Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 753

 

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч Э.У, шүүгдэгч Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бовогт Г.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...... дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “X Апартмент” хотхоны А блок 12 тоотод найз Э.О-г хэл амаар доромжиллоо гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “…Бид 3-н бүдүүн хамтлагийн тоглолт үзээд нэг газар сууцгаасан. О тэр үед задалсан архинаас уухгүй гээд согтуурхаад байсан. Mаргаан нь самсунг С8 маркийн утас алга болчихлоо гэж маргасан. Тэгээд надруу салаавч гаргаад байхаар нь гарлуу нь цохих гээд 1 удаа шанаадсан. Тэгэхэд толгойндоо протезтой гээд цагдаа дуудсан. Миний өөдөөс үг хэл амаар доромжлоод салаавч гаргаад миний амруу хийх гээд байхаар нь цохисон. Цохисон нь миний буруу.” гэв.

             Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.О хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-10-15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Б өгсөн мэдүүлэг /хх-21-22/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-23/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Бяллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210 дугаартай дүгнэлт /хх-25/, ял  шалгах хуудас /хх-30/, оршин суух газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28-29/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.У шүүгдэгч Г.Батбаатарыг 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “X Апартмент” хотхоны А блок 12 тоотод найз Э.О хэл амаар доромжиллоо гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “X апартмент” хотхоны А блок 12 тоотод найз Э.О цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.О хохирогчоор өгсөн“...Б миний найзаас тамхи харамлалаа гэдэг асуудал үүсч маргаан болсон. Би маргалдаад явах гээд гэртээ харьсан. Гэрт очсон байхад Б араас гэрт ирээд өмнөх болсон зүйлээ ярьж нөхөж хэрүүл хийж эхэлсэн. Б миний хажууд ирээд дээрээс шүлс амаа үсчүүлээд яриад байхаар нь хойшоо бол гэж хэлэхэд миний зүүн шанаа орчимд гараараа хоёр удаа цохьсон. Би шүүх эмнэлэгийн толгойн зураг авхуулсан 120.000 төгрөг, Энх-Ундрага хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсний төлбөр 400.000 төгрөгийн баримтуудаа хаячихсан байна" гэх мэдүүлэг /хх-н 13-15/,

Мөрдөн шалгах ажиллагааны гэрч Д.Б өгсөн: "...О Б-г “...чи муу ядуу” гэх мэтээр доромжлоод байсан. Тэгж байгаад О салаавч гаргаад Б-н ам руу нь хийсэн чинь Буурлаад О-н зүүн хацар руу нь гараараа нэг удаа алгадсан. Тэгээд барилцаад авахаар нь Даваа бид хоёр очоод салгасан..." гэх мэдүүлэг /хх-н 21-22/;

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210 дугаар,

          1. Э.О биед тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал гэмтэл тогтоогдлоо,  

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй,

          3. Дээрх  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги  алдангид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-25/, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Б ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Г.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй  байна гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч 520.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа боловч хохирлын баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэгт авагдаагүй, хохирогчийг шүүх хуралдаанд мэдэгдэх хуудсаар дуудсан боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.