| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2429001920190 |
| Дугаар | 2025/ДШМ/63 |
| Огноо | 2025-12-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/63
2025 оны 12 сарын 10 өдөр Дугаар 2025/ДШМ/63 Даланзадгад сум
Ө.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Г.Цогтмагнай /цахимаар/,
Шүүгдэгч Ө.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,
Хохирогч Н.*******,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн гаргасан гомдлыг үндэслэн Ө.*******д холбогдох 2429001920190 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ө.******* нь 2024 оны 06 дугаар сарын 14-нөөс 2024 оны 06 дугаар сарын 15-нд шилжих шөнө өөрийн өмчлөл, эзэмшлийн “*******” загварын, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Манлай сум орох замдаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт /Манлай сумаас 45 километрийн зайд/ зам тээврийн осол гарган улмаар тээврийн хэрэгсэлд нь зорчиж явсан зорчигч М.*******ын биед дух ясны хугарал, баруун зүүн талын хоншоорын хөндийн хана, хамар, яс, хоншоор яс, хатуу тагнай, ухархайн гадна, дотор, доод, дээд хана, хацар ясны нумуудыг хамарсан хугарал, эрүү ясны хугарал, эрүүний үений мултралт, зүүн зовхи, эрүүний шарх, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай нь Ө.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:
Шүүгдэгч Хэргүүд овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.*******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жил 5 сарын хугацаагаар хасаж 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******г эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 жил 5 сарын хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг ял оногдуулсан үеэс тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******гаас эмчилгээний нөхөн төлбөр, зайлшгүй гарах зардал болон сэтгэцэд учирсан хор уршигт нийт 44,783,658 /дөчин дөрвөн сая долоон зуун наян гурван мянга зургаан зуун тавин найм/төгрөгийг гаргуулж, хохирогч М.*******т олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.*******ын 5,788,000 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэхүү зардалтай холбоотой болон цаашид гарах эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ө.*******гийн 1472182 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.******* нь хохирогч М.*******ын эмчилгээний төлбөрт 23,040,000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Хохирогч М.*******ын зүгээс хохирол төлбөрт баримттай гэх зардалд 26,910,258 төгрөг, баримтгүй гэх 5,788,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30,353,400 төгрөг, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар 10,560,000 төгрөг, нийтдээ 73,611,928 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Шүүхээс хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ эмчилгээний нөхөн төлбөр, зайлшгүй гарах зардал сэтгэцэд учирсан хор уршигт 44,783,658 төгрөгийг Ө.*******гаас гаргуулж, хохирогч М.*******т олгохоор шийдвэрлэсэн.
Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан хэрэгт хамааралтай, нотлох баримттай, нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үндэслэж эмчилгээний зардалд нийтдээ 2,834,546 төгрөгийг гаргуулж шийдвэрлүүлэх санал хүсэлтийг шүүх хуралдаанд оруулсан боловч шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгасан зүйл байхгүй байна. Өөрөөр хэлбэл хохирол төлбөрт нийтдээ 44,783,658 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байдгаас, эмчилгээний зардалд нэхэмжилсэн 26,910,258 төгрөгөөс ямар ямар баримтыг нь үнэлж, нотлох баримтаар тооцож, хэрхэн шийдвэрлэсэн, зайлшгүй гарах зардал нь ямар зардал болох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэхэмжилж буй 10,560,000 төгрөг, 792,000 төгрөг зэргийг хэрхэн шийдвэрлэсэн, сэтгэл санааны хохиролд ямар хүчин зүйлийг үндэслээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлж, хэдэн төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн зэрэг нь шийтгэх тогтоолд тодорхойгүй байна.
Мөн шүүгдэгчийн зүгээс эмчилгээний төлбөрт нийтдээ 23,040,300 төгрөг нөхөн төлсөн байхад шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт 10,000,000 төгрөг нөхөн төлсөн, тогтоох хэсэгт 23,040,300 төгрөг нөхөн төлсөн гэж зөрүүтэй бичсэн, мөн дээрх нөхөн төлсөн төлбөр нь шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрөөс тусдаа болон хасагдах эсэхийг тодорхой дүгнээгүй байна. Энэ нь тухайн шийтгэх тогтоолыг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангасан байх ёстой хохирлоос хасуулах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг бодитой тогтоох ач холбогдолтой.
Мөн шүүгдэгч Ө.******* нь Өмнөговь аймгийн Манлай сумын *******д их эмчээр ажилладаг, алсын дуудлагад байнга явдаг, өвчтөнөө Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотын улсын төв эмнэлгүүдэд хүргэж өгөх ажил үүрэг гүйцэтгэдэг. Тухайн гэмт хэргийн хувьд хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан, шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, болгоомжгүйгээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдалд тохироогүй гэж үзэж байна.
Тиймээс анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхээс зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Үйлдэгдэн гарсан гэмт хэргийн тухайд шүүгдэгч нь эрүүл байсан. Мөн зорчих эрх хязгаарлах ял эдэлснээрээ түүний хөдөлгөөн хоригдож эхэлнэ. Цаашдаа хохирогчид нэлээн төлбөр өгөхөөр болчихсон байгаа. Тийм учраас ашиг орлого олох боломж, бололцоог нь хаагаад, мөн хөдөлгөөн хоригдсоноороо хохирогч нэмээд хохирох, хохирол төлбөрөө төлөхгүй саатгах зэрэг нөхцөл байдал үүсэх болов уу гэж харж байна. Хохирол, хор уршигтай холбоотой асуудлыг анхан шатны шүүхээс зөрүүтэй байдлаар алдаатай шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлүүлнэ үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдах журмаар гаргасан гомдлын гол үндэслэл нь хохирол төлбөрийн асуудлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд бодитой үнэлж дүгнээгүй шийдсэн. Мөн шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл бол түүнд тохироогүй гэдэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
Сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-аас 45,99 дахин нэмэгдүүлдэг. Тэгэхээр хэд дахин нэмэгдүүлсэн юм. Хамгийн ихээр тооцсон бол яагаад хамгийн ихээр тооцсон юм гэдгийг анхан шатны шүүх дүгнэлт хийж шийтгэх тогтоолдоо дурдах ёстой гэж үзэж байгаа. Гэтэл шийтгэх тогтоолд ийм зүйл байдаггүй.
Мөн нэг үндэслэл нь шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч нь болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн. Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Хохирол төлбөрийг төлж барагдуулж байгаа. Цаашид гарах зардлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн байдаг учраас Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасан боловч үүнийг хүлээж аваагүй.
Шүүгдэгчийн хувьд хохирол төлбөрт 26,040,000 төгрөг төлсөн. Цаашид гаргах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаараа маргасан зүйл байхгүй. Эдгээр нөхцөл байдал байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Тэнсэгдсэн хугацаанд хохирол төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэх боломжтой.
Эмчилгээний зардалд нэхэмжилсэн баримтуудаас хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудынхаа хүрээнд хохирол төлбөрийг бодитой, зөв тогтоож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Мөн энэ гэмт хэрэг нь болгоомжгүй, хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Хохирол төлбөрт 26,040,000 төгрөг төлсөн. Гэм хор учруулсан шүүгдэгчийн гэм хор болон гэм буруугаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзаад сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг хамгийн өндрөөр нь тогтоохгүйгээр багасгаж өгнө үү гэсэн саналуудыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.
Хохирогч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолдоо ихэнх нь эрүүл мэндтэй холбоотой бус өөр зардал гэж тайлбарласан байна. Би хүчлээд ч бүхэл юм идэх боломжгүй. 1 сарын турш шингэн шөлөөр хооллосон. Шөлөөр хооллож үзээгүй хүмүүс ямар байдгийг мэдэхгүй байх. Өдөрт би 7-8 шөл хийлгүүлж уудаг байсан ч цаддаггүй учраас шөлнийхөө төрлийг нэмэхийн тулд шинээр өөр бүтээгдэхүүн авдаг. Бүтээгдэхүүн нэмэгдэх тусмаа зардал нь нэмэгдээд явдаг байсан учраас өндөр зардалтай болсон.
Одоогийн байдлаар зүгээр яваад байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн өвдөж байгаа. Би хамгийн сүүлд 5 сард наркозод орсон. Одоо наркоз гарч байгаа. Наркоз гарахаар өвдөөд эхэлдэг. Одоогийн байдлаар наркоздоо хурдан орох юмсан гэж боддог. Бүр аргаа ядсан арга гэх юм уу. Өдөр ирэх тусам өвдөлт нь нэмэгдээд байгаа. Өмнө нь толгой гайгүй өвдөхгүй байсан бол толгой илүү өвддөг болох ч юм уу, зүрх гайгүй байснаа зүрх өвдөөд салганадаг болчихсон ч юм уу. Ер нь ирээдүйд нэмж юу өвдөхийг мэдэхгүй айдастай амьдарч байна. Амгалан тайван байж чадахгүй байна. Ө.*******гаас дахиад 44,000,000 төгрөг өгнө гэж тооцож байгаа. Түүнийг их байна гэсэн ярианд би их гомдож байна. Би зөвхөн эрүүл мэндээрээ хохироогүй, бүх юмаараа хохирсон. Би ганцаараа хохирчхоогүй. Ганц миний бие, сэтгэлээс гадна ээжийн минь ч гэсэн сэтгэл эмтэрч байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн нэхэмжилж байгаа 73,611,928 төгрөгөөс 5,788,000 төгрөгийг нь хэлэлцэхгүй байхад үлдэгдэл төлбөр буюу 67,823,928 төгрөгийг нь хангаж шийдвэрлэлээ. Үүнээсээ шүүгдэгч Ө.*******гийн өгсөн 23,040,300 төгрөгийг нь хасаад үлдэгдэл 44,783,628 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ гэдгээ тодорхой тайлбарласан. Бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан нөхцөл байдал байгаа учраас үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзэж байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Тодруулбал сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нэхэмжилснийг шүүх бүрэн хангаж шийдвэрлэсэн.
Охины өөрийнх нь царай төрхийг харахад нүүрнийх нь хэлбэр дүрс алдагдчихсан, толгой тархи нь өвдөөд хичээлдээ суухгүй байгаа. Сургуулиа төгсөж чадаагүй. Ирээдүйд ямар боловсролтой болох нь тодорхойгүй. Ингээд байнгын өвчин зовуурьтай, байнга өвчин намдаах эм хэрэглэдэг нөхцөл байдалтай байгаа. Энэ юунаас улбаалсан бэ гэхээр Ө.*******гийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй зайлшгүй шалтгаант холбоотой ийм нөхцөл байдал байгаа учраас эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг дээд хэмжээгээр буюу 45,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож гаргасныг үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Дараагийн дугаарт бусад эмчилгээтэй холбоотой болон бусад зардлуудын тухайд Ө.******* болон түүний ээж нь осолд орсныхоо дараа холбогдох баримтуудаа хэрхэн яаж хадгалах талаараа мэдэхгүй. Скочоор наасан байдаг. Тэгээд зарим нэг баримтууд бүдгэрчихсэн, тулаад сайн харах юм бол тэр байдлууд нь бүгд харагдана. Үүнтэй холбогдуулан дансны хуулгаа давхар авсан. Мөн баримттай зардал, баримтгүй зардлуудаа жагсаагаад биччихсэн. Уг баримтууд нь юунд холбоотой гарсан бэ гэхээр энэ гэмт хэрэгтэй холбоотой. Эмчилгээ хийлгэхтэй холбоотой. Хотод очоод байрлах байр байхгүй, буудалд буусан. Эмч, сувилагч нарын гар цайлгасан ч гэдэг юм уу энэ бүх зардлууд энэ гэмт хэрэгтэй холбоотой гарсан учраас давж заалдах шатын шүүх 5,788,000 төгрөгийг Ө.*******гаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаж байна. 10,560,000 төгрөгийн тухайд Иргэний хуулийн 505, 509 дүгээр зүйлүүд дээр тухайн этгээд гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд хохирол учруулсан этгээдээс нөхөн төлбөр шаардах эрхтэй. Тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэтрүүлэхгүйгээр нөхөн төлбөр шаардах эрхтэй. Энэ нөхөн төлбөрийг сар болгон гаргуулна гэдгийг Иргэний хуулийн 505, 509 дүгээр зүйлүүдэд тодорхой заасан. Үүнийхээ дагуу 2024 оны 06 дугаар сараас 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл буюу шүүх хуралдаан болох өдрийг хүртэл 660,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Энэ талаар Иргэний хууль дээр тодорхой заасан учраас үүнийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн дээрх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1-д заасны дагуу сар болгон 792,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шаардсан. Үүнийг анхан шатны шүүх хэлэлцэхгүй орхисон. Холбогдох баримтуудыг хэргийн хүрээнд аргаж өгсөн учраас сар болгоны тэтгэлгийг Ө.*******гаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүх давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэхээр байгаа учраас анхан шатны шүүхээр шийдэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэлэлцэхгүй орхисон эдгээр хохирлын асуудлыг шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаад сар болгон 792,000 төгрөгийг, мөн хэлэлцэхгүй орхисон 5,788,000 төгрөгийг Ө.*******гаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Ө.******* нь 2024 оны 06 дугаар сарын 14-нөөс 2024 оны 06 дугаар сарын 15-нд шилжих шөнө өөрийн өмчлөл, эзэмшлийн “*******” загварын, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Манлай сум орох замдаа Манлай сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарган улмаар тээврийн хэрэгсэлд нь зорчиж явсан зорчигч М.*******ын биед хүнд хохирол учруулж “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай нь шүүгдэгч Ө.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: шүүгдэгч Ө.*******г Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч Ө.*******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жил 5 сарын хугацаагаар хасаж 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 жил 5 сарын хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдэж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг ял оногдуулсан үеэс тоолж,
шүүгдэгч Ө.*******гаас эмчилгээний нөхөн төлбөр, зайлшгүй гарах зардал болон сэтгэцэд учирсан хор уршигт нийт 44,783,658 төгрөгийг гаргуулж, хохирогч М.*******т олгож, хохирогч М.*******ын 5,788,000 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэхүү зардалтай холбоотой болон цаашид гарах эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
шүүгдэгч Ө.******* нь хохирогч М.*******ын эмчилгээний төлбөрт 23,040,000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр эс зөвшөөрч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн “Анхан шатны шийтгэх тогтоол нь биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй, тодорхой,ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагаас гаргасан хохирол төлбөртэй холбоотой санал дүгнэлтийг шийдвэрлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрлээгүй асуудалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: “Шүүгдэгч Ө.******* нь хохирогч М.*******т эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 10.000.000 төгрөгийг нөхөн төлсөн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 505.2, 511.3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******гаас эмчилгээний нөхөн төлбөр, зайлшгүй гарах зардал сэтгэцэд учирсан хор уршигт 44,783,658 төгрөгийг гаргуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар хохирогч М.*******ын цаашид гарах эмчилгээний зардалд 5,788,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, энэхүү зардал болон цаашид гарах эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.” гэж дүгнэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад ... шүүгдэгч Ө.******* нь хохирогч М.*******ын эмчилгээний төлбөрт 23,040,000 төгрөг төлсөн гэж зөрүүтэй үнийн дүнг дурджээ.
Түүнчлэн хохирогч М.*******ын эмчилгээний нөхөн төлбөр зайлшгүй гарах зардал болон сэтгэцэд учирсан хор уршигт нийтдээ 73,611,928 төгрөг нэхэмжилснээс 5,788,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 44,783,658 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэхдээ ямар нотлох баримтад үндэслэсэн, сэтгэцэд учирсан хор уршгийг яаж тооцсон талаар тодорхой дүгнэлтийг хийгээгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахаар зохицуулсан ба 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж зааснаар гэм буруутай этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Анхан шатны шүүх хуралдааны үед хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагаас “Хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан учраас Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-т зааснаар тус төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэхэмжилж байгаа. Хохирогчийн зүгээс энэ осол гарснаас хойш 2025 оны 10 cap хүртэлх төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөгөөр бодсон. 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөг болж нэмэгдсэн учраас шүүх хуралдаанаас хойш нэмэгдсэн үнийн дүнгээр буюу 792.000 төгрөгөөр cap болгон төлбөр гаргуулах хүсэлтэй.” гэх саналыг гаргасан боловч анхан шатны шүүх өмгөөлөгчийн энэхүү саналыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
Түүнчлэн хяналтын прокурор Г.Цогтмагнайгийн үйлдсэн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаартай яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлтэд “учруулсан хохирол, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл зэргийг бүрэн тусгах үүрэгтэй бөгөөд энэ талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүйн улмаас хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрх ноцтой зөрчигдсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Учир нь: Хяналтын прокурор Г.Цогтмагнайгийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаартай яллах дүгнэлтэд яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга: Яллагдагч Ө.******* нь 2024 оны 06 дугаар сарын 14-нөөс 2024 оны 06 дугаар сарын 15-нд шилжих шөнө өөрийн өмчлөл, эзэмшлийн “*******” загварын, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Манлай сум орох замдаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт /Манлай сумаас 45 километрийн зайд/ зам тээврийн осол гарган улмаар тээврийн хэрэгсэлд нь зорчиж явсан зорчигч М.*******ын биед дух ясны хугарал, баруун зүүн талын хоншоорын хөндийн хана, хамар, яс, хоншоор яс, хатуу тагнай, ухархайн гадна, дотор, доод, дээд хана, хацар ясны нумуудыг хамарсан хугарал, эрүү ясны хугарал, эрүүний үений мултралт, зүүн зовхи, эрүүний шарх, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол учруулж “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн...гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэний дагуу анхан шатны шүүх энэхүү үндэслэлээр шүүгдэгч Ө.*******г гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
Гэтэл хавтаст хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлт нотлох баримтаар авагдсан ба энэхүү шинжээчийн дүгнэлтийг яллах дүгнэлтийн нотлох баримт хэсэгт тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан боловч хохирогч М.*******ын биед “дух ясны суурь хэсэг, хоёр талын хоншоорын хөндийн бүх хана, хамар, яс, тагнай яс, түүшин сэртэн, хоёр нүдний ухархайн бүх хана, зүүн хацар ясны нум, эрүү ясны оочны хоёр талыг хамарсан нийлмэл цөмөрсөн хугарал гэмтлийн хүндрэлийн улмаас баруун нүдний харааны мэдрэлийн хатангиршил баруун нүдний хараагүйдэл үүссэн. Дээрх дух ясны хугарал нь хохирлын хүнд зэрэг, баруун нүдний хараагүйдэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах хохирлын хүнд зэрэг, нүүрний яснуудын хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтлүүд болох зүүн нүдний зовхи, эрүүний няцарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг” /1-р хх-207-212-р хуудас/ гэх дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд, хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтлүүдийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь хохирогчийн эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг зөв тогтоогоогүй, хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхийг нь зөрчсөн гэх үндэслэл болохын зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нөхцөл байдалд хамаарна.
Түүнчлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, сэтгэцийн эмч Э.Мөнхнаран, шинжээч, сэтгэл зүйч Х.Балжинням нарын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 871 дугаартай дүгнэлтийн Эмнэл зүйн ярилцлагын үр дүн: 2024 оны 06 сард хичээл амраад Цогтцэцийн сумаас Манлай сум руу гэр лүүгээ явж байх замдаа зам тээврийн осолд орж хүнд гэмтэл авсан. Тэр үед унтаж явсан болохоор юу болсон талаар санахгүй байна, нэг сэрэхэд эмнэлэгт ирчихсэн нүд нээгдэхгүй, баруун нүд хараагүй, нүүрний хэлбэр дүрс алдагдчихсан байсан гээд уйлна. Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж нүд, хамар, эрүүний мэс засалд орсон. Осолд орсны дараа ангийн хүүхдүүд намайг эргэж ирчхээд аймаар хараад байсан гээд уйлна. Нэг удаа гадуур явж байхад хамгийн сайн найз минь намайг танихгүй, хажуугаар зөрөх үед өөрийгөө өөр болсон байна гэдгийг мэдэрсэн гээд уйлна. Одоо хүний өөдөөс ч эгцэлж харж чадахгүй, гэрээсээ гарах дургүй, хичээлдээ явах сонирхолгүй болж сургууль завсардсан. Хааяа гадуур явах үед ямар ч баримжаагүй болохоор үргэлж гэрийнхнийгээ дагуулж явдаг мөн өөрөөсөө ичиж санаа, зовоод үргэлж малгай, маск, хар нүдний шил зүүж явдаг гээд хоолой зангирна. Одоо амархан айж цочдог, эмзэг, дотогшоо, амархан гомдож уйлна. Заримдаа ямар ч шалтгаангүй уурлаж бухимддаг болсон. Өмнө нь rap бөмбөг тоглодог, сурлага сайтай, нийгмийн идэвх оролцоотой байсан ч одоо юу ч хийх хүсэлгүй, өөрийгөө харахаас хүртэл дургүй хүрдэг болчихсон. Заримдаа үхчих юм сан гэж бодогдоно. Одоо зам хөндлөн гарах үед машин ирээд мөргөчих вий, машинд суугаад явах үед дахиад осол аваарт орчих вий гэж айдаг. Тухайн осол гаргасан хүмүүс эмчилгээний зардал мөнгө өгсөн ч хүрэлцэхгүй байгаа. Ээж маань намайг болон дүү нарыг асраад ажлаа хийж чадахгүй, санхүүгийн хүндрэл үүсэж хэцүү байдаг. Ээж дүү нараас илүү намайг асарч халамжилдаг гээд хоолой зангирна. Удахгүй хамар, эрүүний мэс засалд орно. Цаашдын эрүүл мэндийн байдалдаа маш их санаа зовдог гэх. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох арга аргачлалын үр дүнд:
Одоогийн сэтгэцийн байдлаар: Цаг хугацаа орон зайн баримжаатай. Сэтгэцийн үйл ажиллагааны хурд, танин мэдэхүйн үйл ажиллагаа хэвийн. Үзлэгийн үед уналт таталт, хий үзэгдэл, дэмийрлийн шинж илрэхгүй. Гэмт хэргийн улмаас үүссэн асуудлаа хэтрүүлэн үнэлэх байдал ажиглагдахгүй, өөрийгөө илэрхийлэх чадвар сайн. Гэр бүлийн дэмжлэгт орчинтой. Сэтгэл санаа тогтворгүй, уурлаж бухимдах, гомдол ихтэй. Өөртөө болон ирээдүйд итгэх итгэлгүй өөрийн үнэлэмж буурсан. Одоогийн нөхцөл байдалд дасан зохицох чадвар сул. Гэмт хэргийн улмаас өвдөлт зовуурь мэдрэх, нойрны хямрал үүсэх, нийгмийн идэвх оролцоо, аливаа зүйлийг хийх идэвх санаачилга, сонирхол буурсан, бусадтай харилцах харилцаа, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох хүндрэл учрах, санхүүгийн хүндрэл үүсэх, цаашдын эрүүл мэндээ бодож санаа зовж шаналах. Сөрөг бодол төрөх, айдас түгшилт мэдрэх зэргээр F43.2 Дасан зохицохын эмгэг оношлогдож байна. Дүгнэлт:
1.Мөнхбаатарын ******* /*******/-ын сэтгэцэд 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас F43.2 дасан зохицохын эмгэг оношлогдож байна.
2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна.
3.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...гэх дүгнэлт гарсантай холбогдуулан хохирогч М.*******ын сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн дүгнэлттэй холбогдуулан шийдвэр гаргаагүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй байна гэж дүгнэв.
Дээрх дүгнэлтүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлүүд тогтоогдсон тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн “шүүгдэгч Ө.*******д оногдуулсан ял нь гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдалд тохироогүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ө.*******д холбогдох 2429001920190 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ө.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Х.ГЭРЭЛМАА