Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 142/2019/00553/И |
Дугаар | 106 |
Огноо | 2019-06-27 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 106
2019 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 207/МА2019/00106 |
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч *******т холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2019/00595 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
16.010.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шаравдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтуяа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тост овогтой Наранцэцэг нь 2014 оны 06 дугаар сарын 19-нд манай компаниас 8 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Уг зээлийг Капитрон банкнаас авч өгсөн. 2014 оны 9 дүгээр сарын 19-нд зээлийн 3 сарын хугацаа дууссан боловч үндсэн зээлээ төлөөгүйгээр барахгүй зээлийн хүүгээ ч хугацаандаа төлөөгүй. Уг зээл, зээлийн хүүг дараах байдлаар төлж эхэлж байгаад орхисон. Нийт зээлийн хүүгийн төлбөр 11.610.000 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 4.400.000 төгрөг бүгд 16.010.000 төгрөг. ******* нь авсан зээл, зээлийн хүүг одоохон төлж барагдуулна гэж олон удаа амаар болон бичгээр баталгаа гаргаж өгч байсан. 2014 оны 6 дугаар сарын 19-нд анх зээл авч баталгаа гаргасан. 2015 оны 02 дугаар сарын 04-нд 000066473 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаалж баталгаа гаргасан. /Бичгийг хавсаргав/ 2015 оны 02 дугаар сарын 04-нд сар шинийн баярын өмнө төлж барагдуулна гэсэн утгатай бичиг өгсөн. /Бичгийг хавсаргав/. 2017 оны 12 дугаар сарын 01-нд хамгийн сүүлд зээл, зээлийн хүүгийн өр авлагын тооцоо нийлээд дахин шинээр зээлийн гэрээ үйлдэж нотариатаар баталгаажуулж харилцан тохиролцсон боловч мөн л төлбөрөө хийхгүй гэрээгээ биелүүлээгүй. /Зээлийн гэрээг хавсаргав/. 2017 оны 12 дугаар сарын 01-нд байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул хохирлоо төлүүлэхээр шүүхэд хандсан боловч өмгөөлөгч, шүүгчийн тусламжтайгаар бидний нэхэмжлэлийг хүчингүй болгуулсанд гомдолтой байгаа. Иймд манай компаниас зээлсэн 8 000 000 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн нийт төлбөр 16 010 000 төгрөгийг иргэн *******ээс гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү түүний дансаар болон листний мөнгө нийт 6.123.000 төгрөг төлөгдсөн болохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие ******* ХХК-д сэтгүүлчээр ажиллаж байхдаа тус байгууллагын дарга С.Шаравдоржоос 8.000.000 төгрөгийг зээлсэн. Эргэн төлөлтөө бөөнд нь хийж чадалгүй хувааж өгөх болсон. Эхний 6 сарын хүү болох 160.000 төгрөгийг төлж дараагаар нь бага багаар нябо Золжаргалын дансанд хийж байсан. 2015 онд би амаржиж амралтын мөнгөө өрөндөө өгч байсан. Энэ хугацаанд эхний 6 сарын хүүтэй нийлээд 7.073.000 төгрөгийг төлсөн байна. Төрснөөс хойш тогтвортой ажилд ороогүй байгаа тиймээс ажилд орж мөнгөтэй тогтмол цалинтай болохоороо өрөө барагдуулах болно хэмээн утсаар ярьж байсан. Одоогоор би сургалтанд сууж ажлын байранд зуучлуулахаа хүлээж байгаа тул С.Шаравдоржийн нэхэмжилсэн 16.010.000 төгрөгийг төлж чадахгүй. Тиймээс би С.Шаравдоржийн нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй, дансны гүйлгээ болон листний мөнгө 6.123.000 төгрөг төлсөн гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2019/00595 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 5.990.874 /таван сая есөн зуун ерэн мянга найман зуун далан дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.019.126 /арван сая арван есөн мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 110.804 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:
******* би ТВ10 телевизэд ажиллаж байхдаа ******* ХХК-ны захирал С.Шаравдорж гуайд хандан 2014 оны 06 сарын 19-ний өдөр 8.000.000 / найман сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлэн авах тухай өргөдөл гаргасан. Уг өргөдлийг хүлээн авч*******" ХХК-ны нябо Т.Золжаргал нь бэлэн мөнгөний зарлагын баримтаар надад бэлнээр 8.000.000 төгрөгийг олгосон. Би компаниас авсан мөнгөө дараах байдлаар төлж байсан.Үүнд: ******* ХХК-ны нябо Т.Золжаргалын Хаан банкны 5096153890 тоот дансанд 3.523.000 / гурван сая таван зуун хорин гурван мянган/ төгрөг төлсөн. С.Шаравдорж Хаан банкны 5094411539 тоот дансанд 1.000.000 / нэг сая/ төгрөг төлсөн. ******* би 2017 оны 05 дугаар 27-нд төрж амаржсан ба энэ үед амаржсаны дараах тэтгэмжийн мөнгө болох 1.600.000/ нэг сая зургаан зуун мянган төгрөгийг фило ХХК нь суутган авсан. ******* би 2014 онд ажлаа хийж байхдаа 2014 оны 7,8,9,10,11,12 саруудад нийт 950.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Ингээд нийтдээ 7.073.000 / долоон сая далан гурван мянган/ төгрөг төлсөн байдаг. Шүүхийн шийдвэрээр надаас 5.990.874 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ямар ч банк, хадгаламж зээлийн хоршоотой гэрээ байгуулаагүй байтал надаас хүү тооцон гаргуулсанд гомдолтой байна. ******* миний Фило ХХК-ны нябо Т.Золжаргалын Хаан банкны 5096153890 тоот дансанд 3.523.000 төгрөг, С.Шаравдорж гуайн Хаан банкны 5094411539 тоот дансанд 1.000.000 төгрөг.******* би 2017 оны 05 дугаар сарын 27-нд төрж амаржсан ба энэ үед амаржсаны дараах тэтгэмжийн мөнгө болох 1.600.000/ Фило ХХК нь суутган авсан нийт 7.0730.000 төгрөгийг хариуцах 8.000.000 төгрөгөөс хасах асуудлыг харгалзан оногдох хувийг шийдвэрлэх үндэстэй байхад анхаарч үзээгүй нь хэргийн нотлох баримтанд бүрэн дүүрэн хангалттай дүгнэлт хийгээгүй хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гараагүй гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №142/ШШ2019/00595 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал С.Шаравдорж хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 16.010.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...8.000.000 төгрөгийг зээлсэн, эхний 6 сарын хүү болох 160.000 төгрөгийг сар бүр төлж дараагаар нь бага багаар нягтлан н.Золжаргалын дансанд хийж байсан, нийт 7.073.000 төгрөгийг төлсөн, одоо нэхэмжилж байгаа 16.010.000 төгрөгийг төлөх боломжгүй гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хариуцагч *******ийн зээл хүссэн тухай өргөдөл, бэлэн мөнгөний баримт, зээлийн хүү сар бүр төлсөн байдал, 2015 оны 2 дугаар сарын 04-ны өдөр бичсэн ... зээл 7.000.000 төгрөгийг 9 сарын 1- нээс хойших хүүг хадгаламж зээлийн хоршооны хүүгээр тооцож барагдуулах болно гэх баримт болон нэхэмжлэгчийн Хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан тухай баримтуудыг үндэслэн зээлийн үлдэгдэл 6.170.000 төгрөгийн зээлийн хүүг 4.5 хувиар, зээлийн хугацааг 2018 оны 12 дугаар сар дуустал буюу 44 сарын хугацаагаар тооцсон нь үндэслэл бүхий болжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар талууд 8.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй зээлсэн талаар маргадаггүй ба хариуцагч зээлийн хүү нэмэгдүүлсэн болон зээлийн хугацааны талаар харилцан тохиролцоогүй гэж тайлбарлаж байх боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй татгалзал, тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч *******ээс зээлийн төлбөр 5.990.874 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаас 10.019.126 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасантай нийцсэн байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул хариуцагч *******ийн гаргасан ...зээлийн төлбөрт 7.073.000 төгрөг төлснийг анх авсан 8.000.000 төгрөгнөөс хасах асуудлыг харгалзан үзэж шийдвэрлэх үндэстэй байхад анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2019/00595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110.804 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
Б.ОЮУНЦЭЦЭГ