| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/10703/И |
| Дугаар | 192/ШШ2026/01994 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2026/01994
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.О,
Хариуцагч: М.М нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 88 027 986.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Н*******,
хариуцагч Д.О*******, өмгөөлөгч Б.М*******,
хариуцагч М.Н*******, өмгөөлөгч У.Х*******,
нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 10 сарын 20-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ХК хариуцагч Д.О*******, М.Н******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 88 027 986,36 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгч Х******* ХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.О*******, М.Н******* нар нь Хас Банк ХК-тай 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1090055971 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 112,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар амины орон сууц барих зориулалтаар авсан. Банк нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Д.О*******ийн ХасБанкан дахь 5005******* дугаартай харилцах дансанд 41,976,980 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 28,009,208 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 42,013,812 төгрөг, нийт 112,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. 1090055971 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1090055971-01 дугаартай Барьцааны гэрээ байгуулан Улаанбаатар хот, --хаягт байршилтай ГД-00001******* тоот гэрчилгээний дугаартай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Э- 2203 дугаартай, НДТ-1462******* нэг талбарын дугаартай, 700 м.кв талбайтай иргэний эзэмшлийн газар, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1090055971-02 дугаартай Ипотекийн гэрээ байгуулан ГД-0009 тоот гэрчилгээний дугаартай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай, 2022 онд ашиглалтанд орсон, 70.04 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1090055971-03 Ипотекийн гэрээ байгуулан 4160 тоот хаягт байршилтай ГД- 00100 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2203 дугаартай 2022 онд ашиглалтанд орсон, 73.5 м.кв талбайтай хувийн сууц зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 28,684,920.75 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 19,745,535.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 82,350.89 төгрөг буюу нийт 48,512,807.40 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар нь 1090055971 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс зөрчиж, 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдрөөс огт төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 230 хоног хэтрүүлээд байна. Нэхэмжлэгч нь зээлдэгч нартай утсаар ярьж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг амаар шаардаж, бичгээр мэдэгдэж байсан боловч үүргийн зөрчлийг арилгаж төлбөр төлөх үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1090055971 дугаартай Зээлийн гэрээний дагуу, 2025 оны 10 сарын 17-ны өдрөөр тасалбар болгон Банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 83,315,079.25 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх хүү болох 4,667,463.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 45,444.04 төгрөг, нийт 88,027,986.36 төгрөгийг хариуцагч Д.О*******, М.Н******* нараас гаргуулж, мөн барьцаа хөрөнгөөс үүргийг хангуулж өгнө үү. Хариуцагч Д.О*******ийн тайлбараас зээлийн төлбөрийг тус бүрт нь хариуцуулан нэхэмжлэх боломжгүй бөгөөд бид 2 хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулахаар шаардсан гэв.
2. Хариуцагч Д.О******* болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь М.Н*******ын хамт зусланд цэвэр агаарт нялх хүүхдүүдээ эмээ, өвөөтэй нь ойртуулж гаргая гэсэн зорилгын үүднээс Сэлхийн зусланд амины орон сууц бариулах 112 сая төгрөгний зээлийг Хасбанкнаас 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хамтран авсан. М.Н******* нь үүнээс төд удалгүй 2022 оны 3 дугаар сараас хүүхдүүд, бид гурвыг хаяж яван гэртээ ч амьдрахаа больсон ба гэр бүлдээ туслахгүй, эхийнхээ үүргийг гүйцэтгэхгүй, гэр бүлдээ туслахаа больсон. М.Н******* нь тус зээлийг төлөхөд огт нэмэр болохгүйгээр үл барам 2023 оны 3 дугаар сард гэрлэлт цуцлуулах өргөдлөө шүүхэд өгч зээлийг төлөхөд дэмжлэг үзүүлэхгүй зугтах болсон. Миний бие нь өөрийн цалингийн орлогоор тус зээлийг ганцаар төлж байсан ба өнөөг хүртэл 48 512 807.40 төгрөгийг төлөөд байна. Энэхүү төлбөрийн 50 хувь буюу 24 256 403.5 төгрөгийг хамтран зээлдэгч М.Н******* нь хариуцах учиртай. М.Н******* нь зээлийг төлөхөд оролцохгүй санаа зовохгүй байгаагаас гадна Зээлийн барьцаанд байгаа /гэрчилгээний дугаар 0009, Улсын бүртгэлийн дугаар Ү2206/ 70.0 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшин бусдад түрээслэж түрээсийг орлогыг ашиглаж байгаа болно. Х*******наас зээлсэн үндсэн зээл 112 сая төгрөг, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 136 539 986 төгрөгийг төлөхөөр байна. Уг 136 539 986 төгрөгөөс 50 хувь буюу 68 269 993 төгрөгийг миний бие төлөх хариуцлага хүлээнэ. Иймээс, Х*******ны нэхэмжилсэн 88 027 986.36 төгрөгөөс өөрт ногдох 19 757 186 төгрөгийг миний бие төлөхөд бэлэн байна. Харин уг төлбөрөөс үлдэх 68 270 800 төгрөгийг М.Н*******аас гаргуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэв.
3. Хариуцагч М.Н******* болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зээлийг аваад 3 жил болж байна. Би хамтран зээлдэгчээр орсон. 2 хүүхдээ би өөрөө хараад явж байгаа. Энэ хүний хувьд зээлээ төлөх бүрэн боломжтой. Энэ хүн намайг эрүүгийн ялтан болгосон. Хариуцагч Д.О*******ийн зээлийн төлбөрт 68 270 800 төгрөгийг М.Н******* надаас гаргуул гэж тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээнд бол Д.О******* өөрөө үндсэн зээлдэгчээр орсон байгаа. Мөн нэхэмжлэлийн хуввд 2 хариуцагчийн хэнээс хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс хэрэгт итгэмжлэл, зээлийн өргөдөл, зээлийн шийдвэр, зээл олголтын зөвшөөрөл, 2022.08.02-ны өдрийн №1090055971 зээлийн гэрээ, нэмэлт гэрээ, 2022.08.02-ны өдрийн №1090055971-01 Барьцааны гэрээ, №1090055971-02 Ипотекийн гэрээ, 2022.09.15-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2022.09.15-ны өдрийн №1090055971-03 Ипотекийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х******* ХК-ийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2019.05.25-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, харилцагчийн анкет, 2022.08.2-ны өдрийн Хувийн сууц барих захиалгын гэрээ, Д.О*******ийн дансны хуулга, Д.О*******ийн өргөдөл, зээл тооцооллын хүснэгт зэргийг ирүүлсэн./хх-ийн 5-60/
5. Хариуцагч Д.О*******ээс хэрэгт хариу тайлбарыг ирүүлсэн. /хх-ийн 82/
6. Хариуцагч М.Н*******аас 2025.09.17-ны өдрийн шүүгчийн захирамж, 2025.12.16-ны өдрийн итгэмжлэл зэргийг ирүүлсэн./хх-ийн 75-77, 87/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хас Банк ХК-тай 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1090055971 дугаартай Зээлийн гэрээний үүргээ 2025 оны 03 сарын 01-ний өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 05 сарын 29-ний өдрөөс зээлийн төлбөрөө огт төлөөгүй тул гэрээг цуцалж, үндсэн зээл 83 315 079.25 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх хүү болох 4 667 463.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 45 444.04 төгрөг, нийт 88 027 986.36 төгрөгийг хариуцагч Д.О*******, М.Н******* нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийг хангуулж өгнө үү.” гэж тайлбарласан.
3. Хариуцагч Д.О******* “...М.Н******* нь тус зээлийг төлөхөд огт нэмэр болохгүйгээр үл барам 2023 оны 3 дугаар сард гэрлэлт цуцлуулах өргөдлөө шүүхэд өгч зээлийг төлөхөд дэмжлэг үзүүлэхгүй зугтах болсон. Миний бие нь өөрийн цалингийн орлогоор тус зээлийг ганцаар төлж байсан ба өнөөг хүртэл 48 512 807.40 төгрөгийг төлөөд байна. Энэхүү төлбөрийн 50 хувь буюу 24 256 403.5 төгрөгийг хамтран зээлдэгч М.Н******* нь хариуцах учиртай. ... Х*******наас зээлсэн үндсэн зээл 112 000 000 төгрөг, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 136 539 986 төгрөгийг төлөхөөр байна. Уг 136 539 986 төгрөгөөс 50 хувь буюу 68 269 993 төгрөгийг миний бие төлөх хариуцлага хүлээнэ. Иймээс, Х*******ны нэхэмжилсэн 88 027 986.36 төгрөгөөс өөрт ногдох 19 757 186 төгрөгийг миний бие төлөхөд бэлэн байна. Харин уг төлбөрөөс үлдэх 68 270 800 төгрөгийг М.Н*******аас гаргуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.” гэж, хариуцагч М.Н******* “... хариуцагч Д.О*******ийн тайлбар үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Хариуцагч Д.О*******, М.Н******* нар нь Хас Банк ХК-тай 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1090055971 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 112 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар амины орон сууц барих зориулалтаар авсан байна.
4.2 Х******* ХК нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Д.О*******ийн ХасБанкан дахь 5005******* дугаартай харилцах дансанд 41 976 980 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 28 009 208 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 42 013 812 төгрөг, нийт 112 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.
4.3 Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1090055971-01 дугаартай Барьцааны гэрээ байгуулан М.Н*******ын эзэмшлийн ГД-00001******* тоот гэрчилгээний дугаартай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Э-2203 дугаартай, НДТ-1462******* нэг талбарын дугаартай, 700 м.кв талбайтай иргэний эзэмшлийн газар, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1090055971-02 дугаартай Ипотекийн гэрээ байгуулан М.Н*******ын өмчлөлийн ГД-0009 тоот гэрчилгээний дугаартай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай, 2022 онд ашиглалтанд орсон, 70.04 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1090055971-03 Ипотекийн гэрээ байгуулан М.Н*******, Д.О******* нарын өмчлөлийн ГД-00100 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаартай 2022 онд ашиглалтанд орсон, 73.5 м.кв талбайтай хувийн сууц зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалж, барьцаалбарт бүртгүүлсэн байна.
5. Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 28 684 920.75 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 19 745 535.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 82 350.89 төгрөг, нийт 48 512 807.40 төгрөгийг төлсөн байх ба хариуцагч нар нь 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээл төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй байна.
6. Нэхэмжлэгч Хасбанк ХК нь зээлийн гэрээний төлбөрийг төлөхийг хариуцагч нарт удаа дараа утсаар мэдэгдсэн талаар тайлбарласныг, хариуцагч нар маргаагүй ба хариуцагч Д.О******* нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх талаар бичгээр гаргасан өргөдлийг Хасбанк ХК-д гаргасныг хэрэгт ирүүлсэн байх ба талууд дээрх гэрээ байгуулагдсан болон хүчин төгөлдөр байдалд маргаагүй ба хариуцагч нар нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс маргаан үүсэж, улмаар банк нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардсан байна.
6.1 Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
6.2 Нэхэмжлэгч банк нь нэхэмжлэл гаргахдаа 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй” гэснийг зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь зээлийн үлдэгдэл үндсэн зээл 83 315 079.25 төгрөг, зээлийн хүү 4 667 463.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45 444.04 төгрөг, нийт 88 027 986.36 төгрөгийг хариуцагч Д.О*******, М.Н******* нараас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
7. Нөгөөтэйгүүр, хариуцагч нар нь зээлийн төлбөрийг 2 хариуцагчаас хэрхэн шаардсан нь, ямар байдлаар хариуцуулах нь тодорхойгүй гэх үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.” гэсэнд нийцсэн байна.
Тодруулбал, дээрх зээлийн төлбөрт 88 027 986.36 төгрөгийг хариуцагч Д.О*******, М.Н******* нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О*******, М.Н******* нараас зээлийн гэрээний үүрэгт 88 027 986.36 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХасБанк ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О*******, М.Н******* нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, барьцаа хөрөнгө болох хариуагч М.Н*******ын эзэмшлийн ГД-00001******* тоот гэрчилгээний дугаартай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Э-2203 дугаартай, НДТ-1462******* нэг талбарын дугаартай, 700 м.кв талбайтай иргэний эзэмшлийн газар, хариуцагч М.Н*******, Д.О******* нарын өмчлөлийн ГД-00100 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаартай, 73.5 м.кв талбайтай хувийн сууц, хариуцагч М.Н*******ын өмчлөлийн ГД-0009 тоот гэрчилгээний дугаартай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай, 70.04 м.кв талбайтай 3 өрөө орон сууц зэрэг барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 668 290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О*******, М.Н******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 668 290 төгрөгийг гаргуулж, Х ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ