| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2210000000883 |
| Дугаар | 2025/ДШМ/1429 |
| Огноо | 2025-12-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/1429
2025 12 17 2025/ДШМ/1429
Б.Б, Б.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Бат-Амгалан,
шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Т.Б, Т.У,
шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Б,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2240 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор З.Бат-Амгалангийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн ....................... дугаар хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” зочид буудлын .... тоот өрөөнд үл ялих зүйлээс шалтгаалан Б.Б-тэй маргалдаж, улмаар хүч хэрэглэн биед нь халдсанаас эрүүл мэндэд нь зүүн талын духны хөндийн өмнөд ялтас цөмөрсөн хугарал, хугарлаас доош үргэлжлэн зүүн талын ухархайн дээд ханын сэлтэрсэн хугарал, хамар ясны хугарал, зүүн хацар, бугалга, цээж, баруун гуя, цус хуралт, хүзүү, хэвлий, баруун шуу, өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.Б нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” зочид буудлын .... давхрын .... тоот өрөөнд хохирогч Б.Б-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдсоны дараа 2 давхараас хутга авч ирэн Б.Б-ийг орон дээр сууж байхад нь гарын шуунд 1 удаа, цээжин тус газарт нь 2 удаа хатгах, мөн түүнийг уг өрөөнөөс зугтаж гарахад араас нь хөөж зүүн өгзөг тус газарт нь 1 удаа хутгаар хатган биеийн эрүүл мэндэд нь зүүн гарын шууны мэдрэлийн тасрал, зүүн бугалга, зүүн өгзөгт шарх, баруун гарын долоовор хуруу, зүүн чихний гэдсэнд шарх, баруун ташаа, зүүн хацар, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулан хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, ялыг биелүүлэхгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 62,392,094 төгрөг гаргуулан Б.Б-д олгуулж, Б.Б нь гэм хорын хохирлын цаашид гарах хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор З.Бат-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн хохирогч Б.Б-ийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1616 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал өнгийн металл кулонтой гинж шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал өнгийн металл кулон доторх товгор гурвалжин дүрсний нүүр хэсэгт үүссэн олон тооны жижиг гэмтлүүд нь эдэлгээний явцад үүссэн хуучин гүн зураасан мөрүүд байна. Харин товгор гурвалжин дунд хэсэгт үүссэн 6,63мм, 5,4мм, хэмжээтэй гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гүн зураасан мөрүүд байна. Цагаан саарал өнгийн гинж гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал өнгийн металл гинжний кулонд үүссэн шинэ гүн зураасан мөрүүд нь зүссэн, зоосон, хатгагдсан эсэхийг тогтоох боломжгүй. Материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч, гүн зураасан мөрүүд хэзээ үүссэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч А.М, Ц.Б нарын мэдүүлгээр хохирогч Б.Б-ий биед учирсан ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шархны хэмжээ, байдал, мөн дээрх шархыг учруулсан санаа зорилго, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүнчлэн яллагдагчийн уг гэмтлийг учруулах үедээ хэрэглэсэн зэвсэг зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд яллагдагч Б.Б нь хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцад хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд зүүн гарын шууны мэдрэлийн тасрал, зүүн бугалга, зүүн өгзөгт шарх, баруун гарын долоовор хуруу, зүүн чихний гэдсэнд шарх, баруун ташаа, зүүн хацар, нуруунд цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.Б-ийн 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” зочид буудлын ... давхрын .... тоот өрөөнд хохирогч Б.Б-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, Б.Б-ийг гараараа цохих, хөлөөр өшиглөх зэргээр зодсон ба улмаар уг буудлын 2 давхраас хутга авч ирж, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Б.Б-нийг орон дээр сууж байхад нь гарын шуунд 1 удаа, цээжин тус газарт нь 2 удаа хатгах, мөн түүнийг уг өрөөнөөс зугтаж гарахад араас нь хөөж зүүн өгзөг тус газарт нь 1 удаа хутгаар хатган биеийн эрүүл мэндэд нь зүүн гарын шууны мэдрэлийн тасрал, зүүн бугалга, зүүн өгзөгт шарх, баруун гарын долоовор хуруу, зүүн чихний гэдсэнд шарх, баруун ташаа, зүүн хацар, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулан хүнийг санаатай алахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх зорилт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэх шударга ёсны зарчимд нийцэх юм. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2240 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж хэргийг шийдвэрлэсэн. Өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүхийн зүйлчлэл хөнгөрүүлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолдоо гэрч М-ийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн байдаг. Гэрч М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Б.Б-ийн зүүж байсан гурвалжин хэлбэртэй зүүлтний гадна хүрээний хээтэй хэсэг хонхойж мурийсан байсныг тэгшилж өгсөн...” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх гэрч М-ийн дээрх мэдүүлгийг үгүйсгэхдээ тухайн зүүлтний голын гурвалжин хэсэгт хонхойсон зүйл байхгүй байна гэж дүгнэж Б.Б-ийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй байна. Тухайн үед Б.Б дээрх зүүлтийг зүүж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зурагнууд, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг, Ц.Б-ийн гаргаж өгсөн фото зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Шинжээч дүгнэлтдээ Б.Б-ий зүүж явсан зүүлтний товгор гурвалжингийн дунд хэсэгт үүссэн 6,63 мм, 5,4 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гүн зураасан мөрүүд байна гэж тусгасан. Энэ нь тухайн зүүлтэд буюу кулонд хутганы үйлчлэлээр үүссэн байж болзошгүй ул мөр байгааг нотолж байна юм. Мөн гэрч А.М-ийн “...зүүлтний гурвалжингийн гадна хүрээний хээтэй хэсэг мурийсан байсныг би тэгшилж өгсөн...” гэх мэдүүлэг нь дээрх шинжээчийн дүгнэлттэй нийцэж байгаа. Шүүх хуралдаанд оролцсон гэрч А.М-ийн мэдүүлгийг шүүх худал гэж, Б.Б-ийн талаас дуудсан гэрч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Гэрч Г.У-ын бусад гэрч нарын мэдүүлгээс илт зөрсөн, өөрийн бодол дүгнэлтийг хэлж мэдүүлсэн мэдүүлгийг шүүх үнэлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Т.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгчийн гомдлынхоо үндэслэл болгож байгаа баримт нь гэрч А.М, Б нарын мэдүүлэг болон кулоны талаарх шинжээчийн дүгнэлт, хэргийн материалд цугларсан нотлох баримтыг анхдагч болон дамжлага гэх байдлаар ялгадаг. Уг хэргийн нотлох баримтуудын тухайд, гэрч У-ын мэдүүлэг нь анхдагч нотлох баримт, тэрээр хэрэг болсон цаг хугацаанд шүүгдэгч нартай хамт байсан. Тодруулбал хэргийн үйл баримтыг эхнээс нь дуустал нь харж байсан хүн. Б.Б-ийн өмгөөлөгчөөс гомдолдоо гэрч А.М, Б нарын мэдүүлгийг удаа дараа дурддаг. Гэвч уг хоёр гэрч нь тухайн цаг хугацаанд хэрэг учрал болох үед хэргийн газар байгаагүй, болсон явдлыг нүдээр хараагүй дамжлага байдлаар хэргийн үйл баримтыг мэдсэн хүмүүс. Мөн А.М нь хохирогч Б.Б-ийн найз, харин Б нь түүний эхнэр буюу хохирогч Б.Б-тэй хамаарал бүхий харилцаатай хүмүүс. Дээрх 2 хүн Б.Б-тэй хамааралтай хүмүүс учир субъектив байдлаар мэдүүлэг өгсөн байх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Б.Б-ийн өмгөөлөгч нь гомдолдоо зүүлт буюу кулон, гэрэл зургуудын талаар дурдлаа. Гэвч Б.Б хэрэг гарах үед кулон зүүж явсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хангалттай бүрэн дүүрэн тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй эргэлзээтэй байдаг. “....” зочид буудалд тухайн үед үзлэг хийж мөрдөгч тэмдэглэл үйлдэн фото зургаар бэхжүүлж авсан. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хохирогч Б.Б-ийг зүүлт зүүж явсан талаар тусгагдаагүй, фото зурагт дүрслэгдээгүй. Б.Б цээжин тус газартаа хутгалуулсан гэдэг боловч уг үйл баримттай хамааралтай нотлох баримт хэргийн материалд авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны үеэр илрээгүй. Б.Б-ийн тухайн өдөр өмсөж явсан цээжин хэсгийн хувцас буюу подволкны талаар түүний эхнэр Б мэдүүлэгтээ “...хаячихсан, байхгүй...” гэж мэдүүлсэн байдаг. Зүүлт буюу кулоныг хэргийн үйл баримт болоод 1 жил 4 сарын хугацаа өнгөрсний дараа гаргаж ирэн шинжилгээ хийлгүүлсэн. Тухайн кулонд үүссэн зураас буюу сэвийг шинжээч дүгнэлтдээ “шинээр үүссэн зураас байна. Тэгэхдээ хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй...” гэж тусгасан байдаг. Хэрэг гаргаснаас хойш 1 жил 4 сарын дараа гарч ирж байгаа эд зүйлд шинжилгээ хийлгэх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой болох нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсны дараа тухайн зураасыг хохирогчийн талаас үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь, тухайн кулон хохирогчид 1 жил 4 сарын хугацаанд хадгалдагдсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас миний үйлчлүүлэгч Б.Б гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсдэг. Уг хэрэгт хэдэн хэдэн шинжээч дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтүүдэд хохирогч Б.Б-ийн цээжин тус газарт гэмтэл учирсан талаар тусгагдаагүй байдаг. Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийн гэм буруутай үйлдэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ёстой. Энэ хэргийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг цуглуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд миний үйлчлүүлэгчийг гэм буруутай эсэх талаарх бүхий л нотлох баримтуудыг цуглуулсан боловч түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэдэгт үндэслэл бүхий эргэлзээ үүссэн. Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн газар байсан цорын ганц гэрч болох У-ыг оролцуулж мэдүүлэг, тайлбар авсан. Гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан эрх үүргийг сануулж мэдүүлэг авсан, тэрээр болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй этгээд болохыг хэлэх нь зүйтэй байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч нараас хохирогчийн байр сууринаас мэдүүлэг, тайлбар авалгүй шүүхийн хэлэлцүүлгийг явуулж процессын алдаа гаргасан гэх тайлбарыг гаргаж байна. Прокурорын дээрх тайлбар нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, хуралдааны дүрс бичлэгээр үндэслэлгүй болох нь тогтоогддог. Прокурор миний үйлчлүүлэгчийн үйлдлийг дүгнэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, сэдэл, санаа зорилго, хохирогчийн биед үүссэн шархны хэмжээ, гэмтэл учруулах үедээ хэрэглэсэн хутгыг зэвсгийн шинжтэй хэрэгсэл зэргийг харгалзан үзээд “хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж дүгнэсэн. Тодруулбал, прокурор эсэргүүцэлдээ “Б.Б нь цээжин тус газраа хатгуулсан” гэдэг үйл баримтыг үндэслэж байгаа боловч түүний уг үндэслэлийг хэргийн газар байсан гэрч У үгүйсгэдэг. Гэтэл прокуророос хохирогчийн хамаарал бүхий хүмүүс болох А.М, Б нарын сүүлд өгсөн “тэгсэн гэсэн, ингэсэн гэсэн” гэх мэдүүлгийг үндэслэж миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж ялладаг. Миний үйлчлүүлэгчийг “хүнийг алах” гэмт хэргийг үйлдэхээр завдсан болохыг бүрэн дүүрэн тогтоосон ямар ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байхад яллах дүгнэлтийнхээ агуулгаар эсэргүүцэл бичиж хэлэлцүүлэг явуулж байгааг гайхаж байна. Хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан бол сэдэл, санаа зорилгын хувьд “алчихъя” гэсэн шууд чиглэсэн үйлдэл байна. Өөрөөр хэлбэл, тэр үйлдэл нь ямар нэгэн хөндлөнгийн хүчин зүйлээс шалтгаалж зогссон, тасалдсан байх ёстой. Гэтэл “алчихъя” гэх санаа зорилго хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б-ийн биед “зүүн гарын шуу, өгзгөнд шарх” бүхий гэмтлүүд тогтоогддог, эдгээр гэмтлүүд нь хүний амь насанд аюул учруулах хэмжээний гэмтэл биш. Хэргийн үйл баримт хуулийн зүйл, заалттай таарч байж хэргийг шийдвэрлэнэ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн дүүрэн тогтоогдож, нотлогдсон байх ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдвол сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан зохицуулсан. Мөн уг заалттай холбоотой Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны зөвлөмжүүд гарсан. Шүүх шийдвэр гаргахдаа өмгөөлөгч миний тайлбартаа дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Хохирогчийн талаас хохирол төлбөр нөхөн төлөөгүй гэх агуулгыг гомдолдоо илэрхийлж байна. Гэтэл манай үйлчлүүлэгчээс 20,000,000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө, мөн анхан шатын шүүхийн шийдвэр гарсаны дараа 10,000,000 төгрөгөөр нэг удаа, 12,000,000 төгрөгөөр нэг удаа буюу нийт 42,000,000 төгрөгийг хохирогчид төлсөн. Хохирогчид хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Хохирогч талаас 80,000,000 төгрөгийн хохирол төлбөрийг нэхэмжилсэн. Манай үйлчлүүлэгч аль боломжоороо төлж байгаа. Тэгэхдээ нэг доор 80,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэдэг тийм ч хялбархан зүйл биш болохыг хэлэх нь зүйтэй байна. Монгол болон Солонгос улсад эмчлүүлэх нь төлбөр тооцоо зэргээс эхлээд асар их ялгаатай, манай зүгээс энэ ялгаатай нөхцөл байдал, бусдын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, тэр ч утгаараа хохирлын дүн дээр ямар нэгэн маргаан гаргаагүй. Өнөөөдрийн байдлаар талаас илүү хувийг нь төлж барагдуулсан. Манай үйлчлүүлэгч хохирогч Б.Б-тэй “эд хөрөнгө буюу машин оролцуулж хохирлыг төлье” гэдэг саналыг гаргасан боловч үнэлгээ нь дээрээ тохиролцохгүй асуудал үүсэж, больцгоосон байдаг. Манай үйлчлүүлэгч Б.Б нь өөрийн эзэмшлийн гарааш болон тээврийн хэрэгслээ худалдан борлуулахаар зар тавьсан боловч одоогоор зарагдаагүй байна. Б.Б-ийн зүгээс энэ мэтчилэн хохирол нөхөн төлөхтэй холбоотой хүсэл зоригоо илэрхийлж байгаа. Иймд дээрх тайлбаруудыг харгалзан үзэж, анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-д ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. …” гэв.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Өмгөөлөгч миний бие хэрэг гарсан цаг үеэс эхэлж шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгчөөр ажиллаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Анх хохирогч Б.Б-ийн гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл гэж үзэж, миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгаж байсан. Хохирогч нь Солонгос улсад эмчлүүлсэн гэх баримтуудыг гаргаж ирснээр шинжээчийн дүгнэлт хүндэвтэр гэмтэл болж өөрчлөгдсөн. Т.У өмгөөлөгчөөс уг хэрэгт ямар шууд нотлох баримтууд, ямар шууд бус нотлох баримт цугларсан талаар тайлбарлалаа. Миний үйлчлүүлэгчийг анх 2023 оны 11 дүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсанаас хойш явуулсан мөрдөн шалгах ажиллагааг дурдвал зөвхөн А.М, Б нараас мэдүүлэг, тайлбар авах ажиллагаа л байдаг. Дээрх 2 этгээдийн мэдүүлэг нь дамжмал буюу шууд бус нотлох баримт юм. Өөрөөр хэлбэл, прокурор зөвхөн А.М, Б нарын мэдүүлэгт үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн. Хохирогч тал болон манай талаас хэргийн зүйлчлэлтэй холбоотой хүсэлтүүдийг прокурорт гаргасан боловч хүлээж аваагүй. Хохирол төлбөрийн асуудал дээр хохирогч талаас “хохирол төлөх санаачилга гаргаагүй” гэх гомдол, тайлбарыг гаргадаг. Гэвч манай зүгээс хохирлыг төлж барагдуулах тал дээр боломжоороо санаачилга гарган төлж барагдуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. Миний үйлчлүүлэгч нь найзынхаа биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Зүүлт буюу кулоны шинжилгээны дүгнэлт дээр өмгөөлөгчийн зүгээс удаа дараа гомдол гаргаж байсан. Анх 2023 оны 10 дугаар сард хэрэг гараад 1 жил 4 сарын дараа кулонд шинжилгээ хийж байсан. Шинжээчийн дүгнэлтээр кулоны гол хэсэгт 2 шулуун зураас шинээр зурагдсан байна гэж дурдсан байдаг. Шүүгдэгч нар маргалдаж, улмаар ноцолдсон үйл баримт тухайн цаг хугацаанд болсон байдаг. Хоёр хүн хоорондоо ноцолдож байх ямар нэгэн хурц үзүүртэй зүйлээр үүсгэсэн байхаар шув шулуун зураас зүүлт буюу кулон дээр үүсэх боломжгүй гэж үзэн дахин шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан. Прокуророос хүсэлтийг маань хангаж, дахин шинжээч томилж шинжилгээний хариу 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гарсан. Тус 1616 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “хутгаар хатгагдсан эсэхийг тогтоох боломжгүй байна” гэж үзэж тусгагдсан. Анхны шинжээчийн дүгнэлтээр 2 шулуун шинэ зураасан үүссэн байна гэж гарсан. Тэгэхдээ тухайн шинжээчийн дүгнэлтийг хэрэг учрал болсноос хойш 1 жил 4 сарын дараа гаргасан. Тухайн цаг хугацаанд хохирогчийн зүүж явсан зүүлтэд зураас үүссэн байлаа гэхэд шинжилгээгээр шинэ үүссэн зураас гэж дүгнэгдэх боломжгүй. Б.Б-ийн үйлдэл таслан зогсоогдсон асуудал дээр 1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дахь талд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл авагдсан. Үзлэгийн явцад хутга нь ширээн дээр байсан нөхцөл байдал тэмдэглэлд тусгагдсан. Миний үйлчлүүлэгчид хохирогчийг алах санаа зорилго байсан бол хутгыг ширээн дээрээс авч үйлдлээ үргэлжлүүлэх байсан. Гэвч үйлдлээ үргэлжлүүлэхгүй зогсоосон. Тэрээр ямар санаа зорилготой хутга хэрэглэсэн болохоо мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2-3 удаа мэдүүлэг тайлбар өгөхдөө бүгдийг үнэн зөв тогтвортойгоор мэдүүлсэн. Дээрх нөхцөл байдлууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор З.Бат-Амгалангийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий бүхий болжээ.
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” зочид буудлын .... тоот өрөөнд үл ялих зүйлээс шалтгаалан Б.Б-тэй маргалдаж, улмаар хүч хэрэглэн биед нь халдсанаас эрүүл мэндэд нь зүүн талын духны хөндийн өмнөд ялтас цөмөрсөн хугарал, хугарлаас доош үргэлжлэн зүүн талын ухархайн дээд ханын сэлтэрсэн хугарал, хамар ясны хугарал, зүүн хацар, бугалга, цээж, баруун гуя, цус хуралт, хүзүү, хэвлий, баруун шуу, өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
шүүгдэгч Б.Б нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.......” зочид буудлын ... давхрын ..... тоот өрөөнд хохирогч Б.Б-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдсоны дараа 2 давхараас хутга авч ирэн Б.Б-ний гарын шуунд 1 удаа, зүүн өгзөг тус газарт нь 1 удаа хутгаар хатган эрүүл мэндэд нь зүүн гарын шууны мэдрэлийн тасрал, зүүн бугалга, зүүн өгзөгт шарх, баруун гарын долоовор хуруу, зүүн чихний гэдсэнд шарх, баруун ташаа, зүүн хацар, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Б.Б-ийн “...2022 оны 06 дугаар сарын 24-ний орой найз Б-тэй уулзаж .... караокед суусан бөгөөд тэндээсээ өглөө гараад Б, У-тай уулзъя гээд У-ийн ажиллуулдаг ... зочид буудалд .... давхрын өрөөнд орсон ба У бид гурав юм яриад сууж байтал Б бид хоёр маргалдаж зодолдож байхад У голоор орж салгахад Б өрөөнөөс гарч явсан. Удалгүй гартаа хутга бариад ороод ирсэн. Тэгээд намайг ална аа гээд над руу дайрсан бөгөөд зүүн гарын булчингийн ар хэсэгт хутгаар зүссэн, дараа нь дахиад цээж рүү хутгаар хатгахад нь миний зүүлт урдуур нь таараад У хутгыг нь булааж авсан. ...Б нь дахиад л оволзоод дүрэлзэж босож ирээд намайг нэг цохихоор нь би зөрүүлж нэг цохиод элэгдсэн чинь Б газар атирч унаснаа гэнэт пизда гэж муухай орилж босоод 2 давхар руу гүйгээд явсан. Тэгээд гэнэт баахан юм пижигнэх шиг болоод Б орж ирсэн чинь гартаа хутгатай байсан. Тэгээд баруун гартаа хутгатай орж ирчихээд би чамайг алсан ч яадаг юм, алнаа чамайг гээд шууд над руу яг алах гэж байгаа юм шиг хутгатай дайраад хутгаа зоох гээд байхаар нь би болиулах гэж оролдоод өөдөөс нь тэмцэж байх явцад миний зүүн гар руу хутга нь зоогдоод цус гарсан. ... Тэгээд би за энэ ерөөсөө намайг алахаар шийдчихэж гэж бодоод цааш нь түлхээд эргэж хараад зугтсан чинь араас гүйцэж ирээд миний бөгс рүү хутгаа зоосон. Тухайн үед азаар У хутгыг нь арай гэж авч шидээд Б-ийг тэвэрч байж арай гэж болиулсан. ... Солонгос Улсад эмчлүүлсэн нийт зардал болох 82,392,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1хх 30-36, 2хх 146-147, 217, 3хх 102-103/,
хохирогч Б.Б-ийн “...У бид хоёрыг хүлээж аваад бид гурав тэр зочид буудлын 3 давхарт ороод Б.Б ууя гэхээр нь нэг шил виски захиалчихаад тэрийгээ хүлээж суунгаа удаан уулзаагүй тул амьдрал, аж ахуй, ажил хэргээ яриад сууж байсан. Тэгтэл гэнэт Б.Б над руу чи ер нь юу болчихсон юм гээд үг хэлээр доромжилж дайрч давшилсан. Тэгээд босож ирээд над руу дайрахаар нь би чи согтуу байна, болиорой гээд 2 удаа ор руу түлхэж холдуулсан ч гэсэн дайраад байхаар нь У-д чи болиулаач ээ гэж хэлсэн чинь У харж суугаад ирж салгахгүй байгаад л байсан. Гэнэт нүүрний зүүн тал руу цохих шиг болоод араас толгойгоороо миний толгойг мөргөхөөр нь би манараад доошоо атираад унасан чинь дээрээс зодоод хүзүүнд зүүсэн алтан гинжээр миний хоолойг боогоод гинжийг чинь авна гээд орилоод байсан. Тэгээд үргэлжлүүлээд намайг дэвсээд өшиглөөд зодоод байхаар нь би айгаад тэр өрөөнөөс гүйгээд доошоо 2 давхарт байдаг У-ийн өрөө рүү орсон. ...нэг тавиур дээр иштэй юм баригдах шиг болоод тэрийгээ аваад шууд буцаад дээшээ гарч байсан чинь замд У таараад шатан дээр намайг зогсоох гэхээр нь би цаашаа бай гэж хэлээд 3 давхарт нөгөө өрөө рүүгээ яваад ороход Б.Б орон дээр сууж байсан. Тэгээд би айлгах санаатай хашхирч очсон чинь өөдөөс босоод ирэхээр нь гараа савчуулах шиг болоод л тэгээд хутгатай чигээрээ нилээн зууралдаж ноцолдож байтал хойноос У хутга авах үед нь би Б-ийн гараас цус гарахыг хараад юу хийчихэв ээ гэж бодоод болиод тайвшраад Б-ийн хажуу талд нь суугаад бид гурав ярилцсан. ...” /1хх 39-41/,
гэрч Г.У-ын “...2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 07 цагийн орчим манай хоёр найз Б, Б нар согтуу орж ирэн сул өрөө байна уу гэхээр нь би тэр хоёрыг ... тоотод оруулсан ба би хамт байсан бөгөөд тэр хоёр бие биедээ үг хаяад маргалдаад зодолдсон бөгөөд би салгах гэхэд өөрсдөө салсан бөгөөд удалгүй дахиад маргалдаж зодолдсон. Б.Б, Б.Б-ийн нүүр рүү нь нэг мөргөөд тонгойход нь хэвлий рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд Б.Б доошоо суугаад тэр хоёр салсан. Б.Б хаалга онгойлгож доошоо гүйсэн ба араас нь дагаж гүйхэд оффисын өрөөний хажуу талын шургуулгыг онгойлгож хутга аваад 3 давхар руу гүйхээр нь би замд нь хутгыг нь авах гээд чадаагүй бөгөөд шууд надад би чамайг хутгалмааргүй байна гэж хэлээд Б.Б-ийн өрөө рүү яваад орсон. Тэгээд би араас нь ороход зүүн гарыг нь зүсэж байхыг нь харсан. Тэгээд би Б.Б-ийн араас татаж ор руу унагаагаад хутгыг нь булааж авсан. ...Б.Б, Б.Б хоёр хоёулаа ноцолдсон ба айхтар зодолдож цохилцсон асуудал гараагүй. Тэгээд тэр хоёр тайвшраад бид гурав юм ярьж сууж байсан чинь Б.Б нь Б.Б-д “чи ёстой арчаагүй, зодуулсан бол хэлэхгүй гэх мэт, харин Б.Б, Б.Б-ийг өмнөх шигээ зодуулмаар байгаа юм уу гэх мэт юм яриад бие биедээ үг хаяад байсан. Тэгээд тэр хоёр дахиж босож ирээд Б.Б шууд толгойгоороо Б.Б-ийн нүүрийг нь мөргөсөн чинь Б.Б нүүрээ дараад тонгойсон чинь Б.Б үргэлжлүүлээд баруун гараараа элэгдсэн. Тэгээд Б.Б ор руу буцаж суугаад минут орчим нүүрээ барьж сууж байгаад хаалгаар гараад доошоо гүйгээд явсан ба би араас нь дагаад гүйсэн чинь 2 давхарт байдаг ресейпшний хажуу талын өрөө рүү ороод хажуугаар зөрөөд дээшээ гүйсэн. Тэгэхээр нь би араас нь гүйж .... тоот нөгөө байсан өрөө рүүгээ харсан чинь Б.Б нь гартаа шар бор өнгийн хутга барьчихсан Б.Б тэр хоёр барилцаад зогсож байхад Б.Б ёолоод хараагаад байж байсан ба би явж очоод Б.Б-ийн гарыг барьж хутгыг нь салгаад, Б.Б-ийг хойшоо түлхэж унагаахад Б.Б чи намайг дүрчихлээ гээд яриад байсан. Б.Б нь Б.Б-д дахиж халдаагүй ба Б.Б-ийг эмнэлэг яв, оёдол тавиул гээд хэлээд байхад Б.Б үгүй гээд зүтгээд байсан, ...ахыгаа дуудаад ах нь ганцаараа ирээд цагдаа дуудсан. ...Б.Б-ийг сахиус зүүдэг эсэхийг мэдэхгүй ба тухайн цаг хугацаанд миний нүдэнд сахиус гэх зүйл харагдаагүй. Сахиус байсан, байхгүй гэдгийг үнэхээр мэдэх зүйл байхгүй. Миний бие тухайн хэрэг болсон өдөр хамт байсан ба Б.Б нь Б.Б-д хандаж чи дүрчихлээ гэж хэлээд гараа бариад сууж байсан. Тус өдөр Б.Б, Б.Б нар нь хутгаар цээж рүү хатгасан гэх нэг ч зүйл яриагүй. Мөн намайг байх хугацаанд тийм зүйл огт болоогүй. ...” /1хх 43-49, 4хх 7-8/,
гэрч А.М-ийн “...Б.Б-ийн байсан гэх өрөөнд ороход тухайн өрөөнд хэрүүл маргаан үүссэн гэмээр ор болон газар нил цус болсон байдалтай, Б.Б нь буудал ажиллуулдаг У-тай сууж байсан. Б.Б-ээс юу болсон талаар асуухад урьд нь муудалцаж байсан найзтайгаа уулзаад намайг хутгалчихлаа гэхээр нь би өмнө маргалдсан гэх найзыг мэддэг учраас чи яагаад наад хүнтэйгээ хамт уудаг юм бэ гэж хэлсэн. Өмнө нь Б.Б тухайн найзтайгаа муудалцаж шүдийг нь цохиж байсан, асуудал гарсныг миний зүгээс мэддэг байсан. Б.Б-д тэр найзыгаа дуудчих гэж хэлээд дуудуулахад хутгалсан гэх залуу 1 хүнтэй орж ирэхээр нь би зөрж гараад гадаа зогсож байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд буцаж орж ирэхэд Б-ийг хутгалсан залуу Б-ийн нүүрэн тус газарт ална гэж хэлээд хоёр удаа цохисон. Би Б-ийг хутгалсан залуу алтан гинж гаргаж ирээд Б-ийг авах уу гээд дараа нь бенз логотой түлхүүр гаргаж ирээд бас авах уу гээд томорч томорч гараад явсан. Гараад явсны дараа зөрөөд цагдаагийн алба хаагчид орж ирсэн. Цагдаагийн алба хаагчид орж ирээд холбогдох ажиллагаа явуулсан. ... Ингээд Б-ийг дагуулж яваад шүүх эмнэлэг ороод дараа нь Цэргийн төв эмнэлэг орж эмчилгээ хийлгэсэн. Зочид буудлыг ажиллуулдаг гэх залуу болон Б нар нь буудлын өрөөнд сууж байсан. ...” /2хх 232-234/ тус тус мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 9214 дугаартай шинжээчийн “...Б.Б-ийн биед зүүн талын духны хөндийн өмнөд ялтас цөмөрсөн хугарал, хугарлаас доош үргэлжлэн зүүн талын ухархайн дээд ханын сэлтэрсэн хугарал, хамар ясны хугарал, зүүн хацар, бугалга, цээж, баруун гуя цус хуралт, хүзүү, хэвлий, баруун шуу, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 75-76/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 803 дугаартай “...Б.Б-ийн биед зүүн гарын шууны мэдрэлийн тасрал, мэдрэл залгах мэс засал, зүүн бугалга, зүүн өгзөгт шарх, баруун гарын долоовор хуруу, зүүн чихний гэдсэнд шарх, баруун ташаа, зүүн хацар, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн бугалга, зүүн өгзөгт шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх ба баруун гарын долоовор хуруу, зүүн чихний гэдсэнд шарх, баруун ташаа, зүүн хацар, нуруунд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Б.Б-ийн биед зүүн гарын зүүн бугалганд шарх, шууны мэдрэлийн тасрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, зүүн өгзөгт шарх, баруун гарын долоовор хуруу, зүүн чихний гэдсэнд шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун ташаа, зүүн хацар, нуруунд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. ... Материалаар хийсэн шүүх эмнэлгийн 602 дугаартай дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. ...” /1хх 170-173/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 452 дугаартай “... Зүүн бугалаганы хатгагдсан, зүүн шууны мэдрэлийн тасрал гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “Р” эмнэлгийн электронейрографи элекромиографи-н шинжилгээгээр зүүн шууны мэдрэлийн гэмтэл оношлогдсон байна. ...” /3хх 85-89/ тус тус дүгнэлтүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 13-20/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, нотлох баримтын хүрээнд тогтоогдсон үйл баримтад Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Прокурор З.Бат-Амгалан “...шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2240 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Харин шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгч Б.Б “...шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хортой үр дагавар бүхий хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогдоно.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хуулийн Арав, Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний амьд явах эрхийн эсрэг, мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тухайн үйл явдлын өрнөл, үргэлжилсэн хугацаа, гэмт үйлдлийн шалтгаан нөхцөл, үр дагавар, тухайн хэргийг үйлдсэн хүний үйлдэлдээ болон учруулсан хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага, үйлдлийнхээ аюултай шинж чанарыг ухамсарласан байдал, үйлдлийн арга, давтамж, гэмт үйлдэлдээ ашигласан хэрэгсэл, шүүгдэгч хохирогч нарын харилцааны түүх, тэдгээрийн хувийн байдал зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодитой үнэлэх замаар гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг сэргээн тогтоох нь энэ төрлийн гэмт хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Гэмт хэргийн шалтгаант холбооны онолын тайлбараар гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд шалтгаант холбоо байхгүй гэж үздэг.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хүнийг алахад чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байх шинжийг агуулдаг. Хүний амьд явах эрхэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй хийсэн боловч хохирогч нас бараагүй, эсхүл довтолгоон хийх явцад халдагч этгээдийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас үйлдэл нь таслан зогсоогдсон буюу хүссэн үр дүнд хүрээгүй тохиолдолд хүнийг алахыг завдсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д “Хүнийг алсан бол ...” гэж заасан тул хохирогчийн амь нас хохирсноор хүнийг алах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцох бөгөөд энэхүү бодит хохирол учирсан байдал нь хэргийн зүйлчлэлд ач холбогдолтой. Түүнчлэн гэмт этгээдийн сэдэлт, санаа зорилго, хамтран оролцоо, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн арга, хохирогчийн хувийн болон нас, биеийн онцлог, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг хууль зүйн шалгуураар тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлно.
Шүүгдэгч нарын хоорондын харилцааны түүх, үргэлжилсэн цаг хугацаа, шинж байдал, агуулгыг илэрхийлсэн баримтуудыг хянан үзэхэд, шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт хийсэн үзлэг тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Б-ийг хүнийг алахыг завдсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байвал тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Анхан шатны шүүхээс “... Гэрч А.М-ийн мэдүүлгийн дээрх хэсгүүдийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй, тэрээр үйл явдал болсноос хойш ирсэн, түүний мэдүүлгийн эх сурвалж нь бусдаас сонссон нөхцөл байдал байх ба гэрч Г.У-ын хувьд үйл явдлыг шууд харсан хүн байх тул түүний мэдүүлгийг үнэлэн шийдвэрлэх нь зөв байна. Мэдүүлэг, холбогдох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд гэрч Г.У тухайн үйл явдал эхнээсээ дуусах хүртэл нь хамт байсан байх ба түүний “...би араас нь гүйж ороод ...тоот нөгөө байсан өрөө рүүгээ харсан чинь Б нь гартаа шар бор өнгийн хутга барьчихсан Б тэр хоёр барьцалдаад зогсож байхад Б ёолоод, хараагаад байж байсан ба би явж очоод Б-ийн гарыг барьж хутгыг нь салгаад Б-ийг хойшоо түлхэж унагаахад Б чи намайг дүрчихлээ гээд байсан. Б нь Б-д дахиж халдаагүй ба Б-ийг эмнэлэг яв, оёдол тавиул гээд хэлээд байхад Б үгүй гээд зүтгээд байсан ба ахыгаа дуудаад ах нь ганцаараа ирээд цагдаа дуудсан...” гэсэн нь бусад баримтуудаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор мэдүүлсэн гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
... Дээрх тохиолдолд шүүгдэгч Б.Б-ийн хутга барин очсон нөхцөл байдал, Б.Б-д хохирол учруулсан шинж байдлыг хүнийг алах зорилгоор үйлдлээ хэрэгжүүлсэн, тэрхүү үйлдэл нь гэрч Г.У-ын хориглолтоор таслан зогсоогдож, үйлдлээ туйлд нь хүргэж чадаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ тохиолдолд “...алнаа...” гэж хэлснээр дотоод субъектив санаа зорилгыг тогтоох нь өрөөсгөл ба намайг хутгалчихлаа гэхэд тэднийг салгасан, хутгатай байсан Б.Б дахин үйлдэл хийгээгүй зэргээс алах санаа зорилготой байсныг эргэлзээгүйгээр нотлогдсон, үйлдэл таслан зогсоогдсон гэж үзэх боломжгүй юм.
Б.Б-ийн Б.Б-ийг алах зорилгоор цээж рүү чиглүүлэн 2 удаа хутгалсан боловч хүзүүний зүүлт таарч амь нас эрсдэхээс хамгаалсан гэсэн үйл баримт хангалттай тогтоогдоогүй. Тэдний хажууд байсан хүн нэгнийгээ хутгалчихлаа гэхийг хараад болиулсан, дахин хутгатай халдах үйлдэл хийгээгүй, хойноос хөөж хутгалсан зүйл болоогүй гэснийг үндэслэн Б.Б-д хүнийг алах санаа зорилго анхнаасаа байгаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Мөн анхан шатны шүүхээс “Хэрэг гарснаас хойш 2 жил орчмын дараа Б.Б-ийн зүүлтэд шинжилгээг хийсэн, энэ хугацаанд зүүлт эзэндээ байсан байх ба тус дүгнэлтэд дурдсан товгор гурвалжин дунд хэсэгт үүссэн хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гүн зураасан мөрүүдийн үүссэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй гэсэн. Энэхүү 2 ширхэг зураасыг тухайн үед Б.Б хутгаар үүсгэсэн гэж шууд дүгнэх боломжгүй байна.
Учир нь, гэрч А.М болон Б.Б нарын мэдүүлэгт зүүлтийн кулонтой хэсэг хутганы үйлчлэлээр хонхойж мурийсан байсныг А.М тэгшилсэн гэх боловч зүүлтийн гурвалжин металл хонхойсон талаар дүгнэлтэд дурдаагүй, мөн кулон хэсэг нь хатуу металл бүхий байдалтай буюу мурийхааргүй байхад гэрч түүнийг тэгшилсэн гэж мэдүүлж буй нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн үндэслэлтэй.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийн хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч Б.Б-ийг хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, нөхөн төлүүлэх эдийн хохирлын хэр хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор З.Бат-Амгалангийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Б-д 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөг төлсөн болохыг магадлалд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2240 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор З.Бат-Амгалангийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Б-д 22,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР