2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 191/шш2025/09254

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У************** тоотод оршин суух, Их хойд овогт Л******* О******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ***************** тоотод оршин суух, Засагууд овогт Т******* А******* /РД:*******/,

Хариуцагч: ************* тоотод оршин суух, Гарам гүнтэн овогтой О******* Б******* /РД:*******/ нарт холбогдох

 

36,480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч Т.А*******, хариуцагч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н, гэрч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.О******* хариуцагч нартай 2024 оны 8-р сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 24,000,000 төгрөгийг 1 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн хугацаанд хариуцагч нар зээл төлөхгүй удааширсан. Хариуцагч нарын хариу тайлбарт өмнөх шүүхийн шийдвэрийн үлдсэн төлбөрийг зээлийн гэрээ байгуулж өгч байна гэдэг. Энэ нь үндэслэлгүй. 72,000,000 төгрөг гаргуулах шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэлээс дансыг хаасан учир, нэхэмжлэгчээс та данс нээхэд туслаач, зээл авах гээд байна гэж гуйгаад Л.О******* хувиараа бизнес эрхэлдэг, хүнд мөнгө алдаж үзсэн, хулхидуулж үзсэн хүний хувьд энэрэнгүй сэтгэл гаргаад 24,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулаад бэлнээр өгсөн. Дансны зөрчилгүй байсан бол шилжүүлж өгөх байсан. Нотариатын дэргэд бэлнээр тоолж өгөөд гэрээ хийсэн байдаг. Үндсэн зээл 24,000,000 төгрөг, хүү 480,000 төгрөг, алданги 0,5 хувь 12,000,000 төгрөг ийт 36,480,000 гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд шүүхэд эргэлзээ бүхий байдал үүсгэх тайлбаруудыг хэллээ. Гэхдээ бид нотлох үүднээс хөндлөнгийн гэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцууллаа. Яагаад дэмжсэн, ямар байдлаар хандсанаар талаар гэрч ярьсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дүгнэх хэрэгтэй, сөрөг нэхэмжлэл гаргахдаа 72,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрт 2023 оны 8-р сарын 02-ны өдөр 69,000,000 төгрөгийг бэлнээр аваад хаасан гэдэг үйл баримтыг нэхэмжлэгч гараараа бичээд хаасан байна. Үнэхээр 72,000,000 төгрөгийн үлдэгдэл байсан бол 3,500,000 төлсөн үлдсэн 69,000,000 төлбөр огт хийгдээгүйг хүлээн зөвшөөр ч байгаа гэсэн үг. Ийм л нөхцөл байдал байна. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийг иргэний хуулийн 56, 57-р талд зааж өгсөн. Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2023 оны 8-р сарын 02-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.А*******гаас хэллээ. Л.О******* болон түүний нөхөр н.Довжирдиваагийн дансанд өөрийн /500742/ данснаас 41,330,000 төгрөгийг төлсөн гэх асуудал яригдаж байна. 69,000,000 үлдэгдлээ л төлж байна түүнээс 24,000,000 төгрөгтэй холбоотой асуудал огт байхгүй. Хавтаст хэрэгт О.Б******* Т.А******* нарын 2025 оны 4-р сарын 03-ны өдөр гэсэн тайлбарт тухайн гэрээнд гарын үсэг зурсан боловч би аваагүй гэсэн, О.Б*******ын хувьд Т.А******* мөнгийг ашиглаагүй гэдэг. Дараагийн нэг асуудал нь хэрвээ 2023 оны 8-р сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэлд өр төлбөр барагдсан тул ажиллагааг хааж өгнө үү гэсэн хүсэлт бичигдээд нэхэмжлэгч яагаад өгөх болсон шалтгаанаа тайлбарласан. 24,000,000 төгрөгийг зээлбэл жижиг сажиг зүйлсээ зохицуулаад өгнө. Зээл авахад данс хаалттай байж болохгүй учир дансыг нээгээд мөнгө зээлээд танаас зээлсэн мөнгөө өгнө гэсэн байгаа. Та 72,000,000 төгрөгөөр баримтжуулахгүй яасан юм бэ гэхэд надад тийм бодол төрөөгүй гол нь н.Б өмгөөлөгч та нотолгоогоо сайн хийгээрэй, хохироод үлдвээ гэсэн болохоор нотариат орж зээлийн гэрээ хийсэн. 9-р сард 40,000,000 төгрөгөө өгсний дараа энэ гэрээг хийсэн бол хариуцагч нарын ярианд итгэж болно, гэтэл ямар ч төлөлт хийгдээгүй байхад дахин гэрээ хийсэн байхад хариуцагч нарын гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл болон тайлбар нь нотлогдохгүй байгаа учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн нэхэмжлэлийн хувьд зээлийн гэрээ байгуулагдсан, иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.А******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний гарган өгсөн баримтууд үнэн, 2024 оны 8-р сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, гэхдээ ямар ч бэлэн мөнгө хүлээж аваагүй үүднээс маргаан үүсэж байгаа. 2021 оноос эхэлсэн 72,000,000 төгрөгийн хэргээс болж тэр өдөр данс хаалттай байсан нь үнэн, гэрээнд гарын үсэг зурсан ч бэлэн мөнгө аваагүй дахин хэлмээр байна гэв.

Хариуцагч О.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 40,000,000 төгрөгтэй холбоотой хамгийн эхний маргааны өмнө, тухайн шүүхийн маргаан эцэслэгдээд, үлдэгдэл 24,000,000 төгрөгт нотариатын зарчмаар гэрээ байгуулсан. Гэхдээ гэрээ байгуулаад 24,000,000 төгрөгийн гэрээтэй холбоотой бэлэн мөнгө аваагүй гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагч О.Б*******ын өмгөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.О*******ээс хариуцагч О.Б******* нь 2021 оны 5-р сарын 16-ны өдөр 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн. Тухайн зээлтэй холбоотой маргааныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12-р сарын 19-ний өдрийн /5334/ дугаартай захирамжаар шийдвэрлэсэн. 2022 оны 11-р сард нэхэмжлэгч үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүү 12,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг нийт 72,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Тухайн нэхэмжлэлийг хариуцагч нараас хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн. Харин одоо яригдаж байгаа нэхэмжлэлийн шаардлага болох 24,000,000 төгрөгийг О.Б*******, Т.А******* нарын хэн аль нь хүлээж аваагүй бөгөөд тухайн өдрийн гэрээг үндэслэн мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй байгаа тул тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийгээ дэмжиж байна, хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбаруудыг үндэслээд талуудын хооронд нэг асуудал гарч ирж байгаа нь 2021 оны 5-р сарын 16-ны өдөр 40,000,000 төгрөг зээлсэн, үүнийг 72,000,000 төгрөг болгосон шүүхийн шийдвэр гарсан энэ хүрээнд маргаангүй. 2023 оны 8-р сарын 02-ны өдөр тухайн мөнгийг яаж төлөх вэ гэсэн асуудал яригдсан байна. Мэтгэлцээний явцад Л.О*******ээс 72,000,000 төгрөгөөс хэдэн төгрөгийн үлдэгдэл байгаа вэ гэхэд 24,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэсэн. Хариуцагч нарын хувьд 24,000,000 төгрөгийг бид аваагүй гэж байгаа. Л.А******* зээл аваад 45,000,000 төгрөгийг төлөөд, 24,000,000 төгрөгийг О.Б******* төлөхөөр тохирсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. 2023 оны 8-р сарын 02-ны өдөр Бид 2 нөгөө үлдсэн мөнгөндөө гэрээ байгуулъя, та бэлдчих үү гэж 12:05 минутад бичтэл Л.О*******ээс 12:05 минутад тэгээ хүрээд ир, би ажил дээрээ байна гэсэн байна, мөн 12:06 минутад Т.А******* за ойлголоо гэсэн байна, ингээд 17:49 минутад Т.А*******гаас амжуулсан шүү эгчээ баярлалаа гэсэн байна. Тэгэхээр талууд тохиролцоод явж байсныг нотолж байна. Хариуцагч нарын тайлбарыг илүү бодитой, үндэслэлтэй байна гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлгээр мөнгө тоолоогүй нь нотлогдлоо. 2021 оны 5-р сарын 16-ны өдөр 40,000,000 төгрөг зээлэхдээ /бараа материалын үнэ/ гээд шилжүүлдэг юм байна лээ баримт нь байгаа. Тэр хүмүүсийн хооронд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, маргаантай байгаа цаг хугацаанд яагааг бэлнээр өгөх асуудал болов гэдэг нь сонирхол татаж байна. Иргэний хуулийн 281.1, 282.4 дэх заалтад тодорхой зааж өгсөн байгаа. Нотариатаар орох, нотариатаар гэрчлүүлэх нь хэлбэрийн л асуудал, тэгэхээр бид Иргэний хуулийн 56.1, 56.1.2 дох хэсэгт заасныг үндэслэж байна. Нэхэмжлэгчийн хувьд мөнгө шилжүүлсэн байж буцаан шаардах асуудал яригдах нь зүйтэй. Мөнгө шилжүүлсэн нь нотлогдохгүй хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа учир хууль зүйн үндэслэлгүй үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.08.02 Зээлийн гэрээ,

 

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.12.19№/ШШ2022/05334 захирамж, Т.А*******гийн эзэмшдэг дансны хуулга, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.02.01№/ШШ2023/03444 захирамж, 101/ГХ2023/00324 гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол 2023.02.07№23260364, төлбөр төлөгдсөнөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хүссэн Л.О*******ээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцтгэх газарт гаргасан 2023.08.02 хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол 2023.08.03№23/8/839,

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн баримт: талуудын хооронд вайбераар харилцсан зурваст 2025.09.18 өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Т.Мийн иргэний үнэмлэхийн хуулбар,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Л.О******* нь хариуцагч Т.А*******, О.Б******* нарт холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт, 36,480,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нь 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж талууд маргаж байна.

3. Талууд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч Л.О******* нь зээлдэгч О.Б*******, Т.А******* нарт 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, 24,000,000 төгрөгийг 1 сард 1 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байх ба гэрээний 3.4-т бэлнээр 2023-08-02 өдөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн. Мөнгө хүлээн авсан 20000*800, 10000*500, 5000*600, нийт 24,000,000 төгрөгийг гэрээ хийх үед бэлнээр бүрэн хүлээн авлаа хэмээн тусгаж, зээлдэгч нар гарын үсэг зурсан байна.

4. Хариуцагч нар нь Зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэх тухайн үед мөнгийг бэлнээр өгөөгүй гэж маргасан бөгөөд нийслэлийн тойргийн 264 дугаартай нотариатч Т.Мийг шүүх хуралдаанд гэрчээр асуулгасан. Гэрч Т.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ, зээлдүүлэгч ба зээлдэгч нар мөнгө авсан талаараа үгүйсгээгүй, харин мөнгөн дэвсгэрт хэдэн төгрөг болж багйаа талаар нотариатчид хэлсэн, улмаар хэлсэн дэвгэртийн тоо ба мөнгөн дүнг гэрээнд нотаритач тусгаж гэрээг гэрчилсэн болохоо тайлбарласан. Мөнгөн дэвсгэрт ба мөнгөн дүнг нотариатчид хариуцагч Т.А******* хэлсэн болохоо шүүх хуралдаанд тайлбарласан. Иймд гэрээ байгуулах үед мөнгө хүлээлцээгүй гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.1.-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги. гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байх тул үндсэн зээл 24,000,000 төгрөг, хүү 480,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

6. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 72,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн ба уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг нэхэмжлэгч Л.О*******ээр бичүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, улмаар уг төлбөрийн үлдэгдэлд тооцож 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан, мөнгө бодитоор аваагүй гэх тайлбар нотлогдоогүй.

7. Тодруулбал, хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.08.03№23/8/839 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол-ыг илт хууль бус, хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй, төлбөр авагч Л.О******* төлбөр авч дуусгавар болсон хэмээн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгах хүсэлтийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан байх тул шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 72,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлд тооцож зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбараа хариуцагч нотлоогүй.

8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж зааснаар, зохигч талуудаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.2-т тус тус заасныг баримтлан, хариуцагч О.Б*******, Т.А******* нараас 36,480,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О*******т олгож, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус улсын тэмдэгтийн хураамжид зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 340,350, хариуцагчаас төлсөн 277,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б*******, Т.А******* нахаас улсын тэмдэгтийн хураамж 340,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.О*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА