2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2026/01211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З******* ХХК,

Хариуцагч: Ц.Ц нарт холбогдох

Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, барилгыг гүйцээж барих, ашиглалтад оруулах шаардлагатай зардал, доголдолтой ажлын засварын зардалд 31 337 860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б*******,

хариуцагч Ц.Ц*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.О*******,

нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.

 

/нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Н*******, хариуцагч З******* ХХК-ийн төлөөлөгч В.Ц******* нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба ямар шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй талаарх хүсэлт болон баримтыг ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

 

Нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Н.С******* хариуцагч Ц.Ц*******д холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 80 248 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар З******* ХХК-ийг оролцуулж,  хариуцагч Ц.Ц*******, З******* ХХК нараас барилгыг гүйцээж барих, ашиглалтад оруулах шаардлагатай зардал, доголдолтой ажлын засварын зардалд нийт 31 337 860 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шаардсан.

1.1 Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.С******* би 2021.05.17-ны өдөр Ц.Ц*******тай харилцан тохиролцож өөрийн эзэмшил газартаа 70.6         м.кв талбайтай канад загварын амины орон сууц бариулахаар гэрээ байгуулсан юм. Би 2021.05.17-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөрт 80 248 000 төгрөгийг Ц.Ц*******гийн Хаан банкны 5028 дугаартай дансанд төлсөн. Гүйцэтгэгч Ц.Ц******* барилгыг нийт 42 хоногийн дотор бүрэн барьж хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч барилгын ажлын хугацаанд нь гүйцэтгээгүй юм. Надад анх хэлэхдээ энэхүү ажлыг байнга хийдэг, маш сайн чанартай хийдэг, хугацааны хувьд ямар ч санаа зовох зүйлгүй, харин урьдчилгаагаа л ахиухан өгөх хэрэгтэй байна мэтээр ярьсан. Хөл хорио, хязгаарлалт их байсан тул зун лагерт гарахыг их хүсч, хэлсэн бүгдэд нь итгээд хэлсэн урьдчилгааг нь ч өгсөн. Гэвч тохирсон 42 хоногийн хугацаа нь өнгөрөхөд хариуцагчийн ажил үнэхээр хангалтгүй байсан. Гүйцэтгэгч хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, мөн бусад байдлаар ажлын доголдол гаргасан тул нэмэлт хугацаа тогтоож, Гүйцэтгэгч нь 2021.08.31-ний дотор барилгыг бүрэн барьж дуусгах, доголдлыг арилгахаар тохиролцож ажлыг дахин эхлүүлсэн. Гүйцэтгэгч нь нэмэлтээр тогтоосон хугацаанд ажлыг дуусгаагүй, барилгын суурийг зохих ёсоор бэхжүүлээгүй, технологи зөрчсөн зэргээр үүргийн зөрчил нь хэвээрээ байгаа. Ийнхүү нэмэлт хугацаа тогтоогоод ч үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 225-р зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэж байна. Хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүй явдал, худлаа амлалтаас болж миний бие эд хөрөнгө, цаг хугацаагаар маш их хохирч буй учраас арга буюу шүүхэд хандаж байгаа болно. Иймд хариуцагч З*******, Ц.Ц******* нараас барилгыг гүйцээж барих, ашиглалтад оруулах шаардлагатай зардал, доголдолтой ажлын засварын зардалд нийт 31 337 860 төгрөг гаргуулахаар гэв.

2. Хариуцагч Ц.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг дэмжиж хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчтэй 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 2104 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-г З ХХК гэх хуулийн этгээд ажил гүйцэтгэхээр байгуулсан бөгөөд иргэн Ц.Ц*******тай гэрээтэй байгуулагдаагүй тул хариуцах үндэслэлгүй. Харин уг гэрээний эрх үүрэг, хариуцлага, хохирол тооцох хариуцвал зохих этгээд нь "З" ХХК болно. Мөн нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа барилга барьсан, хугацаандаа ашиглалтад оруулаагүй нь гүйцэтгэгч компанийн буруу гэж тайлбарлаж байгаа нь огт ор үндэслэлгүй худал зүйл. Хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн цаг тухайд нь санхүүжилтийг олгоогүй, цаг тухайд нь барилгын ажлыг эхлэх нөхцөл боломжоор хангаагүй, мөн ковид 19 цар тахалт өвчний улмаас материалын хомсдол үүссэн нөхцөл байдлын улмаас барилга ашиглалтад оруулах хугацаа хойшлогдсон. Өнөөдрийн байдлаар уг барилга 85 хувийн гүйцэтгэлтэй, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу Монгол улсад баригдаж байгаа энэ төрлийн барилгад нийцүүлэн гүйцэтгэсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч З******* ХХК шүүхэд ирүүлсэн гаргасан хариу тайлбартаа: Манай компани Канад технологиор Канад хаусыг мэргэжлийн өндөр түвшин барьж, гүйцэтгэж ирсэн. Иргэн Н.С*******тай 2021 оны 7 сарын 17-ны өдөр гэрээ байгуулж 70.6 м.кв талбайтай байшинг 114 640 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Миний бие гэрээ байгуулахаас 7 хоногийн өмнө Дархан 14 хоногийн хугацаатай томилолтоор ажиллаж байсан тул Ц.Ц*******д компанийн төлөөлж гэрээ хэлцэл хийх, компанийн захирлаар үлдээсэн байсан тул Ц.Ц******* компанийг төлөөлж гарын үсэг зурсан. Мөн компанийн данснаас зарлага гаргахад миний бие өөрөө байнга банк дээр очих зэрэг хүндрэлтэй байсан тул Ц.Ц*******гийн дансаар Н.С*******ын гүйцэтгэлийн төлбөрийг хүлээж авсан. Гэрээ байгуулах бүхий л явц Ц.Ц******* нь надад тайлагнаж, надаас зөвшөөрөл авч хийсэн тул 2021 оны 07 сарын 17-ны өдрийн 2104 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг захиалагчийн өмнө З ХХК хариуцах ба мөн гүйцэтгэгчийн шаардах эрхийг эдлэх тул энэхүү гэрээтэй холбоотой гэрээний үүрэг, хариуцлага, гэрээнээс учирсан хохирол, гэрээ цуцлагдсан, хүчингүй болсноос үүсэх бүхий л асуудал Ц.Ц*******д хамааралгүй, гагцхүү манай компанид хамааралтай асуудал болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Нэхэмжлэгч гүйцэтгэгчийн барилгын ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн, хугацаандаа хийж гүйцэтгээгүй гэж буруутгасан байна. Барилгын ажил гүйцэтгэх гээд ажил эхлүүлмэгц дараах хүндрэл бэрхшээлүүд биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас үүссэн. Үүнд:  Гэрээний 10.1 дүгээр зүйлд заасны дагуу барилгын ажил 50 хувьтай болмогц нийт төлбөрийн 25 хувийг гүйцэтгэгч талд төлөхөөр тохиролцсон байсан боловч захиалагчийн зүгээс гэрээний дагуу санхүүжилт олгоогүй улмаас барилгын ажил удааширч эхэлсэн. Гэрээний 6.1.3.2-т зааснаар барилгын ажил 50 хувь гэдгийг модон карказ босож ханын хийцэл хийгдэж дуусахыг ойлгохоор заасан. Бидний зүгээс ханын хийцлийг 15 хоногийн дотор хийж гүйцэтгэсэн. Ковид цар тахлын улмаас манай технологиор барьж гүйцэтгэж байгаа байшинд орох барилгын материал Монгол Улсад байхгүй, олдохгүй, захиалагчтай анх тохиролцсоноос хэд дахин үнэтэй байсан. Ингээд барилгын материалын худалдааны төвүүдэд захиалга өгч, тухайн захиалгыг хүлээж хугацаа алдсан. Энэ талаар өдөр бүр, тухай бүр захиалагчид мэдэгдэж шалтгаан нөхцөлөө тайлбарлаж байсан. Цаг агаарын нөхцөл байдлаас болж хоног хугацаа алдсан. Тухайн гэрээний хугацааны 30 хувьд бороо орсон. Тухайн барилга нь уулын энгэрт буюу өндөрлөг хэсэг байрладаг байсан тул бороо орсны дараа машинаар материал зөөвөрлөж өгсөн ямар ч боломжгүй байсан. Дээрх шалтгаануудын улмаас хугацаа алдсан. Барилгын ажлыг хийж гүйцэтгэж дуусах хангалттай боломжтой байсан боловч захиалагч санхүүжилтээ зогсоосноос бүх асуудал үүсч, бид өөрсдийн санхүүжилтээр 10 гаруй сая төгрөгийг хүртэл гаргаж ажилласан. Нэхэмжлэгч маш их хэрүүлтэй, байнга дарамталж, тайван ажил хийлгүүлэхгүй санхүүжилтээ гэрээнд зааснаар шаардахад дээвэр хийчихвэл өгье гэхээр нь бид өөрсдийн санхүүжилтээр дээвэр хийсэн боловч өгөөгүй, мөн дахин гадна пасад хийчихвэл санхүүжилтийг чинь өглөө гэхээр нь мөн л хийгээд өгсөн боловч санхүүжилт өгөөгүй. Энэ маягаар захиалагчийн арга залиланд автаж дотор дулаалга, цахилгаан, гипсэн хавтан, таазны рек, гадна террас гэх мэтээр явсаар  барилгыг 90 хувьтай гүйцэтгэсэн боловч санхүүжилтээ өгөөгүй. Энэ барилгын ажлаас ямар ч ашиг олоогүй, харин 20 орчим сая төгрөгийн алдагдалтай ажилсан. Энэ мөнгийг бид баримтаа бүрдүүлэн Н.С*******аас нэхэмжлэх болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.05.17-ны өдрийн №2104 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, шилжүүлгийн баримт, Д ХХК-ийн 2021.10.05-ны өдрийн 01.01 тоот Дүгнэлт хийсэн албан бичиг, С.Н*******гийн зуслангийн байрны хяналтын төсөвт өртөг, хяналтын зардал, Н.С*******ын 70 м.кв амины орон сууцны гүйцэтгэлийн зураг, Д ХХК-ийн 2022.08.26-ны өдрийн 02/01 тоот албан бичиг, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, Барилга, хот байгуулалтын сайдын 228 дугаар Модон бүтээц /БНБД 54-01-21/  барилгын норм, дүрмийг шинэчлэн батлах тухай тушаал, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг ирүүлсэн. /1хх-ийн 2-8, 40-42, 109-121, 134, 243-250, 2хх-ийн 6, 156/

5. Хариуцагч Ц.Ц*******гаас зарлагын баримт, шилжүүлгийн баримт, 2021.08.25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, шилжүүлгийн баримт, дансны хуулга, хариу тайлбар, гэрээний төлбөрийн хүснэгт, төсөвт өртгийн тооцоо, гэрэл зураг, дансны хуулга, 2023.05.02-ны өдрийн №01/023 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт зэргийг ирүүлсэн. /1хх-ийн 46-52, 136, 140-214, 2хх-ийн 14-18/

6. Хариуцагч З******* ХХК-иас Сэлбэ зусланд баригдсан 70 м.кв канад технологийн модон араг бүтээцтэй амины орон сууцны барилгын дүгнэлт, барилга угсралтын ажлын төсөв, зарлагын баримт, хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, тайлбар зэргийг шүүхэд ирүүлсэн. /2хх-ийн 31-105, 181, 185-186/

7. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас З******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлтийг хэрэгт хавсаргасан, Арвижих эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлтийг хэрэгт хавсаргасан. /1хх-ийн 59-61, 69-101, 2хх-ийн 105-125/

ҮНДЭСЛЭХ нь:

1.   Шүүх хариуцагч З******* ХХК-аас 1 975 700 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ц.Ц*******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Миний бие 2021.05.17-ны өдөр Ц.Ц*******тай харилцан тохиролцож өөрийн эзэмшил газартаа 70.6 м.кв талбайтай канад загварын амины орон сууц бариулахаар гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрт 80 248 000 төгрөгийг төлсөн. Гүйцэтгэгч Ц.Ц******* барилгыг нийт 42 хоногийн дотор бүрэн барьж хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч барилгын ажлын хугацаанд нь гүйцэтгээгүй, гэрээнд заасан хугацаа өнгөрөхөд хариуцагчийн ажил хангалтгүй байсан. Гүйцэтгэгч хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, мөн бусад байдлаар ажлын доголдол гаргасан тул нэмэлт хугацаа тогтоож, гүйцэтгэгч нь 2021.08.31-ний дотор барилгыг бүрэн барьж дуусгах, доголдлыг арилгахаар тохиролцож ажлыг дахин эхлүүлсэн. Гүйцэтгэгч нь нэмэлтээр тогтоосон хугацаанд ажлыг дуусгаагүй, барилгын суурийг зохих ёсоор бэхжүүлээгүй, технологи зөрчсөн зэргээр үүргийн зөрчил нь хэвээрээ байгаа тул гэрээнээс татгалзаж, барилгыг гүйцээж барих, ашиглалтад оруулах шаардлагатай зардал, доголдолтой ажлын засварын зардалд 31 337 860 төгрөг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч Ц.Ц******* татгалзлын үндэслэлээ “...Нэхэмжлэгчтэй 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 2104 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-г З ХХК гэх хуулийн этгээд ажил гүйцэтгэхээр байгуулсан, Ц.Ц******* би хариуцсан хийсэн нь үнэн. Мөн нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа барилга барьсан, хугацаандаа ашиглалтад оруулаагүй нь гүйцэтгэгч компанийн буруу гэж тайлбарлаж байгаа нь огт ор үндэслэлгүй худал зүйл. Хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн цаг тухайд нь санхүүжилтийг олгоогүй, цаг тухайд нь барилгын ажлыг эхлэх нөхцөл боломжоор хангаагүй, мөн ковид 19 цар тахалт өвчний улмаас материалын хомсдол үүссэн нөхцөл байдлын улмаас барилга ашиглалтад оруулах хугацаа хойшлогдсон. Өнөөдрийн байдлаар уг барилга 85 хувийн гүйцэтгэлтэй, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу Монгол улсад баригдаж байгаа энэ төрлийн барилгад нийцүүлэн гүйцэтгэсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй.” гэж тайлбарлажээ.

4. Хариуцагч З******* ХХК-ийн төлөөлөгч Ц.Ц татгалзлын үндэслэлээ “...Манай компани Н.С*******тай 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулж 70.6 м.кв талбайтай байшинг 114 640 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Миний бие гэрээ байгуулахаас 7 хоногийн өмнө Дархан 14 хоногийн хугацаатай томилолтоор ажиллаж байсан тул Ц.Ц*******д компанийн төлөөлж гэрээ хэлцэл хийх, компанийн захирлаар үлдээсэн байсан тул Ц.Ц******* компанийг төлөөлж гарын үсэг зурсан тул Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг захиалагчийн өмнө З ХХК хариуцах ба гэрээний үүрэг, хариуцлага, гэрээнээс учирсан хохирол, гэрээ цуцлагдсан, хүчингүй болсноос үүсэх бүхий л асуудал гагцхүү манай компанид хамааралтай асуудал болно. Нэхэмжлэгч гүйцэтгэгчийн барилгын ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн, хугацаандаа хийж гүйцэтгээгүй гэж буруутгасан байна. Барилгын ажил гүйцэтгэх гээд ажил эхлүүлмэгц дараах хүндрэл бэрхшээлүүд биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас үүссэн. Барилгын ажил 50 хувьтай болмогц нийт төлбөрийн 25 хувийг гүйцэтгэгч талд төлөхөөр тохиролцсон байсан боловч захиалагчийн зүгээс гэрээний дагуу санхүүжилт олгоогүй улмаас барилгын ажил удааширч эхэлсэн, хоёрт ковид цар тахлын улмаас манай технологиор барьж гүйцэтгэж байгаа байшинд орох барилгын материал Монгол Улсад байхгүй, олдохгүй, захиалагчтай анх тохиролцсоноос хэд дахин үнэтэй тул барилгын материалын худалдааны төвүүдэд захиалга өгч, тухайн захиалгыг хүлээж хугацаа алдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарласан.

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1 Нэхэмжлэгч Н.С*******, хариуцагч З******* ХХК нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр №2104 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь  70,6 м.кв талбайтай, 23 м.кв террастай барилгыг 2024.05.19-ний өдрөөс эхлэн 42 хоногийн хугацаанд барьж гүйцэтгэх, захиалагч нь 114 640 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

5.2 Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Н.С******* нь 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөр 80 248 000 төгрөгийг хариуцагч Ц.Ц*******гийн Хаан банкны 5028 тоот данс руу “...С*******-с төлбөр...” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн талаар тайлбар гаргаж, мөнгө төлсөн шилжүүлгийн баримтыг ирүүлсэн байна.

5.3 Үүний дараа талууд 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр №2104 тоот Гэрээний нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэгч З******* ХХК захирал Ц.Ц******* захиалагчид учруулсан хүндрэл, барилгын ажлын доголдлыг яаралтай арилгаж 20 хоногийн дотор барилгыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийн тулд дараах асуудлыг гэрээнд оруулахаар тохиролцов. Үүнд:1.Гүйцэтгэгч барилгын ажлыг график шинэчлэн гарын үсэг зурж баталгаажуулж мөрдөх, 2.Барилгын  ажлын графикийн дагууд захиалагч гүйцэтгэлийг хяналтын графикаар хийж баталгаажуулах, гүйцэтгэгч баталгаажуулалтыг хийж өгөөгүй тохиолдолд гэрээний зөрчилд тооцох, 3.Төлбөрийг гарфикт өөрчлөлт оруулж үлдэгдэл 30 хувь барилга хүлээлгэж өгсний дараа /баримт бичгийн бүрдлийг бүрэн хангах /гүйцэтгэгчийн нэхэмжлэлийн дагуу ажлын 3 өдрийн дотор төлөх, 4.Гүйцэтгэлийн хугацаа хоцролтын алданги өдөр бүр гэрээний үнийн дүнгийн 0,5 хувь байх бөгөөд нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байна, 5. 4.1, 4.2, 4.4, 5.1, 5.3.4, 5.4, 7.1, 7.1.1, 7.1.2, 7.1.4, 13 дугаар зүйлүүд дээр зөрчил гараад байгаа тул дахин ярилцаж нэмэлт гэрээнд тусгахаар харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

6. Дээрхээс дүгнэхэд хариуцагч З******* ХХК болон Н.С******* нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба “уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” гэж, мөн хуулийн  355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.”, 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.” гэж заажээ.

6.1 Талууд дээрх гэрээ байгуулсан, төлбөр шилжүүлсэн талаар маргаагүй хэдий ч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй, барилгын ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэж өгөөгүй асуудлаас маргаан үүсэж, нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, илүү төлсөн мөнгөө гаргуулна гэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасантай нийцэж байна.

7. Талууд гэрээний зүйл болох барилгыг барьж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд маргаж, улмаар нэхэмжлэгч шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүхээс Бэсгэ ХХК-ийг томилж, 2022.06.22-ны өдрийн №22/0015 дүгнэлтээр  70.6 м.кв талбайтай, 23 м.кв террастай барилгын гүйцэтгэлийг 48 910 140 төгрөгөөр, мөн хариуцагч тал шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүхээс Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-ийг томилж, 2025.10.10-ны өдрийн дүгнэлтээр  70.6 м.кв талбайтай, 23 м.кв террастай барилгын гүйцэтгэлийг 78 272 300 төгрөгөөр тус тус тогтоосон байна./1-р хх-ийн 69-101, 2-р хх-ийн 105-125/  

7.1 Түүнчлэн хариуцагч нар нь ШУТИС-ын профессор Ц.Эаар 2025.05.27-ны өдөр Бэлхийн зусланд барьсан барилгын ажилд хийсэн дүгнэлтийг бичгээр ирүүлсэн байна./1-р хх-ийн 37/

7.2 Харин нэхэмжлэгч тал дээрх үнэлгээг зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргаж, Бэсгэ ХХК-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж тайлбарласан хэдий ч шүүх Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025.10.10-ны өдрийн дүгнэлтээр  тогтоосон 78 272 300 төгрөгийн үнэлгээг үндэслэлтэй гэж үзэв.

7.3 Тодруулбал, Арвижих эстимэйт үнэлгээ ХХК дээрх үнэлгээг гаргахдаа хэргийн баримтад  үндэслэж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байх тул тухайн барилгын ажлын гүйцэтгэлийг үнэлгээгээр тогтоосон 78 272 300 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй.

8. Дээрхийг нэгтгээд хариуцагч З******* ХХК-аас 1 975 700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.С*******ад олгож, илүү нэхэмжилсэн 29 362 160 төгрөгийг хангахгүй орхиж, хариуцагч Ц.Ц*******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б******* нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н*******гийн эзгүйд, хариуцагчийн өмгөөлөгч Л.О******* хариуцагчийн төлөөлөгч В.Ц******* нарын эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж тайлбар гаргасныг дурдав.

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан ба Арвижих эстимэйт үнэлгээ ХХКнь шинжээчийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 1 300 000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар энэ нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах ба мөн хуулийн 53.1.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс…зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ.” гэж зааснаар дээрх ажлын хөлс 1 300 000 төгрөгийг хариуцагч З******* ХХК-аас гаргуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З******* ХХК-иас ажлын хөлс 1 975 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.С*******ад олгож, илүү нэхэмжилсэн 29 362 160 төгрөгийн шаардлагыг,  хариуцагч Ц.Ц*******д холбогдох нэхэмжлэлийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 46 561 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.С*******ад олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З******* ХХК-д шинжээчийн ажлын хөлс 1 300 000 төгрөгийг Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-д /ХААН банк MN74000 / шилжүүлэхийг даалгасугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ