2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 191/шш2025/09769

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ************ тоотод оршин суух, Боржигин овогт Д******* О*******/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У************ тоотод оршин суух, Овоот овогт И******* У******* /иргэний бүртгэлийн дугаар: *******/-д холбогдох,

17,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

91,010,350 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би, И.У*******тэй хөрш бөгөөд найз нөхдийн холбоотой, итгэлцлээр, өөрийн нөхөр А.У данснаас 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 03-нд 8,500,000 төгрөгийг шилжүүлж зээлдүүлсэн. Өгчих байх гэж итгэсээр ийм байдалд хүрлээ. 17,500,000 төгрөгийг И.У*******эс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх 30,000,000 төгрөгийн үлдэгдлээс 17,000,000 төгрөг, 8,000,000 төгрөгийн үлдэгдэл гэх мэт өөр өөр дүн хэлж байгаа нь ойлгомжгүй байна. 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 8,500,000 төгрөгийг тус тус төлсөн. 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сар хүртэл, 4 дүгээр сарын дансны хуулгыг шүүж үзэхэд нийт 105 удаагийн гүйлгээгээр /*******/ тоот дансанд 71,147,000 төгрөгийг илүү төлсөн байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О******* болон түүний нөхөртэй хөршийн холбоотой, найз, нөхдийн харилцаатай байсан. 2022 оноос эхлэн мөнгө зээлэн, буцаагаад төлдөг байсан. Тухай бүрд Д.О******* одоо хэдэн төгрөг үлдсэн, төлөх ёстой зэргийг тооцоо гарган хэлдэг байсан бөгөөд миний бие өртэй юм чинь гэсэн ойлголтоор тооцоог тэр бүр тулгаж явдаггүй байсан. Сүүлдээ байнга дарамтлан, чи авсан биз дээ гэх зэргээр харааж, нэхэж авдаг байсан.

Надаас 17,500,000 төгрөг нэхэмжилж шүүхэд өгсний дараа дансны хуулгаа шүүн үзтэл надаас хэт их илүү мөнгө авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаа дахин мөнгө нэхэж байгаад гомдолтой байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Анх 2022 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 9 дүгээр сар хүртэл 1 жилийн хугацаанд мөнгө зээлэн буцааж хувааж төлдөг байсан. Энэ хугацаанд нийт 260,928,500 төгрөгийг О*******ийн ******* тоот данснаас 49 удаагийн гүйлгээгээр болон түүний нөхөр А.У Хаан банкны тоот данснаас 44 удаагийн гүйлгээгээр буюу нийт 93 удаагийн гүйлгээгээр өөрийн дансанд зээлэн авсан байна. О*******ээс хамгийн анх мөнгө нарийн тодорхой хугацаа тохирохгүйгээр 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр тохиролцсон. Нийт авсан 260,928,500 төгрөгийн 10 хувийн хүү тооцоход 26,092,850 төргөг би төлөх ётсой байсан. Тус зээлийг төлөхдөө өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данснаас Д.О*******ийн ******* тоот дансанд 378 удаагийн гүйлгээгээр нийт 378,031,700 төгрөгийг шилжүүлсэн байна.

Нийт тушаасан 378,031,700 төгөргөөс төлөх ёстой үндсэн зээл 260,928,500 төгрөг, хүү 26,092,850 төгрөгөө хасахад 91,010,350 төгрөг илүү авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн сөрөг нэхэмжлэл гаргасан.

Талуудын хооронд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлтэй холбоотой хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Мэтгэлцээний явцад нэхэмжлэгч хүү нь төлөгдсөн гэж яриад хүүгээ нэхэхгүй байгаа гэж ярьдаг. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, талууд тооцоо нийлж чадаагүй, хүү болон төлөх үндэслэл тодорхойгүй байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1.8-д дурдсан мөнгөн зээлийг явуулах эрхгүй этгээд байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад тооцоо нь юунд зөрөөд байгааг тооцож үзээд хариуцагч 263,339,000 төгрөг авсан байна тэгэхээр 38,448,200 төгрөгт нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 91,000,000 төгрөгийн авлагатай гэж байсан ч шүүхийн хэлэлцүүлгийн явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасган 38,448,200 төгрөг болгож байна гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:  Өөрөө хүлээн зөвшөөрч байсан учир нэг л хуулгаар авчихвал амар гэж бодсон, өөрөө ирээд надтай мэтгэлцээд бид хоорондоо тохирох юм байна гэж бодож байсан. Манайх 2022 оны 10 дгуаар сард нүүж ирсэн. Эхнэр нь манайхаар орж гардаг, нөхөр нь байнга орж гардаг байсан, мах чанаад ороод ирдэг байсан. Би нэг ч удаа дарамталж хараадаг байгаагүй, би ярьдаггүй. 91,000,000 төгрөг илүү төлсөн зүйл байхгүй, дансны хуулга байгаа гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суух хаягийн тодорхойлолт, А У эзэмшдэг дансны хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, Д О*******ийн эзэмшдэг ******* дансны хуулга,

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: гадаад паспортын хуулбар, Б.А*******д олгосон 2024.12.02 итгэмжлэл, И У эзэмшдэг дансны хуулга, өмгөөлөгч Б.Б*******тай байгуулсан гэрээ, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: талуудын хооронд цахимаар харилцсан зурваст 2025.11.06-ны өдөр тус шүүхийн байранд хийсэн үзлэгийн тэмдэглэл,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 52,522,50 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Д.О******* нь хариуцагч И.У*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 17,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд найз нөхдийн итгэлцлийн үндсэн дээр өөрийн нөхөр А.У данснаас 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 03-нд 8,500,000 төгрөгийг тус тус шилжүүлж зээлдүүлсэн ч эргүүлж өгөөгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй 2022 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 9 дүгээр сар хүртэл 1 жилийн хугацаанд мөнгө зээлэн буцааж хувааж төлдөг байсан, Д.О*******ээс нарийн тодорхой хугацаа тохирохгүйгээр 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр тохиролцож, нийт авсан 260,928,500 төгрөгийн 10 хувийн хүү тооцож, 26,092,850 төгрөг төлөх ёстой байсан ч нийт 378,031,700 төгрөгийг шилжүүлсэн хэмээн илүү төлсөн 91,010,350 төгрөгөөр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн 91,010,350 төгөрг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

3.1. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 38,448,200 төгрөг гаргуулахаар шаардсан.

4. Талууд харилцан тохиролцож, 2022 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 9 дүгээр сар хүртэл 1 жилийн хугацаанд Д.О*******ээс И.У******* мөнгө зээлж, тохиролцсон хүүгийн хамт буцааж төлдөг байсан болох нь зохигч талуудын тайлбар ба хэрэгт авагдсан А У эзэмшдэг , Д О*******ийн эзэмшдэг *******, И У эзэмшдэг дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Хариуцагч нь дээр дурдсанаар мөнгө зээлж, тохиролцсон хүүгийн хамт эргүүлж төлдөг байсан талаар шүүхэд тайлбарласан энэ талаар нэхэмжлэгч үгүйсгээгүй тул талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж тус тус заасантай нийцжээ.

6. Талууд гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд зээлдэгч И.У санал болгосноор 10 хувиар хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.-д Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:, 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр; гэж тус тус зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч хүү төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдов.

7. Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд хариуцагчид мөнгө зээлдүүлж, зээлийг хүүгийн хамт буцаан авч байсан талаараа үгүйсгээгүй ба 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 03-нд 8,500,000 төгрөг-ийг тус тус шилжүүлснийг хариуцагч буцааж төлөөгүй гэх тайлбараа нотлох баримтаар нотолсонгүй.

8. Өөрөөр хэлбэл, 2022 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд үргэлжилсэн зээлийн харилцааны турш А У эзэмшдэг , Д О*******ийн эзэмшдэг *******, И У эзэмшдэг дансны хуулгад тусгагдсан мөнгөн шилжүүлгүүдээс 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 03-нд 8,500,000 төгрөг-ийн шилжүүлгүүдийг сонгож авсан үндэслэлийг нэхэмжлэгч тодорхойлоогүйн дээр уг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлэгдсэн 17,500,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нь уг нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 17,500,000 төгрөгөөс илүү дүнгээр мөнгө шилжүүлсэн нь тогтоогдов.

9. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо, 38,448,200 төгрөгөөр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн тайлбарласан.

10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж тус тус зааснаар, нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

11. Талуудын хооронд үүрэг үүссэн хэлцэл байгуулагдаж, хариуцагч нь өөрийн санал болгосны дагуу, хэлцлээр хүлээсэн үүргийн үндсэн дээр мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, улмаар хүүгийн хамт буцаан төлсөн, зээл ба түүний хүүг буцаан төлөхдөө хугацаа заахгүй байхаар харилцан тохиролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул хариуцагч И.У буцаан төлсөн төлбөрт хүүг тооцох, хугацаа ба хэмжээг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 38,448,200 төгрөгийн хэмжээнд тооцох үндэслэлгүй, нэхэмжлэгч Д.О******* нь хариуцагч И.У буцаан төлсөн зээл, хүүг авсан байх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

12. Өөрөөр хэлбэл, хариуцагч хүссэн зээлээ авч, өөрийн санал болгосон нөхцлийн дагуу буцаан төлснийг хүлээн авсан нэхэмжлэгч Д.О*******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж зааснаар, зохигч талуудаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, хариуцагч И.У******* нь 91,010,350 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 52,522,50 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч И.У*******эс 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.О*******ийн нэхэмжлэл, нэхэмжлэгчээс 38,448,200 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 245,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 613,002 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА