Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 10

 

 

 2017        12         26                                          2018/ШЦТ/10

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Ч.Батбаяр, 

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч З.Шүрэнчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706000000227 дугаартай хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          

 

Үйлдсэн хэргийн талаар:

            Э.Б нь 2016 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайхар” авто засварын газраас нийт 8.565.00 төгрөгийн үнэ бүхий авто машины эд анги, сэлбэгийг бусадтай үгсэн тохиролцож, машин механизм хэрэглэж, бусдын агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                              /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

 

Э.Б нь 2016 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайхар” авто засварын газраас нийт 8.565.00 төгрөгийн үнэ бүхий авто машины эд анги, сэлбэгийг бусадтай үгсэн тохиролцож, машин механизм хэрэглэж, бусдын агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

            хохирогч А.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“…2016 оны 02 сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн автобусны буудлын урд талд “Тайхар” авто засварын газартаа засвар үйлчилгээ хийж байхад 21 цагийн үед уг гражийг түрээслэж байсан Мөнхбаатар гэх залуу ганцаараа орж ирээд “приус 20 машины зай хэд вэ” гээд асуугаад байсан. Тэгээд удалгүй гараад явсан. Манайх гражаа 00 цаг 40 минутын орчимд хаагаад хаалгаа цоожлоод гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн орчим очоод онгойлгоход хойд талын цонхыг хөшиж ороод автомашины ком батерей, тэжээлийн блок, багаж сэлбэгүүд алдагдсан байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

 

Гэрч Т.Болдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2015 оны 02 сарын 04-ний орой 22 цагийн үед кино үйлдвэрт Хишигбилэг, Мөнхбаатар, Б бид 4 уулзаад өмнөх өдөр нь яриад Мөнхбаатарын ажиллаж байсан Шар хаданд байдаг “Приус” граж дээр очоод шөнө 1 болтол машинд хүлээж байгаад засварын арын вакум цонхийг Хишигбилэг нь онгойлгож Мөнхбаатар бид 2 дотогш орж машины шинэ батерей, хайрцагтай багаж, хэрэгслэл, хийгээр ажилладаг буу зэрэг зүйлсийг авч гаргасан. Маргааш нь арван долоогийн буудал дээр бид 4 зарах гэж явж байгаад эзэнд нь баригдсан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 74/,

 

Гэрч Ж.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2015 оны 02 сарын 04-ний орой 22 цагийн үед кино үйлдвэрт Хишигбилэг, Болд, Б бид 4 уулзаад өмнөх өдөр нь яриснаар Мөнхбаатарын ажиллаж байсан Шар хаданд байдаг “Приус” засварын граж дээр очоод шөнө 1 болтол машинд  хүлээж байгаад засварын арын вакум цонхийг Хишигбилэг онгойлгож Болд бид 2 дотогш орж машины шинэ батерей, хайрцагтай багаж, хэрэгслэл, хийгээр ажилладаг буу зэрэг зүйлсийг авч гаргасан. Маргааш нь 17-ийн буудал дээр бид 4 зарах гэж байгаад эзэнд нь баригдсан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 76/

 

-шүүгдэгч Э.Б-ээс ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97/

-Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Э.Бийн биеийн байцаалтын талаарх тодорхойлолтын хуулбар /регистрийн дугаар тодорхойгүй, овог нэр тодруулах/ гэсэн бичигтэй /хх-ийн 98 дугаар хуудас/

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 103/

-Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаярын 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 46 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх-ийн 115/,

 

Шүүгдэгч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“…БЗД-ийн 17 хороонд байрлах “Тайхар” авто засварт 2015 оны 02 сарын 04-05-нд шилжих шөнө найз Болд, Хишигбилэг, Мөнхбаатар нарын хамтаар тус гражаас эд зүйл хулгайлж авсан юм. Ингэхдээ манай хүргэн ахын машиныг барьж очоод хүлээж байгаад шөнө цонхыг нь Хишигбилэг онгойлгож өгөөд дотор нь Болд, Мөнхбаатар 2 орж Приус машины батерей, багаж, дэлгэц зэрэг сэлбэг эд ангийн зүйл хулгайлж аваад маргааш нь зарах гэж яваад баригдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 87/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.  

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Э.Бд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Э.Бийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Э.Бийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч Э.Бд оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

            Хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч А.Ганзориг нь хохирлоо бүрэн авсан тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйлийн 8, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Э.Бийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Э.Бд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Э.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн  эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Н.БААСАНБАТ