| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/08130/И |
| Дугаар | 192/ШШ2026/01724 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2026/01724
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Ц-т холбогдох,
Батлан даалтын гэрээний үүрэгт 32 538 611.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С*******,
хариуцагчийн төлөөлөгч С.О*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ХК хариуцагч Ц.Н*******т холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 32 538 611.46 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б******* ХХК нь Х*******,*******аас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр №ҮҮДЗГ1201/190315 тоот зээлийн гэрээг байгуулан 50 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.08 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн батлан даагч иргэн Ц.Н******* нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №ЗБДГ1201/190322 тоот зээлийн батлан даалтын гэрээг байгуулж зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээхээр тохирлцсон. Зээлдэгч Б******* ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй. 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 181/ШШ2022/01681 тоот шүүхийн шийдвэрээр зээлдэгч Б******* ХХК-аас 65 524 376 төгрөгийг гаргуулж х*******анд олгуулахаар шийдвэрлэсэн. Батлан даагч Л.Ч******* нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр 32 985 764.54 төгрөгийг №ЗБДГ1201/190322 тоот зээлийн батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн гүйцэтгэсэн болно. Б******* ХХК-ийн авсан зээлийн үлдэгдэл төлбөр болох 32 538 611.46 төгрөгийг №ЗБДГ1201/190322 тоот зээлийн батлан даалтын гэрээний 4.2.1-т зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээх, Иргэний хуулийн 460 дугаар зүйл 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэсэн заалтыг үндэслэн батлан даагч Ц.Н*******ээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, төлөгдөөгүй зээлийн өр төлбөрийг төлүүлэхээр энэхүү нэхэмжлэл гаргаж байна. Б******* ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр №ҮҮДЗГ1201/190315 тоот зээлийн гэрээний үүрэгт 32 538 611.46 төгрөгийг №ЗБДГ1201/190322 тоот зээлийн батлан даалтын гэрээний дагуу Ц.Н*******ээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ц. Н*******ээс дээрх мөнгөн төлбөрийн үүргийг даалгаж шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анх Б******* ХХК-ийг 2018 онд байгуулж, хувьцаа эзэмшигчээр Э.А нь бүртгүүлсэн байдаг. Э.А нь Шарк танк нэвтрүүлэгт орж, улмаар уг зээлийг авсан байдаг бөгөөд зээлийн гэрээг 2019.03.15-ны өдөр байгуулж, зээл авсан байдаг. Харин уг гэрээний дагуу 2019.03.22-ны өдөр зээлийн батлан даалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээг Ц.Н*******, Л.Ч******* нартай байгуулсан байдаг. Хэрэгт уг зээлийн зарцуулалтын талаар ямарч мэдээлэл байхгүй. Нэхэмжлэгч банк нь Б******* ХХК-аас зээлийн төлбөрийг шаардаж, хүчинтөгөлдөр шийдвэр гарч, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байдаг бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлд хамаарах тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Б******* ХХК-ийн захирал Э.А нь Монгол Улсын хилээр гарч явсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байсан ба одоо энэ хүн нь буцаад ирсэн гэсэн лавлагаа ирсэн байхад уг ажиллагааг сэргээхгүй байгаа нь тодорхойгүй байхад дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт ХХБ ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.03.15-ны өдрийн №ҮҮДЗГ1201/190315 Зээлийн гэрээ, 2019.03.22-ны өдрийн №ЗБДГ1201/190322 Зээлийн батлан даалтын гэрээ, 2025.10.21-ний өдрийн итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.03-ны өдрийн 181/ШШ2022/01681 дугаар шийдвэр, зэргийг ирүүлсэн./хх-ийн 2-12, 37-41/
4. Хариуцагчаас хэрэгт 2025.08.27-ны өдрийн итгэмжлэлийг ирүүлсэн. /хх-ийн 15/
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б******* ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудыг, хариуцагчийн хүсэлтээр Э.Аийн лавлагааг Хил хамгаалах газраас гаргуулж, хэрэгт тус тус хавсаргасан./хх-ийн 69-102/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 460 дугаар зүйл 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэсэн заалтыг үндэслэн батлан даагч Ц.Н*******ээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, төлөгдөөгүй зээлийн өр төлбөрийг төлүүлэхээр энэхүү нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн төлбөр шаардсан хүчин төгөлдөр шийдвэртэй, уг ажиллагаа дуусгавар болоогүй байхад нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Х******* ХК болон Б******* ХХК нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр №ҮҮДЗГ1201/190315 тоот зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр 50 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.08 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлж, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна.
4.2 Харин зээлдэгч Б******* ХХК нь зээлийн төлбөрийг төлөөгүйгээс маргаан үүсэж, улмаар Х******* ХК нь Б******* ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, улмаар 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 181/ШШ2022/01681 тоот шүүхийн шийдвэрээр зээлдэгч Б******* ХХК-аас 65 524 376 төгрөгийг гаргуулж, Х*******анд олгуулахаар шийдвэрлэсэн байна.
4.3 Дээрх шийдвэрийн дагуу 2022.10.13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, улмаар ажиллагаа явагдаж байгаад 2024.01.16-ны өдрийн 14/1 дугаар тогтоолоор Б******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.А нь Монгол Улсын хилээр гарсан холбогдох байгууллагын лавлагаагаар тогтоогдсон үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
4.4 Түүнчлэн дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед буюу 2023 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр батлан даагч Л.Ч******* нь 32 985 764.54 төгрөгийг төлж, №ЗБДГ1201/190322 тоот зээлийн батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн талаар нэхэмжлэгч тайлбар гаргасан.
5. Х******* ХК, Б******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр №ҮҮДЗГ1201/190315 тоот зээлийн гэрээний баталгаа болгож, Х******* ХК, Ц.Н******* нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №ЗБДГ1201/190322 тоот зээлийн батлан даалтын гэрээг байгуулж, үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хүлээхээр тохиролцжээ. /хх-ийн 10-12/
5.1 Зохигчид батлан даалтын гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй ба тус гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
5.2 Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгээгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг.
6. Хариуцагчийн ...Зээлийн гэрээг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөд зээлдэгч нь Монгол улсад ирсэн байгаа. гэх татгалзал дараах үндэслэлгүй байна.
6.1 Батлан даалтын гэрээ байгуулснаас хойш үүрэг гүйцэтгэгч оршин суугаа /оршин байгаа/ газраа өөрчилсний улмаас түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардахад хүндрэлтэй болсноос үүсэх эрсдэлээс хамгаалах зорилгоор батлан даагч үүргээсээ татгалзах тохиолдолыг Иргэний хуулийн 464 дүгээр зүйлээр зохицуулсан бөгөөд энэ зохицуулалт нь батлан даалтын гэрээний үндсэн дээр үүсэхгүй, харин үндсэн үүрэг гүйцэтгэгч ба батлан даагчийн хоорондын дотоод харилцаанд хамаарна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргах татгалзал биш юм.
6.2 Батлан даалтын гэрээний 2.1, 2.2, 5.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс, түүнчлэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах, хангуулах эрхтэй. Үүргээ гүйцэтгээгүй гэдгийг гэрээнд заасан хугацаа өнгөрсөнг ойлгох бөгөөд үүргээ гүйцэтгэж чадах эсэхийг нотлохгүйгээр батлан даагчаас шаардах эрхтэй. гэх тохиролцооноос дүгнэхэд батлан даагчийн хариуцлага нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан нөхөх хариуцлага биш, үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан байна.
6.3 Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүргийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Х******* ХК нь хариуцагч Ц.Н*******ээс батлан даалтын гэрээний үүрэг шаардах эрхтэй.
7. Нөгөөтэйгүүр, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 181/ШШ2022/01681 тоот шүүхийн шийдвэрээр зээлдэгч Б******* ХХК-аас 65 524 376 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр гарсан нь батлан даалтын гэрээний үүрэг шаардахад саад болохгүй гэж шүүх үзлээ.
8. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Н*******ээс батлан даалтын гэрээний үүрэгт 32 538 611.46 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 643 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 320 643 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ