Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1064

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнийг оролцуулан “В*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нэээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “В*******” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд “В*******” ХХК-ийн эзэмшлийн 1******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэсэн 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, 1******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Р.Э******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “В*******” ХХК-ийн захирал W 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...”В*******” ХХК нь Дорноговь аймгийн А сумын нутагт байрлах Т******* нэртэй газарт орших 14518.13 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр эзэмшиж, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан нөхцөл шаардлагыг хангаж ирсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу сунгуулах тухай өргөдлийг 1 сарын өмнө өгөх ёстой гэсэн хуулийн шаардлага гаргасан. Энэ компани нь нэг гишүүнтэй хуулийн этгээд байдаг. Хуулийн этгээд нь Хятад Ард Улсын иргэн Wuynаa гэдэг хүн байгаа. Энэ хүн нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу яваад 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хилээр орж ирсэн. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг тухайн байгууллага дээр ажиллаж байсан уулын инженер нь халагдсан учраас төлж чадаагүй. Ажлын байрны тодорхойлолтоор тэр хүн хариуцаж байсан боловч тэр мэдээллийг өгөлгүйгээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу захирлаа явуулсан. Төрийн байгууллагад хүсэлт гаргах эрх бүхий этгээдүүд байхгүй байсан. Ийм шалтгаанууд байсан учраас хүсэлтээ гаргаж чадаагүй. Ирсэн өдрөө энэ талаар мэдэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаад хүсэлтээ өгсөн боловч хугацаа дууссан гэх үндэслэлээр өргөдлийг хүлээж аваагүй. Сунгуулах талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болон Кадастрын хэлтсийн даргад удаа дараа хандсан. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар 21.5-д заасны дагуу 3 жилийн хугацаатайгаар 3 удаа сунгуулах эрхийг минь хангаж өгөөч гэж хүсэлтээ гаргасан боловч боломжгүй, бүртгэл хийгдсэн гэсэн хариуг өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ашигт малтмалын газрын кадастрын бүртгэлийн системд “BYC” ХХК-ийн эзэмшлийн 1******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэсэн 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, 1******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж  өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М 2016 оны 11 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “...Дорноговь аймгийн А сумын нутагт орших Т******* нэртэй газар 24075 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV******* тоот тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтийн даргын зөвшөөрлөөр 2007 онд “Ж*******” ХХК-д олгосон байна. “Ж*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV******* тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн бөгөөд тус компани нь шинээр гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгож өгөхийг хүссэн хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 542 дугаар шийдвэрээр шинээр Х******* тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон байна.

“Ж*******” ХХК нь компанийн оноосон нэрээ “В*******” болгож өөрчилсөн тухай хүсэлтээ, нотлох баримтын хамт 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан байна. Кадастрын хэлтэс тус компанийн хүсэлтийг хянан үзээд Уул уурхайн кадастрын компьютержсэн системдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэрийг өөрчилж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг шинээр олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу “В*******” ХХК нь Х******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ирүүлэхээр хуульчилсан байна.

Сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаардсан байна. “В*******” ХХК нь Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан материалыг тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийн хамт хуулийн хугацаанд Ашигт малтмалын газарт өгөөгүй тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн. Иймд тус компаний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмалын газрын кадастрын бүртгэлийн системд “В*******” ХХК-ийн эзэмшлийн ******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэсэн 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, ******* тоот дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

“В*******” ХХК нь Дорноговь аймгийн А сумын нутагт байрлах Т******* нэртэй газарт орших 14518.13 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан нөхцөл шаардлагыг хангаж ирсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу сунгуулах тухай өргөдлийг 1 сарын өмнө өгөх ёстой гэсэн хуулийн шаардлага гаргасан. Энэ компани нь нэг гишүүнтэй хуулийн этгээд байдаг. Хуулийн этгээд нь Хятад Ард Улсын иргэн Wuynaa гэдэг хүн байгаа. Энэ хүн нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Бүгд найрамдах Хятад ард улс руу яваад 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хилээр орж ирсэн. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг тухайн байгууллага дээр ажиллаж байсан уулын инженер нь халагдсан. Ажлын байрны тодорхойлолтоор тэр хүн хариуцаж байсан боловч тэр мэдээллийг өгөхгүйгээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу захирлаа явуулсан. Төрийн байгууллагад хүсэлт гаргах эрх бүхий этгээдүүд байхгүй байсан. Ийм шалтгаанууд байсан учраас хүсэлтээ гаргаж чадаагүй. Ирсэн өдрөө энэ талаар мэдэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаад хүсэлтээ өгсөн боловч хугацаа дууссан гэх үндэслэлээр өргөдлийг хүлээж аваагүй. Сунгуулах талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болон Кадастрын хэлтсийн даргад удаа дараа хандсан. Ашигт малтмалын тухай хуулийн 21.5-д заасны дагуу 3 жилийн хугацаатайгаар 3 удаа сунгуулах эрхийг минь хангаж өгөөч гэж хүсэлтээ гаргасан боловч боломжгүй бүртгэл хийгдсэн гэсэн хариуг өгсөн. 

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хариуцагч байгууллага нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих үүрэгтэй байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 22.4-д зааснаар “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь  энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж, энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасан. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно”, 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж тус тус зааснаар хариуцагч байгууллагаас ямар нэгэн мэдэгдлийг өгөөгүй. Нэхэмжлэгчийн хувьд хугацаагаа дуусгая гэдэг хүсэл зоригийг илэрхийлээгүй. Ямар нэгэн байдлаар хугацаагаа сунгуулъя гэдэг байдлаар  өөрийнхөө ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг хадгалах хүсэлтэй байсан гэдгийг хангалттай нотолж байсан. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нь шалгахгүйгээр бүртгэл хийлгэсэн нь хууль бус гэж үзэж байна” гэв.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргүүдийг зааж өгсөн байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар 3 жилийн хугацаанд 3 удаа сунгана гэж заасны дагуу нийт тусгай зөвшөөрлийг 12 жилийн хугацаанд эзэмшдэг. Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хугацааг сунгах үндэслэлгүй гэж заасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтыг харахаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сарын өмнө өргөдлөө гаргана. Өргөдлийг гаргахдаа хуульд заасан нөхцөл шаардлагын хүрээнд холбогдох баримт бичгүүдийг бүрдлийн хамт 1 сарын өмнө гаргана. Тухайн өргөдлүүдийг 1 сарын хугацаанд хянаж үзээд хуулийн шаардлага хангаж байвал тусгай зөвшөөрлийг 22.2-т заасны дагуу сунгадаг. Хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 22.4-д заасны дагуу татгалзсан шийдвэр гаргадаг. Хугацаандаа өргөдөл гаргаагүй тохиолдолд өргөдлийг хүлээж авдаггүй. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өргөдлөө хуулийн хугацаанд гаргаж чадаагүй бол 1 сар гэсэн хугацааг барихгүйгээр Иргэний хуулиа барьвал анх олгосон өдрийг хардаг. Хугацаа тоолох ерөнхий зарчмын хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргасан бол хуулийн шаардлага хангасан эсэхийг нь хянаж үзээд, эсвэл шаардлага хангаагүй тохиолдолд татгалзсан шийдвэр гаргадаг. Нэхэмжлэгч компанийн хувьд ийм тохиолдол үүсээгүй. Сүүлд хүндэтгэн үзэх шалтгаантай гэсэн байдлаар ганц нэг удаа бичиг өгсөн байсан. Манай байгууллагаас хуулийн хугацаа хэтэрсэн учраас шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн” гэв.

Тав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ кадастрын бүртгэлийн системд “В*******”

ХХК-ийн эзэмшлийн ******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа

дууссаныг бүртгэсэн 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, ******* тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Дорноговь аймгийн А сумын нутагт орших Т******* нэртэй газар 24075 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV******* тоот тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2007 онд “Ж*******” ХХК-д олгосон байна.

“Ж*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV******* тоот тусгай

зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн бөгөөд тус компани нь шинээр гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгож өгөхийг хүссэн хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 542 дугаар шийдвэрээр шинээр Х******* тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон байна.

“Ж*******” ХХК нь компанийн оноосон нэрээ “В*******” болгож өөрчилсөн тухай хүсэлтээ, нотлох баримтын хамт 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан байна. Кадастрын хэлтэс тус компанийн хүсэлтийг хянан үзээд Уул уурхайн кадастрын компьютержсэн системдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэрийг өөрчилж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг шинээр олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу “В*******” ХХК нь Х******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ирүүлэхээр хуульчилсан байна.

Сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаардсан байна. “В*******” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан материалыг тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийн хамт хуулийн хугацаанд Ашигт малтмалын газарт гаргаж өгөөгүй тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр болгож бүртгэсэн байна. Иймд компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчээс “...Ашигт малтмалын хайгуулын X******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэсэн 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “В*******” ХХК нь Ашигт малтмалын хайгуулын XV-16853 дугаар  бүхий тусгай зөвшөөрлийг 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдөр авч, уг тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад “Анх олгосон” хугацааг 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэж тэмдэглэсэн байх бөгөөд хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр хуулийн хугацаанд нь багтаан төлж, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн “тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглахад тавигдах ерөнхий шаардлага”-ыг хангаж ажиллаж ирсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1, 2 дугаар хавсралт, тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт, байгаль орчныг хамгаалах урьдчилсан төлөвлөгөө зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч “В*******” ХХК нь “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хожимдуулсан ч тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хадгалах хүсэл зоригоо хангалттай илэрхийлж, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэсэн хуулиар олгогдсон эрхийг минь эдлүүлэхгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг шалгаж үзэлгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож, өргөдлийг маань хүлээн аваагүй нь хууль бус” гэж, хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасан хугацаанд, холбогдох баримтуудыг хавсарган “В*******” ХХК нь хуулийн хугацаанд сунгуулах өргөдлөө гаргаагүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж маргаж байна.  

Энэхүү маргаанд холбогдуулан нэхэмжлэгчээс “Манай компанийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах үйлчилгээний хураамж, тусгай зөвшөөрлийн төлбөр зэрэг хуульд заасан бүхий л баримт бичгүүдийг бүрдүүлэн очиход  хугацаандаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгааныг тодруулж шалгалгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй юм. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргаж, 2016 оны 1/1085 дугаартай албан бичигт “хугацаа сунгуулах тухай өргөдлөө хуульд заасан хугацаанд төрийн захиргааны байгуллагад гаргаагүй” гэсэн үндэслэлээр  өргөдлийг хүлээн авч хянахгүй байгаа нь хууль бус” гэсэн үндэслэл гаргажээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж, мөн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 22.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заажээ. Тэгвэл нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг 1 сарын өмнө төрийн захиргааны байгууллагад гаргах...” үүргээ биелүүлээгүйгээс Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусах” үр дагаварт хүрчээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хуулийн хугацаанд өгч чадаагүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж, үүнийхээ үндэслэлийг нотлохоор өргөдөл гаргах эрхтэй байхад төрийн захиргааны байгууллага гаргасан өргөдлийг хянах үүргээ биелүүлээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар хайгуулын  тусгай зөвшөөрөл эзэмшигчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхийг хуулиар олгожээ. Хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасан “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” чиг үүрэгтэй байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болж байгаа нь хэдийгээр тусгай зөвшөөрөл цуцлагдаж байгаа үндэслэл биш ч гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд цаашид үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрөл эзэмших эрхгүй болж байгаа юм. Иймд  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасан “... үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ”, 56.4-д “төрийн захиргааны байгууллага 56.3-д заасан баримт бичгийг хянаж, үндэслэлтэй бол тусгай зөвшөөрийг цуцлах  тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг мэдэгдэнэ” гэсэн заалт нэгэн адил үйлчилнэ.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн өргөдөл, гомдол гаргах талаар Монгол Улсын иргэний адил эрх эдэлнэ” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.3-д “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх” гэж,  Захиргааны Ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1-д “хуулиар эрх олгогдсон этгээд захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох эрхтэй” гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг дуусгавар болгож, цуцалсан үндэслэлийг эс зөвшөөрч гаргасан өргөдөл, гомдлыг хянаж шийдвэрлэх үүргийг төрийн захиргааны байгууллагад хуулиар ногдуулжээ. Иймд нэхэмжлэгч “BYC” ХХК-ийн тусгай зөвшөөрлөө сунгуулах тухай хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг шалган тогтоох  хүртэлх  хугацаагаар захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106. 3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4, 31 дүгээр зүйлийн 31.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай тул тодруулсны үндсэн дээр дахин шинэ захиргааны акт гартал  “В*******” ХХК-ийн эзэмшлийн X******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэсэн 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацанд захиргааны байгууллага  шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болгохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ