хохирогчийг бэртсэн талаарх гэрчийн мэдүүлгийг өгсөн. Хэргийн газрын үзлэгээр барилгын нэгдүгээр давхрын цементэн шалан дээр цус болсон нөхцөл байдал байсан. Хэргийн газар ямар нөхцөл байдалтай байсан болон барилгын материал хураалттай байсан зэрэг нөхцөл байдлын талаар мөрдөгч тэмдэглэл үйлдэж баримтыг хэрэгт хавсаргасан. Хэргийн газрын үзлэг хангалттай хийгдсэн. Тухайн хэрэг болсон газар яллагдагч Д.Э- болон хохирогч Л.Э- нар хоёулаа байсан гэдгээ мэдүүлсэн. Гэвч хэргийн газарт камерын бичлэг байгаагүй. Энэ талаар мөн хохирогч, яллагдагч болон тухайн барилгыг хариуцаж байсан н.Т- нар мэдүүлгээр нотолсон. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, явсан замыг тогтоогоогүй гэснийг прокурорын зүгээс хүлээн авах боломжгүй байна. Нэгэнт камерын бичлэг байхгүй байсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Ойр орчмын газруудын камерын бичлэгийг үзээгүй байна гэх асуудлыг шүүгчийн зүгээс ярьж байсан. Энэ гэмт хэрэг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэгдсэн. Гэтэл одоо 2025 оны 12 дугаар сар болсон байна. 8 сарын хугацаанд камерын бичлэг хадгалагдах ямар ч боломжгүй. Прокурорын хувьд олон хэрэг хянадаг бөгөөд үүнтэй холбоотой хэрэгт өдөр тутам оролцдогийн хувьд ямар ч хяналтын камерын бичлэг сараас дээш хугацаанд хадгалагдах боломжгүй нөхцөл байдал байдаг гэдгийг мэднэ. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн авах үндэслэлгүй байна. Хохирогч болон яллагдагч нарын зүгээс заасан гэрчийг асуугаагүй гэж шүүгчийн захирамжид заасан. Хохирогч тухайн үед барилгыг ажиллуулж байсан н.Т-ийг гэрчээр асуулгасан. Мөн н.С- гэх хүнд хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлаад гэрчийн мэдүүлэг авсан. Тиймээс хэрэгт ач холбогдол бүхий гэрчүүдээс гэрчийн мэдүүлэг авсан хэмээн үзэж байна. Хохирогчийн мэдүүлэгт хүргэн гэж дурдсан байсан. Гэвч ноцтой зөрүүтэй мэдүүлэг харагдахгүй байгаа учраас шаардлагатай гэрчүүдийг улсын яллагчийн зүгээс асуусан гэж үзэж байгаа. Мөн шүүгчийн захирамжид дурдсан гэмтлийн эмнэлэгт анх үзлэг хийсэн эмчээс нөхцөл байдлыг тодруулж мэдүүлэг аваагүй хэмээн дурдсан. Ямар нөхцөл байдлын талаар тодруулж мэдүүлэг авах гэж байгаа нь тодорхойгүй. Мөн анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг юуг үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан нь тодорхойгүй хэмээн дурдсан. Гэтэл шинжээч эмчийн дүгнэлтэд биед нь үзлэг хийсэн, гэмтлийн эмнэлэг болон лазер мед эмнэлгийн томограф үндэслэж дүгнэлт гаргасан болох нь тодорхой тусгагдсан. Иймд хохирогч Л.Э-ий мэдүүлгийг худал гэж үзэх, түүний мэдүүлгийг үгүйсгэх болон яллагдагч Д.Э-ын гэм буруутайг үгүйсгэх нотлох баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Яллагдагч Д.Э-ын хувьд яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрч байна гэж яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хэлсэн. Эдгээр нөхцөл байдал байхад яллагдагч Д.Э-ыг шүүхийн шатанд хэрэг очсоны дараа урьдчилсан хэлэлцүүлэгт би хохирогчид гар хүрээгүй гэх мэдүүлэгт үндэслэж хэргийн бүрдэл хангагдсан хэргийг ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй байдлаар прокурорт буцааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна хэмээн үзэж байна.” гэв.
Яллагдагч Д.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Камерын бичлэг байхгүй гэж тайлбарлаж байна. Анх гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзээд хэргийн газрын зураг авах зэрэг бүх үе шатанд би очиж байсан. Би цагдаагийн албан хаагчийг дагуулж очиж хэргийн газрыг заан тайлбарлаж өгсөн. Хамгийн түрүүнд очиж мэдүүлгээ өгсөн. Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Миний зүгээс хохирогчтой нүүрэлдэж үнэн зөв мэдүүлэг өгөх хүсэлтэй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой хохирогч, гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн яллагдагч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлцээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.Э-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/6736 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор П.Болормаагийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Яллагдагч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА