| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2406017901160 |
| Дугаар | 2026/ДШМ/05 |
| Огноо | 2025-12-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2026/ДШМ/05
2025 12 23 2026/ДШМ/05
Э.Г- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Отгонжаргал,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2395 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ү.Содномцогийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.А-, Э.Г-, А.О-, О.Н- нарт холбогдох эрүүгийн 2406017901160 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. А-,
2. Г-,
3. О-,
4. Н-, /;
1. шүүгдэгч Б. А- нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Намьянжу саунд хохирогч Д.П-ын эзэмшлийн “Samsung ultra S21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2024 оны 03 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шинэ Монгол сургуулийн гадна байршуулсан насанд хүрээгүй хохирогч Б.Т-дын Трик марлин 5 /trek marlin/ унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Б.А-, Э.Г- нар бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ногоон төгөл хотхоны 75 дугаар байрны гадна талд байршуулсан хохирогч М.Ө-ын эзэмшлийн цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Б.А-, Э.Г- нар бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхоны 75 дугаар байрны гадна байсан хохирогч Л.О-гийн өмчлөлийн Twitter TW3900xc загварын улаан хар өнгийн унадаг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 395.600 төгрөгийн хохирол учруулсан,
5. Б.А-, А.О-, О.Н- нар бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 02-ны шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхоны 76 дугаар байрны гадна талд байршуулсан насанд хүрээгүй хохирогч Х.Х-ын эзэмшлийн “Ширлан” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Б.А-, А.О-, О.Н- нар бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхоны гадна талд байршуулсан хохирогч Д.Э-ийн эзэмшлийн “Lapias” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 568.320 төгрөгийн хохирол учруулсан,
7. Б.А-, А.О-, О.Н- нар бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхон, 76 дугаар байрны гадны талаас хохирогч Э.О-ын эзэмшлийн “Dkaun” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 441.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. Б.А-, А.О-, О.Н- нар бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхоны гадна байршуулсан насанд хүрээгүй хохирогч Б.Т-ийн Волф /Wolf/ загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.А-, Э.Г-, А.О-, О.Н- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ү.Содномцогийн бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул эсэргүүцэл бичлээ. Шүүхээс шүүгдэгч нарын гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн эрх зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий болжээ. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн, хэргийн үйл баримтыг тогтоож, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилсэн байна.
Түүнчлэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Харин анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн боловч 18 насанд хүрээгүй байсан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Тухайлбал, шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн байхад эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ “...эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй” гэж, мөн шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар “ ...8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн” гэж алдаатай дүгнэлт хийсэн байна. Мөн шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч А-, Г- нарын ургийн овгийг Мотгорой овгийн... гэж бичсэн нь шийтгэх тогтоолын удиртгал хэсгээс зөрүүтэй; 8 дахь заалтад өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргах эрхийг дурдахгүй орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг хязгаарласан; шийтгэх тогтоолд “насанд хүрээгүй шүүгдэгч О.Н-” гэж удаа дараа бичсэн нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй нэр томьёог хэрэглэсэн; өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан хэлэлцсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны нээлттэй, хаалттай явуулах эсэхийг шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт тусгахгүй орхигдуулсан зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд өсвөр насны шүүгдэгч О.Н- нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед 18 насанд хүрээгүй байсан, түүнчлэн шүүгдэгч Б.А-, Э.Г- нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан, шүүгдэгч Б.А-ийн хувьд ганцаараа 2 удаагийн үйлдлээр, бусадтай бүлэглэн 6 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2395 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэх шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх агуулгаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ү.Содномцогийн бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.А-, Э.Г-, А.О-, О.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.А- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, нэр бүхий 8 хохирогчид нийт 5.224.920 төгрөгийн хохирол,
шүүгдэгч Э.Г- нь Б.А-тэй бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 22 болон 23-24-нд шилжих шөнө 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, нийт 1.195.600 төгрөгийн хохирол,
шүүгдэгч А.О-, О.Н- нар нь Б.А-тэй бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 07-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, нэр бүхий 4 хохирогчид нийт 1.699.320 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
эд зүйлээ алдсан талаарх хохирогч Б.Т-д /хх 12/, Д.П- /1хх 56-57/, М.Ө- /1хх 144-145/, Л.О- /1хх 208-209/, Х.Х- /2хх 13-14/, Д.Э- /2хх 75-76/, Э.О- /2хх 136-137/, Б.Т- /3хх 61-62/ нарын мэдүүлэг,
иргэний нэхэмжлэгч Г.Б /1хх 69-70/, гэрч П.С /1хх 60-61/ болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд /2хх 45-46, 54, 63, 103-104, 114, 124, 168-169, 180, 193, 3хх 94, 103, 112/,
алдсан эд зүйлийн үнэлгээ /1хх 21-24, 75-78, 157-160, 222-225/, /2хх 33-35, 91-93/, /3хх 80-84/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-7, 126-129, 191-196/ , хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 120-125/, эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 83-84/, нас тоолсон тэмдэглэл /2хх 197, 199, 234/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.А-, Э.Г-, А.О-, О.Н- нарын бусдын гар утас, унадаг дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин дээд шатны прокурор буюу Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий Ү.Содномцог “...шүүгдэгч Б.А-, Э.Г- нарын ургийн овгийг Мотгорой гэж буруу бичсэн, ... О.Н-г насанд хүрээгүй шүүгдэгч гэж хуульд байхгүй нэрээр, ... шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар “ ...8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн” гэж алдаатай дүгнэлт хийсэн, ... шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэхийг шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт тусгахгүй орхигдуулсан, ... шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байхад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар алдаатай дүгнэлт хийсэн. ...” гэх агуулгаар эсэргүүцэл бичжээ.
1.Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой.
Прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй, учир нь дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил боловч мөн хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад нөлөөлөхүйц ноцтой зөрчилд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бичигдсэн шүүгдэгч Б.А-, Э.Г- нарын ургийн овог удиртгал хэсэгт бичсэн ургийн овогтой ижил байгаа боловч “Мотгорой овгийн” гэж илүү бичсэн байгааг хүчингүй болгож, мөн шүүгдэгч Б.А- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул “бусадтай бүлэглэн” гэж гэм буруутайд тооцсоныг зөвтгөх.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.17-д “өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” гэж Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг; ойлгохоор тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт насанд хүрээгүй шүүгдэгч гэж хуульд байхгүй нэр томьёог хэрэглэсэн байх тул “өсвөр насны шүүгдэгч О.Н-” гэж хуульд нийцүүлэн өөрчлөх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тусгана.” гэжээ. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “хууль ёсны төлөөлөгч” гэснийг орхигдуулсан байх тул нэмж өөрчлөн оруулах.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх Б.А-, Э.Г-, А.О-, О.Н- нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдааныг хаалттай явуулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд /3хх-216 тал/ шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүх хуралдааныг хаалттай явуулсан талаар бичээгүй байгаа нь шүүгчийн хайнга, хариуцлагагүй байдлаас болж дээрх алдааг гаргасан байгааг тэмдэглэв.
Харин шүүгдэгч Б.А-, Э.Г-, О.Н- нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан болох нь нас тоолсон тэмдэглэлээр тогтоогдож байна.
1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 40/33 дугаар тогтоолоор батлагдсан Насанд хүрээгүй хүмүүсийн талаар шүүн таслах ажиллагаа явуулах тухай НҮБ-ын наад захын жишиг журамд "Өсвөр насны хүн" гэж тухайн улсын эрх зүйн тогтолцоонд үйлдсэн хэрэгт нь насанд хүрсэн хүнээс ялгаатай хэлбэрээр хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.
Олон улсын хүний эрхийн энэхүү стандартад нийцүүлэн Монгол Улсын Эрүүгийн хуульд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг тусгай журмаар зохицуулж, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлсэн бодлого баримтлахаар заасан.
2015 оны Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлсон бөгөөд өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт хөнгөн, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх ёстой гэсэн хүүхдийн эрхийн талаарх олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуульд тусгасан дээрх зохицуулалт нь өсвөр насны хүний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, хугацаанаас шалтгаалан өөр, өөр эрх зүйн үр дагавар, ялгавартай байдал үүсгэдэг байсан хууль хэрэглээний буруу хэвшмэл үйлийг халсан, зарчмын шинжтэй зохицуулалт юм.
Иймд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн байдал нь дээрдүүлсэн, илүү нарийвчилсан зохицуулалтыг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-, Э.Г-, О.Н- нарт хорих ял оногдуулахыг тэнсэж, Б.А-ийг 01 жил 02 сарын хугацаагаар, О.Н- Э.Г- нарыг 8 сарын хугацаагаар тус тус хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-, О.Н-, Э.Г-, А.О- нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүргийг дангаар хүлээлгэсэн нь тэдгээрийн цаашдын засарч хүмүүжихэд төдийлөн ач холбогдол багатай байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг давхар хүлээлгэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, дээд шатны прокурор Ү.Содномцогийн бичсэн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2395 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Шүүгдэгч А-ийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Мотгорой овгийн Г-ыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,...” гэснийг “...шүүгдэгч А-ийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г-ыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,...” гэж,
“...насанд хүрээгүй шүүгдэгч Н-г...” гэснийг “...өсвөр насны шүүгдэгч Н-г...” гэж,
2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д хорих ял оногдуулахыг тэнсэж, 01 жил 02 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Н-д хорих ял оногдуулахыг тэнсэж, 8 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д хорих ял оногдуулахыг тэнсэж 8 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тус тус шийдвэрлэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-д хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнссүгэй. ...” гэж,
3 дахь заалтыг “...шүүгдэгч Б.А-, О.Н-, Э.Г-, А.О- нарт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэсүгэй. ...” гэж,
8 дахь заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН