| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/07669/И |
| Дугаар | 192/ШШ2026/02074 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2026/02074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: И.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х******* ХХК,
Хариуцагч: Т******* ХХК нарт холбогдох,
Гуравдагч этгээд: Д.Н
Эрх шилжүүлэх гэрээний дагуу худалдан авсан орон сууцыг гаргуулж, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б*******,
хариуцагч Х******* ХХК-ийн өмгөөлөгч Д.Г*******,
хариуцагч Т******* ХХК-ийн төлөөлөгч Б.М*******,
гуравдагч этгээд Д.Н*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И.Б******* хариуцагч Х******* ХХК, Т******* ХХК нарт холбогдуулан Эрх шилжүүлэх гэрээний дагуу худалдан авсан орон сууцыг гаргуулж, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгуулахаар шаарджээ.
1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: И.Б******* нь Х******* ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр №0871 дугаар Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг байгуулсаны үндсэн дээр 51.06 мкв, 2 өрөө орон сууцны үнэ буюу тус гэрээний 3.1-д заасан нийт төлбөр 81 696 000 төгрөгийг Х******* ХХК-нд төлж гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлсэн. И.Б******* дээрхи гэрээг Т******* ХХК, Х******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №0-03011305 дугаартай Бартераар орон сууц захиалах гэрээ болон Т******* ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 131-тоот албан бичгийг тус тус үндэслэн Х******* ХХК-тай байгуулсан. Тодруулбал: Х******* ХХК болон Т******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн № 03011305 дугаар бүхий Бартераар орон сууц захиалах гэрээгээр 51.06 мкв, 2 өрөө орон сууцыг Т******* ХХК-иас Х******* ХХК-д гэрээний төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон ба уг орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулахыг зөвшөөрсөн албан бичиг тодорхойлолтыг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 131-тоот албан бичгээр гаргаж өгсөн байдаг. Т******* ХХК-ийн 131 тоот дээрхи албан бичгээр олгосон зөвшөөрлийг үндэслэн И.Б******* нь Х******* ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 0871 дугаартай эрх шилжүүлэх гэрээний дагуу орон сууцны үнийг Х******* ХХК-д төлсөнөөр нэхэмжлэгч И.Б******* орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон хэдий ч хариуцагч Х******* ХХК болон Т******* ХХК нар өнөөдрийг хүртэл тус тусын гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байхаас гадна гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа шалтгааныг хоёр компанийн хооронд үүссэн гэрээний маргаантай холбон тайлбарлаж өдийг хүрлээ. Гэтэл дээрхи шалтгаан нь үнэхээр бодитой эсэх нь эргэлзээтэй, нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах нөхцөлд хамаарахгүй, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой ямар маргаан үүссэн нь тодорхой биш байхаас гадна аж ахуйн нэгж байгууллагуудын хооронд бизнесийн хүрээнд үүссэн маргаан болон байгууллагын нууцтай холбоотой мэдээллийг нэхэмжлэгч нар мэдэх боломжгүй байх ба орон сууц ашиглалтанд орж улсын комисс хүлээн авахад бэлэн болсон үед тухайн компаниуд хэн хэндээ бурууг өгч нэхэмжлэгч нарын өмнө хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байна. Иймд Иргэний хуулийн 122-р зүйлийн 122.2, 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 болон талуудын хооронд байгуулагдсан эрх шилжүүлэх гэрээг тус тус үндэслэн 51.06 мкв, 2 өрөө орон сууцыг хариуцагч нараас гаргуулах, тус орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц өмчлөхтэй холбоотой баримт бичгийг И.Б*******ын нэр дээр бүрдүүлж улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2. Хариуцагч Т******* ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Т******* ХХК, Х******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №0-03011305 дугаартай Бартераар орон сууц захиалах гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу Х******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Бид гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, гэрээгээ цуцалсан. Мөн Т******* ХХК болон иргэн И.Б******* нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй бөгөөд энэ хүний өмнө хүлээсэн үүрэг байхгүй тул И.Б*******ын хувьд тухайн орон сууцыг шаардах эрхгүй. Хариуцагч Х******* ХХК нь нийт 16 шатыг нийлүүлэх, үүний үнийн дүнд бартераар тодорхой орон сууцыг захиалах гэрээг байгуулсан. Гэрээ биелүүлэх хугацаа өнгөрсөн тул 2 удаа мэдэгдэл өгөөд гэрээг цуцалсан. Гэрээний хугацаа дуусаагүй баййсан учраас орон сууцнуудыг хувь хүмүүст зараад мөнгийг авсан байдаг. 6 ширхэг лифтийг нийлүүлээгүй. Дээрх гэрээ цуцлагдсан хэдий ч бид гэрээний талаар маргаан гарсан зүйл байхгүй гэв.
3. Хариуцагч Х******* ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: манай талаас нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа. Учир нь Т******* ХХК, Х******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №0-03011305 дугаартай Бартераар орон сууц захиалах гэрээ болон Т******* ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 131-тоот албан бичгийг тус тус үндэслэн Х******* ХХК-нд И.Б*******тай гэрээ байгуулах эрхийг олгосон. Х******* ХХК болон Т******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн № 03011305 дугаар бүхий Бартераар орон сууц захиалах гэрээгээр 51.06 мкв, 2 өрөө орон сууцыг Т******* ХХК-иас Х******* ХХК-д гэрээний төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон ба уг орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулахыг зөвшөөрсөн албан бичиг тодорхойлолтыг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 131-тоот албан бичгээр гаргаж өгсөн байдаг. Т******* ХХК-ийн 131 тоот дээрхи албан бичгээр олгосон зөвшөөрлийг үндэслэн И.Б******* нь Х******* ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 0871 дугаартай эрх шилжүүлэх гэрээний дагуу орон сууцны үнийг Х******* ХХК-д төлсөн. Дээрх гэрээний үүрэг болох цахилгаан шатыг манай компани нийлүүлж, хүлээлгэж өгөхөд бэлэн байгаа. Харин Т******* ХХК нь гэрээг цуцалсан, уг гэрээг дүгнээгүй байгаа гэв.
4. Гуравдагч этгээд Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Т******* ХХК-тай гэрээ хийж урьдчилгаа 53 613 000 төгрөг хийсэн. 3-р блокны 1-р орц, №0-03011305 тоот гэрээний хувь лизинг 5 жилийн гэрээ хийж үүнийгээ сар бүрийн төлөлтөөр хийж байгаа болно. Мөн гэрээ хийж очиход энэ блоконд 1 байр үлдсэн байна. Уг байрны эзэн нь төлөлтөө төлж чадахгүйн улмаас буцаасан байр байгаа юм, та энэ байрыг авах уу авч болно гэсэн үүднээс бид гэрээ хийж урьдчилгаа мөнгөө Т******* ХХК-ийн дансанд хийж гэрээ байгуулсан байна. Уг нэхэмжлэл гаргаад байгаа компани болон хувь хүмүүсийг танихгүй хараагүй болно гэв.
5. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022.09.30-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, 2022.08.09-ний өдрийн №0-03011205 тоот Бартераар орон сууц захиалах гэрээ, Х******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.07.04-ний өдрийн 192/ШЗ2025/29782 дугаар шүүгчийн захирамж, төлбөрийн баримт, шилжүүлгийн баримт зэрэг баримтуудыг ирүүлсэн. /1хх-ийн 4-13, 48-52 хуу/
6. Хариуцагч Т******* ХХК-иас хэрэгт Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.02.10-ны өдрийн 12 тоот албан бичиг, 2023.03.14-ний өдрийн 24 тоот албан бичиг, 2022.08.05-ны өдрийн №HMPI20220801 тоот Цахилгаан шат нийлүүлэх гэрээ, 2022.08.07-ны өдрийн №HMPI20220802 тоот Цахилгаан шат угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ, 2022.08.09-ний өдрийн №0-03011305 тоот Бартераар орон сууц захиалах гэрээ, 2024.09.13-ны өдрийн №0-03011305 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, авлагын баримт, 2022.09.26-ны өдрийн 131 тоот тодорхойлолт зэрэг баримтууд ирүүлсэн. /1хх-ийн 41-42, 58-67, 73-79, 125 хуу/
7. Гуравдагч этгээдээс хэрэгт хариу тайлбар, 2024.09.13-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, төлбөрийн бүртгэлийн хүснэгт зэрэг баримтууд ирүүлсэн. /1хх-ийн 89-96 хуу/
8. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн 2024.04.10-ны өдөр гаргасан өргөдөл, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2024.05.21-ний өдрийн 240602635 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, 2024.05.14-ний өдрийн Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2024.05.14-ний өдрийн Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа, Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2025.11.27-ны өдрийн 8106 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол гэсэн баримтыг бүрдүүлсэн. /1хх-ийн 102-114 хуу/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т******* ХХК-д холбогдох хэсгийг хангаж, хариуцагч Х******* ХХК-д холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Х******* ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр №0871 дугаар Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг байгуулсаны үндсэн дээр 51.06 мкв, 2 өрөө орон сууцны үнэ буюу тус гэрээний 3.1-д заасан нийт төлбөр 81 696 000 төгрөгийг Х******* ХХК-нд төлж гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлсэн. И.Б******* дээрхи гэрээг Т******* ХХК, Х******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №0-03011305 дугаартай Бартераар орон сууц захиалах гэрээ болон Т******* ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 131 тоот албан бичгийг тус тус үндэслэн Х******* ХХК-тай байгуулсан. Т******* ХХК-ийн 131 тоот албан бичгээр олгосон зөвшөөрлийг үндэслэн Х******* ХХК-д эрх шилжүүлэх гэрээний дагуу орон сууцны үнийг төлсөнөөр хууль ёсны өмчлөгч болсон хэдий ч хариуцагч Х******* ХХК болон Т******* ХХК нар өнөөдрийг хүртэл тус тусын гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцыг нэхэмжлэчид хүлээлгэн өгөөгүй байхаас гадна гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа шалтгааныг хоёр компанийн хооронд үүссэн гэрээний маргаантай холбон тайлбарлаж өдийг хүрлээ. Иймд 51.06 мкв, 2 өрөө орон сууцыг хариуцагч нараас гаргуулах, тус орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц өмчлөхтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг даалгаж өгнө үү.” гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч Т******* ХХК татгалзлын үндэслэлээ “ И.Б******* болон Т******* ХХК нарын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй тул манай компани орон сууцыг хүлээлгэж өгөх үүрэггүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.” гэж маргасан.
4. Хариуцагч Х******* ХХК татгалзлын үндэслэлээ “Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. ... 51.06 мкв, 2 өрөө орон сууцыг Т******* ХХК-иас Х******* ХХК-д гэрээний төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон ба уг орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулахыг зөвшөөрсөн албан бичиг тодорхойлолтыг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 131-тоот албан бичгээр гаргаж өгсөн байдаг. Т******* ХХК-ийн 131 тоот дээрхи албан бичгээр олгосон зөвшөөрлийг үндэслэн И.Б******* нь Х******* ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 0871 дугаартай эрх шилжүүлэх гэрээний дагуу орон сууцны үнийг Х******* ХХК-д төлсөн. Дээрх гэрээний үүрэг болох цахилгаан шатыг манай компани нийлүүлж, хүлээлгэж өгөхөд бэлэн байгаа. Харин Т******* ХХК нь гэрээг цуцалсан, уг гэрээг дүгнээгүй байгаа.” гэж маргасан.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Н******* хариуцагч Т******* ХХК-ийн татгалзлыг дэмжсэн тайлбар гаргаж, оролцсон.
6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1 Хариуцагч Т******* ХХК, Х******* ХХК нарын хооронд 2022 оны 08 сарын 05-ны өдөр НМРI20220801 дугаар Цахилгаан шат нийлүүлэх гэрээ, 2022 оны 08 сарын 07-ны өдөр НМРI20220802 дугаартай Цахилгаан шат угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Х******* ХХК нь Улаанбаатар хот ***хороололын орон сууцны зориулалттай 16 давхар барилгын 1, 2, 3, 6, 7-р блок буюу нийт 5 блок барилгад 16 ширхэг цахилгаан шатыг нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэх, захиалагч Т******* ХХК нь гэрээний 2.2, 2.3-т тохирсон нийт үнэ 1 823 561 288 төгрөгийн төлбөрийг 100% бартераар төлөхөөр тохирч, гэрээний хавсралт-1 заасан үйлчилгээний зориулалттай талбай болон орон сууц өгөхөөр тохиролцсон байна.
6.2 Дээрх гэрээнүүд байгуулагдсны дараа 2022.08.09-ний өдөр Т******* ХХК, Х******* ХХК нарын хооронд №О-03011205 Бартераар орон сууц захиалах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 2022 оны 08 сарын 05-ны өдөр НМРI20220801 дугаар Цахилгаан шат нийлүүлэх гэрээний дагуу 51,06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны нийт үнийг 112 332 000 төгрөгөөр тохирч, уг орон сууцыг төлбөрт тооцон өгөхөөр тохиролцсон байна./хх-ийн 8-10/
6.3 Үүний дараа буюу 2022.09.30-ны өдөр Х******* ХХК, И.Б******* нарын хооронд Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Х******* ХХК нь 2022.08.09-ний өдөр Т******* ХХК, Х******* ХХК нарын хооронд байгуулагдсан №О-03011205 Бартераар орон сууц захиалах гэрээгээр тохирсон гэрээний зүйл болох 51,06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны захиалагчийн эрхийг И.Б*******т 81 696 000 төгрөгөөр шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ./хх-ийн 7/
7. Дээрх захиалагчийн эрхийг шилжүүлэх гэрээг байгуулахдаа Т******* ХХК-ийн 2022.09.26-ны өдрийн №131 Тодорхойлолт бүхий албан бичгээр олгосон зөвшөөрлийн дагуу хийсэн талаар дээрх гэрээний 2.1-т тусгасан байх ба энэ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-т “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ.” гэсэнтэй нийцсэн байна.
7.1 Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч И.Б******* нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 41 696 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 30 000 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 8 000 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг, 81 696 000 төгрөгийг Хоннрай монголиа ХХК-д төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. /хх-ийн 48-52/
7.2 Талууд дээрх гэрээнүүд байгуулагдах болсон шалтгаан нөхцлийн тухайд болон нэхэмжлэгч И.Б*******ыг төлбөр төлөх үүргээ биелүүлсэн эсэхэд маргаагүй хэдий ч хариуцагч Т******* ХХК болон И.Б******* нарын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, түүнчлэн хариуцагч Т******* ХХК орон сууцыг өгөх үүрэгтэй эсэхэээс маргаан үүссэн байна.
8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үнийг төлөх үүргийг буюу үнийг төлөх арга, хэлбэрийг талууд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
8.1 Гэрээний агуулга, зүйл, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл Т******* ХХК болон Х******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022.08.09-ний өдрийн №О-03011205 гэрээний захиалагчийн эрхийг нэхэмжлэгч И.Б*******т шилжүүлсэн өгсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагч Т******* ХХК нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч И.Б*******ын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.
8.2 Нөгөөтэйгүүр, хариуцагч Т******* ХХК нь Х******* ХХК-тай байгуулсан 2022 оны 08 сарын 05-ны өдөр НМРI20220801 дугаар Цахилгаан шат нийлүүлэх гэрээ, 2022 оны 08 сарын 07-ны өдөр НМРI20220802 дугаартай Цахилгаан шат угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ бүрэн хэрэгжээгүй тул гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, гэрээг цуцалсан бөгөөд Д.Н*******тэй 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр №0-03011305 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулсан гэж тайлбарласан нь дараах үндэслэлгүй байна.
8.3 Хариуцагч Т******* ХХК нь хариуцагч Х******* ХХК-тай байгуулсан гэрээ хэрэгжээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс татгалзах үндэслэлгүй ба хариуцагч Т******* ХХК гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасан гэрээнээс татгалзах журамд нийцээгүй байх тул тэрээр гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй.
9. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч Т******* ХХК-ийг 51.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч И.Б*******т хүлээлгэн өгч, өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг бүртгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн ба хариуцагч Х******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т******* ХХК-ийг 51.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч И.Б*******т хүлээлгэн өгөхийг, нэхэмжлэгч И.Б*******ыг 51.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг бүртгүүлэхийг хариуцагч Т******* ХХК-д тус тус даалгаж, хариуцагч Х******* ХХК-д хологдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 706 830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Б*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ