| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 184/2024/08789/И |
| Дугаар | 192/ШШ2026/02208 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2026/02208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Г.Амартүвшин, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Э-т холбогдох
Сэтгэцэд учирсан гэм хор арилгуулж, нөхөн төлбөрт 118 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч М.Г*******,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.А*******,
хариуцагчийн өмгөөлөгч Л.Э*******,
нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.
/Хариуцагч Э.Э*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч эзгүйгээр шийдвэрлүүлэх тайлбарыг өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд мэдэгдсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г******* хариуцагч Э.Э*******т холбогдуулан Сэтгэцэд учирсан гэм хор арилгуулж, нөхөн төлбөрт 118 800 000 төгрөг гаргуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2024 оны 5 сарын 02-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жил хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Ингэхдээ нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн төрсөн эгчийн нөхөр Б*******ийн Г*******ийг хохирогчийн төлөөлөгчөөр оролцож байсан. Анхан шатны шүүхээс хохирогчийн төрөл садангийн хүн биш гэж үзэж сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэх боломжгүй гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 511 дүгээр зүйлд заасан үндэслэлээр иргэний журмаар шийдвэрлэх боломжтой болохоор нээлттэй үлдээсэн. Тэгээд талийгаачийн төрсөн эцэг М.Г******* хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэлд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрөө, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлэхтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсний дагуу хохирогч Г*******ийн Б*******э бол 1999 оны 3 дугаар сарын 6-ны өдөр төрсөн. Тухайн хэрэг болсон үед 24 настай байсан. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт Үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоолоор 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 4715 төгрөг буюу сард 792 000 төгрөг байхаар нэмэгдүүлсэн. Тогтоолын дагуу 792 000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 118 800 000 төгрөгийг амь хохирогчийн төрсөн эцэг Н.Г*******т гаргаж өгнө үү. Нас барах хүртлээ нэг гэртээ амьдарч байсан бөгөөд бид хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн баримтыг гаргаж өгсөн гэв.
2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э******* нь 2024.02.02-ны өдөр өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас буцааж болзошгүй алдаа гаргаж эрдэнэт хүний насыг хохироосон нь үнэн. Үүндээ туйлын гэмшиж, үйлдсэн гэмээ ухааран өнөөдөр шүүхээс оногдуулсан хорих ялыг 421 дээр нээлттэй хорих ангид өөрийн биеэр эдэлж байна. Миний хувьд тухайн үед үйлдсэн гэмээ чин сэтгэлээсээ ухааран харамсаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч талаас гарсан зардал гэж нэхэмжилсэн мөнгө болох 13,385,000 төгрөгийг ямарваа нэгэн асуулт, тайлбар татгалзалгүйгээр бүрэн төлсөн. Үүний дараа ах дүү, найз нөхдийн маань цуглуулсан 7,000,000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн. Өөрийн чадахын хэрээр гэмээ ухааран боломжоороо тусалж буй маань энэ бөгөөд тухайн үед шүүхийн шийдвэрээр намайг хохирогчид төлөх аливаа өр төлбөргүй болохыг дурдсан. Одоогоор миний бие хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд эрхэлсэн ажилгүй, орлогогүй, ажил хийх боломж ч үгүй болсон. Би өөрт байсан бүхнээ шавхан өгсөн. Одоо би эд хөрөнгөгүй, орлогогүй байгаа тул хохирогчийн нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй байна. Түүнчлэн миний хувьд нэг оюутан 2 сурагч, нэг цэцэрлэгийн насны нийт 4 хүүхэдтэй, одоо эхнэр маань ганцаараа өрх гэрээ авч явах, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, сургах, хооллох, хувцаслах, тэжээн тэтгэх гээд бүхий л ачааг нуруун дээрээ үүрч яваа. Би өөрийн биеэр эхнэртээ тус нэмэр болж чадахгүй байгаа тул ядаж ачаа нэмэхгүй байх юмсан гэж бодож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрийг төлөх боломж чадал надад байхгүй. Сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр нь хэдэн төгрөг болохыг одоо ч тодорхойлоогүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн тайлбарыг гаргасан байна. Үүн дээр нэмж хэлэхэд хариуцагчийн зүгээс хэдий төлөх боломжгүй ч гэсэн хорих ангиас гарсныхаа дараа би өөрийнхөө боломжоор цалингаасаа төлнө. Тиймээс график гаргаж тохиролцъё гэх хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй болон нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа утсаар холбогдсон боловч тохиролцолд хүрч чадаагүй гэжээ.
2.1 Хариуцагчийн өмгөөлөгч Л.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 385 000 төгрөг татгалзалгүй төлсөн. Өөрийн чадах хэмжээгээр төлсөн, өмнө дурдсанчлан эд хөрөнгө байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. Уг шаардлагад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 118 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолын 1.5-т шүүгдэгч Э.Э******* нь мөрдөн байцаалтын шатанд 13 385 000 төгрөг, шүүх хуралдааны шатанд 7 000 000 төгрөг, нийт 20 385 000 төгрөгийг төлсөн байдаг. Сүүлд төлсөн 7 000 000 төгрөгийг хохирлоос хасаж тооцох үндэслэлтэй гэх тул хасч тооцох шаардлагатай. Мөн нэхэмжлэгч М.Г*******ийг хохирогчоор тогтоогдсон баримт байхгүй, мөн нэг гэртээ амьдарч байсан нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт Г.Б*******ийн 2024.02.05-ны өдрийн нас барсны гэрчилгээ, 2024.05.02-ны өдрийн 2024/ШЦТ/531 дугаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, хорих ял эдлүүлэх албаны 2024.10.09-ний өдрийн 02-05/2447 тоот,
4. Хариуцагчаас хариу тайлбарыг бичгээр ирүүлсэн.
5. Шүүхийн 2025.09.19-ний өдрийн 192/ШТ2025/38648 тогтоолоор нэхэмжлэгч М.Г*******ийн сэтгэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжээч томилж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2025.11.19-ний өдрийн ЕГ/0829/3784 дугаар Шинжээчийн дүгнэлтийг гаргаж, мөн шүүхийн 2026.01.16-ний өдрийн 192/ШТ2026/0087 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн газраас нотлох баримт гаргуулахаар шаардсныг 2026.01.22-ны өдөр ирүүлсэн хэрэгт тус тус авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “…2024.02.02-ны өдөр хохирогч Г*******ийн Б*******э нь зам тээврийн осолд орж, улмаар амь нас нь хохирсон бөгөөд хариуцагч Э.Э******* нь энэ үйлдэлдээ ял шийтгүүлсэн. Тус эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн төрсөн эгчийн нөхөр Б*******ийн Г*******ийг тогтоосон бөгөөд анхан шатны шүүхээс хохирогчийн төрөл садангийн хүн биш гэж үзэж сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэх боломжгүй гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 511 дүгээр зүйлд заасан үндэслэлээр иргэний журмаар шийдвэрлэх боломжтой болохоор нээлттэй үлдээсэн. Тэгээд талийгаачийн төрсөн эцэг М.Г******* нь талийгаачийг нас барах хүртэл нэг гэртээ хамт амьдарч байсан тул хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэж тайлбарласан.
3. Хариуцагч “...Өөрийн чадахын хэрээр гэмээ ухааран боломжоороо тусалж буй маань энэ бөгөөд тухайн үед шүүхийн шийдвэрээр намайг хохирогчид төлөх аливаа өр төлбөргүй болохыг дурдсан. Одоогоор миний бие хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд эрхэлсэн ажилгүй, орлогогүй, ажил хийх боломж ч үгүй болсон. Би өөрт байсан бүхнээ шавхан өгсөн. Одоо би эд хөрөнгөгүй, орлогогүй байгаа тул хохирогчийн нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй байна. ... Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрийг төлөх боломж чадал надад байхгүй. Сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр нь хэдэн төгрөг болохыг одоо ч тодорхойлоогүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн тайлбарыг гаргасан байна. Үүн дээр нэмж хэлэхэд хариуцагчийн зүгээс хэдий төлөх боломжгүй ч гэсэн хорих ангиас гарсныхаа дараа би өөрийнхөө боломжоор цалингаасаа төлнө. Тиймээс график гаргаж тохиролцъё гэх хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй болон нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа утсаар холбогдсон боловч тохиролцолд хүрч чадаагүй.” гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Хариуцагч Э.Э******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 21 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас, явган зорчигч Г.Б*******ийг мөргөж, амь насыг нь хохироож, энэ үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2024 оны 5 сарын 02-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жил хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.
4.2 Дээрх шийтгэх тогтоолд ...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийдвэрлэсэн байна.
4.3 Дээрх үйл баримтын тухайд хариуцагч тал маргаагүй боловч сэтгэцэд учирсан хохирлын хэмжээ болон нэхэмжлэгч М.Г******* шаардах эрхтэй эсэхэд маргасан.
5. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.” гэж, 511.5-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заажээ.
5.1 Хэргийн баримтаар, нэхэмжлэгч М.Г******* нь талийгаач Г.Б*******ийн эцэг болох нь төрсний бүртгэлийн болон садан төрлийн лавлагаагаар тогтоогдож байх ба мөн нас барах хүртлээ талийгаач нь эцэг М.Г*******тай нэг гэртээ буюу 1-8 тоотод амьдарч байсан болох нь Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2024.05.02-ны өдрийн 2024/ШЦТ/531 дугаартай шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б*******ы мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
5.2 Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ” гэж зааснаар талийгаач Г.Б*******э нь нэхэмжлэгч М.Г*******ийн гэр бүлийн гишүүн байжээ.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч М.Г*******ийг эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй гэж тайлбарыг хариуцагчийн өмгөөлөгч гаргасан хэдий ч энэ нь иргэний журмаар гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шаардахад хамаарахгүй ба эцэг М.Г******* нь хуульд заасан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
6. Нөгөөтэйгүүр, шүүхээс нэхэмжлэгч М.Г*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээч томилж, 2025.11.19-ний өдрийн ЕГ0829/3784 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргаж ирүүлсэн байх ба уг дүгнэлтэд М*******ийн Г******* /РД: /-ийн сэтгэцэд тухайн гэм хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна гэжээ. /хх-ийн 94, 95/
6.1 Хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлахдаа Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын дагуу дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоодсон дөрөвдүгээр зэрэглэлд заасан хэмжээгээр буюу 15-30%-аар тооцох боломжтой гэж тайлбарласан нь үндэслэлгүй байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дээрх аргачилал хамаарахгүй.
6.2 Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэмт хэрэг гарах үеийнхээр буюу 660 000 төгрөгөөс тооцох боломжтой гэж тайлбарласныг үндэслэлтэй гэж үзэв.
7. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан аргачлалын 3.3-т “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж зааснаар нэхэмжлэгч М.Г*******ийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг 99 000 000 төгрөгөөр /150х660 000 төгрөг/ тогтоож, хариуцагч Э.Э*******аас гаргуулахаар шийдвэрлэв.
8. Шүүх 2025.04.10-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын даргын А/104 дугаар тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч С.Мө*******т шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаараа шүүхэд тайлбар гаргасан ба нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д “Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ...” гэснийг зөрчөөгүй болно.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Э*******аас сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 99 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Г*******т олгож, илүү нэхэмжилсэн 19 800 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Э.Э*******аас улсын тэмдэгтийн хураамжид 652 950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Г.АМАРТҮВШИН
Д.ЭНХЦЭЦЭГ