Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2019/00113

 

 

******* ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00716 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: ******* ХХК-ийн хүсэлттэй,

******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн 8.061.201.80 төгрөг гаргуулах, дампуурлын хэргийг хааж дахин хөрөнгөжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг ******* ХХК-ийн захирал Д.Ганхуягийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Д.Ганхуяг, нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

******* ХХК шүүхэд гаргасан хүсэлттэй:

******* ХХК нь 2006 оноос эхлэн тасралтгүй зүсмэл материал болон төрөл бүрийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаад ажил тасалдаж улмаар цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, хөгжүүлэх чадамжгүй болсон тул энэхүү ******* ХХК-ийн үйл ажиллагааг шалган дампуурсанд тооцон үзэж татан буулгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...2816156 тоот регистрийн дугаартай ******* ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт нийт 4.117.981 төгрөгийн албан татвар төлсөн байна. Тус хэлтсээс 2014 оны байдлаар 8.453.800 төгрөгийн хугацаа хэтэрсэн өрийг нэхэмжлэн Сум дундын 14 дүгээр шүүхээс 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1164 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд 530 тоот гүйцэтгэх хуудастайгаар шилжүүлснээр албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа юм. Тус компани нь татвар ногдох үйл ажиллагаа явуулж орлого олсон атлаа албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй, мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг эс биелүүлж байгаа тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж дахин хөрөнгөжүүлэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд ******* ХХК-иас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй 8.061.201.80 төгрөгийг гаргуулах, тус компанийг дахин хөрөнгөжүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00716 дугаар шийдвэрээр:

Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн ******* ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасныг баримтлан Орхон аймгийн Татварын хэлтсийн ******* ХХК-аас 8.061.201.80 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн Татварын хэлтэс нь дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө ирүүлээгүй болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

******* ХХК-ийн захирал Д.Ганхуяг давж заалдсан гомдолдоо:

******* ХХК нь шүүхэд гарган өгсөн санхүүгийн тайлангуудаар болон дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн 2 удаа гаргасан дүгнэлтээр өөрийн хөрөнгийн 71.33% - 88.18% тай тэнцэх хэмжээний өр төлбөртэй гарч байгаа нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасныг бүрэн хангасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түр хэрэг гүйцэтгэгч нь 2019 оны 01-р сарын 18-ны өдөр 03 дугаартай дүгнэлтээр ******* ХХК-ийг 2013 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэсэн байх ба Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02-р сарын 20-ны өдрийн 142/Ш32019/00847 дугаар захирамжаар ******* ХХК-ийн төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. ******* ХХК нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дампуурсанд тооцуулах тухай хүсэлт гаргаж мөн шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/Ш32018/03969 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байдаг ба Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хүсэлт гаргаж шүүх уг хүсэлтийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн хэрнээ үндэслэл тогтоогдоогүй гэж буруу дүгнэсэн байна. Дампуурлын хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул гэх талаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02-р сарын 20-ны өдрийн 142/Ш32019/00847 дугаар захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож нийтэд зарласан ба уг мэдээллийн дагуу Орхон аймгийн Татварын хэлтэс нэхэмжлэлээ шүүхэд ирүүлсэн байдаг. Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргах ба уг хүсэлтийг хариуцагч өөрөө, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч гэсэн 3 этгээд шүүхэд гаргах эрхтэйгээр зохицуулсан байна. Хэргийн оролцогчдоос хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх саналыг шүүхэд ирүүлээгүй. Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана: 33.1.1 дэх хэсэгт энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй гэж тус тус заажээ. Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй болох нь хэргийн материалд болон Хэрэг гүйцэтгэгчийн 2019 оны 05-р сарын 14-ны 04 дугаар дүгнэлтэд дурьдсан байгаагаар нотлогдоно. Мөн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг ирүүлээгүй гэдгийг шүүгч дурьдаж өгсөн байна. Гэтэл шүүгч үндэслэл тогтоогдохгүй байх тул хэмээн хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарлан алдаатай шийдвэр гаргалаа. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05-р сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00716 дугаартай шүүхийн шийдвэр нь Дампуурлын тухай хуулиар зохицуулсан харилцааг илтэд буруугаар тайлбарлан, буруу хэрэглэсэн гэж үзэж уг шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байгааг минь хүлээн авна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

******* ХХК нь дампуурсанд тооцуулж татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

******* ХХК нь зүсмэл материал үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа зуучлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор 2004 онд байгуулагдан улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулж байжээ.

Шүүх ******* ХХК-ний хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж 2019 он 02 дугаар сарын 20-ны өдөр шүүгчийн захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцон нэхэмжлэгчид 2019 оны 03 дугаар сарын 27-ны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг хэвлэл мэдээллийн хэрэглэсээр нийтэд зарлажээ. Үүний дагуу татварын хэлтэс өр 8.061.201.80 төгрөгийг төлүүлэх дахин хөрөнгөжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Мөн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилсон ба дүгнэлтээ 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлжээ. Дүгнэлтээр ******* ХХК-ийг зөвхөн модон зүсмэл материал үйлдвэрлэлийн болон өөрийн 1 ширхэг болон бусдын тээврийн хэрэгсэлээр нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байсан үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй зорилт зорилго эдийн засгийн тооцоолол төлөвлөлт байгаагүй нүүрсний тээвэрлэлт зогссон, барилгын салбарт үүссэн зогсонги байдлын улмаас тус компаний үйл ажиллагаа зогсох хэмжээнд хүрч бусдаас хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон гэж дүгнэсэн байна. ******* ХХК-ийн татварын хэлтэст төлөх 8.453.800 төгрөгийн өр нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрээр шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Шүүх ******* ХХК-ийг татвараа төлөөгүй нь хүсэлт гаргагч компаний өөрийнх нь удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой өөрөөр хэлбэл компаний үйл ажиллагаагаа өргөжүүлэх хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөл алдагдсан, татвар төлөгч хуулиар ногдуулсан татварыг төлөх үүрэгтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд ******* ХХК-ийг шүүхээс төлбөрийн чадваргүй болохыг зарлаж нийтэд мэдээлснээс хойш татварын хэлтсээс өөр нэхэмжлэгч гарч ирээгүй, өөрөөр бусдад төлөх төлбөргүй татварын хэлтсээс уг компанийг дахин хөрөнгөжүүлэх талаар төлөвлөгөө ирүүлээгүй болох нь тогтоогджээ.

Гэвч ******* ХХК-ийн 2016 оны 4 дүгээр улирлын тайлангаар 8.418.000-ийн өмч хөрөнгөтэй болохыг тайлагнасан байх ба хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр энэхүү хөрөнгө байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Иймд 8.418.000 төгрөгийн өмч хөрөнгө байгаа эсэх татварын өр төлбөрийг уг хөрөнгөөр барагдуулах боломжтой эсэхийг тогтоох, компанийг дампуурсанд тооцох, татан буулгах хуульд заасан үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгон мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00716 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар ******* ХХК-ийн захирал Д.Ганхуягийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

С.УРАНЧИМЭГ