2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2026/01491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.В-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Я.А,

 Хариуцагч: Г.С нарт холбогдох,

 Орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөхтэй холбогдох баримт бичгийг шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Э.В*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О*******, хариуцагч нарын төлөөлөгч Б.Б*******,

гэрч Т.С*******, Э.Д*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.В******* хариуцагч Я.А*******, Г.С******* нарт холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөхтэй холбогдох баримт бичгийг шилжүүлж өгөхийг даалгуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Э.В******* нь 2018-2019 онд 102 тоотод 3 өрөө байрыг аав С.Э*******, эхнэр Т.С*******, хүү В.Ч******* нарын хамт сард 500 000 төгрөгөөр түрээслэн амьдардаг байсан. Байр түрээслэж байхаар урьдчилгаа мөнгийг нь өгөөд өөрийн гэсэн байр оронтой болсон нь дээр гэж шийдээд 2019 оны 2 сараас байр хайж судалж эхэлсэн. Тухайн үед төрсөн ах Э.Дын эхнэр А.А нь манайх байраа зараад шинэ байранд орох гэж байгаа, байраа 80 000 000 төгрөгөөр зарахаар зар тавъсан байгаа. Би аав ээжтэй ярилцаж байгаад та нарт аль, аль талдаа хэрэгтэй санал тавьяа гэж хэлсэн. Ийнхүү 2019 оны 03 сард 47 тоотод байрлалтай 3 өрөө Я.А******* болон Д.С******* нарын хамтын өмчлөлтэй байрыг Я.А******* нь та хэд байр хайж цаг хугацаа алдаж байхаар манай байрыг худалдаад авчих, урьдчилгаа 25 0 00 000 төгрөг өгөөд, үлдэгдэл 55 000 000 төгрөгийг сар сард нь боломжоороо өгөөд дуусгаарай гэсэн байдлаар нийт үнийн дүнг 80 000 000 төгрөгөөр гэрээ байгуулах санал тавьсан. Уг саналыг хүлээн авч нэхэмжлэгч нь аав С.Э*******, эхнэр Т.С*******, төрсөн ах Э.Д******* болон Я.А******* Д.С******* нартай бүгдээрээ харилцан тохиролцож зөвшөөрсөн. А******* болон С******* нартай бүгдээрээ гэрээ хийж, ямар нэгэн бичиг баримт хийе гэхэд: Я.А******* нь бүгдээрээ худ ураг болж байгаа хүмүүс бтиг цаас гээд яах вэ, Г.С******* нь ямар таньж мэдэхгүй хүмүүс биш тэгэж ажил удаад яах вэ ямар ч санаа зовох зүйлгүй миний дүү төлбөрөө төлөөд дуусгачих тэгээд ах, эгч нь байрных нь гэрчилгээг нэрийг нь шилжүүлээд өгнөө гэж хэлсэн учраас маш их итгэж ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийлгүйгээр тохиролцсон. Харин Я.А*******, Г.С******* хоёр нь үлдэгдэл 55 000 000 төгрөгөө сайн бичиж тэмдэглэж явцгаая илүү дутуу гарах вий гэж хэлсэн гэж хэлсэн. Тухайн үед худ урагийн харилцаа холбоотой байсан тул тэдэнд итгэж худалдах, худалдан авах гэрээгээ бичгээр байгуулалгүй аман хэлбэрээр байгуулж төлбөр мөнгөө төлсөөр ирсэн. Харилцан тохиролцсоны дагуу урьдчилгаа төлбөр 25 000 000 төгрөгийг 2019 онд 19 500 000 төгрөг бэлнээр өгч, үлдэглэл 6 500 000 төгрөгийг төрсөн ах Э.Дын 5247 тоот дансаар Я.А*******ы 5071 тоот дансанд байрны урьдчилгаа дуусав гэх утгаар шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн өгсөн урьдчилгаа 25 000 000 төгрөгөөр Я.А*******, Г.С*******, А.А нар нь 203-р байранд 3 өрөө байрны урьдчилгаа өгж орохоор болсон бөгөөд тус байр нь 2019 оны 6 сард ашиглалтад орох байсан тул 2019.04.03-ны өдрөөс 2019.06.10-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн аав С.Э*******, эхнэр Т.С*******, хүү Ч*******, ах Д*******, ах Дын найз охин А.А, түүний аав Я.А*******, ээж Г.С******* нартай бүгдээрээ хамт худалдан авсан байранд амьдарсан. Ийнхүү Я.А*******, Г.С******* нарын захиалсан орон сууц ашиглалтанд орсны дараа буюу 2019 оны 6-р сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэгч болон түүний гэр бүлийнхэн 47 тоот орон сууцанд өнөөдрийг хүртэлх хугацаанд амьдарч байна. Харилцан тохиролцсон ёсоор үлдэгдэл төлбөр 55 000 000 төгрөгийг 2018.05.19-2023.01.06-ны хүртэлх хугацаанд нийт 63 700 000 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн Хаан банкны 5035324521 болон эхнэр Т.С*******гын Хаан банкны 5225 тоот данснаас Я.А*******ы Хаан банкны 5071 тоот данс, Д.С******* 5071 нарын дансруу В******* гэх гүйлгээний утгатайгаар нийт 43 удаагийн гүйлгээгээр шилжүүлж бүрэн төлж дуусгасан. Ингээд төлбөрөө төлж дууссан тул Я.А*******, Д.С******* хоёртой үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлж авахаар холбогдон уулзаж, утсаар болон мессэжээр, тэдгээрийн охиноор дамжуулан харилцах бүхий л боломжоор арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч үр дүнд хүрээгүй. Хамгийн сүүлчийн байдлаар Я.А******* нь гэрчилгээг чинь шилжүүлж өгөхгүй, чаддаг юм бол аваарай, хөлөө хүрэх газраа яваарай, шүүх цагдаагаараа яваад олж авч чадахгүй чи дуугай наанаа байж бай гэж дарамталсан. Худ ургийн харилцаатай байсан учир итгэж, найдан гэрээгээ бичгээр байгуулалгүй бүх төлбөр мөнгийг төлж дууссан байтал байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн болоод түүний гэр бүл /эхнэр, хүүхэд/-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, эсрдэлтэй нөхцөл байдалд хүргэж байгаа тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч нарын төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Я.А*******, Г.С******* нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд маргаж буй 47 тоот 3 өрөө байрны хууль ёсны өмчлөгчид юм. Я.А*******, Г.С******* нарт мөнгөний хэрэг гарсан учир 2019 онд Э.В*******аас 25 000 000 төгрөг зээлж авсан байдаг. Зээлүүлсэн мөнгөнийхээ барьцаанд байранд чинь амьдрана гэсэн саналыг Э.В*******ийн зүгээс тавьсныг хариуцагч нар зөвшөөрсөн байдаг. Тухайн үед Я.А*******, Г.С******* нарын охин нь Э.В*******ийн ахтай нь үерхэж байсан учир хариуцагч нар мөнгөний хэрэгтэй байгаа үнэн учраа Э.В*******т хэлж "бид чамаас зээлсэн 25 000 000 төгрөгөө эргүүлэн өгнө, харин танайх манай бүрэн тавилгатай 3 өрөө байрыг сарын 1 350 000 төгрөгөөр түрээслээд ашиглалтын зардлыг нь өөрсдөө төлөөд сууж байгаач гэж хэлэхэд нэхэмжлэгч зөвшөөрсөн байдаг. Энэ талаар ямар нэг бичгээр гэрээ хэлэлцээр байгуулаагүй, тухайн үедээ ойлголцоод явсан байдаг. Э.В*******ийн зүгээс яг сар бүр түрээсийн мөнгө хийдэггүй, зарим сард өнжих, зарим сард бөөнөөр нь хийх гэх мэтээр байрны түрээсийн мөнгийг 2023 оны 01 сар хүртэл хийгээд үүнээс хойш түрээсийн мөнгө өгөлгүй байранд амьдарсаар байдаг. Нэхэмжлэлд дурьдсан шиг байрыг Э.В*******т худалдах талаар ямар нэг яриа хөөрөө болоогүй, хариуцагч нар энэ байрыг эхнээсээ бусдад худалдах хүсэл сонирхолгүй, түрээслүүлэн нэмэлт орлого олж амьжиргаандаа нэмэрлэх зорилготой байсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Ү-2206 дугаартай гэрчилгээний хуулбар, төлбөрийн хүснэгт, дансны хуулга, СӨХ-ны төлбөр, ТВ-ийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2024.12.19-ний өдрийн 5424 тоот Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Тэргүүн үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Э.Дын дансны хуулга, Э.В*******ийн дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн. /1хх-ийн 2-64, 87-89, 186-250, 2хх-ийн 1-52,

 

4. Хариуцагч нараас хэрэгт шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтууд ирүүлсэн.  /1хх-ийн 77, 83/

 

5. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас 47 тоот хаягт байрлалтай орон сууцны өмчлөх эрхийн лавлагаа, хавсралт,  гэрчээр Т.С*******, Э.Д******* нарыг дуудаж мэдүүлэг авч, хэрэгт хавсаргав. /1хх-ийн 97-174 /

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хариуцагч Я.А*******, Г.С******* нартай 47 тоот хаягт байрлах орон сууцыг 80 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, байрны урьдчилгаанд 2019 онд 19 500 000 төгрөгийг бэлнээр, 6 500 000 төгрөгийг ах Э.Дын 5247 тоот дансаар Я.А*******ы 5071 тоот дансанд байрны урьдчилгаа гэж шилжүүлж, үлдэгдэл 55 000 000 төгрөгийг сар сард нь боломжоороо төлөхөөр тохиролцсон бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс уг байрандаа нүүн орж, гэр бүлийнхээ хамт одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд төлбөрийг 2018.05.19-2023.01.06-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулсан. Гэвч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй, шилжүүлж авахаар холбогдон уулзаж, утсаар болон мессэжээр, тэдгээрийн охиноор дамжуулан харилцах бүхий л боломжоор арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч үр дүнд хүрээгүй. Худ ургийн харилцаатай байсан учир итгэж, найдан гэрээгээ бичгээр байгуулалгүй бүх төлбөр мөнгийг төлж дууссан байтал байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн болоод түүний гэр бүлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, эсрдэлтэй нөхцөл байдалд хүргэж байгаа тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч “...Я.А*******, Г.С******* нарт мөнгөний хэрэг гарсан учир 2019 онд Э.В*******аас 25 000 000 төгрөг зээлж авсан байдаг. Зээлүүлсэн мөнгөнийхөө барьцаанд байранд чинь амьдрана гэсэн саналыг Э.В*******ийн зүгээс тавьсныг хариуцагч нар зөвшөөрч, бүрэн тавилгатай 3 өрөө байрандаа амьдруулж, сарын 1 350 000 төгрөгөөр түрээслээд ашиглалтын зардлыг нь өөрсдөө төлөөд сууж байгаахаар тохирсон байдаг. Тухайн үед Я.А*******, Г.С******* нарын охин нь Э.В*******ийн ах Э.Д*******тай үерхэж байсан учир энэ талаар ямар нэг бичгээр гэрээ хэлэлцээр байгуулаагүй, тухайн үедээ ойлголцоод явсан. Харин Э.В*******ийн зүгээс яг сар бүр түрээсийн мөнгө хийдэггүй, зарим сард өнжих, зарим сард бөөнөөр нь хийх гэх мэтээр байрны түрээсийн мөнгийг 2023 оны 01 сар хүртэл хийгээд үүнээс хойш түрээсийн мөнгө өгөлгүй байранд амьдарсаар байдаг. Нэхэмжлэлд дурьдсан шиг байрыг Э.В*******т худалдах талаар ямар нэг яриа хөөрөө болоогүй, хариуцагч нар энэ байрыг эхнээсээ бусдад худалдах хүсэл сонирхолгүй, түрээслүүлэн нэмэлт орлого олж амьжиргаандаа нэмэрлэх зорилготой байсан байдаг. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй.” гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч тал талуудын хооронд 2019 онд Үл хөдлөх эд хөрөнгө эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай 47 тоот хаягт байрлалтай 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийг 80 000 000 төгрөгөөр тохирч, урьдчилгаа төлбөрт 25 000 000 төгрөгийг төлж, орон сууцанд орж одоог хүртэл амьдарч байгаа талаар тайлбарласан.

4.2 Хариуцагч нар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, харин 25 000 000 төгрөгийг зээлж, уг мөнгөний барьцаанд орон сууцандаа амьдруулсан, зээлсэн мөнгөө өгнө гэж тайлбарласан.

5. Талууд 25 000 000 төгрөгийг хариуцагч нар авсан, түүнчлэн 2018.05.19-2023.01.06-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь 63 700 000 төгрөгийг хариуцагч Я.А*******, Г.С******* нарын дансанд шилжүүлсэн асуудлаар, түүнчлэн уг байранд нэхэмжлэгчийг амьдарч байгаа асуудлаар маргаангүй байна.

6. Харин талууд өөрсдийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөрүүтэй тайлбарлаж, нэхэмжлэгч дээрх байдлыг нотлох зорилгоор хэрэгт Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2024.12.19-ний өдрийн 5424 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, дансны хуулгуудыг ирүүлж, гэрчээр Э.Д*******, Т.С******* нарыг асуулгасан.

           6.1 Гэрч Э.Д******* мэдүүлэхдээ “Би Э.В*******ийн төрсөн ах, тухайн үед Я.А*******, Г.С******* нарын охин А.Атай гэр бүл байсан. Уг байрыг  худалдах худалдан авах яриа хийж, байрыг 80 000 000 төгрөгөөр зарна гээд урьдчилгаа 25 000 000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг сар бүх хувь лизингээр төлж дуусгахаар тохирсон. Бичгээр гэрээ хийгээгүй, охинтой нь би тухайн үедээ үерхэж байсан болохоор итгэлцээд явсан. Байраа 2018 онд зарна гэж байгаад,  2019 онд В*******т зарна гээд хувь лизинг хийгээд сар сардаа төлөхөөр тохирсон. Би урьдчилгаа төлбөрт өөрийн данснаас 7 500 000 төгрөгийг хийж, дуусгаж байсан” гэж, мөн хариуцагч Я.А******* эрүүгийн хэрэгт гаргасан гомдолд гэрчээр мэдүүлэхдээ “... Манай охин А аав манайх угаасаа шинэ байранд орох болохоор нөхрийн Д******* дүү болох В******* гэх залууд зарчих уу гэж 2019 онд хэлээд тэгээд хүргэний дүү болох В*******т байраа ямар нэгэн барьцаагүй хүүгүй байранд орчих гэж хэлээд эхний ээлжинд 25 000 000 төгрөг аваад сар бүр 500 000 төгрөг өгч дуусгаарай гэж хэлээд байрандаа оруулсан. Тэгээд хүргэний дүү В******* 2023 оны 01 сарын 06-ний өдөр мөнгөө өгч дуусаад надаас байрны ордероо шилжүүлж авья гэж хэлэхээр нь би 2024 оны 11, 12 сард ипотекийн зээл дуусна тэгэхээр нь би гаргаад өгч болно гэж хэлсэн...” гэж, хэрэгт авагдсан дансны хуулгуудаар нийт 43 удаагийн гүйлгээгээр 63 700 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

7. Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр “Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

7.1 Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулж, нотариатаар батлуулах хэлбэрийн шаардлага хангаагүй боловч нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг хариуцагчид бүрэн төлж барагдуулсан, түүнчлэн орон сууцыг өөрийн эзэмшилд авч амьдарч байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Э.В*******ийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

8. Гэрээний зүйл болох 47 тоот хаягт байрлалтай 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь хариуцагч Я.А*******, Г.С******* нарын өмчлөлд бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн лавлагаа болон гэрчилгээгээр тогтоогдож байна.

8.1 Харин хариуцагч нар нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж маргаж байх боловч энэ талаараа хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй байна.

9. Иймд нэхэмжлэгч Э.В******* нь худалдах худалдан авах гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлж, 47 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхтэй этгээд болсон байх тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.В*******ийг 47 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхийг хариуцагч Я.А*******, Г.С******* нарт даалгасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.А*******, Г.С******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 557 950  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.В*******т олгосугай.       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХЖАРГАЛ