Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2026/ДШМ/06

 

   

 

 

 

 

    2025            12             23                                      2026/ДШМ/06            

 

Г.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

хохирогч Б.О-ийн өмгөөлөгч С.Эрдэнэсайхан,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2421 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2405039170776 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г-,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 жил 7 сар 21 хоногийн хорих ялаар сольж, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Шүүгдэгч Г.Г- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах замаар хохирогч Б.О-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

“15.000.000 төгрөг 1 сарын хугацаатай зээлээч” гэж 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15.000.000 төгрөгийг,

өөрийгөө “***” ХХК-д өмгөөлөгчөөр ажилладаг” “***” ХХК-иас нүүрсний вагон авахаар өгсөн мөнгийг нэхэмжилж авахад эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулах замаар өмгөөллийн хөлс, тэмдэгтийн хураамжийн төлбөр, цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлах болон лавлагаа авахад шаардлагатай зардал, арбитрын шүүхийн хураамж” гэж 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 24.914.000 төгрөгийг, “газар зарах гэж байгаа, бичиг баримт дутуу байгаа юм, 10.000.000 төгрөгийг тушаах хэрэгтэй байна, газар худалдаж авах хүмүүс нь мөнгөө бариад зогсож байна. Газраа зараад өмнө зээлсэн мөнгөнүүдээ бүгдийг нь өгье, 10.000.000 төгрөгийг зээлээч” гэж 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 49.914.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г-ийг “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.Г-ийн цагдан хоригдсон нийт 07 (долоо) хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г-ээс 49.518.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О-д олгож, Г.Г-т урьд авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Г- давж заалдах гомдолдоо: “...эхний хурал 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болж хохирол барагдуулах 5 хоног авсан боловч Баянгол дүүргийн шүүхээс цагдан хорих шийдвэр гарсан. Хоригдож байхдаа ар гэрийнхэнтэйгээ холбогдож чадалгүй, хохирлоо барагдуулж чадалгүй 10 дугаар сарын 28-ны өдөр хурал болсон. Анхан шатны шүүхээр орохдоо хохирлоо төлж чадалгүй байж байгаад ар гэрийн хүмүүс маань зээл авч хохирлоо барагдуулсан. Би эрүүл мэндийн хувьд тулаа өвчтэй, ээж маань 2 жилийн өмнө бурхан болж, аавтайгаа хамт байдаг. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үлдсэн амьдралдаа дахин гэмт хэрэгт холбогдохгүй сайн, сайхан хүн байхын төлөө хичээж амьдрах болно. Өөрийн хийсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй, хохирлоо бүрэн барагдуулсан, гэр бүл, эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч Б.О-ийн өмгөөлөгч С.Эрдэнэсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх гомдлыг гаргасан. Гэвч өнөөдрийн байдлаар манай үйлчлүүлэгчид огт хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г-т оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шударга ёсны зарчимд нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргасан байна. Шүүгдэгч нь гомдолдоо хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж байгаа боловч хохирогчид огт хохирол төлбөр төлөөгүй болох нь хохирогчийн өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Г.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.Г- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд “15.000.000 төгрөгийн 1 сарын хугацаатай зээлээч”, өөрийгөө “****” ХХК-д өмгөөлөгчөөр ажилладаг” “****” ХХК-иас нүүрсний вагон авахаар өгсөн мөнгийг нэхэмжилж авахад төлөх өмгөөллийн хөлс, тэмдэгтийн хураамжийн төлбөр, цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлах болон лавлагаа авахад шаардлагатай зардал, арбитрын хураамж”, “...Газраа зараад өмнө зээлсэн мөнгөнүүдээ бүгдийг нь өгье, 10.000.000 төгрөгийг зээлээч” гэж хохирогч Б.О-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны дансаар нийт 49.914.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.О-ийн “...манай ХХК нь тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тээврийн хөлстэй холбоотой асуудлаар харилцагч компанитай төлбөр тооцооны асуудал гарсан учраас шүүхэд нэхэмжлэх гаргах зорилгоор өмгөөлөгч авах шаардлагатай болоод Г- гэх өмгөөлөгчид хандаад ажлын 10 хувийн хөлс болох 19.800.000 төгрөгөөр тохироод гэрээгээ байгуулаад мөнгө шилжүүлсэн. ...Г- надад хэлэхдээ “танай компанийн нэхэмжлээд байгаа 198.000.000 төгрөгийн авлагыг хөөцөлдөж өгөхөд шаардагдах өмгөөллийн хөлс, тэмдэгтийн хураамж, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж эрэн сурвалжлуулах, лавлагаа авахад шаардлагатай зардал” гэж хэлээд надаас мөнгө авсан. ...Г.Г- нь өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулан компаниас итгэмжлэл хийж өгсөн боловч цагдаагийн байгууллага болон шүүхэд ямар ч өргөдөл гаргаагүй, ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байсан. ...учирсан бодит хохирол болох 49.518.000 төгрөгийн хохирлыг барагдуулж, хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. ...” /хх 19-20, 22, 118/,

гэрч Б.О “...Г- манай компанийг төлөөлж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахаар болсон. ... би өөрийн хаан банкны данснаас 10 удаагийн гүйлгээгээр 2.814.000 төгрөг, компанийн данснаас 1 удаагийн гүйлгээгээр 7.100.000 төгрөг, бэлнээр 15.000.000 нийт 49.914.000 төгрөг өгсөн. ...” /хх 114-115/,

гэрч Б.Э-ийн “...би Г- гэх хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой гэрээ өгч байгаагүй. ...Манай хуулийн ферм хэрэг дээр багаар ажилладаг. ...Г- хэсэг хугацаанд ирэхээ болиод холбоогүй таг байж байгаад шөнөөр ирж хонодог байсан талаар түрээслүүлэгч нэг удаа хэлж байсан. ...” /хх 142-143/,

Г.Г-ийн яллагдагчаар өгсөн “...бэлэн мөнгө бол авч байгаагүй зээлсэн мөнгө, ажлын хөлс гэж авсан мөнгө, хохирлоо барагдуулна . ...” /хх 78/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Г.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 5163550463 тоот данс руу мөнгө шилжиж орсон банкны шилжүүлгийн баримт болон хохирлын тооцоо, Г.Г-, Б.О нарын дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 30-39, 44-45, 53-59, 120-135, 138-139/, “****” ХХК болон Б.О- нарын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 40-43/,  “****” ХХК-ийн дансны хуулга /хх 136/, “Итгэмжлэл”/хх 91, 92/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Г-ийн хохирогч Б.О-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 49.914.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Г.Г- гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм. 

 

Шүүхээс ял оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж зэргийг харгалзана.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Шүүгдэгч Г.Г- нь “гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан боловч тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн өмгөөлөгч “хохирол огт төлөгдөөгүй” гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаснаас гадна тэрээр урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр дахин залилах гэмт хэрэг үйлдэн бусдад хохирол учруулсан зэргийг харгалзан анхан шатны шүүхээс тухайн зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ийн “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Г- нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах ёстой.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Г.Г-ийг 1 удаагийн ял шийтгэлтэй гэж бичсэн байх бөгөөд хаана, хэзээ, Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар, ямар ял шийтгүүлэн, хэзээ, хэрхэн ялаа эдлэж дууссан буюу хууль зүйн үр дагаваргүй болсон талаар тодорхой тусгаагүй, ял шийтгэлийн тэмдэглэл үнэн зөв эсэх талаар дүгнэлт хийгээгүй байгааг цаашид анхааруулан тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2421 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 56 /тавин зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Н.БАЯРМАА

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН