2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/02854

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө******* ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 725 332 330 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О*******,

хариуцагчийн төлөөлөгч Г.А*******,

хариуцагчийн өмгөөлөгч Б.Т*******,

гэрч Ц.Б*******, П.Г*******,

нарийн бичгийн дарга Ө.Ерлан оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  Х******* ХХК хариуцагч Ө******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 436 834 220 төгрөг, алданги төлбөр 218 417 110 төгрөг, дутуу бараа материалын актын төлбөр 70 081 000 төгрөг, нийт 725 332 330 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. 

 

1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Үүнд: Х******* ХХК нь Ө******* ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 21-436 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Ө******* ХХК нь барилгын туслах материал түрээслэх гэрээгээр труба, булан, хэв, тулаас гэх нийт 3135 ширхэг бараа материалыг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хэсэгчилсэн байдлаар хүлээн авч түрээсэлсэн боловч түрээсийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй мөн буцаан түрээслүүлэгч талд хүлээлгэн өгөх ёстой бараа материалаас 903 ширхэг бараа материалыг одоог болтол буцаан хүлээлгэн өгөөгүй дутааж алга болгосон байна. Талууд 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тоцоо нийлж түрээсийн төлбөрийн үлдэгдлийг тооцоход 2021.01.01 сараас 2024.03.23-ны өдрийг хүртэл тооцоход 434 659 010 төгрөг болсон. 2024.03.23-ны өдрөөс хариуцагч П.Г*******ийн 2023.03.23-ны өдрийн гаргасан хүсэлтийг харгалзан үзэж нэхэмжлэгчээс нэмэлт хугацаа олгож 2024.04.10-ны өдрийг хүртэл түрээсийн гэрээний хугацааг сунгасан болно. Тус 18 хоногийн түрээсийн төлбөр 2 175 210 төгрөг болсон. Нийт 434 659 010 +2 175 210= 436 834 220 төгрөгийн түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар байна. Дутуу бараа материалын тооцооны хувьд  903 ширхэг дутуу бараа материалыг Ө******* ХХК-ний захирал П.Г******* нь 2024.03.23-ны өдөр хүсэлт гаргахдаа 2024.04.10-ны өдрийн дотор мөнгөн болон, өөр бараа материалаар орлуулж хүлээлгэн өгнө гэсэн боловч нэхэмжлэгчээс олгосон нэмэлт хугацаанд хүлээлгэн өгөөгүй, өгөхгүй болох нь тодорхой болсон ба тус бараа материалын үнийг төлөөгүй байна. Иймд устгаж алга болгосон 903 ширхэг бараа материалыг түрээсийн гэрээний 7.3-т "Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авсанаас хойших эвдэрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож 100% төлөх  үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтанд оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамруулан төлнө" гэж заасны дагуу зах зээлийн үнээр буюу борлуулагдаж байгаа үнэлгээгээр дараах байдлаар тооцов. 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 21-436 дугаартай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-ний 7.2 дахь хэсэгт “түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө" гэж заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон сүүлийн өдөр болох 2024.04.10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход  436 834 220 төгрөгөөс 0.5% нь өдрийн алданги 2 184 171 төгрөг, 2024.04.10-ны өдрөөс 2024.10.07-ны өдрийг хүртэл тооцоход нийт 180 хоногийн алданги буюу нийт 393 150 780 төгрөгийн алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй байна. Иргэний хуулийн 232.4-т "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% -аар тооцож 218 417 110 төгрөгийг алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч Ө******* ХХК Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 436 834 220 төгрөг, алданги төлбөр 218 417 110 төгрөг, дутуу бараа материалын актын төлбөр 70 081 000 төгрөг, нийт 725 332 330 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Дутаасан барааны үнийг шинжээчийн дүгнэлтээр багасгаж, тооцоход татгалзах зүйлгүй гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч Г.А*******, өмгөөлөгч Б.Т******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал автоматаар тооцож гаргадаг. Нэхэмжлэлийн үнийн дүнг ойлгомжгүй байдлаар гаргаснаас болоод ойлгомжгүй байдал үүсээд байна. Үүнийг тодруулаад өгөөч ээ. Гэрээнд зааснаар сарын түрээс нь хэдэн төгрөг болох талаар баримтгүй, үүнийг нь тодруулаад өгнө үү. Ерөнхий нарийн тооцооллыг гаргуулж байж, мэтгэлцүүлэх ёстой. Сарын түрээс нь тодорхойгүйгээс өвөл болон бусад улирлын түрээсийг яаж бодсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл өвлийн улирлын түрээсийн төлбөр бодогдохгүй гэж үзэж байгаа юм. Ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөрийг нэхээд байгаа асуудал байгаа учраас, бид зөвшөөрөхгүй. Бараа материал дутуу гэж нэхэмжилж байгаа боловч уг баримт бас байхгүй шүү, үндэслэлгүй.  Тооцоо нийлсэн баримт нь байгаа хэдий ч уг баримтад хэдэн сарын төлбөр шаардсан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч л нотлох ёстой. Өвлийн улиралд сарын түрээс хэдэн төгрөг байх, мөн хэдэн төгрөгөөр тохирч гэрээ хийгдсэн талаар тодорхойгүй байна. 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр тооцоо нийлсэн байна. Баримт байгаа эсэхийг санахгүй байна. Албан тоот ирүүлж байсан. Хүлээн зөвшөөрсөн шалтгаан нь бид мөнгөө төлж чадаагүй учраас бид тооцоо нийлсэн санагдаж байна. Нийт тоогоороо түрээсийн хоног дээрээ тооцоо нийлсэн. Манай байгууллагаас бараа материал дутаасан зүйл байхгүй. П.Г******* хэдий зөвшөөрдөг хэдий ч тодорхойгүй. Ашиглаагүй х*******ын тооцоог нэмсэн үндэслэлгүйгээр үнийн дүнг тооцсон нь үндэслэлгүй байна. Ц.Б******* гэх хүнд тооцоо нийлэх эрх олгогдоогүй, энэ талаарх баримт авагдаагүй байна. Хавтаст хэргийн 21 дэх талд авагдсан итгэмжлэл нь гэрээ байгуулах эрх олгосон болохоос биш тооцоо нийл гэсэн үг өгүүлбэр байхгүй. Түрээсийн төлбөр хасаж тооцох, ашиглаагүй эсэхээс үл хамааран төлбөрийг төлнө гэсэн заалт байхгүй байна. 10-3 сар хүртэл хугацааны төлбөрийг хасаж тооцох боломжтой, энэ саруудад түрээс тооцогдохгүй байх агуулга байгаа. Өвлийн улиралд нийт 378 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, 2021 оны 3, нийт 18 сард нь өвлийн улирал байсан байна. 1 сар 21 953 000 үүнийг 18 сард үржүүлэхэд алданги 537 000 000 төгрөгийг хасах байдлаар гаргаж байна.  Бараа материал дутаасан гэдэг нь баримтгүй байгаа. Иймд зөвшөөрөхгүй, бүхэлдээ алданги тооцох эрхгүй байна. Гэрээ хуулийн шаардлага хангаагүй, эрх бүхий этгээд биш тул бүхэлдээ хүчин төгөлдөр бус байна. Нөхөж үйлдэж хэрэгт хийсэн байх боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2021.06.25-ны өдрийн №21-436 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ, тооцоо нийлсэн акт, хүлээн авсан бараа материалын акт, дутуу бараа материалын жагсаалт, бараа материалыг түрээслэх болон зарах үнийн саналын хүснэгт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Х******* ХХК-ийн 2021.01.04-ний өдрийн Б/01 тоот тушаал, зарлагын баримт, Ө******* ХХК-ийн 2021.12.22-ны өдрийн 64 тоот албан бичиг, 2021.12.29-ний өдрийн 67 тоот албан бичиг, 2022.11.29-ний өдрийн 29 тоот албан бичиг, Ө******* ХХК-ийн захирал П.Г*******ийн гаргасан хүсэлтүүд зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 5-33 хуу/

 

4. Хариуцагчаас хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025.02.01-ний өдрийн Түрээсийн гэрээ, Ү-2205******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргийг ирүүлсэн. /хх-ийн 48-55, 121-124 хуу/

 

5. Шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлтийг хэрэгт хавсаргаж, гэрчээр Ц.Б*******, П.Г******* нарыг асууж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргав. /хх-ийн 179-191 хуу/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “... Ө******* ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 21-436 тоот түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр труба, булан, хэв, тулаас гэх нийт 3135 ширхэг бараа материалыг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хэсэгчилсэн байдлаар түрээсэлсэн боловч түрээсийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, буцаан хүлээлгэн өгөх ёстой бараа материалаас 903 ширхэг бараа материалыг хүлээлгэн өгөөгүй дутаасан. Хариуцагчаас гаргасан хүсэлтийн дагуу нэмэлт хугацаа тогтоож, гэрээний хугацааг сунгасан боловч бараа материалыг хүлээлгэн өгөөгүй. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 436 834 220 төгрөг, алданги 218 417 110 төгрөг, дутуу бараа материалын төлбөр 70 081 000 төгрөг, нийт 725 332 330 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж тайлбарласан.  

            3. Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч нар татгалзлын үндэслэлээ “...Нэхэмжлэлийн шаардлагагүй тодорхойгүй байна. Гэрээнд сарын түрээс хэдэн төгрөг болох нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл өвөл болон бусад улирлын түрээсийг яаж бодсон нь ойлгомжгүй байна. Ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Бараа материал дутуу гэж байгаа боловч энэ талаарх баримтгүй, манай байгууллагаас бараа материал дутаасан зүйл байхгүй. Ашиглаагүй х*******ын тооцоог нэмж  үндэслэлгүйгээр үнийн дүнг тооцсон нь үндэслэлгүй. Ц.Б******* гэх хүнд олгосон итгэмжлэл нь гэрээ байгуулах эрх бөгөөд тооцоо нийлэх эрх олгогдоогүй. Нэхэмжлэгч алданги тооцох эрхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ хуулийн шаардлага хангаагүй, эрх бүхий этгээд биш тул бүхэлдээ хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ...” гэж маргасан. 

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрч П.Г*******, Ц.Б******* нарын мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч Х******* ХХК хариуцагч Ө******* ХХК нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №21-436 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслэгч нь гэрээний хавсралт 2-т заасан барилгын туслах материалыг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслэх, түрээслүүлэгч нь гэрээний хавсралт 2-т зааснаар төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 9-11/

4.2 Талууд түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний хугацаа дууссан хэдий ч гэрээний зүйл болох эд хөрөнгийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн түрээсэлж байсан асуудлаар маргаагүй хэдий ч хариуцагч Ө******* ХХК нь гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлөөгүй, барилгын туслах материалыг бүрэн хүлээлгэн өгөх биелүүлээгүйгээс маргаан үүссэн байна.

 5. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

5.1 Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр сарын түрээс хэдэн төгрөг болох талаар тохиролцоогүй, өвөл болон бусад улирлын түрээсийн төлбөрийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөр шаардсан нь үндэслэлгүй гэж маргасан хэдий ч хэрэгт баримтаар авагдсан 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Тооцоо нийлсэн актаар Х******* ХХК нь Ө******* ХХК-аас түрээс, борлуулалтын төлбөр 434 659 010 төгрөгийн авлагатай гарсныг харилцан баталж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байна.

5.2 Түүнчлэн гэрч П.Г*******ийн “2024 оны 9 сараас өмнө Ө******* ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд компанийг Ц.Бд өгсөн. Барилгынхаа зураг төсөлд тохируулаад сабуд, пум, труба зэргийг аваад гэрээгээрээ тухайн үеийн актаараа авдаг. Төлбөрийг төлж чадахгүй байсаар хуримтлагдсан. Тооцоо үйлдэж, баталгаажуулсан гарын үсэг зурсан. 2024 оны хавар тооцоо нийлсэн. Өвлийн улирал, зуны улирал гэж ерөөсөө ялгаагүй. Бүх хоногтоо л төлбөр төлөхөөр тооцоо хийсэн. Тухайн үед тооцоо нийлэхдээ мөнгийг нь төлчихвөл  алдангийг тооцохгүй гэж амаар тохирсон. Компанийн шилжүүлэхдээ удирдлагад өр төлбөрийг талаар бүгдийг нь хэлсэн, мэдэж байсан. 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тооцоо нийлсэн акт /хх-ийн 12/, хүлээн авсан бараа материалын жагсаалт /хх-ийн 13/-д зурсан гарын үсэг минийх мөн байна. Мөн 2021.01.04-ний өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай тушаал, Ө******* ХХК-ийн 2021.12.29-ний өдрийн 67 тоот албан бичиг, 2022.11.29-ний өдрийн 29 тоот албан бичгийг хүргүүлж байсан, 2024.03.23-ны өдрийн Дутсан бараа материалыг гаргаж өгөх хүсэлт, 2024.04.16-ны өдрийн Хүсэлт миний мөн байна, бичсэн. /хх-ийн 21, 30-31, 33 хуу/..” гэж мэдүүлсэн, гэрч Ц.Б*******ы “Х******* ХХК-д түрээсийн гэрээ, бараа материал хариуцан ажилладаг бөгөөд Ө******* ХХК-тай гэрээг байгуулсан. Бараа материалыг хүлээлгэн өгч, хүлээж авсан. Үнийг харилцан тохирдог бөгөөд хөнгөлөлттэй үнэ гэж байдаггүй, 2 тал тохиролцохоор, алдангийг хөнгөлөх боломж байдаг. Бараа материалыг авсан өдрөөс хойш өгсөн өдрийг хүртэлх түрээс бодогддог. Хэрэгт баримтуудыг өгсөн, гэрээ байгуулах болон тооцоо хийх эрхийг надад олгосон.” гэж мэдүүлсэн зэргээс хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

6. Хэргийн баримт, талуудын байгуулсан гэрээ зэргээс үзэхэд хариуцагч Ө******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд П.Г******* барилгын туслах материалыг дутаасан, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өөр бараа материалаар оруулах, төлбөр тооцоог гаргаж, мөнгөн хэлбэрээр төлөх талаар хүлээн зөвшөөрч, бичгээр хүсэлт өгсөн болох нь хариуцагч Ө******* ХХК-ийг гэрээний үүргийг биелүүлээгүй  гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

7. Нэхэмжлэгч нь талуудын байгуулсан гэрээний 7.2-т зааснаар 2024.04.10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаагаар алданги тооцож, 218 417 110 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй байна.

7.1 Гэрээгээр талууд гэрээний төлбөр төлөх журмыг тохиролцсон хэдий ч, талуудын байгуулсан гэрээ 2 сарын хугацаатай байгуулагдсан, түүнчлэн гэрээний үүргээс хэрхэн тооцож алданги тооцох нь тодорхойгүй байх тул 2024.04.10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд 180 хоногт 218 417 110 төгрөгийн алданги шаардсныг хангах үндэслэлгүй байна.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө******* ХХК-ийн хүсэлтээр дутуу бараа материал болох 3м, цагаан дөрвөлжин труба 60 ширхэг, 10*20 хуучин булан 4 ширхэг, 1.2 хуучин булан 15 ширхэг, 2.4 шинэ булан 5 ширхэг, 40*120 хуучин хэв 8 ширхэг, 60*120 хуучин хэв 15 ширхэг, V-2 цагаан хуучин тулаас 329 ширхэг, 1.5 м цагаан хуучин труба 4 ширхэг, 2м дөрвөлжин труба 46 ширхэг, 4 м дөрвөлжин хуучин труба, 6м цагаан хуучин труба 127 ширхэг, 6м цагаан хуучин труба 100 ширхэг зэрэг эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шүүхээс Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж, 2026.06.30-ны өдрийн №ШД-1/31 тоот дүгнэлтийг гаргаж ирүүлсэн байна. Уг дүгнэлтэд “...Х******* ХХК-ийн Ө******* ХХК-иас нэхэмжилж буй 903 ширхэг эд зүйлс, нэхэмжлэгчийн үнэ 70 081 000 төгрөг, зах зээлийн үнэлгээ 45 462 400 төгрөг төгрөгөөр үнэлэгдэх боломжтой...” гэжээ. /1хх-ийн 179-191/ 

8.1 Хариуцагч нь гэрээний хавсралт 2-т заасан барилгын туслах материалыг бүрэн хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, 903 ширхэг бараа материалыг дутаасан нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар гэрээний талууд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимд нийцээгүйн дээр хариуцагчийг дээрх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

9. Эдгээрээс дүгнэхэд  хариуцагч Ө******* ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 434 659 010 төгрөгийг, дутаасан бараа материалын үнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэ 45 462 400 төгрөгөөр тооцож, нийт   480 121 410 төгрөгийг гаргуулж, Х******* ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 245 210 920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан ба Арвижих эстимэйт үнэлгээ ХХК нь шинжээчийн ажлын хөлс 2 000 000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл ирүүлснийг зохигч талуудаас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй.  

10.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар энэ нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах ба мөн хуулийн 53.1.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс…зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ.” гэж зааснаар дээрх ажлын хөлс 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Х******* ХХК-аас, 1 000 000 төгрөгийг хариуцагч Ө******* ХХК-аас тус тус гаргуулахаар шийдвэрлэв.  

            11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө******* ХХК-аас  480 121 410 төгрөгийг гаргуулж, Х******* ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 245 210 920 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 784 612 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ө******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 558 557 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг шинжээчийн ажлын хөлс 2 000 000 төгрөгийг хувь тэнцүүлэн нэхэмжлэгч Х******* ХХК-иас  1 000 000 төгрөг, хариуцагч Ө******* ХХК-иас 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулж, Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-ийн /ХААН банк MN74000 500 5079032649/-д шилжүүлэхийг даалгасугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХЖАРГАЛ