| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 184/2023/07624/И |
| Дугаар | 192/ШШ2026/02715 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2026/02715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А******* ХХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 128 790 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э*******,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н*******,
хариуцагчийн төлөөлөгч Ш.Б*******,
нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ХХК хариуцагч А******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 128 790 000 төгрөг гаргуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ус сувгийн удирдах газраас Монгол улсын нэгдсэн цэвэрлэгээний стандарт MN:43.2011 төхөөрөмжийг үйлдвэрлэлийн зорилгоор ашиглах иргэн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, усны нөөцийг хамгаалах, усны стандартыг хангаагүй аж ахуй нэгжүүд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цэвэр усаар хангахгүй, үйл ажиллагааг нь хаах тухай албан мэдэгдэл манай компанид ирсэн байдаг. Үүний дагуу Г******* ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр А******* ХХК-тай худалдах худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээгээр Скат гэх тоног төхөөрөмжийг нэг хоногт 10 куб метр бохир усыг дахин цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг 128 790 000 төгрөгөөр худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээгээр худалдагчийн зүгээс биет байдлын доголдолгүй 5 жилийн баталгаат хугацаатай суурилуулалт болон угсралтын бүх ажлыг худалдагчийн зүгээс хийж өгөхөөр гэрээг харилцан тохиролцсон байдаг. Тоног төхөөрөмж нь ус сувгийн удирдах газрын стандарт шаардлагыг хангасан байх мөн хүний оролцоо багатайгаар цэвэршүүлж, 24 цагт 14 куб бохир усыг цэвэршүүлэх, компанийн үйл ажиллагаанд саад учруулахааргүй байх, бохир ус цэвэршүүлэхэд орох бодисын хэмжээ болон үнэ хямд гэх зэрэг гэрээний гол нөхцөлүүд санал болгож гэрээг байгуулж байсан. Ингээд 2 сарын хугацаанд тоног төхөөрөмжийг бэлтгэн нийлүүлж угсрахыг тохиролцоод гэрээг байгуулсан. Гэтэл гэрээ байгуулагдсанаас хойш 3 сарын дараа буюу 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тоног төхөөрөмжийг ОХУ-аас гаргах эрх нээгдсэн бөгөөд дахин 2 сар хүлээсэн байдаг. Талуудын анх тохиролцсон тоног төхөөрөмжөөс өөр тоног төхөөрөмж ирсэн байдаг. Ингээд манай талаас уг тоног төхөөрөмжийг хүлээн авах боломжгүй, гэрээнээс татгалзах тухайгаа 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаартай албан бичгээр анх мэдэгдэж байсан. Хариуцагч А******* ХХК нь ОХУ-аас дахин нэмэлт тоног төхөөрөмж захиална гэсээр биднийг дахин 2 сар орчим хүлээлгэсэн байдаг. Ингээд хариуцагч тал хэлсэн амлалтдаа хүрээгүй буюу 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаартай, 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 45 дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаартай албан мэдэгдлүүдийг тус тус илгээж мэдэгдэл хүргүүлж байсан. Энэхүү мэдэгдлүүдийн гол агуулга нь танайх тоног төхөөрөмжөө угсарч хэвийн үйл ажиллагаанд оруулж өгнө үү, хэрвээ хэвийн үйл ажиллагаанд оруулж өгөхгүй бол гэрээнээс татгалзан гэсэн албан бичгүүдийг хүргүүлсэн. Ингээд хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор угсралт, тохируулга эхлүүлж өгнө гэсэн боловч мөн худлаа хэлсээр компанийн үйл ажиллагааг доголдолд оруулж, эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэж байсан. Манай тал гэрээнээс татгалзах болсон гол зүйл нь хариуцагч тал үл хүндэтгэж, гэрээний үүргээ биелүүлээгүй. 2023 оны 04 дүгээр сард гэрээгээ байгуулаад багажаа 07-р сард аваад ирснээс нь хойш задлаад угсраад өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд эхний 5 албан бичигт ямар ч хариу өгөөгүй. Тоног төхөөрөмжийнхөө үйл ажиллагааг 5 жил хариуцан гэсэн байдаг. Манай компанийг үл хүндэтгэж хариу өгөхгүй байгаа компанитай ажиллана гэдэг надад хүндрэлтэй санагдсан. Гэрээнээс татгалзах болсон гол зүйл нь 2023 оны 12 дугаар сард эмнэлэгт хэвтэж байхад хариуцагч талын ерөнхий инженер н.Энхзаяатай холбогдоод, танайх руу 5 албан бичиг явуулсан байхад хариу байхгүй, одоо болтол яагаад угсрахгүй байгаа вэ гэхэд манай хүмүүс ажилтай байгаа, чи тэр шүүхдээ ханд гэж хэлсэн. Би тэгээд БНХАУ-аас тоног төхөөрөмж авсан. Тэгээд хариуцагч талын тоног төхөөрөмжийг ашиглахгүй байгаа. Би өмнө нь хуулийн зөвлөхөө дагуулаад хариуцагч талын н.Энхзаяа гэдэг хүнтэй нь уулзсан. Тэгэхэд яаралтай энэ сарын дотор угсарч өгнө, үйл ажиллагааг нь жигдрүүлж өгнө гэж хэлсэн. Миний бие тэр бодисын талаар мэдэхгүй байсан, ямар тунгаар яаж хийх, энэ багаж нь автомат уу, механик уу гээд мэдэхгүй байсан. Мөн хариуцагч талаас ирсэн инженер, техникийн ажилтнууд нь ямар ч мэдлэггүй, анх угсрах гэж ирэхдээ манай гадаа 7 хоносон байдаг. Тэгээд асуухад манайх мэдэхгүй байна. ОХУ-аас зааварчилгаа хүлээж байна гэсэн. Миний хувьд усны компанид захиалга өгөөд 8, 9 сар хохироод байна. Манайх сар болгон усны дээж өгдөг, тэгтэл дээж нь одоог хүртэл муу гарсаар байгаа. Манай байгууллагын ажилчдын эрх ашиг хөндөгдөж байна. Тоног төхөөрөмж нь ажиллах үгүйг сайн мэдэхгүй байна. Үзлэг хийлгэх үед л нэг асаасан. Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ 128 790 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөөд акт үйлдээгүй, дараа үйлдэнэ гэсэн, паспорт техникийн бичиг баримтуудаа шаардаагүй, угсраагүй болохоор шаардах эрхгүй. Нэг ч ажиллууллаагүй гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Ш.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгчийн татгалзаж байгаа үндэслэл тодорхойгүй байдаг. 2 өөр тоног төхөөрөмж явуулсан юм шиг ярьдаг. Гэрээний дагуу Скат 1.1 гэсэн тоног төхөөрөмжийг сонгож, бид гэрээний үүргээ биелүүлж, хүлээлгэж өгсөн. Орос мэргэжилтэн суулгах ёстой байсан боловч бид гэрээгээр тохироогүй. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт бид тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгсөн тул бид үүргээ биелүүлсэн. Харин суурилуулах үүрэг хүлээгээгүй. Манай компани бие дааж уг тоног төхөөрөмжийг хүргэж, өгөх газарт нь тавих л үүрэгтэй. Бид тоног төхөөрөмжийг бид бичиг баримттай нь өгсөн. Энэ талаар гэрч нотолсон. Суурилуулалтын гэрээ байгуулаагүй. Суурилуулалтын хөлс энэ гэрээнд ороогүй. Скат 1.1-ийг гэрээгээр авахаар тохирсон. Бид өөр зүйл нийлүүлээгүй. Тоног төхөөрөмж нь хүний оролцоо багатай байхаар тоног төхөөрөмжийг сонгосон. Суурилуулж өгөх нөхцлийн тухайд захиалагч газраа өөрчилсөн. Суурилуулах гэж очсон гэтэл усны нөөц хадгалах сав байгаагүй. Усны суваг байгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр өөр улсынх байсан гэж дүгнээгүй, буруу тайлбарлаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтас хэрэгт нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г******* ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г******* ХХК-ийн дүрэм, Хаан банкны гүйлгээний баримт, 2023 оны 04-р сарын 27-ны өдрийн ЗГ/202351153882, БГҮ/202351153882 дугаартай Хаан банктай байгуулсан Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ, А******* ХХК-ийн №Э-23-26 дугаар нэхэмжлэх, 2023 оны 04-р сарын 26-ны өдрийн №Э-23-26 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, А******* ХХК-ийн 2023 оны 09-р сарын 28-ны өдрийн №23/33 дугаар албан бичиг, Г******* ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, гэрэл зургууд, Г******* ХХК-аас Л.З*******д олгосон итгэмжлэл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэмэлт тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн. /1хх-ийн 3-36, 62, 196-199 хуу, 2х-ийн 65-66, 122-123 хуу/
4. Хариуцагчаас хэрэгт А******* ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А******* ХХК-аас Б.Э*******т олгосон итгэмжлэл, Б.Э*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, А******* ХХК-аас Ш.Б*******д олгосон итгэмжлэл, А******* ХХК-ийн 2024 оны 01-р сарын 22-ны өдрийн №185 дугаар албан бичиг, Скат-1/2/.1 төхөөрөмжийн пасспорт, Төхөөрөмжийг ашиглахад хориглох болон зөвшөөрөх заалтууд, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Ш.Б*******д олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн. /1хх-46-48, 53, 61, 213-250, 2хх-1-13 хуу, 72-76, 117хуу/
5. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Усны газрыг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хавсаргасан байна. /2хх-ийн 95-113 хуу/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр А******* ХХК-тай худалдах худалдан авах гэрээг байгуулж, Скат гэх тоног төхөөрөмжийг нэг хоногт 10 куб метр бохир усыг дахин цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг 128 790 000 төгрөгөөр худалдан авах, худалдагч биет байдлын доголдолгүй 5 жилийн баталгаат хугацаатай суурилуулалт болон угсралтын ажлыг хийж өгөх, тоног төхөөрөмж нь ус сувгийн удирдах газрын стандарт шаардлагыг хангасан байх, хүний оролцоо багатайгаар цэвэршүүлж, 24 цагт 14 куб бохир усыг цэвэршүүлэх, компанийн үйл ажиллагаанд саад учруулахааргүй байх, бохир ус цэвэршүүлэхэд орох бодисын хэмжээ болон үнэ хямд гэх зэрэг гэрээний гол нөхцлүүдийг тохиролцож гэрээг байгуулсан. Талуудын анх тохиролцсон тоног төхөөрөмжөөс өөр тоног төхөөрөмж ирсэн тул хүлээн авах боломжгүй талаар мэдэгдэж, гэрээнээс татгалзах тухайгаа 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаартай албан бичгээр анх мэдэгдэж, дахин мэдэгдлүүд хүргүүлж байсан боловч хариу өгөөгүй. Улмаар хэдэн сарын дараа хариуцагч тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн боловч акт үйлдээгүй, паспорт техникийн бичиг баримтуудаа хүлээлгэн өгөөгүй. Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ 128 790 000 төгрөг гаргуулж өгнө үү. ... ” гэж тайлбарлав.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн талаар маргахгүй, гэрээнд заасан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Манай компани бие дааж уг тоног төхөөрөмжийг хүргэж, өгөх газарт нь тавих л үүрэгтэй, суурилуулах үүрэг хүлээгээгүй. Орос мэргэжилтэн суулгах ёстой байсан боловч гэрээгээр тохиролцоогүй. Тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөхдөө бичиг баримттай өгсөн энэ талаар гэрч нотолно, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Суурилуулалтын гэрээ байгуулаагүй, суурилуулалтын хөлс энэ гэрээнд ороогүй. Зөвхөн Скат 1.1 тоног төхөөрөмжийг гэрээгээр авахаар тохирсон.” гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч Г******* ХХК, А******* ХХК нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр №Э-23-26 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь ОХУ-д үйлдвэрлэсэн, СКАТ-1 маркийн, 1 ширхэг, бохир ус цэвэршүүлэх зориулалттай бараа бүтээгдэхүүн /төхөөрөмж/-ийг бичиг баримтын хамт хүлээлгэн өгөх, нийлүүлэх, худалдан авагч 128 790 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 19-20/
4.2 Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Г******* ХХК нь 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 128 790 000 төгрөгийг А******* ХХК-ийн эзэмшлийн 5063*******, 2905******* тоот дансанд SKAT 1.1 төлбөр гэж шилжүүлж, төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байх ба баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 9/
5. Харин хариуцагч А******* ХХК нь гэрээний зүйл болох SKAT 1.1 тоног төхөөрөмжийг 2023 оны 08 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Г******* ХХК-д нийлүүлж, компанийн авто угаалгын газар буулгаж үлдээсэн талаар нэхэмжлэгч тал тайлбарласныг, хариуцагч маргаагүй ба талууд уг тоног төхөөрөмжийг актаар хүлээж аваагүй талаар маргаагүй.
5.1 Дээрх тоног төхөөрөмжийг хүлээж авсны дараа нэхэмжлэгчээс хариуцагчид хандан 2023 оны 08-р сарын 07-ны өдрийн 34 тоот, 2023 оны 09-р сарын 13-ний өдрийн 38 тоот, 2023 оны 09-р сарын 24-ний өдөр 40 тоот, 2023 оны 11-р сарын 20-ны өдөр 45 тоот, 2023 оны 11-р сарын 27-ны өдөр 46 тоот албан бичгүүдийг хүргүүлж, тухайн тоног төхөөрөмж нь талуудын байгуулсан гэрээний 1.4-т заасан худалдан авагчийн хэрэгцээ, чанарын шаардлага хангаагүй, авто угаалгын зориулалтаар ашиглах хэрэгцээ шаардлагаас зөрсөн, техникийн пасспорт бичиг баримтгүй, түүнчлэн ажиллуулах горим, суурилуулах ажлыг хийж гүйцэтгүүлэх талаарх мэдэгдлийг тус тус хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан байна.
5.2 Харин хариуцагч нь төхөөрөмжийн усралт, суурилуулалт, туршилтын ажлыг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор эхлүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн хэдий ч уг ажлыг эхлүүлээгүйгээс маргаан үүссэн байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
6.1 Харин хариуцагч тал гэрээнд заасан тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлж, дагалдах бичиг баримтын хамт өгсөн, гэрээний 1.5, 1.6-д зааснаар тоног төхөөрөмжийг суурилуулахаар гэрээ байгуулаагүй тул гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан нь, дараах үндэслэлгүй байна.
6.2 Хэргийн баримт, талуудын байгуулсан гэрээ зэргээс үзэхэд хариуцагч А******* ХХК нь тухайн тоног төхөөрөмжийг дагалдах бичиг баримтын хамт бүрэн хүлээлгэж өгсөн талаараа баримтаар нотлоогүй, түүнчлэн тоног төхөөрөмжийг хариуцагч тал суурилуулж өгөхөөр хугацаа тохирсон хэдий ч дээрх үүргийг биелүүлээгүй нь хариуцагч А******* ХХК-ийг гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байх ба нэхэмжлэгч тал энэ талаар хугацаа зааж, үүргээ биелүүлэхийг удаа, дараа сануулсан мэдэгдлийг хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г******* ХХК-ийн хүсэлтээр гэрээний зүйл болох SKAT 1.1 тоног төхөөрөмжийг ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг 24 цагт хэдэн куба метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай, бодит байдал дээр бохир усыг 24 цагт болон 1 цагт хэдэн куба метр ус цэвэршүүлж байгаа эсэх, цэвэршүүлсэн ус нь Монгол улсын MN:43:2011 стандартад нийцэж байгаа эсэх, 24 цагийн үйл ажиллагаатай авто угаалгын газрын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх, тохирох эсэхэд дүгнэлт гаргуулахаар шүүхээс Усны газрыг шинжээчээр томилж, 2025.12.26-ны өдрийн №01/926 тоот дүгнэлтийг гаргаж ирүүлсэн байна. уг дүгнэлтэд “...тоног төхөөрөмжийн өрөөнд байрлуулсан А******* ХХК-ийн нийлүүлсэн гэх СКАТ-1 бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж нь нийлүүлэгдсэн боловч бохир ус цуглуулах шугамд холбогдоогүй, ашиглалтад оруулаагүй байдалтай байсан учир 1 цагт хэдэн метр куб ус цэвэрлэж байгааг тогтоох боломжгүй байв. Тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулаагүй тул тоног төхөөрөмжид цэвэрлэсэн хаягдал уснаас хяналтын сорьцын шинжилгээ авах боломжгүй байсан....Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн 5.4-т зааснаар хаягдал усны хэмжээ нь цагт 0.5 метр куб байна. Энэ нь СКАТ-1 тоног төхөөрөмжийн хүчин чадалд нийцэж байна. Гэвч тоног төхөөрөмжийн иж бүрдлийг бүрэн байгаа эсэхийг тогтоох дагалдах баримт бичиг байхгүй байна. Шинжээч газар дээр нь тоног төхөөрөмжийг шалгахад Филипин болон Итали улсад үйлдвэрлэгдсэн насос тоноглолтой байгаа нь ОХУ-ын Ярославль хотын үйлдвэрийн бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмжийн үйлдвэрт 100 хувь үйлдвэрлэгдсэн иж бүрдэл төхөөрөмж болохыг тодорхойлох боломжгүй байна .” гэжээ. /2хх-ийн 95-113/
8. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч нь гэрээнд заасан тоног төхөөрөмжийг, бүрдэл хэсгийн хамт бүрэн бүтэн хүлээлгэн өгөх, түүнчлэн уг төхөөрөмжийг суурилуулах үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар гэрээний талууд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимд нийцээгүйн дээр хариуцагчийг дээрх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.
9. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.”, мөн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч А******* ХХК-аас 128 790 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ХХК-д олгох үндэслэлтэй.
9.1 Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д зааснаар талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй тул хариуцагч хэдийгээр Скат 1.1 тоног төхөөрөмжийг гаргуулахаар шаардаагүй боловч энэ шүүхийн шийдвэрээр гэрээний зүйлийг нэхэмжлэгч Г******* ХХК-аас хариуцагчид буцаан олгох нь хуульд харшлахгүй, бусдын эрх зөрчигдөхөөс хамгаалах ач холбогдолтой юм.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А******* ХХК-иас 128 790 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ХХК-д олгож, нэхэмжлэгч Г******* ХХК-аас Скат 1.1 тоног төхөөрөмжийг буцаан гаргуулж, хариуцагч А******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 802 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ