Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/61

 

 

 

 

2025 оны 12 сарын 03 өдөр                                                 Дугаар 2025/ДШМ/61                                                    Даланзадгад сум

 

 

 

Б.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор Б.Арсланбаатар,

Шүүгдэгч Б.******* /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуугийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.*******д холбогдох 2528000000009 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймаг ******* сум ******* ******* суурьшлын бүсэд Н.*******тай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, зүрх, үнхэлцэг хальс, уушги руу нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учруулж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******гаас гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн төлбөр, оршуулгын зардалд нийт 52,592,993 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.*******д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжлэлээс 85,146,600 /наян таван сая нэг зуун дөчин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Хараа гэх бичигтэй тунгалаг өнгийн шилний хагархай хэсэг, бор өнгийн 13,5 сантиметр урттай, ажлын хэсэг нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирдсон хутга, хар өнгийн урагдаж тасарсан цамцны юүдэн, малгайтай цамцыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******гаас гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн төлбөр, оршуулгын зардалд 52,592,993 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, харин гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хохирлоос 85.146.600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* нь оршуулгын зардалд 22.239.593 төгрөг, мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 115.500.000 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэг “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно”

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.”

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31- ний өдрийн А/268, Л/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хун нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэж заасныг тус тус үндэслэж нэхэмжлэл гаргасан.

Гэтэл шүүхээс зөвхөн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 784 тоот дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу гэмт хэрэг гарсан цаг хугацаанд дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 30,353,400 төгрөгөөр тогтоосон нь шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс бидний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон дээрх хуулийн заалт болон холбогдох журмуудын дурдсан заалтуудыг яагаад хэрэглэхгүй байгаагаа тодорхой дурдаагүй байна.

Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.******* нас барсан бөгөөд энэ тохиолдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу гэр бүлийн гишүүн Л.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговрын хэмжээг тооцон гаргахдаа Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтыг хэрэглэх ёстой.

Иргэний хуулийн 511.5-д заасан аргачлалаар тооцож үзэхэд Н.******* нь 1992 онд төрсөн амь хохирох үедээ 32 настай байсан байна. Статистикийн үндэсний хорооны сайт буюу нийтэд илэрхий мэдээлэл болон өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар 2024 оны Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 67 байх ба үүнийг хохирогчийн 32 насыг хасаж тооцвол зөрүү 35 гарч байна. Энэ 35 насны зөрүүг тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн дүн болох 3,300,000 төгрөгөөр үржүүлэн тооцоход 115,500,000 төгрөг болж байгаа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний үнийн дүнгээс илүү өндөр байгаа тул 115,500,000 төгрөгийг нэхэмжилсэн болно.

Иймд анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт нэхэмжилсэн нэхэмжлэлээс 85,146,600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 115,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Прокурор Б.Арсланбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл санааны шинжүүд хүнд түвшинд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэлд хамааран цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байдаг.

          Шүүгч сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг төлүүлэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн нийт хурлын 25 дугаар тогтоолоор баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай тогтоолын 3 дугаар зүйлийн зүйлд нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим, аргачлалын 3.1, 3.8-д заасан үндэслэлээр нөхөн төлбөрийг тогтоож шийдвэрлэсэн.

          Мөн Хөдөлмөрийн нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөгөөр шинэчлэн тогтоосныг баримталсан байдаг. Шүүх нөхөн төлбөрийг тогтоохдоо дээрх аргачлал, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэртэй байдал, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн сэтгэл шаналал, хохирогчид учирсан сөрөг нөлөө, үр дагавар, цаашид сэтгэц болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тухайн цаг хугацаанд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45,99%-аар дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож 30,353,400 төгрөгийг шүүгдэгч Б.*******гаас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

          Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн удаа дараагийн шийдвэрүүд дээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан журмаар сэтгэл санааны хохирлыг тооцох ёстой гэсэн байдлаар тайлбарлаж байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарч байх үед шүүгчийн зүгээс сэтгэл санааны хохирлын 3 дугаар зэрэглэлийг энэ аргачлалаар бодно гээд аргачлалаар бодож байгаа нь Улсын дээд шүүхээс удаа дараагийн гаргасан шийдвэр болон тайлбар зөвлөмжүүдэд үндэслэсэн шийдвэр байсан.

          Анхан шатны шүүхийн зүгээс бүрэн дүүрэн дүгнэлт өгч чадсан гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

          Хохирогч талын давж заалдах гомдолд дурдаад байгаа бусдыг алахыг завдсан үйлдэл гэдэг нь хэзээ эхэлж, хэзээ төгсөж байгаа вэ гэдэг дээр бид нар нарийн тодорхой дүгнэлт хийх ёстой. Хэрвээ хохирогч нас барсан үйлдлээс хойш хийгдэж байгаа үйлдлийг тусдаа бие даасан гэмт хэрэг гэж үзэх юм бол хяналт, шалгалт болон мөрдөн шалгах ажиллагаа, гомдол саналын асуудал тусдаа бие даасан хэлбэрээр явагдах ёстой. Энэ талаар прокурор анхаарах ёстой байх гэж бодож байна. Хохирогч талд хохирол төлбөр төлж чадаагүй шалтгааныг нь үйлчлүүлэгчээсээ асуухад ажлаа хийж чадахгүй байсан учраас төлж чадсангүй гэдэг гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 12 сард хэрэг үйлдсэнээс хойш 3 хоног саатуулагдаад сулласнаас хойш 10 сар сул чөлөөтэй байсан. Анхан шатны хурал дээр хохирол төлбөр барагдуулна гэдэг.

          Анх улсын яллагчаас хаалттай хорих ангид 12 жилийн ял эдлүүлэхээр санал оруулж ирсэн. Бид нар нэгэнт ийм юм болж байгаа юм чинь үлдэж байгаа үр хүүхдийг нь бодоод нээлттэй хорих ангид байлгах, ажил төрөл хийгээд хохирол төлбөрөө барагдуулахад нэмэртэй байна гэж ойлгоод нээлттэй болгож өгнө үү гэдэг саналыг хүртэл гаргаж байсан. Ядаж оршуулгын зардлыг нь ч гэсэн гаргаад өгөх юм болов уу гэсэн боловч өгөөгүй.

          Оршуулгын зардал нь 10 гаруй сая төгрөг болсон. Сэтгэцэд учирсан гэм хор буюу хүний амийг 30,000,000 төгрөгөөр үнэлж байна гэж би ойлгосон. Тийм учраас үнэхээр гомдолтой байна. Нэг ч удаа хүн ёсоор уучлалт гуйж ирсэнгүй.

          Ар гэр боломжгүй, мөнгө төгрөг байхгүй гэсэн зүйлийг өмгөөлөгчөөрөө дамжуулж хэлсэн гэж би ойлгосон. Тэгээд сул чөлөөтэй байхдаа ажил хийгээд оршуулгын зардал төлчих боломж нь байсан гэж үзэж байгаа.

          Гэмшээд үлдэж байгаа үр хүүхэд, ар гэр, хөгшин настай эцэг, эхэд нь тусламж, дэмжлэг үзүүлье гээд хандсан зүйл байхгүй. Энэ хүн ялаа эдлээд явна гэж байгаа бол анхан шатны шүүхээс өгсөн ял дээр нь ч гэсэн гомдолтой байна. Нэг ч удаа уучлалт гуйж, эмнэлэг л илэрхийлэхгүй, хүн ёсоор хандаагүй хүнд тэр өгөх ёстой ялын хамгийн хүнд хэлбэрээр нь тулгаад явуулах ёстой гэж бодож байна.

          Тухайн үед манай дүүг хутгалж унагаачхаад нөгөө хэдийг нь ч гэсэн алах гээд дайрсан байдаг. Нөгөө хэд нь сандал, ширээ барьж байж, зарим нэг нь хойноос нь гүйж гараад буцаж орж татаж унагааж байж амьд гарцгаасан. Бусад хүмүүсийг ч гэсэн алах гэж байсан.

          Манай дүү найзыгаа хэрэг хийчих вий гээд урдаас нь яваад очиход хутгалаад уначихсан. Тэгэхээр  өөрийгөө ойлгохгүй, гэмшихгүй, ухаарахгүй байгаа хүн энэ 30,000,000 төгрөгийн төлбөрөө барагдуулчхаад 12 жил сууж гарч ирээд дахиад хүмүүжээд явах уу. Ахиад ч ийм аюул учруулаад хүний амь бүрэлгээд явчих магадлалтай учраас хохирогчийн ар гэрийн зүгээс үнэхээр их гомдолтой байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

Гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүх аргачлалыг барьж хуульд дурдсан заалтуудыг хэрэглэхгүй орхиж байгаа нь ойлгомжгүй байна. Улсын дээд шүүхээс сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой асуудлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар аль ашигтай хувилбараар нь шийдээд явж байгааг бид бүгдээрээ харж байгаа. Аргачлалын дагуу тухайн зэрэглэл, дүгнэлт нь хохирогчид сэтгэл санааны хохирол учирсан юм байна гэдгийг тогтоосон байдаг. Дотор нь заасан 1,2,3,4 гэсэн зэрэглэлийг хүн нас барсан тохиолдолд хэрэглэхгүй байж болно гэж Улсын дээд шүүх тайлбарлан хэрэглээд явж байгаа. Тэгэхээр бид нар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д , анхан шатны шүүхийн үндэслэл болгоод байгаа Улсын дээд шүүхийн 25 дугаартай тогтоолын 3.3, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын тушаалын журмын 2.5-д заасан аргачлалд дурдсаны дагуу аль ашигтайгаар буюу 115,500,000 төгрөгөөр тогтоох нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Бид нар дундаж наслалттай холбоотой статистикийг гаргахад 2024 онд өгсөн албан бичгийг үндэслэж нэхэмжлэл гаргасан. 2024 онд өгсөн нэхэмжлэлийг агуулгаар нь харахаар 2024 онд бид нарт хариу өгөхдөө 2023 оны дундаж наслалтын статистикийг өгчихсөн байдаг. Тийм учраас давж заалдах шатны шүүхийн хурлын өмнө шуудангаар Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн статистикийн бичгийг хүргүүлсэн. Энэ дээр 2024 оны монгол хүний дундаж наслалтын статистикийг хавсаргасан. Тэгэхээр тодорхой насыг насалсан хүний цаашид амьдрах жилийг эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаж гаргасан. Ингээд 2024 оны байдлаар монгол эрэгтэй хүний дундаж наслалт 67-оос 69 болж өссөн нь харагдаж байна. Өмнө нь бид нар 67-оор тооцож 115,500,000 төгрөг нэхэмжилж байсан боловч 2024 онд талийгаач нас барж, гэмт хэрэг үйлдэгдсэн учраас 2024 оны дундаж наслалт 69 болж өссөнтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа 122,100,000 төгрөг болгож өсгөсөн.

Гэтэл Б.******* гэдэг хүн хүний урамд уучлалт гуйсангүй. Нэг ч удаа уулзсангүй. Ард нь үлдэж байгаа эхнэр, хүүхдүүдэд нь тус дэм болсонгүй. Нэг ч төгрөгийн хохирол төлбөр төлсөнгүй. Бид нар анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл хүлээцтэй хандаад хохирол төлбөр төлөх юм болов уу, уулзах юм болов уу, уучлалт гуйх юм болов уу? гээд хүлээсэн.

Б.******* гэдэг хүний үйлдэл ганцхан талийгаач н.*******аар тогтохгүй. Яг үнэндээ энэ хэрэг маргааныг уншаад үзэхэд хавтаст хэргийн 69-өөс 73 дугаар хуудсанд авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг харахад тэр гэрт байсан бүх хүмүүсийг алах, амь насыг нь хохироох санаа зорилготой дайраад байгаа гэдэг асуудлыг тавьж байгаа.

Амь хохирогч н.*******ын амь насыг нь хохироохоос гадна бусад хүмүүсийн амь насыг хохироохыг завдсан үйлдэл байна гэдэг асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр бусад хүмүүсийн амь насыг хохироохыг завдсан үйлдэлдээ энэ хүн чинь эрүүгийн хариуцлага хүлээдэггүй юм уу? Хүнийг алахыг завдах гэмт хэрэг Эрүүгийн хуульд зааснаар 10.1-ээр завдах гэмт хэрэг үйлдэх давхар зүйлчлэх асуудал байгаа гэдгийг бид нар ярилцаж байгаа учраас давж заалдах шатны шүүх энэ талаас нь хараад үнэхээр энэ хүний үйлдэл бусад хүмүүсийн эсрэг чиглэсэн хүний амь насыг алахыг, хохироохыг завдах, хүнийг алах гэмт хэргийг завдах үйлдэл дээр нь үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзвэл 60 хоногоор хэргийг завсарлуулах, шүүх хуралдаан завсарлуулж эрүүгийн хэргийг зүйлчлэлийг хүндрүүлэх байдлаар анхан шатны шүүх нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл байгаа учраас энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Б.*******гийн бусад хүмүүсийг алахыг завдсан энэ үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөх үүднээс шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч Б.*******г 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймаг ******* сум ******* ******* суурьшлын бүсэд Н.*******тай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, зүрх, үнхэлцэг хальс, уушги руу нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учруулж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь шүүгдэгч Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******д 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.*******гаас гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн төлбөр, оршуулгын зардалд нийт 52,592,993 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.*******д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжлэлээс 85,146,600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу эс зөвшөөрч сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 115,500,000 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах агуулгаар давж заалдах гомдлыг гаргажээ.

         

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлтийг хийж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******гийн амь хохирогч Н.*******ын амь насыг хохироосон гэм буруутай үйлдлийг нотлон тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Шүүх шүүгдэгч Б.*******г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу хүний амь нас хохирсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.*******ын сэтгэцэд учирсан хор уршигт 115,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 784 дугаартай шинжээчийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ” “Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын Дээд шүүхийн нийт хурлын 25 дугаар тогтоолоор баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4 дэх хэсэгт зааснаар “дөрөвдүгээр зэрэглэлд” хохирогчийн биед учирсан гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг бүхий сэтгэцийн хор уршиг учирсан тохиолдолд “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлж буюу 660,000 төгрөгийг 45.99-өөр үржүүлж 30,353,400 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.*******д олгож, 85,146,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх шаардлагатай байна.

 

Учир нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх аргачлал, төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба энэ аргачлалын 3.3-т хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор заасан.

Амь хохирогчийн эхнэр болох Л.*******ын сэтгэцэд “дөрөвдүгээр зэрэглэл”-ийн гэм хор учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх боловч энэ гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг зэрэглэлээр тооцож нөхөн төлбөрийг гаргуулах нь хуульд нийцэхгүй бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид аль ашигтай байдлаар шүүхээс тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч  Ч.Баднайнямбуу “Өмнө нь бид нар 67 насаар тооцож 115,500,000 төгрөг нэхэмжилж байсан боловч 2024 онд талийгаач нас барж, гэмт хэрэг үйлдэгдсэн учраас 2024 оны дундаж наслалт 69 болж өссөнтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа 122,100,000 төгрөг болгож өсгөсөн.” гэх тайлбарыг гаргаж нотлох баримтаар Монгол улсын үндэсний статистикийн хорооны 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07/821 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичгийн хавсралтад “Монгол улсын иргэдийн дундаж наслалтын 2024 оны мэдээллийн дагуу хүснэгтээр тогтоосон тодорхой насыг насалсан хүний цаашид амьдрах хугацааг 2024 онд 67.9 жил гэжээ.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхээс хохирогчид аль ашигтайгаар тогтоон амь хохирогч нь гэмт хэрэг гарахад 32 настай байсан ба хүн амын дундаж наслалтын зөрүү нь 35 байх тул насны зөрүүг гэмт хэрэг үйлдэгдсэн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр үржүүлж тооцон олгохоор шийдвэрлэв.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуугийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол төлбөртэй холбоотой давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Б.*******гаас 35×660,000×5=115,500,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******ын олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, илүү нэхэмжилсэн (122,100,000-115,500,000) 6,600,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуугийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсгийн ... шүүгдэгч Б.*******гаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөр, оршуулгын зардалд нийт 52,592,993 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.*******д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжлэлээс 85,146,600 /наян таван сая нэг зуун дөчин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “шүүгдэгч Б.*******гаас оршуулгын зардалд 22,239,593 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 115,500,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.*******д олгосугай.” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуугийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДЭЛГЭРМАА

 

                                  ШҮҮГЧИД                                      Л.УГТАХБАЯР

 

                                                                                         Х.ГЭРЭЛМАА