| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2026/00032/И |
| Дугаар | 310/ШШ2026/00183 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 310/ШШ2026/00183
| 2026 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 310/ШШ2026/00183 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* *******, өмгөөлөх эрхийн дугаар: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 310/2026/00032/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: *******
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ******* онд төрсөн, 45 настай, улсад 1 жил 6 сар ажилласан. Үүнээс 1993 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1995 оны 01 сарын 01 өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д ээжийн хамт нэгдэл тарж компанийн мал маллаж байсан. Тухайн үед Гурвансайхан сумын Давших зам нэгдэл болон Давших зам ХК-н малчин ажилчдын хөдөлмөрийн дэвтэр, холбогдох бичиг баримтууд Давших зам ХК-н контор шатахад устаж алга болсон. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас дөхөж байгаа бөгөөд шүүхээр ажиллаж байсан хугацаагаа тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Иймд ******* миний биеийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д 1993 оны 06 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь ******* онд төрсөн. 1993 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д ээжийн хамт нэгдэл тарж компанийн мал маллаж байсан. Тухайн үед Гурвансайхан сумын Давших зам нэгдэл болон Давших зам ХК-н малчин ажилчдын хөдөлмөрийн дэвтэр, холбогдох бичиг баримтууд Давших зам ХК-н контор шатахад устаж алга болсон. ******* нь өндөр насны тэтгэвэрт гарах нас дөхөж байгаа тул шүүхээр ажиллаж байсан хугацаагаа тогтоолгох шаардлагыг Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тавьсан. ******* нь сүүлийн 10 жилд харааны бэрхшээлтэй болоод юм харж чадахаа байсан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаар гэрч асуух үед бид айл саахалт мал маллаж байсан, ******* нь ерөнхий боловсролын сургууль төгссөн өсвөр насны хүүхэд байсан, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д 1993 оны 07 сараас өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа нь үнэн болохыг мэдүүлсэн. Иймд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д 1993 оны 07 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1 хуудас/, Давших зам нэгдлийн контор шатахад үрэгдсэн зүйлийн тодорхойлолт /хэргийн 2-4 хуудас/, Дундговь аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 сарын 31-ний өдрийн 221 дугаартай тодорхойлолт /хэргийн 6 хуудас/, Дундговь аймгийн Татварын газрын 2025 оны 12 сарын 31-ний өдрийн 08/679 дугаартай тодорхойлолт /хэргийн 7 хуудас/, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагчийн 2025.12.31-ний өдрийн 04/15 дугаартай дүгнэлт /хэргийн 8 хуудас/, 2025.12.31-ний өдрийн гэрч асуулгах тухай хүсэлт /хэргийн 9 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт /хэргийн 10-11 хуудас/, *******, И.******* нарын хооронд хийсэн итгэмжлэл /хэргийн 12 хуудас/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.Нэхэмжлэгчээс хэрэгт ирүүлсэн бичгийн баримтаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байх ба гэрч *******, , нарын мэдүүлгээр *******ыг эх, эцэгтэйгээ л мал маллаж байсан гэснээс тусдаа малчнаар ажиллаж байсан эсэхийг нотлохгүй байна.
Мөн дээрх гэрчүүд нь нэхэмжлэгч *******ыг Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д малчнаар ажиллаж байсан гэж мэдүүлж байх боловч гэрчийн мэдүүлэг тодорхой бус, гэрчийн мэдүүлгийг нотолсон өөр баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ээжийн хамт мал маллаж байсан гэх боловч гэрч нар аав, ээжийн хамт мал маллаж байсан гэж зөрүүтэй мэдүүлсэн, нэхэмжлэгчээс өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотлох баримтыг ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
4.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт овогт //-ын 1993 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД