| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0358/Э |
| Дугаар | 370 |
| Огноо | 2018-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан,
нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөн тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1810 0150 00456 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр П амралтын газар иргэн Н.У-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
1. Шүүгдэгч Б.Э-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч бид хоёрын харилцаа хэвийн байгаа. Өнөөдөр өглөө утсаар холбогдсон. Тухайн өдөр би У-тай уулзахад “надад цаанаа байгаа охидуудтай үерх” гээд маргаан гарсан. Би хохирогчийн нүүр лүү нь 2 удаа гараа атгаж байгаад цохисон болохоор хохирогчийн хамар яс нь гэмтсэн. Би хохирогчтой утсаар холбогдоод эмчилгээний зардлаас 1.000.000 төгрөг төлье гэсэн боловч “хохирлын мөнгөө бөөнд нь авна” гээд аваагүй.
Миний хувьд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Тухайн хэрэг гардаг өдөр би нилээн согтуу байсан тул болсон явдлыг бага зэрэг санаж байна. Би хохирогчоос зөндөө олон удаа уучлалт гуйсан. Би Хархорин зах дээр найзынхаа лангуун дээр зогсож сарын 600.000 төгрөгийн хөлс авдаг, ээж маань өндөр насны тэтгэвэрт байдаг тул хохирогчийн эмчилгээний зардлыг төлж чадаагүй байна. Эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2.269.800 төгрөгийг 2018 оны 8 дугаар сардаа багтаан төлж барагдуулна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Улсын яллагчийн зүгээс санал болгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1810 0150 00456 дугаартай хэргээс:
1. Хохирогч Н.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 17:00 цагийн үед би найзуудтайгаа хамт амралтын газар очоод хоол унд хийж идээд амарцгаасан. Бид нар амралтын газар очоод 2 шил 1 литрийн савалгаатай архи ууцгаасан бөгөөд би 1 шил архийг нь хамт уугаад унтаж амарсан. Би унтаж байгаад шөнө сэрэх үед миний хажууд Ч-ээ гээд манай найз сууж байсан бөгөөд намайг “зүгээр үү” гэж хэлээд гараад явсны дараа Э орж ирээд миний хажууд хэвтэх гэхэд нь уурлахад Э намайг зодсон. Намайг зодож байх үед Ч-ээ гаднаас орж ирээд Э-ыг салгаад хоорондоо зодолдсон. Би тэр хоёрыг зодолдож байх хооронд амралтнаас гараад гүйсэн.
Э, бид хоёр үерхээд 14 хоног болж байна. Бие биенээ сайн мэдэхгүй. Тухайн үед Э нойтон хувцастай орж ирээд олон хүний хажууд хувцасаа тайчихаар нь би уурласан юм. Тэрнээс болж Э намайг зодсон. Э миний нүүр хэсэг рүү гараараа олон удаа цохисон, хэдэн удаа цохисоныг санахгүй байна. Мөн нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Өөр ямар нэг байдлаар цохиж зодсон асуудал байхгүй. Намайг зодуулж байгааг харсан хүн байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн үед Э их согтуу байсан. Хийж байгаа үйлдлээ хянаж чадах эсэхийг нь би мэдэхгүй байна. Миний хамар хугарч, тархи хөдөлсөн, хавдсан, миний гар, хөл хөхөрч хавдсан байсан. Миний нүүрний баруун тал болон баруун талын шүднүүд юм мэдрэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-7х/,
2. Гэрч Ш.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 19:00 цагийн үед би Э, У, Л, Б, бас нэг охин /нэрийг нь мэдэхгүй байна/ бид зургаа П амралтанд очсон. Бид нар амралтанд очиж 1 литрийн шар өнгийн Чингис гэсэн нэртэй 2 шилийг хувааж уусан. ...Э, У бид гурав гэрт байхад У, Э нар хэрэлдсэн. Эхлээд хэрэлдэхэд нь би тоогоогүй, тэгтэл “тас” гэх дуу гараад У уйлах шиг болохоор нь би босч очоод Э-ын хойноос хүзүүг нь гараараа боогоод хойшоогоо ор луу бид хоёр хамт унаад, Э бид хоёр харилцан бие биенээ 2-3 удаа цохиход миний хамарнаас цус гарахад нь би “одоо больё” гэж хэлээд больсон юм.
Тэгээд гэрээс гарахад Г, Ц, Ц гэх найзууд ирсэн байсан. Би тэр гуравтай хамт явж Ц-г гэрт нь буулгаж өгөөд, У-ыг авах гэж буцаад П амралт руу явсан. Тэгээд амралтын газарт очиход Э гадаа байхаар нь би очоод цохих гэсэн чинь бултаад намайг зөрүүлж нэг цохиод үүрээд газар унагасан. Тэрнээс хойш юм сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн гэртэй ирчихсэн, гэрийнхээ түлхүүрийг хайж байсан. Маргааш нь 15:00 цагийн үед машинаа авах гэж П амралтан дээр очиход У байхгүй, Э, Л, Б, бас нэг охин 4 байсан.
Э, У нарыг юунаас болж маргалдсныг би мэдэхгүй байна. У гэх охин нь Америкт байдаг охин. Зургаан жилийн өмнө Монголд ирэхдээ Э-тай танилцаж байсан. Би Э-тай 6 жилийн өмнөөс найзалж эхэлсэн. У-ыг анх Монголд ирэхэд би Э-тай хамт очиж байсан тул таньдаг болсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,
3. Гэрч Д.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 20:00 цагийн үед Э, У, Ч, Б, М нарын хамт П гэх нэртэй амралтанд очсон. Амралтанд очоод бид нар нэг гэр аваад, тэр амралтанд байдаг бассейны дэргэд мах шараад, 1 литрийн савалгаатай том пиво 2 ширхэгийг хувааж уусан. Тэгээд бид нар гэрлүү орсныг санаж байна, өөр болсон асуудлыг санахгүй байна. Би М-тай хамт унтаж байсан.
Э, У нарыг юунаас болж маргалдсныг би мэдэхгүй байна. Э надад хэлэхдээ “У-ыг миний найз охин” гэж хэлсэн. Би Э-тай 10 гаруй жил үерхэж байна.
Э-тай, У хамт ирж үсээ засуулахад нь би найз охин нь гэж мэдсэн. Э, У-ыг цохиж зодсон эсэхийг санахгүй байна. Тухайн үед би нилээн согтуу тасарсан байсан. Маргааш өглөө нь босоод У-тай уулзахад, У, Э-ын нүдний шилийг зүүчихсэн, хамар нь хавдсан харагдаж байсан. Тэгээд У “Э намайг цохичихсон” гэж хэлэхээр нь би “эмнэлэг явах уу” гэхэд У уурлаад ганцаараа яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14х/,
4. Гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 18:00 цагийн үед Л, Э, У, Ч нартай хорооллын эцэс дээр уулзаад, замаараа Драгонд байдаг М гэх найзыгаа аваад, бид нар ХУД-ийн 12 дугаар хороонд байх П амралтанд очсон. Бид нар амралтанд очоод тэнд байсан бассейны дэргэд 1 литрийн савалгаатай Алтан Чингис нэртэй 2 шил архи, 0.5 литрийн савалгаатай Нийслэл нэртэй пиво 10 ширхэгийг хувааж уусан.
Тэгээд бид нарын архи дуусаад бассейнд сэлж байхад өөр хүмүүс амрахаар ирсэн. Тэдгээр амрахаар ирсэн эмэгтэй хүмүүстэй У, Э-ыг хардаад “чи битгий алцагнаад бай” гэж хэлээд У гэрлүү ороход, араас нь Ч дагаж орсон. Тэгээд бид нар араас нь гэрт ороход У орон дээрээ хэвтчихсэн, Ч хажууд нь сууж байсан.
Тэгсэн чинь Э “чи Ч-ээтэй хамт юу хийж байгаа юм бэ” гээд Ч-тэй маргалдаад, тэр хоёр зодолдоод байхаар нь М, бид хоёр айгаад гэрээс гараад хажуугийн гэрлүү орсон. Тэгээд буцаад гэрлүү ороход Ч, М, бид хоёртой зөрөөд гэрээс гарсан ба баруун орон дээр У-ын нүүр нь тэрчигтэй цус болчихсон уйлаад сууж байхад Э өөдөөс нь хараад орных нь урд сууж байсан. Тэгээд байж байхад гаднаас Э, Ч нарын найзууд гэх гурван залуу ирээд Ч-ийг аваад явсан.
Э, У-аас уучлалт гуйж байгаад У унтаад өгсөн. Э орон дээрээ суугаад байсан би их айсан байсан болохоор Э-ыг унтахыг хүлээж байгаад үүрээр 06 цагийн үед унтчихсан байсан. Э, У нар хороондоо маргалдаагүй гэж бодож байна. Харин Э, Ч-тэй маргаад байсан. Би Э, У-ыг нарыг танихгүй. Тэр өдөр л Л танилцуулсан. Э “уучлаарай хайраа” гээд байсан болохоор нь би Э-ыг цохисон байх гэж бодож байна. Өглөө босоход У-ын хамар нь далийсан, хавдсан, нүүр нь хөхөрсөн, уруул нь цус болсон харагдсан. У өглөө нь Э-тын нүдний шилийг зүүгээд “би явлаа” гэж хэлээд ганцаараа яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,
5. Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7728 тоот дүгнэлтэд:
1. Н.У-н биед тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний зовхи, хацар, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 19х/,
6. Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 06 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед П нэртэй амралтанд амрахаар найз охин У, найз Ч, Л, Л-ын найз гээд хоёр эмэгтэй хүн /нэрийг санахгүй байна/ бид нар хамт явсан. Бид нар амралтанд ирээд 1 литрийн савалгаатай Чингис гэсэн архи, пивонууд ууж байгаад, амралтанд байсан бассейнд амарч байсан хүмүүстэй хамт сэлж байхад У уурлаад гэрлүү орох шиг болсон.
Тэгээд удалгүй араас нь гэрлүү ороход У орон дээр хэвтчихсэн, Ч хажууд нь сууж байхаар нь У дээр очоод “хайраа яагаад уурлаад байгаа юм бэ” гэхэд Ч “чи яагаад байгаа юм бэ” гээд босож ирээд бид хоёр зодолсон. Зодолдож байхдаа Уыг тохойгоороо нэг удаа, гараа атгаж байгаад нэг удаа цохисон санагдаж байна. Тэгээд манай найз Г, Ц нар хотоос ирчихсэн, Ч-ийг аваад явсан. Би У-аас өглөө болтол уучлалт гуйсан. Өглөө У-ыг эгч нь ирээд аваад явсан.
Миний согтолт их байсан болохоор болсон асуудлыг бага зэрэг санаж байгаа. Би У-ыг нүүрлүү нь тохойгоороо 1 удаа, гараараа 1 удаа цохисон. У намайг цохиж зодсон асуудал байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Бид хоёрын дунд ямар нэг өс хонзон, шийдэгдээгүй асуудал байхгүй. Н.У-ын биед “тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний зовхи, хацар, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэсэн гэмтлүүдийг би ...цохиж учруулсан.
Надаас өөр хүн У-ыг цохиж зодоогүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй, хохирлыг барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-31х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37х/ баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг П амралтын газарт хохирогч Н.Утай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь тохой болон гараараа 2 удаа цохиж “тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний зовхи, хацар, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт:
- хохирогч Н.У-ын: “...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед би найзуудтайгаа хамт амралтын газар очоод хоол унд хийж идээд амарцгаасан. Бид нар амралтын газар очоод 2 шил, 1 литрийн савалгаатай архи ууцгаасан бөгөөд би 1 шил архийг нь хамт уугаад унтаж амарсан. Би унтаж байгаад шөнө сэрэх үед миний хажууд Ч-ээ гээд манай найз сууж байсан бөгөөд “намайг зүгээр үү” гэж хэлээд гараад явсаны дараа Э орж ирээд миний хажууд хэвтэж, би тэр үед нь уурлахад Э намайг зодсон. Намайг зодож байх үед Ч-ээ гаднаас орж ирж Э-ыг салгаад, хоорондоо зодолдсон. Би тэр хоёрыг зодолдож байх хооронд амралтнаас гараад гүйсэн.
Э бид хоёр үерхээд 14 хоног болж байна. Бие биенийгээ сайн мэдэхгүй. Э нойтон хувцастай орж ирээд, олон хүний хажууд хувцасаа тайчихаар нь би уурласан юм. Тэрнээс болж Э намайг зодсон. Э миний нүүр хэсэг рүү гараараа олон удаа цохисон, хэдэн удаа цохисоныг санахгүй байна. Мөн нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Өөр ямар нэг байдлаар цохиж зодсон асуудал байхгүй. Намайг зодуулж байгааг харсан хүн байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн үед Э их согтуу байсан. Хийж байгаа үйлдлээ хянаж чадах эсэхийг нь би мэдэхгүй байна. Миний хамар хугарч, тархи хөдөлсөн хавдсан, миний гар, хөл хөхөрч хавдсан байсан. Миний нүүрний баруун тал болон баруун талын шүднүүд юм мэдрэхгүй байна.” гэсэн мэдүүлэг,
- гэрч Ш.Ч-ийн: “...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед би Э, У, Л, Б бас нэг охин /нэрийг нь мэдэхгүй байна/ бид зургаа П амралтанд очсон. Бид нар амралтанд очиж 1 литрийн шар өнгийн Чингис гэсэн нэртэй 2 шил архи хувааж уугаад, бассейн орчихоод нойтон хувцасаа зарим нь гэрт, зарим нь машинд сольчихоод би, Э, У бид гурав гэрт байхад У, Э нар хэрэлдсэн. Эхлээд хэрэлдэхэд нь би тоогоогүй тэгтэл “тас” гэх дуу гараад У уйлах шиг болохоор нь би босч очоод Э-ын хойноос хүзүүг нь гараараа боогоод хойшоогоо ор луу бид хоёр хамт унаад, Э бид хоёр харилцан бие биенээ 2-3 удаа цохиход миний хамарнаас цус гараад би “одоо больё” гэж хэлээд больсон. Гэрт байхад “тас” гэж дуу гараад, У орилход би У-ыг Э цохичихлоо гэж бодоод боосон.
Э, У нарыг юунаас болж маргалдсныг би мэдэхгүй байна. У гэх охин нь Америкт байдаг охин..” гэсэн мэдүүлэг,
- гэрч Д.Л-ын: “...Би 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 20:00 цагийн үед Э, У, Ч, Б, М нарын хамт П гэх нэртэй амралтанд очсон. Амралтанд очоод бид нар нэг гэр аваад тэр амралтанд байдаг бассейны дэргэд мах шараад, 1 литрийн савалгаатай том пиво 2 ширхэгийг хувааж уусан. Тэгээд бид нар гэрлүү орсноо би санаж байна өөр болсон асуудлыг санахгүй байна... Э, У нарыг юунаас болж маргалдсныг би мэдэхгүй байна. Э надад хэлэхдээ “У-ыг миний найз охин” гэж хэлсэн. ...Э, У-ыг цохиж зодсон эсэхийг санахгүй байна. Тухайн үед би нилээн согтуу тасарсан байсан. Маргааш өглөө нь босоод У-тай уулзахад У, Э-ын нүдний шилийг зүүчихсэн хамар нь хавдсан харагдаж байсан. Тэгээд У, “Э намайг цохичихсон” гэж хэлэхээр нь би “эмнэлэг явах уу” гэхэд У уурлаад ...яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг,
- гэрч А.Б-гийн: “...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед Л, Э, У, Ч нартай хорооллын эцэс дээр уулзаад замаараа Драгонд байдаг М гэх найзыгаа аваад бид нар П амралтанд очсон. Бид нар амралтанд очоод тэнд байсан бассейны дэргэд 1 литрийн савалгаатай Алтан Чингис нэртэй 2 шил архи, 0.5 литрийн савалгаатай Нийслэл нэртэй пиво 10 ширхэгийг хувааж уусан. Тэгээд бид нарын архи дуусаад бассейнд сэлж байхад өөр хүмүүс амрахаар ирсэн. Тэдгээр амрахаар ирсэн эмэгтэй хүмүүстэй У, Э-ыг хардаад “чи битгий алцагнаад бай” гэж хэлээд У гэрлүү ороход, араас нь Ч дагаж орсон. Тэгээд бид нар араас нь гэрт ороход У орон дээрээ хэвчихсэн, Ч хажууд нь сууж байсан. Тэгсэн чинь Э “чи Ч-ээтэй хамт юу хийж байгаа юм бэ” гээд Ч-тэй маргалдаад, тэр хоёр зодолдоод байхаар нь М бид хоёр айгаад гэрээс гараад хажуу талын гэрлүү орсон. Тэгээд буцаад гэрлүү ороход ...баруун орон дээр У-ын нүүр нь тэрчигтэй цус болчихсон уйлаад сууж байхад Э өөдөөс нь хараад орных нь урд сууж байсан. ...Э, У-аас уучлалт гуйж байгаад У унтаад өгсөн. ... Э “уучлаарай хайраа” гээд байсан болохоор нь би Э-ыг цохисон байх гэж бодож байна. Өглөө босоход У-ын хамар нь далийсан, хавдсан, нүүр нь хөхөрсөн, уруул нь цус болсон харагдсан. У өглөө нь Э-ын нүдний шилийг зүүгээд “би явлаа” гэж хэлээд ганцаараа яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг,
- Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7728 дугаартай “Н.У-н биед тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний зовхи, хацар, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт,
- шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Н.У-ын биед учирсан “тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний зовхи, хацар, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Э түүний нүүрэн тус газарт тохой болон гараараа 2 удаа цохисноос үүссэн байх ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Э нь хохирогч Н.У-ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,
- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Хэргийн хохирогч Н.У-ын биед “тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний зовхи, хацар, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч нь хамар ясны хугарал засах мэс заслын эмчилгээг гэмтэл согогийн “ЭБЖ” эмнэлэгт хийлгэж 2.269.800 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан тус эмнэлгийн бэлэн мөнгөний орлогын баримт /хэргийн 40х/, өвчний түүх /хэргийн 41-53х/ баримтуудаар тус тус нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Э-аас гэм хорын хохиролд 2.269.800 /хоёр сая хоёр зуун жаран есэн мянга найман зуун/ төгрөг гаргуулж, хохирогч Н.У-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 37х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Б.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас гэм хорын хохиролд 2.269.800 /хоёр сая хоёр зуун жаран есэн мянга найман зуун/ төгрөг гаргуулж, хохирогч Н.У-д олгосугай.
5. Энэ хэрэгт Б.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД