| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 2508 00870 0558 |
| Дугаар | 2025/ДШМ/1396 |
| Огноо | 2025-12-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/1396
2025 12 09 2025/ДШМ/1396
Л.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Бат-Эрдэнэ,
хохирогч Т.Б-, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,
шүүгдэгч Л.А-гийн өмгөөлөгч М.Мягмартуяа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2359 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.А-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2508 00870 0558 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Л-ийн А-, .........., урьд:
1. Төв аймгийн хэсгийн Ардын 3 дугаар шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх 1990 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Октябрийн районы шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн 1 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
2. Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 317 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 хоногийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 3 жил 7 хоногийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан (РД:Л-).
Шүүгдэгч Л.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Л-Ц-ы 2 дугаар гудамжны 1-ж тоотод хохирогч Т.Б-тэй үл ялих зүйлээр маргалдан биеийн бусад хэсэг болон хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн өмнөд хажуу ханын булчингийн гэмтэл, хэвлийн хөндийн цусан хураа, зүүн бугалга, шуу, баруун сарвуу, баруун чамархай, баруун чих, зүүн суганы зүсэгдсэн шарх гэмтлүүд” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Л-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.А-д 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-гаас 6.716.290 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Б-т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, дутуу авсан цалин хөлс, орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.А-гаас нэхэмжлэх эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.А- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би иргэн Б-ийг хохироосондоо маш их гэмшиж, харамсаж байна. Би найзуудтайгаа гэртээ уулзах үед иргэн Б- урилгаар ирээгүй бөгөөд гэрт нь хүргэж өгөх унаа гуйхад явалгүй архи нэхэж үлдсэн. Тал архиа өгөхөд шавхруу гэж тохуурхан агсамнаж, намайг цохиж боомилох үед би бөөлжиж амьсгал түгжирч ухаан балартаж, гарт таарсан зүйлээрээ цохиж байна гэж бодсон. Гэтэл хутга байсныг хожим мэдсэн. Б- спортын мастер тамирчин хүн бөгөөд би гарыг нь тавиулж дийлэхгүй ухаан балартсан үедээ гарт баригдсан зүйлээ хутга гэж мэдээгүй, хахаж амьсгал боогдох үед мэддэггүй юм билээ. Энэ хэргийг би хүсч санаатай хийгээгүй бөгөөд шилжилтийн насны хүү, охин хоёроо эгзэгтэй насанд нь удаан хугацаагаар орхих болсондоо өөрийгөө зүхэн шаналж, харамсаж байна. Мөн энэ газар гэмт хэрэг ямар их залуужиж, ямар хүний санаанд оромгүй хэрэг их гардгийг харж, хүүхдүүдийнхээ ирээдүйг орхиж буйдаа маш их харамсаж байна. Иймд хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Л.А-гийн өмгөөлөгч М.Мягмартуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Л.А-гийн тухайд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд цагдаагийн байгууллагад хандах, эмнэлгийн тусламж дуудах тухай хэлж байсан. Миний үйлчлүүлэгч Л.А-гийн хамтран амьдрагч нь хөгжлийн бэрхшээлтэй, өөрөөр хэлбэл тэр гэртээ ганц ажилладаг хүн нь байсан. Гэмт хэрэг болсон шалтгаант нөхцөл нь хохирогчийн буруутай үйлдэл оролцоо байсан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт байдаг. Шүүгдэгч Л.А- өөрийн үйлдсэн гэм буруутай холбоотой маш их гэмшиж байгаа. Анхан шатны шүүхэд бид хохирлын мөнгийг төлөх гэж оролдсон. Гэвч мөнгө байхгүй байсан. Гэсэн ч бид давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тиймээс шүүгдэгч Л.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй ял оногдуулж өгнө үү.” гэв.
Хохирогч Т.Б-ийн өмгөөлөгч С.Чулуунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч шударга шийдвэр гаргасан. Шүүгдэгч болон хохирогч нар нэг байгууллагад ажилладаг буюу автобус байгууллагад ажилладаг байсан. Хохирол төлбөрийн асуудал өнөөдөр шийдвэрлэгдлээ. Ямартай ч анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна. Тиймээс бодит хохирол бүрэн төлөгдсөн гэдгийг хэлэх нь зүйтэй. Бусад хохирол төлбөрийн асуудал байгаа. Үүнийг хэрхэн яаж барагдуулах вэ гэдэг талаар иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх байдлаар шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд бодит хохирол төлөгдсөн. Мөн давж заалдах шатны шүүхэд бичгээр гомдолгүй гэх хүсэлтээ гаргасан. Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргахад хохирогч талаас татгалзах зүйлгүй.” гэв.
Хохирогч Т.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад гомдол, санал байхгүй. Өөрийн өмгөөлөгчтэй санал нэг байна.” гэв.
Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруутай холбоотой үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Түүнд 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү гэж, учруулсан хохирлыг төлсөн талаарх баримт гаргаж өгсөн байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул улсын яллагчийн зүгээс энэ тухайд хэлэх тайлбаргүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэм бурууд тохирсон ял шийтгэлийг анхан шатны шүүхээс оногдуулсан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн явцад бодит хохирол төлөгдөөгүй байсан. Үүнийгээ төлсөн байгаа учраас үүнтэй холбоотой давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1. Шүүгдэгч Л.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Л--Ц-ы 2 дугаар гудамжны 1-ж тоотод хохирогч Т.Б-тэй үл ялих зүйлээр маргалдан биеийн бусад хэсэг болон хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн өмнөд хажуу ханын булчингийн гэмтэл, хэвлийн хөндийн цусан хураа, зүүн бугалга, шуу, баруун сарвуу, баруун чамархай, баруун чих, зүүн суганы зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүдийг буюу, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь:
хохирогч Т.Б-ийн “...2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажил эрт тараад хамт ажилладаг А- ахынд ажлынхаа хүмүүс С-, Ж- нарын хамт 14 цагийн үед очсон. Тэгээд адууны мах чанасан байсан тул бид хамт хоол унд идээд 2 шил архи хувааж уугаад сууж байсан. Тэрнээс хойшоо согтоод санахгүй байна. Нэг ухаан ороход намайг А- ах яваач гээд байсан, тэгээд гэнэт л А- ах намайг эхлээд хавирга, дараа нь гар руу олон удаа хутгалахад би “болъё ахаа” гэсэн. Тэгээд эхнэр нь болиоч гээд А- ахыг татаж чангаагаад байсан, ...ухаан балартаад эмнэлэг дээр ирээд ухаан орсон. ...Миний зүүн талын хавирга болон гар бусад хэсгүүдэд нийтдээ 11 шарх байна гэсэн. Уг шархнууд дандаа хутгаар зүсэгдсэн, хатгагдсан шархнууд байсан. Уг гэмтлүүдийг А- надад хутгаар учруулсан. ...нэг мэдэхэд би орон дээр байсан ба намайг хутгалаад байсан. Гэнэт хавирга хэсэг рүү өвдөөд хартал Л.А- намайг хутгалж байсан. Тэгээд ухаан балартсан, тэрнээс хойших үйл явдлыг санахгүй байна. ...” /1хх 17-21/,
гэрч Ц.А-ийн “...Манай нөхөр Т.Б- цахилгаан тээвэр автобус бааз А- автобусны жолоочоор ажилладаг. 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ээлж солилцоод буусан гэсэн ба, хамт ажилладаг Л.А- гэх хүний гэрт очсон гэсэн. ...20 цаг өнгөрч байхад би нөхрийнхөө утас руу залгахад “намайг ирээд аваач” гэж хэлсэн. Цаана нь шуугьж байгаад утас нь салсан. Дахиад залгасан цагдаа утсыг нь аваад Б-ийг айлд хутгалуулсан байдалтай байна гээд, хаягийг нь заалгаад очсон. Намайг очиход манай нөхрийг түргэний машинд суулгаад авч явсан. Би араас нь цэргийн эмнэлэг дээр ирээд уулзахад хамт ажилладаг Л.А- гэх хүнд хутгалуулсан, эхнэртэйгээ хардаад хутгалсан гэсэн. Миний харснаар цээжний хөндийд зүүн хавирга хэсэгт нэг хутгалсан, хоёр гар дээр бас олон удаа хутгалуулсан, одоо яаралтай мэс засал хийлгэж байна. ...” /1хх 31-32/,
гэрч Н.Б-ийн “...би буцаад гэрт нь очиход том өрөөний зүүн талийн хана дагуу байх буйдангийн хэсгийг Т.Б- элгээрээ дараад хэвтчихсэн байсан. Түүний толгой нүүр нь цус болчихсон, толгой нь язарсан шархтай харагдахаар нь би цагдаад дуудлага өгсөн. А-г жижиг өрөөндөө оруулчихсан эхнэр нь хамт байсан. Тэгээд цагдаа ирж А-г эрүүлжүүлээд Т.Б-ийг түргэн ирээд авч явсан, олон шархтай байх шиг байсан. Намайг хамт байсан Ж- гэх залууг хүргэж өгөх гээд явах үед гэрт нь Одгэрэл, Т.Б-, А- энэ гурав л үлдсэн өөр хүн байгаагүй. ...А-д гэмтэл гэх зүйл надад анзаарагдаагүй. Миний харснаар Т.Б-ийн толгойн баруун дээд хэсэгт ангайгаад цус гарчихсан байсан, сүүлд Т.Б-ийг өндийхөд зүүн талийн хавирга хэсгээс нь цус гараад нэвт урсчихсан байсан. А-тай маргалдаад хутгалуулчихсан юм шиг байсан. ...” /1хх 36-37/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЕГ0725/2340 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн “...Т.Б-ийн биед хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн өмнөд хажуу ханын булчингийн гэмтэл, хэвлийн хөндийн цусан хураа, зүүн бугалга, шуу, баруун сарвуу, баруун чамархай, баруун чих, зүүн суганы зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” /1хх 49-50/ гэх дүгнэлт,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, З-Б-Ц-ы 2-1 тоотод 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Т.Б- бусдад хутгалуулсан” /1хх 5-6/ гэх тэмдэглэл,
хэргийн газарт үзлэг хийсэн “...хэрэг гарсан гэх газар болох Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Ж- БаянЦ- 2 дугаар гудамжны 1-ж тоотод үзлэг хийхэд ...уг байшинд байх буйдангийн хойд булан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, ...нам даралтын зуухны урд цус мэт улаан хүрэн өнгөөр бохирдсон мөнгөлөг саарал өнгөтэй нийт 33 см урттай хутга байсныг №2 гэж дугаарлаж шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж хурааж авав...” /1хх 7-10/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
33 см урттай нэг ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх 14/,
Цэргийн төв эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаартай албан бичиг, 25я/00208 дугаартай өвчний түүх /1хх 95-117/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Л.А-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Л.А-гийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Т.Б-тэй үл ялих зүйлээр маргалдан биеийн бусад хэсэг болон хэвлийн тус газарт хутгалж, биед нь “хэвлийн Ж- хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн өмнөд хажуу ханын булчингийн гэмтэл, хэвлийн хөндийн цусан хураа, Ж- бугалга, шуу, баруун сарвуу, баруун чамархай, баруун чих, Ж- суганы зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
2. Шүүгдэгч Л.А- “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд үүрэг билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог ба, тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Мөн шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэм бурууд нь хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учиртай.
Нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж хуульчилсан буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд энэхүү зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм.
Шүүгдэгч Л.А-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хохирогчид учирсан гэмтэл зэргээс дүгнэвэл шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хуульд зааснаас доогуур ял болгон өөрчлөх шаардлагагүй гэж үзэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Т.Б-т 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 6,716,290 төгрөг нөхөн төлсөн тухай дансны хуулга баримтыг гаргаж өгсөн ба хохирогч Т.Б- гомдол, саналгүй тухайгаа илэрхийлсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Л.А-гаас нөхөн төлүүлэхээр тогтоосон 6,716,290 төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, шүүгдэгч Л.А-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн байдал, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулж хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд тодорхой хэмжээгээр санаачилгатай байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Л.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Л.А-гийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.А- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 09-ний энэ өдрийг хүртэл 56 /тавин зургаа/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2359 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.А-д 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Л.А- нь хохирогч Т.Б-т 6,716,290 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Л.А-гийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-гийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА