| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/03508/И |
| Дугаар | 192/ШШ2026/01428 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2026/01428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Г,
Нэхэмжлэгч: О.Н нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б,
Хариуцагч: Б.Б нарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: М.М,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: М.М,
Талийгаач Ж.М*******ыг хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Ү-2204******* улсын бүртгэлийн дугаартай 79.56 м.кв 3 өрөө байр, Мобикомын *******, *******, *******, *******, ******* дугаарууд, Хаан банкны харилцах дансанд байсан 120 000 000 төгрөг зэрэг эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, Б.Б******* нотариатын үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч М.Гийн өмгөөлөгч Б.Б*******,
хариуцагч Б.Бын төлөөлөгч Т.У,
хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б,
хариуцагч Б.Б*******гийн төлөөлөгч Р.М,
гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч С.О,
гэрч П.М,
нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.
/Нэхэмжлэгч М.Г, О.Н нарт, мөн гуравдагч этгээд, М.М нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар талуудын хүсэлтээр нэхэмжлэгч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэв./
Нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г, О.Н нар хариуцагч Б.Б*******, Б.Б нарт холбогдуулан талийгаач Ж.М*******ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Ү-2204******* улсын бүртгэлийн дугаартай 79.56 м.кв 3 өрөө байр, Мобикомын *******, *******, *******, *******, ******* дугаарууд, Хаан банкны харилцах дансанд байсан 120 000 000 төгрөг зэрэг эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, Б.Б******* нотариатын үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Нын хууль ёсны нөхөр, М.Гийн төрсөн эцэг Ж.М******* нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өөд болсон тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу эхнэр О.Н, охин М.Г нар хууль ёсны өвлөгч нар юм. Нотариатч хууль зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээг буруу олгосноос үүдэн хууль ёсны өвлөгч О.Н, М.Г нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой хохирч байна. Нотариатч Б.Б******* нь өвлүүлэгч Ж.М*******ын охин М.М, М.М нарын ээж Б.Бд өвийн хөрөнгийг өвлүүлэхээр 0068, 0072 дугаарын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр олгосон 0068 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгч биш этгээд Б.Бд өвлүүлэгчийн өмчлөлд байсан 79.56 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгож, өвийг өвлөгч биш Б.Б ганцаараа авах боломжийг олгосон. Нотариатч Б.Б******* нь 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо насанд хүрээгүй өвлөгчид олгогдох өвлөх эрхийн гэрчилгээг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.6-д заасан зохицуулалт нь насанд хүрээгүй хүнд олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны асран хамгаалагчид нь олгоно гэснээс биш өвлөгдсөн эд хөрөнгийг хууль ёсны асран хамгаалагчид олгож, өвийн гэрчилгээ олгохыг хэлэхгүй. Мөн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр олгосон 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд мөн адил өвлөгч биш этгээд Б.Бд өвлүүлэгчийн ашиглалтад байсан гэх Мобиком корпораци ХХК-ийн *******, *******, , , ******* дугааруудыг тус тус өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Өвлөгч М.М нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гадаад улс руу явсан бөгөөд нотариатч М.Мг өөрийн биеэр байхгүйд нь мөн өвлөх эрхээс нь татгалзах татгалзал авалгүйгээр шууд хасаж нэг хүнд өвлөх эрхийн гэрчилгээг гаргасан. Түүнчлэн нотариатч Б.Б******* нь нь 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 528.2, Нотариатын тухай хуулийн 43.5, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.6 дахь хэсэгт заасны зөрчиж, УБЕГ-ын төрөл садангийн лавлагааг үндэслэн харж олгохдоо өвлүүлэх хөрөнгө болох утасны дугааруудаас аль дугаарыг өв нээгдсэнээс хойш хэн эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан талаар тодруулалгүйгээр гэрчилгээг олгосноос өвлөгч М.Гийн хууль ёсны өвлөх эрх ноцтой зөрчигдсөн. Учир нь М.Г нь аав Ж.М*******ыг нас барсных нь дараа түүний эзэмшиж байсан Мобиком корпораци ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний ******* дугаарыг Иргэний хуулийн 528.2-д заасны дагуу эзэмдэн авч эрхлэн удирдан өөрийн бизнесийн түнш болон бусад иргэд аж ахуйн нэгж байгууллагатай энэ дугаараас харилцаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг байсан төдийгүй ашиглалтын төлбөрийг төлж байсан нь ******* дугаарын хууль ёсны өвлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Энэхүү ******* дугаарыг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс одоог хүртэл барьж ашиглаж байгаа болно. Гэтэл Б.Б 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Мобиком корпораци ХХК-д хандан Б.Б өөрийн нэр дээрээ авахаар хууль бус хүсэлт гаргасан байна. Мөн М.Г нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянгол тойргийн нотариатч .... дээр өв хүлээн авах хүсэлтээ илэрхийлэн очиход өвийн маргаантай гэдэг үндэслэлээр өв хүлээн авах хүсэлтийг хүлээн аваагүй байдаг. Учир нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ж.М******* нас барсны дараа түүний хэрэглэж байсан банкны картыг Б.Б нь авч Банкны АТМ -с 5 удаагийн гүйлгээгээр нийт 120 000 000 төгрөгийг авсан, мөн М.Г нь талийгаач Ж.М*******тай 2014 оноос хойш тасралтгүй 7 жил арьсны дэлгүүр ажиллуулж ирсэн, гэтэл Б.Б нь тус арьсны дэлгүүрт байсан арьсыг хулгайлан авч явсан зэрэг үйлдлүүд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа билээ. О.Н, Ж.М******* нар нь 1986 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болж, 1989 оны 10 дугаар сарын 19-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний МА№ 086 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. Энэхүү гэрлэлтийн гэрчилгээ одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. О.Н, Ж.М******* нарын дундаас 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин М.Г төрсөн. Ж.М******* нь 2006 онд Б.Бтай хамтран амьдарч, тэдний дундаас 2016 онд охин М.М, 2008 онд охин М.М нар мэндэлж, удалгүй Б.Б нь хоёр хүүхдээ талийгаач Ж.М*******ад үлдээгээд өөр хүнтэй гэр бүл болсон байдаг. Гэвч Ж.М******* нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр зуурдаар нас барж, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нас барсны бүртгэлийн 4512 гэрчилгээ авсан. Гэтэл Б.Б гэх эмэгтэй сүүлийн 10 жил гаруй Ж.М*******тай бизнесийн болон ямар нэгэн хувийн харилцаа байгаагүйн зэрэгцээ холбоогүй байснаа гэнэт гарч ирэн талийгаачийн өв хөрөнгөд санаархан дур мэдэн ашиглах болсон. О.Н нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтээ илэрхийлж байсан нь үйл баримтаар мөн нотлогдоно. Мөн М.М, М.М нар нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т “хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх...” эрхтэй байхаар заасан. Гэтэл Б.Б нь насанд хүрээгүй өвлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнөөс гадна Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т “Нас барагчийн нөхөр эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд..." нь хууль ёсны өвлөгчид байхад талийгаач Ж.М*******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26-р хороо Кристал таун хотхон, /13311/ 803 дугаар байрны 108 тоот хаягт байршилтай, Ү-2204******* улсын бүртгэлийн дугаартай, 79.56 м.кв талбайтай, 3 өрөө байрны 50 хувийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, мөн 0068 дугаар өвлөх эрхийн гэрчилгээний өвлөгчид оногдох хэсэг 50 хувь гэж заасан нь Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 “Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрд оногдвол зохих хэмжээгээр хуваарилах...” М.М, М.М нарт оногдвол зохих хувийг хуваарилаагүй байгаа нь өвийг хүлээн авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул хууль ёсны өвлөгч эхнэр О.Н, ууган охин М.Г нарт дээрх үл хөдлөх эд хөрөнгийн оногдох хэсгийг тэнцүү хуваарилах үндэслэлтэй байна. Иймд талийгаач Ж.М*******ыг хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Ү-2204******* улсын бүртгэлийн дугаартай 79.56 м.кв 3 өрөө байр, Мобикомын *******, *******, *******, *******, ******* дугаарууд, Хаан банкны харилцах дансанд байсан 120 000 000 төгрөг зэрэг эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, Б.Б******* нотариатын үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.Б*******гийн төлөөлөгч Р.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.М******* нь 2021.07.15-ны өдөр нас барсан бөгөөд түүний төрсөн хүүхэд болох М.Г хууль ёсны эхнэр О.Н нар хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргасан эсэхийг 2022.07.20-ны өдрийн байдлаар Монголын нотариатчдын танхимын өвийн нэгдсэн сангаас шүүж үзэхэд өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага болон этгээдэд гаргаагүй, өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байсан учраас Иргэний хуулийн 528.3-т заасны дагуу "528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ." гэж заасны дагуу өв хүлээн авахаас татгалзсанд тооцсон юм. Өвлүүлэгч Ж.М*******ын хууль ёсны өвлөгчид болох төрсөн хүүхдүүд М.М, М.М нарыг төлөөлж эх Б.Б нь 2022.06.10-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Д.Од өв хүлээн авах хүсэлт гаргасныг 187 дугаарт бүртгэсэн байна. Ж.М*******ын эзэмшдэг байсан Мобиком ХХК-н *******, , , *******, 95114466 гэсэн дугаарыг хууль ёсны өвлөгч болох төрсөн охин М.Мг төлөөлж эх Б.Б нь 2022.07.20-ны өдөр Иргэний хуулийн 528.2-т заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан. Иймд Иргэний хуулийн 531.2-т "Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно" гэж заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг М.Мд олгосон болно. Мөн Нийслэлийн Ү-2204******* улсын бүртгэлийн дугаартай 79,56 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч нь Ж.М******* болон Б.Б байсан бөгөөд өвлүүлэгчид ногдох хэсгийг хууль ёсны өвлөгчид болох М.М, М нарт өвлүүлэхээр 0068 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Энэхүү Нотариатч Б.Б******* миний хийсэн үйлдэл хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул М.Г болон О.Н нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Б.Бын төлөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Г, О. Н нарын тус шатны шүүхэд хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хариуцагчийн хувьд Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд өөрийн болон өөрийнхөө насан хүрээгүй хүүхдүүдийнхээ нэр дээр өвлөх эрхийн хүрээнд олж явсан. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байдаггүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач Ж.М******* бид хоёр 2003 оноос 2014 оны 11 сар хүртэл хамтын амьдралтай байсан ба анх амьдралаа түрээсийн байрнаас эхлүүлж байсан. Ингээд 11 жилийн хугацаанд хамт амьдарч өөрсдийн хүч хөдөлмөрөөр амьдралаа босгосон ба дээрх хугацаанд хоёр хүүхдийн ээж аав болсон. Энэ хугацаанд нэхэмжлэгч О.Н, М.Г нартай огт хамт амьдарч байгаагүй, харилцаа холбоо ч байгаагүй. Анхны охиныг төрөхөд бид хоёр гэрлэлтээ батлуулах гэтэл өмнөх гэрлэлт цуцлагдаагүй байна гээд О. Наас гэрлэлтээ албан ёсоор цуцлуулах гэсэн боловч хаяг, утсыг мэдэхгүй, хаана амьдарч байгааг нь огт мэдэхгүй байсан учраас энэ асуудлыг тухайн үед шийдвэрлэж чадаагүй. М.Гийн хувьд 2015 онд анх удаа Ж.М******* дээр ирсэн боловч ажлын байрнаас хулгай хийсэн тул хөөгдсөн байсан. Ингээд холбоо харилцаагүй байж байгаад 2021 оны нэг удаа ирэхдээ дахин хулгай хийж баригдсан байдаг. Энэ явдлаас хойш удалгүй охидуудын маань аав зуурдаар өөд болсон байдаг. Талийгаач Ж.М******* нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсний улмаас бид хоёр тус тусдаа амьдрах болсон. Гэхдээ бидний амьдарч байсан байрууд грашаар дамждаг, нэг хотхонд байсан болохоор хүүхдүүд маань ээж, аавындаа ээлжлээд ирж очоод чөлөөтэй байдаг байсан. Талийгаач Ж.М*******ыг өвдсөн үед нь надаас өөр очиж асардаг нэг ч ах дүү, хамаатан садан байгаагүйг хүүхэд асрагч болоод хөрш айлууд нь ч мэднэ. 2018 онд талийгаач нь хамт амьдарч байсан эмэгтэйгээсээ салсан, мөн их хэмжээний өрөнд орж, өөрт байсан эд хөрөнгүүдээ зарж, өр ширэндээ өгсөн. Ингээд 2018.04.30-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж өөрийн байрны 50 хувийг талийгаач Ж.М*******ад шилжүүлж, ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Ж.М******* бид хоёрын нэр дээр гарсан учиртай. Гэтэл миний өөрийн өмчлөлийн, дангаар худалдан авсан эд хөрөнгөөс надтай огтоос хамааралгүй, таньж мэдэхгүй хүмүүс болох О.Н, М.Г нар нь үл хөдлөх эд хөрөнгөөс өөрсдөдөө оногдох ёстой гэж маргаж байгаа нь ойлгомжгүй, хуульд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь өв хүлээн авах хүсэлтээ иргэний хуульд заасан 1 жилийн хугацаанд гаргаагүй тул нотариатч хууль болон зааварт заасны дагуу Нотариатчдын танхимын цахим бүртгэлээс лавлаж үзсэний үндсэн дээр талийгаачийг нас барах өдрийг хүртэл хамт амьдарч байсан, түүний төрсөн хүүхдүүд болох хууль ёсны өвлөгчид М.М, М.М нарт өвлүүлэгчид оногдох 50 хувийг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нийцсэн.
5. Нэхэмжлэгчээс хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022.07.20-ны өдрийн №0072 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтүүд, 2022.07.19-ний өдрийн №0068 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, 2022.07.20-ны өдрийн №0068 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.08.30-ны өдрийн Худалдаа хөгжлийн банк ХК, Хас банк ХК-иас дансны мэдээлэл авах тухай нотариатч Б.Аийн хүсэлтүүд, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, О.Наас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, М.Гийн төрсний гэрчилгээний хуулбар, Ж.М*******, М.Г нарын зээл хүсэгчийн анкет, гүйлгээний баримт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.26-ны өдрийн 102/ШШ2024/01549 дүгээр шийдвэр, 2017.09.21-ний өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022.10.10-ны өдрийн 4146 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, дансны хуулга зэргийг ирүүлсэн. /хх-ийн 5-10, 42-44, 113-116, 230-236, 2хх-ийн 3-5, 85-97, 224-250, 3хх-ийн 1-44 хуу/
6. Хариуцагч Б.Б*******гээс хэрэгт шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, 2022.07.19-ний өдрийн №0068 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, 2022.07.19-ний өдрийн №0068 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, М.Мын төрсний гэрчилгээний хуулбар, 2022.07.20-ны өдрийн №0072 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтүүд, төрөл садангийн тухай лавлагаа, 2022.06.10-ны өдрийн №0187 дугаар Өв хүлээн авах хүсэлт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.28-ны өдрийн 101/ШШ2022/01375 дугаар шийдвэр, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, төрөл садангийн тухай лавлагаа, Мобиком корпораци ХХК-ийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг ирүүлсэн. /1хх-ийн 17, 20-35, 2хх-ийн 79 хуу/
7. Хариуцагч Б.Баас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, М.Мгийн төрсний гэрчилгээний хуулбар, 2012.01.25-ны өдрийн №803-108 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ, Ү-2204 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2018.04.30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.28-ны өдрийн 101/ШШ2022/01375 дугаар шийдвэр, 2022.07.19-ний өдрийн №0068 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, 2022.07.19-ний өдрийн №0068 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, Ү-2204 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022.08.25-ны өдрийн 4/1198 тоот албан бичиг, 2021.12.22-ны өдрийн №0220600031 дугаар Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, дансны хуулга, гүйлгээний баримт зэргийг ирүүлсэн. /1хх-ийн 48, 51, 58-69, 81-96, 2хх-ийн 69, 141-160 хуу/
8. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Монголын нотариатчдын танхимаас М.Г, О.Н нарын Ж.М*******ыг нас барсантай холбоотойгоор нас барагчийн өвийг хүлээн авах тухай хүсэлтээ гаргаж байсан эсэх талаарх лавлагаа, Хил хамгаалах ерөнхий газраас М.М /РД:/, М.М /РД:/ нарыг Монгол улсын хилээр 2022.04.01-2023.07.22-ны өдөр хүртэлх хугацаанд орж, гарсан талаарх лавлагааг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс 0220600031 тоот эрүүгийн хэрэг бүртгэлийн хэргээс 2022 оны 03 сарын Дамно ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 108 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хувийг хэргийг, Хаан банк ХК-иас Ж.М*******ын эзэмшдэг данснуудын 2021.07.15-ны өдрийн байдлаарх хэдэн төгрөгний үлдэгдэлтэй талаарх лавлагаа, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийг томилж 108 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон, хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн сиди, дэвтэр, ******* дугаарын вичатнаас Ж гийн вичатруу бичсэн зурваст үзлэг хийж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан, гэрчээр П.Мийг асуусан тэмдэглэлийг байна. /1хх-ийн 72, 124-220, 2хх-ийн 14-23, 28-43, 112-132, 193-204/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1-д заасан өвлөгч нарын эрхийг зөрчсөн, нэхэмжлэгч нар 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтээ илэрхийлж байсан нь үйл баримтаар тогтоогдох тул талийгаач Ж.М*******ыг хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Ү-2204******* улсын бүртгэлийн дугаартай 79.56 м.кв 3 өрөө байр, Мобикомын *******, *******, *******, *******, ******* дугаарууд, Хаан банкны харилцах дансанд байсан 120 000 000 төгрөг зэрэг эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, Б.Б******* нотариатын үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан журмын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгох талаар зохих этгээдэд хандаагүй тул өвөөс татгалзсан гэж үзнэ, Ж.М*******тай хамтран амьдарч дундаасаа М.М, М.М гэсэн хоёр охинтой болсон, хууль ёсны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тайлбарласан.
4. Хариуцагч Б.Б******* татгалзлын үндэслэлээ “...Өвлүүлэгч Ж.М*******ын хууль ёсны өвлөгчид болох төрсөн хүүхдүүд М.М, М.М нарыг төлөөлж эх Б.Б нь 2022.06.10-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Д.Од өв хүлээн авах хүсэлт гаргасныг 187 дугаарт бүртгэсэн байсан. Харин М.Г, О.Н нар хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргасан эсэхийг 2022.07.20-ны өдрийн байдлаар Монголын нотариатчдын танхимын өвийн нэгдсэн сангаас шүүж үзэхэд өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага болон этгээдэд гаргаагүй, өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байсан учраас Иргэний хуулийн 528.3-т заасны дагуу “528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.” гэж заасны дагуу өв хүлээн авахаас татгалзсанд тооцоод, насанд хүрээгүй 2 хүүхдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, хууль зөрчөөгүй.” гэж тайлбарласан.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 Ж.М******* нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болох нь 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №4512 дугаар нас баралтын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба талийгаач Ж.М******* нь 108 тоот хаягт бүртгэлтэй, мөн уг хаягт Б.Б, охин М.М, М.М нарын хамт амьдарч байсан нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 1110 дугаартай хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/01375 дугаар шүүхийн шийдвэр зэрэг баримтаар тогтоогдож байна.
5.2 Түүнчлэн Ж.М******* нь О.Нтай 1986 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болсныг, 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, №86 дугаар гэрчилгээ олгосон бөгөөд тэдний дундаас 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр М*******ын Г /РД:/ төрсөн байна.
6. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрсөн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвчлөгч бөгөөд эдгээр хүмүүс нь хуульд зааснаар өвлөх эрхтэй этгээдүүд юм.
6.1 Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2-т зааснаар хууль ёсны өвлөгчийн өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг үндэслэн өв нээгдсэн газрын нотариат хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгох боломжтой байна.
6.2 Хуульд заасан дээрх шаардлагын дагуу насанд хүрээгүй өвлөгч М.М, М.М нарыг төлөөлж, эх Б.Б нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Д.Од Өв хүлээн авах хүсэлт гарган бүртгүүлж, улмаар эх Б.Б нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б*******д өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргаж, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №0068, №0072 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээг авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
7. Харин нэхэмжлэгч нар талийгаач Ж.М*******ын өвийг хүлээн авах хүсэлтийг нотариатч П.Мд амаар гаргаж байсан талаар тайлбарлаж, гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангасан.
7.1 Гэрч П.М “2022 оны 7 сард наадмын дараа Өвлөх эрхийн гэрчилгээ авах гэж ирсэн. Нас барсан гэрчилгээ бол байсан. Өв нээлгэх гэж байгаа бол хорооны тодорхойлолтоо аваад ир гэж буцаасан. Нөгөөдөр нь ирсэн. Б******* гэдэг нотариат дээр өв нээсэн гэж хэлсэн. Би тэр нотариатчтай холбогдсон. Би улсын бүртгэлд очиж ханд л гэсэн. Өвлөх хүсэлтээ гаргасан хүмүүсийн хүсэлтээр л бид баримт шаарддаг. Бичгээр гаргасан зүйл ерөөсөө байхгүй. ...” гэж мэдүүлсэн зэргээс нэхэмжлэгч нарыг хуульд заасан журмын дагуу өв нээлгэх хүсэлтийг гаргасан гэж үзэхээргүй байна.
7.2 Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нар нь хэрэгт нотариатч Б.Аийн 2021.8.30-ны өдрийн Хас банк, Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн Дансны мэдээлэл авах тухай бичгийг хэрэгт баримтаар ирүүлсэн байх боловч энэ нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-т зааснаар хууль ёсны өвлөгч нарыг бичгээр гаргасан хүсэлт гэх үндэслэлгүй байна.
8. Түүнчлэн нэхэмжлэгч М.Г нь талийгаач эцэг Ж.М*******тай нас барах хүртэл нь нэг гэрт амьдарч байсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэснээр өвийг хүлээн авсан гэж тайлбарласан.
8.1 Хэргийн баримт, талуудын тайлбар зэргээс нэхэмжлэгч М.Г нь талийгаач эцэг Ж.М*******тай нэг гэрт амьдарч байсан нь тогтоогдохгүй байх тул дээрх тайлбар үндэслэлгүй.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.” гэснээр нэхэмжлэгч нарыг хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.
9. Эдгээрээс үзэхэд насанд хүрээгүй өвлөгч М. М, М.М нарыг төлөөлж, эх Б.Б нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хуульд заасан хугацаанд Өв хүлээн авах хүсэлтийг гарган бүртгүүлж, улмаар эх Б.Б нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б*******д өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргаж, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №0068, №0072 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б*******, Б.Б нарт холбогдуулан Талийгаач Ж.М*******ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Ү-2204******* улсын бүртгэлийн дугаартай 79.56 м.кв 3 өрөө байр, Мобикомын *******, *******, *******, *******, ******* дугаарууд, Хаан банкны харилцах дансанд байсан 120 000 000 төгрөг зэрэг эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, Б.Б******* нотариатын үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэгч М.Г, О.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Г, О.Н нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 581 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ