Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2018/0471

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 29 өдөр

 

 

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0471

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

Г.А нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Г.А, түүний өмгөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.З нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд “М ц ш” ХХК-ийн захирал Л.Ө давж заалдах гомдлоор, Г.А нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Г.А 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Х д” ХХК-ийг “М ц ш” ХХК-д шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-хүсчээ.

Хоёр. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.3, 11.5.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, “Х к т” ХХК-ийн охин компани “Х д” ХХК-ийн хувьцааг 100 хувь “М ц ш” ХХК-д шилжүүлсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Гуравдагч этгээд “М ц ш” ХХК-ийн захирал Л.Ө дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс дээрх хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхдээ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэл хийсэн гэх боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” 101/Ш32016/000000 дүгээр захирамж нь “Х к т” ХХК нь “М ц ш” ХХК-д …….. төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталсан байх бөгөөд талуудын эвлэрлийн гэрээ болон шүүхийн шийдвэрт “Х к т” ХХК-ийн охин компани болох “Х д” ХХК-ийн 100 хувь хувьцааг “М ц ш” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлээгүй байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5 дахь хэсэгт зааснаар бүртгэлийг хийсэн гэж үзэхгүй гэсэн нь...” үндэслэл муутай болжээ. “Х д” ХХК-ийн толгой компани болох “Х к т” ХХК нь “М ц ш” ХХК-д зээлийн гэрээний төлбөрт ……. төгрөг төлөхөөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй энэхүү төлбөрийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад толгой компаниас “М ц ш” ХХК-ийн төлбөрийн зарим хэсэгт охин компанийн хувьцааг шилжүүлэхээр хүсэлт гаргасныг шийдвэр гүйцэтгүүлэгч “М ц ш” ХХК зөвшөөрсөн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр эрх бүхий этгээдүүд өр төлбөрийг барагдуулах талаар хүсэл сонирхлоо илэрхийлсэн илэрхийллийг шийдвэр гүйцэтгэлийн албанаас хууль зөрчөөгүй гэж үзсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж охин компанийн хувьцааг шилжүүлэхээр албан бичиг явуулсныг улсын бүртгэгч бүртгэхээс татгалзах боломж байхгүй юм. Энэ талаарх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...охин компани шилжүүлэхээр тохироогүй, бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5-д заасан бүртгэл хийгээгүй...” гэсэн дүгнэлт дээрх байдлаар үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн компанийн эрх барих дээд байгууллага нь өр төлбөрт компанийн хувьцааг шилжүүлсэн эсэх, хувьцаа эзэмшигчдийн хурал болсон эсэх асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш байхаас гадна “Х д” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх талаар гаргасан хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр байхгүй, хувьцаа эзэмшигчийн хурал хийсэн болох нь тогтоогдохгүй байх бөгөөд хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан улсын бүртгэлийн баримт бичиг, хувьцааг шилжүүлэн өгч байгаа компанийн хүсэлт, шийдвэрийг илүүлээгүй гэж шүүхэд өөрт нь хуулиар нотлох баримт цуглуулахаар үүрэг болгосон хэм хэмжээг зөрчиж, гуравдагч этгээдээр татагдаагүй “Х  к т” ХХК-иас гаргуулах баримтыг “М ц ш” ХХК-иас ирүүлээгүй гэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 22 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

“Х д” ХХК-ийг “М ц ш” ХХК-д шилжүүлсэн улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5-д заасан “…шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу хийгдсэн бүртгэл байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2016/00000000 дүгээр захирамжаар “Х к т” ХХК нь “М ц ш” ХХК-д ……. төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталсан, энэхүү захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Ц 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” 1/1635 дугаар албан бичгээр Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж дээрх төлбөрт “Х К Т” ХХК-ийн охин компани болох “Х д” ХХК-ийн 100 хувийн хувьцааг төлбөр авагч “М ц ш” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасан тул шилжүүлж хариуг ирүүлэхийг мэдэгдсэний дагуу хийгджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах нэг үндэслэлд “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж” байхаар, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн …хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан хүн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зохицуулсан тул хариуцагчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй байх эрхгүй.

Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5-д заасан “эрх бүхий бусад байгууллага” гэдэгт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, “гаргасан шийдвэр” гэдэгт дээрх мэдэгдэл тус тус хамаарна.

Шүүгчийн захирамжаар баталсан Эвлэрлийн гэрээнд төлбөрт өөрийн охин компанийн хувьцааг шилжүүлэх талаар тусгаагүй боловч шийдвэр гүйцэтгэлийн шатанд энэ талаар тохиролцох бүрэн боломжтой болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулагдсан. Харин “Х к т” ХХК-иас өөрийн охин компанийг төлбөрт шилжүүлэх хүсэлтээ хэрхэн гаргасан болох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл шүүхээс бүртгэлтэй холбоотой бүхий л нотлох баримтыг хариуцагчаас шаардан гаргуулсан боловч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичигт дурсанчилан “…тооцон шилжүүлэхээр хүсэлт гаргасан…” талаарх баримт хэрэгт төдийгүй маргаан бүхий улсын бүртгэлд ч авагдаагүй байна.  

Гэтэл Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар “компанийн өрийг хувьцаагаар солих” асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх шийдвэрлэх”-ээр, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.7-д “Төлбөр төлөгч-хуулийн этгээд энэ хуульд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар …хувь эзэмшигч, үүсгэн байгуулагчид мэдэгдэх үүрэгтэй…” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд “Х к т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, нэхэмжлэгч Г.А тайлбарласанчилан өр төлбөрийг охин компанийн хувьцаагаар хаах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй гэж үзвэл бүртгэлийн өөрчлөлттэй холбогдуулж Орхон аймгийн улсын бүртгэлтэй бус харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулж маргах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхээс маргаан бүхий бүртгэлийн үндэслэл болсон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааны талаар, тухайлбал эрх шилжүүлэхийг хариуцагчид мэдэгдэхдээ төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэсэн эсэх, төлбөр төлөгчөөс хүсэлтээ гаргасан эсэх зэргээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх эрхгүй, учир нь Захиргааны ерөнхий хууль шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой харилцаанд үйлчлэхгүй болохыг уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т тодорхой хуульчилсан.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

Харин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцээгүй болох нь эрүү, иргэний журмаар эцэслэн тогтоогдсон тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгоход энэхүү магадлал нөлөөлөхгүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 93 дугаар зүйлийн 93.7, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5-т заасныг баримтлан Г.А гаргасан “Х д” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “М ц ш” ХХК-д шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “М ц ш” ХХК-ийн захирал Л.Ө гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН