Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/1275

 

2025           11           11                                                                               2025/ДШМ/1275

 

 

Н.А-, Л.Д-, Т.И- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

хохирогч Г.А-,

хохирогч Д.М-ын өмгөөлөгч Г.Сүхээ,

хохирогч Н.Б-, П.А-, тэдгээрийн өмгөөлөгч Д.Алтангэрэл, Э.Билгүүн,

хохирогч Х.А-ий өмгөөлөгч Ж.Уранчимэг,

иргэний нэхэмжлэгч Ч.Г-ийн өмгөөлөгч Н.Анхтуяа,

шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, М.Алтанцэцэг,

шүүгдэгч Л.Д-, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Н.Намжилцогт,

шүүгдэгч Т.И-, түүний өмгөөлөгч Б.Солонго,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1422 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, шүүгдэгч Л.Д-, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүгдэгч Т.И-, түүний өмгөөлөгч Б.Солонго нарын тус тус, хохирогч Г.А-, түүний өмгөөлөгч Б.Түвшинбаяр нарын хамтран, хохирогч Н.Б-, Х.А-, П.А- нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Н.А-, Л.Д-, Т.И- нарт холбогдох 2306 01540 2659 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б- овгийн Н-ын А-, ........., урьд:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг ялыг тэнсэж, 1 жил, 6 сарын хугацаагаар хянан харгалзсан (РД:Н-),

2. Б- овгийн Л-гийн Д-, ........., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:Л-),

3. Ш- овгийн Т-ийн И-, .........., урьд:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 731 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 400 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 593 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 capын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж, хорих ялуудыг нэмж нэгтгэн 7 жил 7 capын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 7 cap хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 7 cap 23 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 8 жил 02 cap 23 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, (РД:Т-).

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Н.А- нь ганцаараа үйлдлээр:

2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уран Ган” автомашин худалдааны төвийн гадна Д.М-ыг “автомашиныг чинь худалдаж авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн .... УНЕ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер” 200 загварын автомашиныг өөртөө шилжүүлэн авч, 123,500,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” автомашины зах дээр хохирогч Х.М-г “Тоёота Приус 41 загварын автомашин худалдан авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон 60,000,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” автомашины зах дээр хохирогч С.Б-ийг “барьцаанд тавьсан байраа чөлөөлж авах гэсэн юм, мөнгө зээлүүлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 131,000,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-аас түрээсийн гэрээгээр халхавчлан .... УББ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ залилан авч 14,950,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 329,450,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Н.А-, Л.Д- нар нь бүлэглэн:

2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” автомашины зах дээр хохирогч Г.А-ыг “2 ширхэг Лексус Ар Икс 450, 1 ширхэг Тоёота Прадо 150, 1 ширхэг Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслүүдийг худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулан улмаар Л.Д-ын Хаан банкны .... тоот дансаар 110,000,000 төгрөг, Голомт банкны .... тоот дансаар 120,000,000 төгрөгийг, нийт 230,000,000 төгрөгийг шилжүүлэн залилан авч хохирогч Г.А-д их хэмжээний хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” автомашины зах дээр автомашин худалдан борлуулдаг ченж Н.Б-ыг Л.Д-ын Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нягтлан бодогчоор ажилладаг байдлыг ашиглан, түүнийг автомашины мөнгийг буцаан төлөх санхүүгийн чадвартай гэх итгэл үнэмшлийг төрүүлж, улмаар “бид нар хамтарч Хөвсгөл аймагт махны бизнес эрхэлдэг, хөндөөнийхөнд том тэрэг хурдан зарагддаг” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Н.Б-оос түүний эзэмшлийн 120,978,984 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг Прадо загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэн залилан авч хохирогч Н.Б-од их хэмжээний хохирол учруулсан,

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” автомашины зах дээр хохирогч П.А-ыг “машинуудыг чинь худалдаж авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон улмаар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1 ширхэг Тоёота Приус 41, 2 ширхэг Тоёота Харриер загварын тээврийн хэрэгслүүдийг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1 ширхэг Тоёота Альфард загварын тээврийн хэрэгслийг тус тус залилан авч, хохирогч П.А-т нийт 150,312,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” автомашины зах дээр автомашин худалдан борлуулдаг Х.А-г “машиныг чинь худалдаж авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, улмаар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1 ширхэг Прадо 120 загварын тээврийн хэрэгслийг, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 ширхэг Лексус-450 загварын тээврийн хэрэгслийг тус тус өөрийн эзэмшилд шилжүүлэн авч хохирогч Х.А-д 105,257,810 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулж, шүүгдэгч Л.Д-тай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 606,549,294 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Н.А-, Т.И- нар нь бүлэглэн:

2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүүргийн хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Б- .... УНЕ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 загварын автомашиныг 123,000,000 төгрөгөөр худалдаж, улмаар түүний өмчлөлд шилжсэн уг тээврийн хэрэгслийг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “бусдад зараад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тээврийн хэрэгслийг залилан авч хохирогч Б.Б- 123,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Г-ыг С.Ч- дамжуулан “автомашин барьцаалж мөнгө зээлье, барьцаанд тавьсан автомашиныг зарна” гэх зэргээр хуурч, Б.Б-ийн өмчлөлийн Тоёота Ланд Круйзер 200 загварын автомашиныг өөрийн мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар уг тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд тавьж, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг тус тус залилан авч, шүүгдэгч Т.И-тай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад нийт 146,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Л.Д- нь ганцаараа:

2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Р-аас “мөнгө зээлээч, зээлсэн мөнгөө 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр буцаан төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Хаан банкны .... тоот дансаар 15,000,000 төгрөгийг шилжүүлэн залилж авсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Н.А-, Л.Д-, Т.И- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.А-, Л.Д- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ганцаараа болон бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т.И-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.А-г 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Д-ыг 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.И-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.И-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/593 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил 2 cap, 23 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 8 cap 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Т.И-ын нийт эдлэх хорих ялын хэмжээг  9 жил 8 cap 25 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-, Л.Д-, Т.И- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 190 хоногийг, шүүгдэгч Т.И-ын цагдан хоригдсон 194 хоногийг, шүүгдэгч Л.Д-ын цагдан хоригдсон 7 хоногийг тус тусын эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-гаас нийт 572,782,462 (таван зуун далан хоёр сая долоон зуун наян хоёр мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Д.М-ад 53,500,000 төгрөг, хохирогч Х.М-д 60,000,000 төгрөг, хохирогч С.Б-т 131,000,000 төгрөг, хохирогч Г.А-д 115,000,000 төгрөг, хохирогч Н.Б-од 31,497,305 төгрөг, хохирогч П.А-т 63,156,250 төгрөг, хохирогч Х.А-д 27,628,907 төгрөг, хохирогч Б.Б- 61,500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Г-ид 25,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.О-т 4,500,000 төгрөг,

шүүгдэгч Л.Д-аас 277,282,462 (хоёр зуун далан долоон сая хоёр зуун наян хоёр мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Г.А-д 115,000,000 төгрөг, хохирогч Н.Б-од 31,497,305 төгрөг, хохирогч П.А-т 63,156,250 төгрөг, хохирогч Х.А-д 27,628,907 төгрөг, хохирогч Б.Р-ад 15,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Г-ид 25,000,000 төгрөг,

шүүгдэгч Т.И-аас 61,500,000 (жаран нэгэн сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б- тус тус олгож,

прокурорын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 104 дугаартай зөвшөөрлөөр .... УНЕ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосныг хэвээр үлдээж,

прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 62 дугаартай зөвшөөрлөөр Тоёота Ланд Круйзер Прадо загварын VZJО- арлын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

1. Шүүгдэгч Н.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр С.Б-ийн хэлснээр гэрээ хийж, н.Г-аас машин авч С.Б-ээр дамжуулж зарж байсан. ...Энэ ажил эхлэхэд С.Б-, Ц.Н-, Н.Г-, Л.Д- нар нь хоорондоо 124.000.000 төгрөгийн өглөг, авлагатай байсан. Энэ мөнгийг С.Б- нь гэрч н.Б-ээс авч надаар дамжуулан Н.Г-т төлүүлсэн. ...Энэ мөнгө нь дээрх хохирогч нарт төлөгдөх ёстой мөнгө болон нэмэгдээд явж байна. Тухайн үед С.Б- нь намайг хэнтэй ч холбож өгөөгүй өөрөө ингэдэг тэгдэг гэж хэлж байсан. Мөн эдгээр машинуудыг зарахад бүгдийг нь С.Б-ээр дамжуулж зардаг байсан. Жишээ нь: Өөрийн төрсөн ахдаа Тоёота Приус 41 загварын машин, өөртөө хохирогч н.А-аас авсан хар өнгийн Тоёота Приус 41 загварын машин, өөр хүнээс авсан Тоёота Хайлүкс машиныг авсан бөгөөд мөнгө төгрөгийг нь өгнө гэж хэлж байсан боловч төлөөгүй дутуу өгсөн. Тухайн үед ийм асуудал болно гэж төсөөлөөгүй, С.Б-ийг найзаа гэж бодож явсан бөгөөд мэдүүлэгт зарим зүйлийг тусгаагүй. ...Мөрдөгч н.Заяад нотлох баримтыг өгсөн боловч ямар ч ажиллагаа хийгээгүйд гомдолтой байх ба энэ хэрэгт өөрийгөө өмгөөлөгч гэж байсан. Н.Г-ийн ах Ц.Н- нь салшгүй холбоотой хүн. Учир нь, энэ бүх асуудлыг Ц.Н- гэх хүн эхлүүлсэн ба одоо хүртэл өр төлбөртэй явж байгаа. Л.Д- руу мөнгө шилжүүлж байсныг хэлсэн боловч шүүх хэлэлцээгүй. Хохирогч н.А-аас авсан гэх Л.Д- руу орсон мөнгийг Н.Г-, Ц.Н- нар нь машин үзүүлж байгаад алга болгож хохирогч Н.А- болон биднийг ийм байдалд хүргэсэн. Дээр дурдсан 124.000.000 төгрөг нь зайлшгүй Ц.Н-, С.Б-, Н.Г-, Л.Д- нартай холбоотой байхад шүүх үүнийг авч хэлэлцээгүйд гомдолтой байна.

Мөн Н.Г-ийг яллагдагчаар татсан байсныг хүчингүй болгосонд гомдолтой байна. Миний бие өөрийн танилаас 87.000.000 /наян долоон сая/ төгрөг авч төлж байсан. Мөн хэрэгт холбогдсон Т.И-аас .... УНЕ улсын дугаартай машиныг барьцаанд тавьж өгөхийг гуйсан бөгөөд би төлбөрийг хариуцах учир Т.И-т ямар нэгэн хамааралгүй болгож өгнө үү. Энэ хэрэг нь Ц.Н-, С.Б-, н.Г- нартай холбоотой байхад гэрчээр болон хохирогчоор тогтоогдсон нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт шалгах шаардлагатай ажиллагаануудыг хийгээгүй, хариуцагчаар татаагүй, дээрх хүмүүсийн дансны хуулга болон мэдүүлэг авах ажиллагаанд хангалтгүй ажилласан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Энэ хэрэгт холбогдсоноос хойш ар гэрийн байдал хүнд болоод байна. Миний бие гэм буруу дээрээ маргаагүй оролцсон бөгөөд хохирол төлбөрийг үнэн зөв байх ёстой гэж үзэж байна. Л.Д- ч мөн С.Б- Ц.Н- нарт залилуулсан гэж бодож байна. С.Б- тухайн машины зарагдсан мөнгөнөөс өөрийн дансаараа 68,000,000 төгрөгийг шилжүүлж авсан.” гэв.

2. Шүүгдэгч Л.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ял болон 277,000,000 төгрөгийн төлбөр төлөх ял оногдуулсан. Ингэснээр би цагдан хорих 461 дүгээр хаалттай байгууллагад нийт 175 хоног хоригдож байна. 277,000,000 төгрөгөөс миний бие хувьдаа нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Гэтэл анхан шатны шүүхээс надад 277,000,000 төгрөгийн хохирол төлөх шийдвэр гаргаснаар миний эрх зүйн байдлыг дордуулсан. Гэрч н.Г-, н.Н-, хохирогч С.Б- нар нь машин авсан талаарх нотлох баримт байсаар байхад шүүгч, прокурор түүнийг нь хохирол, төлбөр хэмээн тооцолгүйгээр ял завшуулж байна. Мөн хохирол төлбөрийг нарийвчлан тогтоогоогүйд маш их гомдолтой байна. 277,000,000 төгрөгийн анхан шатны шүүхээс өгсөн задаргаагаа буюу иргэн Ч.Г-ид өгөх ёстой 25,000,000 төгрөгийн тухайд тайлбар хэлье.  Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч ямар ч хамааралгүй иргэний нэхэмжлэгч Ч.Г- хэмээх этгээд мөнгө нэхсэн. Үүнтэй холбоотой хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, нотлох баримтгүй зэргийг анхан шатны шүүхээс харгалзан үзэлгүйгээр 50,000,000 төгрөгийн төлбөрийг хуваан 25,000,000 төгрөг төлөх тухай шийдвэр гарсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Үүнд маш их гомдолтой байна. Иргэн П.А-, н.А-, н.А- нарын нийт 122,000,000 төгрөгийн тухайд тайлбар хэлэхэд миний бие тухайн үед эдгээр этгээдүүдийг огт таньдаггүй байсан. Энэ хүмүүстэй уулзаж, утсаар ярьж байгаагүй. Мөн нэг ширхэг машин ч авч байгаагүй. Гэтэл эдгээр хүмүүс яагаад надаас мөнгө нэхэмжлээд намайг залилсан мэтээр буруутгаж байна вэ гэдгийг ойлгохгүй байна. Машин өгсөн хүмүүсээс мөнгөө нэхэмжлэх хэрэгтэй. Дээрх ченжүүдийн машинаа өгсөн гэх асуудал нь 2022 оны 05 дугаар сарын 14, 17, 27, 29-ний өдрүүдэд тус тус өгсөн гэж тайлбарладаг. Тухайн үед би Хөвсгөл аймагт ажиллаж байсан. Мөрдөн байцаагчид байгууллагын даргын тамга, тэмдэгтэй цагийн бүртгэлийг өгсөн. Мөн уг нотлох баримтууд хангалтгүй гэж үзэх юм бол өөр бусад нотлох баримт байгаа шүү гэдгийг хэлсээр байхад мөрдөн байцаагч нотолбол зохих байдлыг нотлоогүй. Мөн мөрдөн байцаах ажиллагааг дутуу хийсэн. Дээрх гурван иргэн болон П.А-, н.А-, н.Б- нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан. Гомдолдоо Л.Д- гэх эмэгтэй ажлын хувцас, албаны үнэмлэхтэйгээ түүнийгээ үзүүлж “Да хүрээ” зах дээр ирж бид нарыг залилсан хэмээн дурдсан. Уг гомдлын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хяналт шалгалтын хэлтсээс намайг шалгасан. Тухайн үед би Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ахлах нягтлан бодогч болон тооцооны нягтлан бодогчийн ажлын давхар хашиж байсан. Дээрх ченжүүдийн машинаа өгч явуулсан гэх өдөр буюу тухайн ажлын өдрүүдэд ажлаа хийж байсан нь шийдвэр гүйцэтгэлийн гүйлгээ болон төрийн сангийн гүйлгээгээр нотлогддог. Амралтын өдөр ажлаа хийж байсан. Шалган нэвтрүүлэх хэсгийн хамгаалалт, ээлжийн дарга, ерөнхий жижүүр, ангийн эргүүл, хөдөлгөөнт харуулуудын тэмдэглэлд энэ талаарх тэмдэглэгээ байдаг. Тухайн өдөр “Да хүрээ” орж машин аваагүй бөгөөд ажлаа хийж байсан нь нотлогдсон тул өнөөдрийг хүртэл ажлаасаа халагдаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд албаны хувцас болон албаны үнэмлэхийг хууль бус ашигласан бол ажлаас халагдах гэж заасан. Ажлаа хийж байсан талаар нотлогдвол зохих бүх баримтаар тогтоогдсон. Цагдан хоригдохоор буюу 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл миний бие өөрийн ажлаа хийж байсан. Хохирогч гэгдэх П.А-, А.А-, Н.Б- нартай уулзаж, утсаар ярьж байгаагүй. Гэтэл уулзаж, утсаар ярилгүйгээр залилна гэж байх юм уу. Анхан шатны шүүхээс үүнд хамааралтай хэмээн үзэж ял өгч байгаа нь хууль бус байна. Мөн анхан шатны шүүх ял өгөхөө бодож байснаас хэргийн үнэн зөвийг тогтоох гэж оролдоогүйд гомдолтой байна. н.Р-ын 15,000,000 төгрөгийн тухайд н.Р-аас миний дансанд 15,000,000 төгрөг шилж ирсэн. Миний дансанд орж ирсэн уг 15,000,000 төгрөгийг “А-” шилжүүлсэн. Үүнтэй холбоотой асуудал Хан-Уул дүүрэгт хохирогчоор тогтоогдсон байдалтай явж байгаа. Шүүх хуралдааны өмнө холбогдоход 05 дугаар сардаа багтаагаад төлнө хэмээн тайлбарлаж байсан. Түүнээс хойш төлсөн эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Учир нь би хоригдоод 6 сар гарангын хугацаа өнгөрсөн учраас холбоо барьж чадаагүй. Хохирогч Г.А-ын 230,000,000 төгрөгийн хувьд гэрч н.Г-, н.Н- нар нь үүнийг зохион байгуулалттайгаар буюу намайг энэ хэрэгт холбогдуулах гэж миний дансыг ашиглан 230,000,000 төгрөгийг залилж авсан. Шүүх хуралдаанд хохирогч П.А-, Н.Б- нар нь “яахаараа машины асуудлыг гардан зохион байгуулсан н.Г-, н.Н- нар нь гэрчээр оролцдог юм” гэж мэдүүлсэн. Мөн үүний дараа 230,000,000 төгрөгийн асуудлыг ярьдаг. Уг хоёр этгээд нь “Да хүрээ” зах дээрээс түр хүнд өгчих 4 ширхэг машин байвал өгөөч гээд явж байсан. Энэ талаар дээрх хохирогч нар хүртэл мэдүүлсэн. Шүүгдэгч болон хохирогч нар нь уг хоёр этгээдийн залилсан хэмээн мэдүүлсээр байхад энэ асуудлын талаар шүүх болон прокурорын байгууллагаас авч хэлэлцээгүй. Прокурорын зүгээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хохирогчийн данснаас миний данс руу мөнгө шилжиж орж ирсэн үйл баримтаар залилан мэхэлсэн гэж дүгнээд яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй. Мөн гэрч н.Г-, н.Н- хоёр залилах гэмт хэрэг үйлдэж, түүнийг нь шүүгдэгч болон хохирогч нар мэдүүлсээр байхад шүүх болон прокурорын зүгээс шалгаагүйд маш их гомдолтой байна. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй хэмээн заасан байдаг. Гэтэл бусдаас машин залилан авсан гэх асуудлыг гардан зохион байгуулсан гэрч н.Г-, н.Н-, хохирогч С.Б- нар нь хохирогч нараас машин авсан бөгөөд хохирол төлбөр төлөх ёстой хүмүүс. Гэрч н.Н- нь Нийслэлийн прокурорын газар өндөр албан тушаал хашиж байсан болохоор түүнийг яллагдагчаар татахгүй байна хэмээн хардаж байна. н.Н- зохион байгуулалттайгаар намайг энэ хэрэгт буруутан болгох гэж буй талаас нь тайлбар хэлье. Намайг өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад уг этгээд нь “танай аймагт ажлаар ирлээ, утсаа хаясан бололтой, миний утас руу залгаад өгөөч” гэж хэлж байсан. Би тухайн үед утас руу нь залгахад түүний утас дуудаж байсан. Гэтэл “утсаа өгч байгаач, би машиндаа орхисон бололтой, чиний утсаар залгаж үзээд өөрийнхөө утсыг олчихъё” гэж хэлээд аваад гарсан. Тухайн үед би ийм хэрэг болно хэмээн огт бодолгүй утсаа өгсөн. Гэтэл миний утсыг авч гараад н.Г- руу вайбэр ашиглан намайг энэ хэрэгт холбогдуулах гэж зурвас үлдээснийг сүүлд мэдсэн. Энэ талаар гэрч н.Г-ийн эхнэр надад хэлсэн. Шүүх хуралдааны өмнөх өдөр миний Хаан банкны дансанд 8,000,000 төгрөг шилжиж орсон. Гүйлгээний утга нь зээл төлөв гэх утгатай байсан. Мөнгө шилжиж орсны дараа удалгүй дугаараа нууцалсан байдлаар н.Н- залгаад “чиний данс руу 8,000,000 төгрөг шилжүүллээ” гэж хэлсэн. Гэрч н.Н- болон н.Г- нар нь гэмт хэргийг зохион байгуулсан этгээдүүд бөгөөд уг этгээдүүд хохирол төлбөрийг төлөх ёстой. Мөн хохирогч С.Б- нь хохирол төлбөрийг төлөх ёстой. Хохирогч П.А-ын Приус 41 маркийн автомашины хохирлын төлбөрийг шүүгдэгч Н.А- болон намайг хувааж төлөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл тухайн машиныг хохирогч С.Б- авч түүний эхнэр хэрэглэж байгаа. Мөн уг машиныг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр тавьж, зээл авсан. Зээл авсан машинаа н.Нэргүй гэх хүн дээр 10,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, үүний дараа гэрийн гаднаас нь хулгайлж авч явсан. Эдгээр нөхцөл байдал байхад шүүх болон прокурорын байгууллагын зүгээс хохирол төлбөрийг нарийвчлан тооцож гаргаагүйд гомдолтой байна. Улсын яллагчийн зүгээс яллахдаа хүний үгээр хохирол төлбөр тооцож, бусдыг буруутгаж, хэт нэг талыг барьж, нотлох баримтад үндэслэхгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл шүүх прокурорын саналыг зуун хувь тооцож, намайг ялласанд маш их гомдолтой байна. Эрхэм шүүгч нараас хохирол төлбөрийг нарийвчлан тооцож, энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсэж байна.” гэв.

3. Шүүгдэгч Т.И- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....... УНЕ улсын дугаартай Ланд Круйзер 200 загварын машиныг Н.А- анх авахад миний бие хамт байгаагүй, тухайн үед юу болсныг мэдэхгүй. ...Мөн энэ машины талаар дараа нь хэнд ч зарж өгнө гэж хэлээгүй. ...Үүнийг хохирогч Б.Б-, түүний нөхөр С.Б-, Н.А- нар мэдэж байгаа. ...Мөн би ямар ч хүнд машин зараагүй атлаа 123.000.000 төгрөгийг Н.А-тай хуваан төлөх болсонд гомдолтой байна.

Миний бие анх худалдах, худалдан авах гэрээ хийснийг хараад Н.А-гийн машин гэж ойлгосон учраас түр зартлаа мөнгө хэрэгтэй байна гэхэд нь би өөрийн таньдаг ахдаа өгснөөс өөр зүйлгүй. ...Тухайн үед Н.А- нь надад хэлэхдээ “...Б.Б-ийн утсыг битгий аваарай, найз нь тавьсан машинаа удахгүй авна тэр болтол намайг аргалж байгаарай” гэж гуйсан. ...Анх надад яллах дүгнэлт үйлдэхэд нь “би энэ хэрэгт холбогдолгүй учраас дахин шалгаж өгнө үү.” гэж хэлээд буцаасан. ...Гэтэл маргааш нь прокурор н.Батзаяа ирээд “өөрийн биеэр яллах дүгнэлтийг чинь гардуулж өгөхөөр ирлээ” гэж хэлсэн. ...Тухайн үед миний бие тайлбар бичиж өгөхдөө “...Н.А- болон С.Б- нартай уулзмаар байгаагаа” мэдэгдсэн. ...Тэгэхэд “та 3 шүүх дээр уулзаарай” гэж хэлсэн. ...Миний бие 2024.11.15-ны өдөр хорих 417 дугаар хорих ангиас хорих 461 дүгээр хорих ангид ирснээс хойш 9 сар болж байна. ...Миний бие бага насны хүү, охин 2-тоо хоёр жилийн өмнө болтугай хорих ялаа дуусгаж, эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхэд тусалж, энэ байдлыг харгалзан үзэж цагаатгах талаас нь харж үзнэ үү.” гэв.

4. Шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.А-г 11 үйлдэлд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А- улсын яллагчийн яллах дүгнэлтэд заасан үйл баримтаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Харин гэмт хэргийн учирсан хохирлыг бодитой тогтоох шаардлагатай гэх байр суурьтай оролцсон. Шүүх хохирогч нарт холбогдуулан нийт 572,782,462 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Н.А- өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дугаар зүйл болон 6.1 дүгээр зүйлд зааснаар хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү хэмээн хүсэж байгаа. Н.А- нь бага насны гурван хүүхэдтэй. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрханы 54а/28 тоотод эхнэр болон гурван хүүхдийн хамт амьдардаг. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу анхан шатны шүүхээс оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

5. Шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт байх давж заалдах гомдлуудыг уншиж танилцахад мөрдөн шалгах ажиллагаа гүйцэт хийгдээгүй, хохирлын тооцооллыг бүрэн гаргаагүй, гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүд ял завших боломжийг олгосон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчсөн харагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл анги нь хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бусдын эд хөрөнгийг хувьдаа завшсан байхыг шаарддаг. Гэтэл хохирогч Г.А-ын автомашины мөнгийг дансандаа авч байгаа байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг гэрчээр асуусан, хохирогч С.Б-ийг хохирогчоор тогтоосон зэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн өмнө тэгш байх болон шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Миний зүгээс өөрийн талаас гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгчийн зүгээс эдгээр хүмүүсийг дахин шалгаж өгнө үү гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж байсан ба өөрийн үйлчлүүлэгчтэй санал нэг байна. Мөрдөн шалгах ажиллагаа яагаад бүрэн гүйцэт хийгдээгүй хэмээн үзэж байна вэ гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор хэмжээг тогтоох шаардлагатай. Гэтэл хохирлын хэмжээний асуудалд хохирогч болон шүүгдэгч нар гомдлоо гаргасан байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд энэ гэмт хэрэгт оролцсон байдлуудаа мөн анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээр маргаагүй талаар дурддаг. Үйлдсэн гэмт хэргээс С.Б-т 131,000,000 төгрөг төлөхөөр шийдвэр гаргасан. Үүнээс миний үйлчлүүлэгч 107,000,000 төгрөгийг н.Г- авсан гэдэг талаараа надад мэдүүлсэн. Яагаад хохирогч биш холбогдогч гэж үзэж байна вэ гэвэл С.Б- худалдаж авах машинуудыг олж өгдөг байсан. Тэгэхээр С.Б- хохирогч П.А-ын Приус 41 маркийн машиныг авсан. Уг машиныг түүний эхнэр нь унаж байгаа нөхцөл байдал бий. Хохирогч П.А-ын хохирол дээр миний үйлчлүүлэгчийг шүүгдэгч Л.Д-тай хамтарсан гэж үзээд нийт 150,000,312 төгрөгөөс хувь тэнцүүлж шийдвэрлэсэн. Гэтэл П.А-ын машин С.Б-ийн эхнэр дээр байгаа. Гэтэл хохирлын тооцоо 131,000,000 гэж гарч байна. Хохирлын тооцооны хувьд зөрүүтэй нөхцөл байдал байгаа учраас үүнийг нэг мөр болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа үйлдэл нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Г.А- гэх хохирогчид их хэмжээний хохирол буюу нийт 230,000,000 үүсгэсэн гэдэг үйлдэл. Яагаад үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэвэл 230,000,000 төгрөгийн хохирлоос үнэндээ Л.Д- бид хоёрт бага хэмжээний буюу хэдхэн төгрөг өгчхөөд энэ мөнгийг н.Н-, н.Г- нар авсан гэж миний үйлчлүүлэгч тайлбарладаг. Өөрөөр хэлбэл уг этгээдүүд хохирогч нараас мөнгө завшсан байхад түүнийг нь бид хоёроор төлүүлэх гэж байна хэмээн гомдолтой байгаагаа илэрхийлдэг. Мөн хохирогч болон шүүгдэгч нарын талаас анхан шатны шүүх дээр мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн талаар давж заалдах гомдлоо гаргасан. Тиймээс энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхэд хэргийг буцааж ял завшиж буй этгээдүүдийг шалгуулж өгнө үү. Г.А-ын машиныг н.Г- болон н.Н- нар олж ирээд үзүүлээд байдаг. Энэ талаараа тухайн этгээдүүд өөрсдийн гэрчийн мэдүүлэгтээ ч дурдсан. Энэ гэмт хэрэгт хамтран оролцсон бусад этгээдүүдийг гэрчээр оролцуулж байна вэ гэдэг нь үндэслэлгүй байна. Энэ талаар манай талаас удаа дараа хэлж, санал хүсэлт гаргасан боловч гэмт хэрэгт оролцоогүй байна гэж үзээд хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

6. Шүүгдэгч Л.Д-ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шийтгэх тогтоолд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Бодит байдалд нийцээгүй. Тухайн хэрэгт цугларсан нотлох баримтууд нь бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байж хуулийн шаардлагыг хангах ёстой байсан. Гэтэл хуулийн үндэслэл бүхий гараагүй хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 болон 17 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагуудыг хангаагүй буюу Л.Д-ыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг бүрэн гүйцэт хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоогоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго түүнийг хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, яллах болон цагаатгах баримтыг нэгэн адил цуглуулж, хэргийг бүх талаас нь шалгаж, бүрэн гүйцэт тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх ёстой байсан. Л.Д- болон Н.А- нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Хохирогч Н.Б-ыг залилан мэхэлж түүний 120,376,964 төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг Прадо маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан гэж үзсэн. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Н.А- нь уг хоёр тээврийн хэрэгслийг Ч.Г-ид 100,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан ба Н.А- нь өөрийн эхнэр н.Б-гийн тоот дансанд мөнгийг авч таван удаагийн гүйлгээгээр С.Б-ийн тоот дансанд шилжсэн. Мөн П.А-ыг “Да хүрээ” зах дээр залилан мэхэлсэн гэж үзсэн. 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэг ширхэг Приус 41, хоёр ширхэг Тоёота харриер, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэг ширхэг Тоёота альфард тээврийн хэрэгслүүдийг тус тус залилан мэхэлж 150,312,500 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Гэтэл Тоёота харриер тээврийн хэрэгслийг 72,000,000 төгрөгөөр н.Э- гэх хүнд худалдан борлуулсан. Шүүгдэгч Н.А- уг мөнгийг өөрийн эхнэр н.Б-гийн дансаар авсан. 68,000,000 төгрөгийг нь С.Б-т Тоёота альфард өгсөн. Мөн Тоёота альфард тээврийн хэрэгслийг н.Э- гэх хүнд 34,500,000 төгрөгөөр худалдан борлуулж эхнэр болох н.Б-гийн дансаар шилжүүлж авсан. Мөн Х.А-ийг залилсан хэмээн анхан шатны шүүх дүгнэсэн. Ингэхдээ 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хоёр ширхэг тээврийн хэрэгсэл авч 105,257,813 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Үүнийг шүүгдэгч Н.А- н.Б- гэх хүнд худалдан борлуулаад өөрийн эхнэр болох н.Б-гийн дансаар мөнгийг авсан. Дээрх гурван үйлдлээс харахад энэ цаг хугацаанд хохирогч нар болох П.А-, Н.Б-, Х.А- нартай шүүгдэгч Л.Д- уулзаж тухайн тээврийн хэрэгслүүдийг авах тухай яриа хэлцэл огт хийгээгүй нь харагддаг. Өөрөөр хэлбэл залилан мэхлэх үйлдэл огт хийгээгүй гэсэн үг. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар бүрэн гүйцэт тогтоогоогүй байна хэмээн дүгнэсэн гэж үзэж байна. Хэрвээ шүүгдэгч Л.Д- оролцсон байсан бол ямар үйлдэл гаргаж, ямар үүрэг гүйцэтгэж, хэрхэн оролцсон юм бэ. Тухайн мөнгөнөөс авсан гэж үзэж байгаа бол хэдэн төгрөгийг хэрхэн авсан юм бэ. Үүнээс хэдэн төгрөгийг нь хариуцах ёстой юм бэ гэх зэргээр нэг бүрчлэн нарийвчлан тогтоох ёстой байсан. Мөн шүүгдэгч Л.Д- болон Н.А- нар нь Г.А-ыг залилан мэхэлж буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 230,000,000 төгрөгийг авсан гэж үздэг. Гэтэл энэ үйлдэлд Л.Д- болон Н.А- нараас гадна тухайн дөрвөн тээврийн хэрэгслийг н.Г-, н.Н- гэх хүмүүс урьдаас үгсэн тохиролцон цуглуулаад Л.Д-, Н.А- нарыг хохирогч Г.А-тай ирэхэд үзүүлэхээр бэлдсэн. Үзээд авах талаар хэлэхэд мөнгөө шилжүүлчих, энэ хугацаанд жижиг зүйлүүдийг нь янзлах тухай хэлж банк явуулсан. Голомт банк дээр очиж Л.Д-ын дансанд мөнгөө хийдэг ба үүний дараа мөнгийг Н.Г- өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Машинаа авахаар буцаж ирэхэд нь үзүүлэх гэж тавьсан байсан дөрвөн ширхэг тээврийн хэрэгслээ н.Г- болон н.Н- нар нь буцаагаад аваад явсан байсан. Тиймээс Г.А-ыг залилсан гэмт хэргийн үндсэн шалтгаан нь н.Г- болон н.Н- нартай холбоотой. Энэ шинжийн дагуу н.Г-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж явж байгаад яллах дүгнэлт үйлдэхдээ үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй байна хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон. Уг үйлдэл нь хуульд нийцэхгүй байна хэмээн үзэж байна. н.Н-ийг яллагдагчаар татдаггүй юм аа гэхэд зайлшгүй иргэний хариуцагчаар татагдах ёстой байсан. Өөрөөр хэлбэл өөрсдийн шилжүүлж авсан хэмжээгээр хохирол төлбөрийг бүрэн хариуцах ёстой. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарыг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Хэрэв бүлэглэн гүйцэтгэсэн бол тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар заасан. Үүнийг анхан шатны шүүхээс огт авч хэрэглээгүй байна хэмээн үзсэн. Тиймээс шүүгдэгч Л.Д-д холбогдох эрүүгийн хэргийн Н.А-тай бүлэглэсэн, хохирогч Х.А-, Н.Б-, П.А- нарыг залилан мэхэлсэн гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож, бусад үйлдлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

7. Шүүгдэгч Л.Д-ын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.Д- болон өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотлоогүй байж гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн учраас үүнтэй холбоотой хэргийн оролцогч нар давж заалдах гомдол гаргасан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Л.Д- болон өмгөөлөгч н.Оюунчимэг нарын хуульд заасан эрхийг хязгаарлах байдлаар явуулсан нь нөхцөл байдлыг өнөөдрийн хэмжээнд хүнд болоход шууд нөлөөлсөн. Хэрэв эдгээр этгээдүүд урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож мөрдөн байцаалтын ажиллагаа явагдах ёстой хэмжээндээ явагдаагүй байна хэмээн хэлсэн бол энэ хэрэг зөвөөр шийдвэрлэгдэх ёстой байсан. Гэтэл өмгөөлөгчөөсөө татгалз гэж хэлж хэрэг гэм буруугийн асуудал руу шилжсэн юм байна лээ. Хавтаст хэргээс харахад шүүгдэгч Л.Д- нийт 5 хэрэгт гэм буруутай гэж тооцсон. Үүнтэй холбоотой ял оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцахад хоёр хэрэгт Л.Д-ын дансыг ашигласан байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн мөнгө ороод гарсан нөхцөл байдал бий. Үлдэх гурван хэрэг болох хохирогч Н.Б-, Х.А-, П.А- нартай холбогдоогүй. Мөн миний үйлчлүүлэгч эдгээр хүмүүстэй уулзаагүй, зүс царайг нь хараагүй, утсаар яриагүй талаараа мэдүүлсэн. Гэтэл хамааралтай мэтээр гэм буруутайд тооцсонд гомдолтой байгаа. Бодит байдалд уулзаж, харахгүйгээр хүнийг залилах боломжгүй. Цаг хугацааны хувьд залилуулсан гэх цаг хугацаанд миний үйлчлүүлэгч ажлаа хийж байсан талаараа тайлбарладаг. Мөн Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Миний үйлчлүүлэгч хохирогч нараас нэг төгрөг аваагүй. Хамтран оролцсон байвал гэм буруутайд тооцож хохирлыг хуваадаг буюу шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэрийг гаргасаар байдаг. Үүнийг гэмт этгээдүүд овжин байдлаар ашигладаг. Өөрөөр хэлбэл аль болох олон хүнийг ашиглаж хохирлоо хуваан төлдөг. Үүнийг мэдэж байсан бөгөөд уг аргыг ашиглаж миний үйлчлүүлэг хохирсон байна. Харамсалтай нь шүүх дараах байдлаар шийдэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Г.А-тай холбоотой болсон үйл баримтын талаар өмнөх тайлбарт дэлгэрэнгүй тайлбарласан. Орж ирсэн 230,000,000 төгрөгөөс 200,000,000 төгрөгийг нь н.Г- авдаг. Н.А- болон С.Б- нар үлдэх мөнгийг 15,000,000 төгрөгөөр тус бүр авсан. н.Н- болон н.А- нар Л.Д-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг бөгөөд махны худалдаа мөн эрхэлдэг буюу их мөнгөтэй хэмээн гэрчийн мэдүүлэгт мэдүүлсэн. Уг гэрчийн мэдүүлэгт үндэслэж прокурорын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мэдээж прокурор эрүүгийн хэрэг үүсгэж болно. Харин шүүхийн зүгээс гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл прокурорын гаргасан алдааг шүүх засах ёстой байсан. Хохирлыг тооцооллыг хувааж гаргасан нь бодит байдалд нийцэхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял шийтгэл гарцаагүй байх зарчим алдагдсан. н.Н- болон н.Г- нар энэ гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон. Мөн хохирогч гэж тодорхойлогдож буй С.Б- гэмт хэрэгт оролцсон. Хохирлоо барагдуулахын тулд гэмт хэрэг үйлдэх замаар барагдуулж болохгүй. Ингэхдээ миний үйлчлүүлэгч Л.Д-ыг ашигласан. Н.А- болон н.Г- нарын хувьд хувийн өр төлбөрийн хэмжээ их байдаг. Үүнийг хэрхэн барагдуулах талаар ярилцахдаа би Л.Д- гэх хүнийг танилцуулж өгье, үүнийг ашиглаад өр төлбөрөөсөө гар гэх яриа болсон талаарх баримт хавтаст хэрэгт бий. Нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, бодит байдалд нийцээгүй анхан шатны шийдвэр гарсан байгаа тул үүнийг засаж залруулах нь зүйтэй. Өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүхэд хэргийг буцаах саналтай байна. Хэрэв хэрэг анхан шатны шүүхэд буцах юм бол миний үйлчлүүлэгч Л.Д-д авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Монгол улсын хилээр гадагш гарахгүй байх, Улаанбаатар хотоос гадна гарахгүй байх хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг авч өгнө үү. Шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл өмнө нь хувийн баталгаа гаргаж, таслан сэргийлэх ажиллагаа авагдаж байсан.” гэв.

8. Шүүгдэгч Т.И-ын өмгөөлөгч Б.Солонго давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Хуулиар олгосон оролцогчийн эрхийг хангаагүй. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын 28 дугаар талд хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзсэн боловч хавтаст хэргийн 235 дугаар талд Н.А-, С.Б- нартай нүүрэлдүүлэн байцаалт өгөх хүсэлтийг хангаагүй. Уг хүсэлтийг хангаагүйгээс шалтгаалж миний үйлчлүүлэгч шийтгэл хүлээж байна. Энэ нь хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл хоригдож байх хугацаанд нь н.Батзаяа прокурор очсон. Ингэхдээ шүүгдэгч Н.А-тай холбоотой үйлдлийн талаар асуусан. Энэ үед андуурал болсон Н.А- болон С.Б- нартай нүүрэлдүүлэн байцаах талаар хүсэлтээ илэрхийлсэн. Яагаад нүүрэлдүүлэн байцаалт өгөх талаарх хүсэлт гаргасан бэ гэхээр С.Б- болон Б.Б- нар нь эхнэр, нөхөр байсан. Харин Н.А-, Т.И- нарын тухайд найз нөхдийн холбоотой, төлбөр тооцооны асуудалтай байсан. Миний үйлчлүүлэгчийн хууль ёсны шаардлага хангагдаагүйгээс болж шийтгэх тогтоолын 5 дугаар талд заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт .... улсын дугаартай Ланд 200 маркийн машиныг Б.Б-т худалдаж гэж үзсэн. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр буюу машиныг худалдаж авах үед Т.И- байгаагүй. Тухайн үед Н.А-, С.Б-, Б.Б- гурав байсан. Үүнийг Д.М-ын гэрчийн мэдүүлэг нотолж байгаа. Шийтгэх тогтоолын 8, 9 дүгээр талд мөн авагдсан. Н.А-д итгэж, Н.А-тай наймаа хийсэн талаараа хэлдэг. Б.Б- болон Н.А- нар мөнгө нийлүүлээд тухайн машиныг авсан байдаг. Худалдах, худалдан авах гэрээ Н.А-гийн нэр дээр байгуулагдсан. Н.А-гийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан машиныг Н.А- Б.Б-ээс машин худалдаж авсан өдрийн маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр аваад явсан. Би өөрийн бичгээр гаргасан давж заалдах гомдолд хэддүгээр талд авагдсан талаар тодорхой дурдсан. Тиймээс энэ талаар товч тайлбар хэлье. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Б.Б- болон С.Б-, Н.А- нар тухайн машиныг аваад худалдах, худалдан авах гэрээ Н.А-гийн нэр дээр байгуулагдсан. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Т.И-ыг байхгүй үед Б.Б-ийн нэр дээр цирк дээр очиж шилжүүлсэн. Тиймээс үүнийг Т.И- мэдэх боломжгүй. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Т.И- болон Н.А- нар уулзсан нь үнэн. Нийлж машиныг барьцаанд тавьсан нь үнэн. Тухайн үед миний үйлчлүүлэгч машиныг Н.А-гийн машин гэж итгэж байсан. Тиймээс уг итгэл үнэмшилтэйгээр таньдаг хүндээ барьцаанд тавьсан. Н.А- болон Т.И-ын мэдүүлэгт найзыгаа мөнгө олж үүнийг чөлөөлөх хүртэл аргалж байгаарай гэж хэлснээс болж анхан шатны шийтгэх тогтоолд дурдаж буй 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бусдад зараад өгье хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Б- 123,000,000 төгрөгийн хохирол бий болсон. Шүүх энэ асуудлын тухайд цаг хугацааг анхаарч үзээгүй. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр уг үйл баримт болоогүй. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байсан. Тухайн өдөр Б.Б- Н.А-д хүлээлгэж өгсөн болох нь шийтгэх тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. 6 дугаар хавтаст хэргийн 52, 76-77, 81, 86 дугаар талд байх хохирогчийн мэдүүлэг бүгд зөрүүтэй байдаг. Тийм учраас урьдчилсан хэлэлцүүлэгт Б.Б-ийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасан. Прокурорын зүгээс мэдүүлгүүд нь хэрэгт байгаа учраас шүүхэд шилжүүлэх тухай санал гаргасан. Б.Б- шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд түүнийг төлөөлөх нөхөр С.Б- шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдаанд оролцоод шүүгдэгч Т.И-тай холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй гэдгээ хэлдэг. Энэ талаар Б.Б- хүртэл өөрийн өгсөн гэрчийн мэдүүлэгтээ дурддаг. Өөрөөр хэлбэл Н.А-д машинаа хүлээлгэж өгснөө Б.Б- өөрийн гэрчийн мэдүүлэгтээ дурдсан. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр болж өнгөрсөн асуудлыг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.Б-ээс авч явсан мэтээр үйл баримтыг сэргээн тогтоохдоо бодит байдлаас зөрүүтэй тогтоосон. 7 дугаар хавтаст хэргийн 133 дугаар талд маргаан бүхий тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ бий. Гэтэл үүнийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй. Энэ нь н.М- болон Н.А- нарын нэр дээр хийгдсэн гэрээ. Үүнийг үндэслэж зээл олгосон болохоо Б.Г- мэдүүлдэг. Хохирол болон бодит байдлын тухайд 123,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд түүнийгээ хоёрт хувааж 61,500,000 төгрөгийн хохирол тооцсон. Гэтэл 123,000,000 төгрөгийн хохиролтой холбоотой аль ч үйлдлийн явцад Т.И- байгаагүй. Бусдаас машиныг өөр дээрээ шилжүүлж авах үйлдэл болон тухайн машинтай холбоотой хэн нэгнийг хуурч мэхэлсэн үйлдэл байхгүй. Үүнийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг мөн шүүгдэгч Т.И-ын өмчлөлд ирээгүй. Учир нь Н.А- тээврийн хэрэгслийн эзэмшигч учраас Н.А-гийн өгсөн дансанд буюу эхнэр н.Б-гийн дансанд шилжүүлсэн байдаг. н.Б-гийн данснаас Н.А- өөрөө Т.И-т өртэй гэдгээ мэдэж байгаа учраас тухайн мөнгөнүүдээс шилжүүлж өгсөн асуудал байдаг. Тийм ч учраас шийтгэх тогтоолд 23,000,000 төгрөгийн хохирол ороогүй байх. Гэхдээ үйл баримтыг цаг хугацааны хувьд дүгнэж үзээгүйгээс болж анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасныг үндэслээд үндэслэл бүхий эргэлзээ байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

9. Хохирогч Д.М-ын өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.М- нь Н.А-гаас авах 77,000,000 төгрөгийн асуудал байгаа. Түүнийгээ нэхэмжилж байна. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.

10. Хохирогч Н.Б-, Х.А-, П.А- нарын өмгөөлөгч Д.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзээд давж заалдах гомдол гаргасан. Бусад шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч нарын хэлж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилтод нийцсэн шийдвэр гарсангүй гэдэгтэй санал нэг байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон гэм бурууд тохирсон шийтгэл оногдуулах ёстой. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын тайлбараас үзэхэд миний үйлчлүүлэгч гурван хохирогч нарын залилсан асуудалд гэм буруутай хоёр этгээд эрүүгийн хариуцлагаас мултарч үлдсэн. Гэрчээр оролцсон н.Н- болон н.Г- гэх этгээд нар залилах үйлдэлд хамтран оролцож хохирогч Н.Б-, Х.А-, П.А- нарыг залилсан үйлдэл тогтоогдсон. н.Н- гэх этгээд өөрийгөө хуульч, өмгөөлөгч гэх итгэлийг төрүүлдэг. Эдгээр хүмүүс бүгд нийлж байгаад ченж нараас машин аваад авсан машинаа цааш борлуулдаг. Зохион байгуулалтад оролцсон хоёр этгээдийг үлдээсэн байна. Шүүгдэгч Л.Д-ын өмгөөлөгч нарын зүгээс хоёр үзүүртэй зүйл ярьж байна. Өөрөөр хэлбэл ажлаа хийгээд Хөвсгөл аймагт байсан учраас гэмт хэрэг үйлдээгүй хэмээн тайлбарлаж байна. Гэтэл хохирол төлбөрийн тооцоог буруу хийсэн талаар тайлбарлаж байна. Гэм буруугүй бол хохирол, төлбөрийн асуудал яригдахгүй шүү дээ. Шүүгдэгч Л.Д- машин захиалж Н.А- очиж авдаг. н.Г- машиныг нь олж өгдөг, г.Н- итгэл үнэмшлийг нь төрүүлдэг бөгөөд дараа нь хохирогч нартай уулздаг. Албаны үнэмлэхийг н.Б- гэх хүн хэрхэн авсан юм бэ. Өөрөө зөвшөөрөл өгсөн байдаг. Түүнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас очиж Л.Д- албан хаагчийн албаны үнэмлэхийг олж авсан асуудал байхгүй. Хүч хэрэглэж байгаад хохирол төлбөрийг төлүүлэх талаар гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Ийм нөхцөл байдлууд байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод мөн хэргийн бодит байдалтай нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хэмээн үзэж байна. Шүүхийн шийдвэр эргэлзээгүй буюу түүнийг биелүүлэх боломжтой байх ёстой. Гэтэл 10787 арлын дугаартай Прадо маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Ч.Г- гэх хүнд үлдээж шийдвэрлэсэн. Уг тээврийн хэрэгсэл улсын дугаар аваагүй бөгөөд гаалиар орж ирсэн бөгөөд тэр талаарх бичигтэйгээ байгаа. Н.Б- юм уу эсхүл түүний ах гаалиар оруулж ирсэн. Уг этгээдээс итгэмжлэл, зөвшөөрөл авч байж заавал улсын дугаар авах ёстой. Гэтэл уг иргэний нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийг үлдээснээр дахин маргаан үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл уг этгээд зарж борлуулах боломжгүй. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс уг тээврийн хэрэгслийг Н.Б-од шилжүүлж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна.” гэв.

11. Хохирогч Н.Б-, Х.А-, П.А- нарын өмгөөлөгч Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч П.А-ын хувьд хоёр ижил Прадо маркийн автомашиныг өгсөн. Нэг автомашиныг тухайн үед буцаагаад авсан. Үлдэх нэг автомашиныг прокурорын тогтоолоор хязгаарлалт тогтоож, уг автомашин өнөөдрийн байдлаар улсын дугаар аваагүй мөн гуравдагч этгээдэд худалдан борлуулаагүй буюу шилжээгүй. Өнөөдрийг хүртэл уг машин миний үйлчлүүлэгчийн төрсөн ах н.Г- гэх этгээдийн өмчлөлд буюу гаалийн мэдүүлгийн хуудастайгаа байгаа. Миний үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээгээр анхан шатны шүүх шилжүүлсэн гэж үзээд өмчлөлийг нь Ч.Г-ид хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Гэтэл уг машин Н-ын Г- гэх этгээдийн нэр дээр байгаа. Уг этгээд мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй этгээд юм. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй хэлбэрээр гарсан гэж үзсэн. Бидний зүгээс төрсөн дүү болох итгэмжлэлтэй байсан этгээдэд машиныг нь шилжүүлэх байх гэж бодож байсан. Прокурор тийм агуулгаар битүүмжлэх тогтоол үйлдэж өнөөдрийг хүртэл явсан. Гэтэл шүүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр биелэгдэх боломжгүй шүүхийн шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар өмгөөлөгчийн зүгээс илэрхийлж байна. Тиймээс энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулъя. Хэрэв уг тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ч.Г-ид үлдээх юм бол Л.Д-аас 25,000,000 төгрөг, Н.А-гаас 25,000,000 төгрөг тус тус гаргуулж байгаа. Үүнээс тооцоод үзэхэд Ч.Г- гэх этгээд орж ирж буй үнийн дүнгээс илүү ашиг олж байгаа нь шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байг. Өөрөөр хэлбэл биелэгдэх боломжгүй шүүхийн шийдвэр гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас Н.Б- Ч.Г- нар хоорондоо гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Гэтэл Авто тээврийн үндэсний төвөөс байгуулсан гэрээгээ 7 хоногийн дотор бүртгүүлж чадахгүй бол гэрээгээ шинэчилж хийх шаардлага тавьдаг юм байна лээ. Тиймээс аль ч нөхцөлд гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс давж заалдах шатны шүүхээс залруулаад 2005 онд үйлдвэрлэгдсэн гэж буй тээврийн хэрэгслийг миний үйлчлүүлэгч П.А-ын нэр дээр шилжүүлж өгөөд Ч.Г-ид шүүгдэгч нараас хохирол төлбөр гаргуулж шийдэх нь зүйтэй.” гэв.

12. Хохирогч П.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт Да хүрээ автомашин худалдааны төвд Япон улсаас авто машинуудыг оруулж ирж худалдаа үйлчилгээг эрхлэн явуулдаг. Да хүрээ зах дээр автомашины худалдаа эрхэлдэг иргэн Н.Г- нь Монголын өмгөөлгөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч н.Н- /их алдартай өмгөөлөгч гэж танилцуулж байсан/, мөн Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нягтлан бодогч ахмад цолтой гэх Л.Д- гэх эмэгтэйтэй ирж манай өмгөөлөгч ахын найз Хөвсгөл аймагт махны наймаа хийдэг их боломжийн хүн байгаа юм аа миний хэд хэдэн машиныг авч яваад хурдан зараад мөнгийг нь өгчихдөг юм найдвартай, итгэлтэй хүн байгаа юм чи ч гэсэн машинуудаа өгч явуулаад заруулчих дээрх 2 хүнийг гэж анх танилцуулж байсан.

Ингээд иргэн Д.Н-, Г-, Д- нарт итгэж Япон улсаас орж ирсэн дугаар аваагүй Toyota Harrier /2008 онд үйлдвэрлэгдсэн/ машиныг, мөн 2007 оны Тоёота Хайлүкс машиныг өгөөд явуулсан. Тоёота Харриер загварын авто машиныг 63,000,000 сая төгрөгөөр, Тоёота Хайлүкс загварын авто машиныг 45,000,000 сая төгрөгөөр зарчихлаа гээд мөнгийг нь хэлсэн хугацаандаа өгсөн.

Түүний дараагаар өмгөөлөгч гэх Д.Н-, Н.Г- нар нь уулзаж, утсаар холбогдож Л.Д-д дахин машинаа өгөөд заруулчих цаадах чинь хурдан зараад мөнгийг чинь буцаагаад өгчихнө шүү дээ гэх мэтээр удаа дараа ятгаад байхаар нь олон жилийн хугацаанд Да хүрээ зах дээр хамт ажиллаж машин зарж байгаа Н.Г-т итгэж, мөн өмгөөлөгч хүн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилдаг хуулийн хүмүүс арай худлаа ярихгүй байлгүй дээ гэж итгээд өөрийн эзэмшлийн япон улсаас орж ирсэн 2009 оны Toyota Harrier /хайбрид/ 50,000,000 төгрөгөөр бодож, 2005 оны Toyota Harrier /хайбрид/ 40,000,000 төгрөгөөр бодож, 2012 оны приус 41 маркийн авто машиныг 32,000,000 төгрөгөөр бодож, Toyota Alphard /hybrid/ маркийн авто машиныг 51,000,000 сая төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг нийт 173,000,000 төгрөгийн автомашиныг Н.Д-ын итгэлтэй хуурай дүү гэх иргэн Н.А-д өгөөд явуулсан.

Гэтэл машины мөнгийг өгөх хугацаа өнгөрсөн боловч хэн ч утсаа авахаа байж, өнөөдөр, маргааш, удахгүй, байр, хаус өгнө гэх мэтээр хуурч, худал хэлж өнөөдрийг хүртэл намайг залилж дээрх 4 машинуудыг зарсан 149,000,000 сая төгрөгийг өгөлгүй худал хэлж хохироосон.

Одоогийн байдлаар залилагч этгээдүүд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 173,000,000 төгрөгийн 4 ширхэг тээврийн хэрэгслийг аваад мөнгийг нь өгөлгүй залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулаад байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “.. .Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...." гэдэгт хамаарч, энэхүү гэмт хэргийг 2.1-д "...албан тушаалын байдлаа ашиглаж..."; 2.2-д "...бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол..." гэж заасан гэмт хэрэгт үйлдсэн болохыг шүүх тогтоосон.

Гэтэл шүүхийн шийдвэрийг гаргахдаа Дамно ХХК-ийн үнэлгээг үндэслэж шийтгэл тогтоолоор А-, Д- нараас хувь тэнцүүлэн гаргана гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

“Дамно” ХХК-ийн үнэлгээгээр 2009 оны Тоёота Харриер /хайбрид/ 50,000,000 төгрөгийн машиныг 41,500,000 төгрөг гэж, 2005 оны Тоёота Харриер /хайбрид/ 40,000,000 төгрөгөөр бодож худалдсан машиныг 39,500,000 төгрөгийн машин гэж, 2012 оны приус 41 маркийн авто машиныг 32,000,000 төгрөгөөр бодож зарсан машиныг 25,312,500 төгрөгийг машин гэж, Тоёота Альфард /hybrid/ маркийн авто машиныг 51,000,000 төгрөгийн машиныг 44.000. 000 төгрөг гэж үнийн дүн, бодит нөхцөл байдлыг илтэд үндэслэсэн хууль бус дүгнэлтийг хийсэн. Үнэлгээ буруу гарсан болохыг удаа дараа гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Гэтэл шүүх эрүүгийн хэргийн улмаас учирсан бодит хохирлыг үгүйсгэж, илтэд үндэслэлгүй дүгнэлтийг хийж А-, Д- нараас хувь тэнцүүлэн гаргана гэж шийдвэрлээд байгаа нь үндэслэлгүй.

Тухайн үед гаалиар орж ирсэн тээврийн хэрэгслүүдийг үнэлгээгээр нь өгсөн бөгөөд явж байсан машины үнээр бодож “Дамно” үнэлгээ гаргасныг анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Дамно үнэлгээгээр дүгнэлт хийж надад учруулсан 173,000,000 төгрөгийн 4 ширхэг тээврийн хэрэгслийн хохирлыг 150,312,500 гэж худал дүгнэлтийг гаргасан хууль бус. 173,000,000 төгрөгөөс 24.000.000 төгрөгийг өгч үлдэх мөнгийг өнөөдрийг хүртэл олж авч чадаагүй байна. Иймд шүүгдэгч нараас төлөгдсөн 24 сая төгрөгөөс 173 сая төгрөгийг хасаж, үлдэх 149 сая төгрөгийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

13. Хохирогч Н.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт “Да хүрээ” автомашин худалдааны төвд Япон улсаас авто машинуудыг оруулж ирж худалдаа үйлчилгээг эрхлэн явуулдаг бөгөөд Н-ын А-, Н-гийн Г-, Ц-ийн Н-, Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нягтлан бодогч ахмад цолтой гэх Л-гийн Д- гэх хүмүүс үгсэн хуйвалдаж надаас тухайн үед 143,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг тээврийн хэрэгслийг залилж авсан.

Н-ын А-, Н-гийн Г-, өөрийгөө тухайн үед өмгөөлөгч гэж танилцуулсан Ц-ийн Н-, Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нягтлан бодогч ахмад цолтой гэх Л-гийн Д- нар нь бүлэглэж надаас дараах автомашинуудыг авч явсан. Үүнд:

Тухайн үеийн 70,000,000 төгрөгийн үнэтэй Япон улсаас орж ирсэн, Монгол Улсад улсын дугаар аваагүй, хар өнгөтэй, 2005 оны Toyota, LAND CRUISER PRADO автомашин /арлын дугаар VZJО-/,

Тухайн үеийн 73,000,000 төгрөгийн үнэтэй Япон улсаас орж ирсэн, Монгол Улсад улсын дугаар аваагүй, Сувдан цагаан өнгөтэй, 2004 оны Toyota, LAND CRUISER PRADO автомашин /арлын дугаар нь VZJЦ-/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад VZJО- арлын дугаартай авто машины үнэлгээг хэт бага үнэлсэн тул мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа гомдол хүсэлтүүд гаргаж, дахин үнэлгээ хийлгэхийг шаардсан боловч үнэлгээг дахин гаргаагүй байдаг.

Гэтэл шүүхээс тухайн үеийн эрүүгийн хэргийн улмаас хохирсон үнэлгээ 70 саяаар бус худал хэт бага үнэлгээ болох Дамно ХХК-ийн үнэлгээг үндэслэж А-, Д- нараас хувь тэнцүүлэн гаргана гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

Энэ хэргийг зөвхөн энэ 2 этгээд бус Н.Г-, Н- нар бүлэглэн үйлдсэн бөгөөд Г- ч энэхүү хэрэгт холбоотой байж болзошгүй тайлбар мэдүүлгийг өгөөд байхад үүнийг анхаарч үзсэнгүй шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Г-ийн эзэмшилд байгаа 2005 оны Toyota, Land Cruiser Prado машины арлын дугаар нь VZJО- машиныг шилжилт хөдөлгөөнийг хязгаарлуулах, гэмт хэргийн олж авсан машиныг битүүмжлүүлэх гэх хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч бодит нөхцөл байдал дээр уг машиныг огт мөрдөгч хайж олоогүй, битүүмжлээгүй, хохирогч миний хохирлыг барагдуулах ажиллагааг огт хийгээгүй.

Г- шүүхэд худал мэдүүлэг өгсөн байгаа. Учир нь Дээгий гэдэг хүн холбогдоод манай найз А- машин зарж байгаа юмаа гэж холбогдсон гэх мэдүүлэг анх өгсөн байдаг боловч хоёр дахь мэдүүлгээр А- над руу шууд ярьж дээрх машиныг аваах очсон зэрэг зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Түүнчлэн тэрээр А- миний дугаарыг ченжүүдээс авсан гэх мэдүүлэг өгч зөрүүтэй мэдүүлгийг өгсөн байдаг. Үүнээс хардахад А-, Г-той шууд 1 л удаа холбогдож наймаа хийсэн гэдгийг олж тогтоогүй, Дээгий гэдэг хүнээр жуучлуулж наймаа хийсэн байж болзошгүй. Үгсэн хуйвалдаж, сүлжээ үүсгэж хамтран ажилласан болзошгүй нөхцөл байдлыг мөрдөгч шалгаагүй.

2005 оны Toyota, Land Cruiser Prado машиныг миний бие Г-ид Да хүрээ авто худалдааны төвийн нотариат орж Худалдан, худалдан авах гэрээг хийсэн байдаг. Энэ үед надаас А- уг машиныг 70 саяд авсан бөгөөд нэр шилүүлэх хүн нь Г- руу гэрээ хийгээд өгчих гэж тухайн үед А-г хэлж байсан. Тэгээд би гэрээ хийж автомашинаа А-д өгөөд явуулсан.

Одоо энэхүү тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын хилээр оруулж ирсэн хүн болох миний ах Н-ын Г- гэх хүний нэр дээр хэвээр байгаа. Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш 7 хоногийн дотор л улсын бүртгэлд бүртгэгдэх боломжтой байдаг бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 7 хоногийн хугацаанд Г- нь бусдад худалдаагүй мөн өөрийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул тухайн автомашин одоог хүртэл миний ах Н-ын Г-ын өмчлөлд байгаа.

Уг автомашин Н.Г-ын хууль ёсны өмчлөлд хэвээр байгаа тохиолдолд түүний зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад шүүх анхаарч үзэлгүй автомашиныг Г-ийн эзэмшилд үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Миний харж буйгаар Г-ийн хууль бус эзэмшлээс уг тээврийн хэрэгслийг биетээр буцаан хохирогч надад шилжүүлэхийг даалгаж, харин А- Г-ийн 100 сая төгрөгийг түүнд өгөөд хохирол төлбөрийн асуудлаа шийдэх хууль болон шударга ёсны зарчимд бүрэн нийцнэ гэж харж байна. Гэтэл А-д давхар хохирлын асуудал үүсгэсэн шүүхийн шийдвэр гарсан нь ойлгомжгүй байна.

Хэрэв энэхүү шийдвэр хэвээр үлдэх юм бол Г- хууль бус эзэмшилтэй 2005 оны Toyota, land cruiser prado машинтай, дээрээс нь Д-аас 25 сая, А-гаас 25 сая төгрөгийг авч учирсан хохирлоосоо илүү ашиг олох боломжтой нөхцөл байдал бий болоод байгаад гомдолтой байна. Иймд хохирогч миний 2005 оны Toyota Land Cruiser Prado машиныг Г-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж надад шилжүүлж хохиролгүй болгож өгнө үү.

Шүүгдэгч Л.Д-ын хувьд өөрийг нь хуурч мэхэлж, авто зогсоолд хүчээр үйлдэл хийлгэсэн мэтээр тайлбарлаж байна. Ингэж худал тайлбар хэлж болохгүй хэмээн үзэж байна. Хохирол төлбөрийг авсан нь үнэн учраас төлөх нь тодорхой хэмээн Н.А-, Л.Д- нар хэлж байсан. Уулзаж байх явцад хэн хоорондоо гар хүрсэн бэ гэхээр н.Г-ийн эхнэр н.Н- гэх этгээд рүү энэ их хүмүүсийн хохирлыг хэрхэн барагдуулах юм бэ гэж маргаан үүссэн. Түүнээс Н.А-, Л,Д- нар хохирогч нартай үл ойлголцсон, хүч хэрэглэсэн үйлдэл гаргаагүй. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нягтлан бодогч, миний ажлын үнэмлэх энэ байна, би та нарын төлбөрийг асуудалгүй төлнө хэмээн тухайн өдөр тайлбарлаж байсан хэдий ч өнөөдөр гурван хохирогчийг танихгүй мэтээр худал тайлбарлаж байна. Мөн хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдолгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Уг тээврийн хэрэгслээр хохирсон тухай тайлбарлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад уг тээврийн хэрэгслийг олж тогтоогоогүй. Үүнд гомдолтой байна. Ч.Г- гэрчээр өгсөн мэдүүлэгтээ н.Дээгий гэх хүн над руу ярьж машиныг танилцуулж байсан гэж мэдүүлсэн. Гэтэл дараагийн мэдүүлэгтээ би Н.А-тай шууд харилцаж машиныг худалдаж авсан хэмээн зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийг Ч.Г- гэх хүн Н.А-гаас худалдаж авсан бол тээврийн хэрэгслийн үнийг надаас асуух ёстой байсан. Гэвч асуугаагүй. Мэдээж тухайн тээврийн хэрэгсэл 50,000,000 гаруй төгрөгөөр орж ирэх боломжгүй учраас хэтэрхий бага үнээр худалдаж аваад цаашаа ашиг олох гэсэн бодлыг агуулж, надад бодит байдалд наймаа хийж байгаа талаараа хэлээгүй. Энэ асуудлыг мөн давхар шалгаж өгнө үү хэмээн хүсэж байна.” гэв.

14. Иргэний нэхэмжлэгч Ч.Г-ийн өмгөөлөгч Н.Анхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний нэхэмжлэгч Ч.Г-ийн хувьд Н.Б-оос хоёр машин авахад Н.А- тэдний дунд зуучилж байгаа. Тухайн хоёр машины нэг машин дээр нь Н.А- итгэмжлэл авсан. Н.Б- ахынхаа орж ирсэн машин дээр өөрөө итгэмжлэл аваад нэг өдөр нэг цагийн зайтай хоёулаа хоёр гэрээ хийсэн байдаг. Нэг нь итгэмжлэл авсан Н.А- бөгөөд харин нөгөөх нь итгэмжлэл авсан Н.Баярбат Ч.Г-той гэрээ байгуулсан. Уг гэрээгээ нотариат орж үйлдсэн. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг болон 18 цагт уг хоёр гэрээ тус тус үйлдэгдсэн. Миний үйлчлүүлэгч машин зарж борлуулах үйл ажиллагааг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд явуулж байгаа учраас үнэ тохирвол зарна хэмээн байлгаж байсан. 2023 оны 03 дугаар сарын сүүлээр автомашины зогсоолд нь хүн машин үзнэ гэж Ч.Г-ийг Өмнөговьд ажилдаа явсан хойгуур нь Н.Б- миний машин асахгүй байна хэмээн чирэгч дуудаад аваад явсан. Үүнийг нь Ч.Г- сүүлд мэдээд Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан үйл баримт байдаг. Хоёр дахь машины хувьд буюу хар өнгийн Прадо загварын машиныг Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн үнийг нь тохироод авъя гэж хэлээд бэлнээр мөнгөө төлж аваад явсан. Энэ үед Ч.Г- Өмнөговь аймагт ажилтай байсан. Авто тээвэрт очиж цааш бүртгүүлэх гэтэл үүний шилжилт хөдөлгөөн хязгаарласан байна хэмээн хэлсэн. Юу болов хэмээн үүний талаар судалж үзэхэд Баянзүрх дүүрэгт Н.Б-, Н.А- нарт холбогдсон хэрэг явж байгаа талаар сонсож 04 дүгээр сарын 04-ний өдөр прокурорын 62 дугаар тогтоол гарсан. Үүний дагуу Баянзүрх дүүргийн холбогдох мөрдөгч дээр очиж, мэдүүлгээ өгсөн. Мөн үүнтэй холбоотой гомдол гаргасан байдаг. Ч.Г-ийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг энэхүү маргаан эхлэхээс өмнө зарах гэж байсан. Энэхүү маргаан үүссэн гэдгийг сүүлд мэдсэн. Өөрөөр хэлбэл Хятад улсын иргэнд зарсантай холбоотой шилжилт хөдөлгөөн хийлгэхээр Авто тээврийн үндэсний төвд очсон боловч хязгаарлалттай байгаа талаар олж мэдсэн. Үүний дараа уг асуудлын араас хөөцөлдөх иргэний нэхэмжлэгчээр орж ирсэн. Бидний хувьд нэлээд сүүлд иргэний нэхэмжлэгчээр орж ирсэн. Бидний зүгээс 100,000,000 төгрөгийг хоёр машины үнэ хэмээн найз н.Э-ын данснаас Н.А-гийн эхнэрийн данс руу шилжүүлсэн. Цаад холбоог нь тогтоож Л.Д- болон Н.А- нар гэм буруутай байна гэж үзээд машины анх шилжүүлсэн төлбөрийн 50 хувь буюу тус бүрээс нь 25,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний нэхэмжлэгчийн зүгээс уг шийдвэртэй санал нийлж байгаа. Хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байгаа. Машин нь өөр дээр нь байхгүй. Хятад улсын иргэн нь асуудал чинь дуусахаар шилжүүлж өгөөрэй хэмээн өөрөө улс руугаа явсан. Өмнө нь иргэний нэхэмжлэгчийг Өмнөговь аймагт ажиллаж байхад уг этгээд машин чинь таалагдаж байна гэж хэлээд төлбөрийг бэлэн төлөөд машиныг аваад явсан. Шилжүүлэх процесс хоригтой байгааг тухайн үед мэдэж байсан байдаг. Үүнийгээ гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт байгаа.” гэв.

15. Хохирогч Г.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...н.Г- болон н.Н- гэх этгээдүүд уг хэргийг голлон зохион байгуулсан гэдэг нь үнэн. Миний дансаар мөнгө шилжиж орсны дараа Л.Д- шууд утсаар ярьж н.Г- руу шилжүүлсэн. Тиймээс тухайн этгээд бүгдийг мэдэж зохион байгуулсан. Би тухайн үедээ буюу мөнгө шилжүүлэхдээ н.Г-ийн данс руу шилжүүлье гэж хэлсэн. Гэтэл болохгүй байна, заавал миний дансаар шилжүүлчих гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл заавал чи дансаараа аваад шилжүүл гэж байна хэмээн надад хэлсэн. Тиймээс би мөнгийг Л.Д-ын данс руу шилжүүлсэн. Энэ хэргийг харахад зохион байгуулалттай хийгдсэн. Мөнгөө шилжүүлээд очсоны дараа машинууд байгаагүй. Бид нар н.Н- нарыг хүлээсээр сүүлдээ өглөө үүр цайх хүртэл хайж явсан. Тэгэхэд янз бүрийн асуудал хэлж, бид нарт худал зүйлс хэлж байсан. Сүүлдээ н.Н- “би н.Г-ийг ийм асуудал үүсгэнэ гэж мэдээгүй” хэмээн уурлаж байсан. Мөн “би одоо машин тэргийг чинь бүтээхээр ченж нартай уулзаад явж байна” хэмээн хэлж байсан. Гэвч сүүлдээ холбоогүй болсон. Машиныг н.Н- үзүүлсэн. Тэдгээр хүмүүсийн хооронд төлбөр тооцооны асуудал байсан нь тусдаа асуудал. Тухайн төлбөр тооцоогоо авахын тулд хуурамч байдал үүсгэж намайг хохироож байгаа нь санаатай үйлдэл. Тиймээс н.Н- болон н.Г- нар хэрэгт хамааралтай учраас энэ хэрэгт татагдаж оролцох ёстой гэж үзэж байна.” гэв.

16. Хохирогч Х.А-ий өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг шалгахдаа хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй. Мөн хэргийг тал бүрээс нь үнэн бодитой тогтоогоогүй. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд хуулийн шаардлага хангасан байх шаардлагыг хангаагүй шийтгэх тогтоолыг гаргасан. Нэгдүгээр хавтаст хэргийн 27, 28 дугаар талд Н.А-гийн өгсөн гэрчийн мэдүүлэг маш тодорхой байдаг. Үүнд “Урьд шөнө Л.Д- бид хоёр машин олж өгдөг байсан ченж н.Г-, н.Н- нартай уулзсан. н.Г- бид хоёроос өмнөх тооцоогоо хийвэл машин олж өгч болно хэмээн тохиролцсон. 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр н.Г- болон н.Н- нар бусад ченж нараас хэдэн машин олж ирээд “Да хүрээ” захын эсрэг талын зогсоолд өрж тавиад Г.А- бид нар очиж үзсэн. Г.А- тухайн машинуудыг авахаар болсон. Л.Д- мөнгөө аваад н.Г- руу мөнгөө шилжүүлээд эргээд ирэхэд машинууд байхгүй болсон байсан. Бид хоёр нийт 10 ченжээс машин авсан байсан бөгөөд н.Г- хэнд хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн. Мөрдөгчийн зүгээс Л.Д- та хоёр ямар зорилгоор Г.А-аас 230,000,000 төгрөг авсан бэ хэмээн асуухад “Бид хоёр ченж нарт өгөх ёстой мөнгөө өгөөд дахин машин аваад өгөх гэж тохирсон машинаа аваад явсан. Энэ бүхнийг н.Г- гэх ченж зохицуулдаг байсан” гэх мэдүүлэг байгаа. Энэ мэдүүлгээс харахад зохион байгуулалттай залилангийн бүлэглэл байна. н.Г- болон н.Н- нар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдүүлж, бусдын өмчлөлд байсан буюу миний үйлчлүүлэгчийн өмчлөл эзэмшлийн Прадо 120, Лэксус 450 маркийн машиныг Н.А- болон Л.Д- нартай үгсэн тохиролцож өмнөх өр төлбөртөө тооцуулж, өр төлбөрөө авах зорилгоор машинуудыг тухайн зогсоолд өрж тавьсан нь тодорхой харагдаж байна. Ингээд бусдын өмчлөлд байсан машиныг өөрийн өмчлөлд байгаа мэтээр ойлгуулж мөнгөн эд хөрөнгө буюу 200,000,000 төгрөгийг өөрийн эзэмшилд н.Г- болон н.Н- нар шилжүүлж авсан байна. Тиймээс эдгээр хүмүүсийг энэ хэрэгт татан оролцуулах ёстой. Ингэснээр хэргийг үнэн зөв шийднэ. Анхан шатны шүүхээс шударга ёсны зарчимд нийцэхгүй шийдвэрийг гаргасан байна. Хохирлыг тооцоог буруу хийсэн нөхцөл байдал байна. н.Г- гэх этгээд миний үйлчлүүлэгчид Лексус 450 маркийн автомашины 50,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Прадо 120 маркийн машины 70,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа. н.Г- гэх хүн хохирогч Г.А-ын 230,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж аваад 15,000,000 төгрөгийг нь Н.А-д, 15,000,000 төгрөгийг нь өөр этгээдэд шилжүүлж өгсөн. Үлдэх 200,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг нь миний үйлчлүүлэгчид шилжүүлж өгсөн. Одоо 70,000,000 төгрөгийн хохирол төлбөр авах ёстой. Миний үйлчлүүлэгч өнөөдрийн байдлаар машингүй мөн мөнгөгүй болсон байна. Эдгээр нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж, хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хохирол төлбөрийн тооцоолол буруу гарсан талаар бусад этгээдүүд тайлбарлаж байна. Энэ нь үнэн. Л.Д- гэх этгээдийн давж заалдах гомдолд дурдсан хохирол төлбөрийн талаарх асуудал үндэслэлтэй хэмээн үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

17. Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие уг хэрэгт анхан шатны шүүх хуралдааны явцад томилолтоор оролцож байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тухайн хэрэг хэлэлцэгдсэн. Хэрэгт авагдаагүй нотлох баримт буюу бусад асуудлаар санал хүсэлт авч нэлээдгүй гарч байсан. Энэ асуудал өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад ч мөн үргэлжилж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар прокурорын зүгээс хэргийг хянаж шүүх хуралдаанд оролцоход оролцогчийн эрхийг зөрчсөн, хэн нэгнийг эрүүдэн шүүсэн, хэргийн оролцогч нарын зүгээс нэг нэгэндээ хууль бусад дарамт шахалт үзүүлсэн, хууль бус нотлох баримт огт авагдаагүй. Үүнтэй холбоотойгоор тухайн хяналт тавьж байсан прокурор болон цагдаагийн эрх бүхий албан тушаалтан эсхүл дээд шатны прокурорт гаргасан гомдол хүсэлт байгаагүй. Хэрэгт хууль бусаар цугларсан нотлох баримтад үндэслээд хохирогч хохирлын талаар нэхэмжлэл гаргасан гэх асуудлыг ярьж байна. Гэмт хэргийн үйлдэл болон хохирол төлбөр дээр маргахгүй байхыг гэм буруу дээрээ маргаагүй хэмээн ойлгоно. Гэтэл өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хүртэл шүүгдэгч өмгөөлөгч нарын байр суурь зөрсөн. Огт гэмт хэрэг үйлдээгүй хүмүүсийг анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан мэтээр гомдлоо тайлбарлаж байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, хохирлын асуудлыг шүүгдэгч нарын хэн алины оролцоог харгалзан үзэж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Маргахгүй байна, хохирлоо нөхөн төлнө гэж хэлээд ажлын 5 хоногийн завсарлага авсан. Гэтэл нэг ч хохирол төлөөгүй. Цаашлаад эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан ороход оролцогч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон бусдад учруулсан хохирол төлбөрийн хэм хэмжээ, үйлдэл оролцоо бүрийн ялын саналыг улсын яллагчийн зүгээс гаргасан. Шүүх мөн тухайн саналын хүрээнд гэм бурууг шийдвэрлэхдээ ялгамжтай байдлаар ялыг оногдуулсан. Бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн хэмээн нийтэд нь адил ял оногдуулсан зүйл байхгүй. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ялгамжтай ялыг оногдуулсангүй хэмээн тайлбарлаж байна. Прокурорын зүгээс шийтгэх тогтоолыг гардаж аваад шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн хүрээнд авагдсан бүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруугийн асуудлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн байна гэж үзээд прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Эсэргүүцэл бичээгүй гэдэг нь анхан шатны шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан хэмээн үзсэн гэсэн үг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарын зүгээс н.Г- болон н.Н- нартай холбоотой асуудлын талаар санал хүсэлт гаргасан. Үүнийг шалгаж тухайн гэмт хэрэгт оролцоогүй байна хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол байгаа. Тиймээс энэ талаар огт шалгаагүй зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тухайн хүмүүс дээр тогтоогдоогүй учраас прокурорын зүгээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэгэнтээ тухайн прокурор шийдвэрээ гаргасан. Миний хувьд уг шийдвэрийг үндэслэлтэй эсэхийг хянах дээд шатны прокурор биш. Тиймээс тухайн прокурорын байр суурийг дэмжиж оролцож байсан. н.Н- болон н.Г- нарын зүгээс мэдүүлэг тайлбараа өгсөн нөхцөл байдал бий. Уг гэмт хэргийн хохирол өндөр ба тухайн этгээдүүдийг татаж хуваах тухай асуудал яригдаж байсан. Гэвч н.Н-, н.Г- болон С.Б- нарын гэрчийн мэдүүлэг хэргийн хүрээнд авагдсан. Адилхан ченж хийдэг байсантай холбоотой нэгэндээ туслах гэсэн асуудал байгаа болохоос тухайн хохирлын мөнгийг авч залилсан үйлдэл байхгүй байна хэмээн үзсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу ял хөнгөрүүлэх байр суурь байгаа бол хохирол төлбөр төлсөн байхыг шаардаж байгаа. Гэм буруугийн шүүх хуралдаан болж хохирол төлбөр төлөх хугацаа авсан боловч хохирлоо төлөхгүйгээр ирсэн. Мөн өнөөдрийг шүүх хуралдаанд хохирол төлбөрийн тухайд бүхэлдээ маргаж байгаа. Ийм нөхцөл байгаа тохиолдолд ял хөнгөрүүлэх боломж байхгүй хэмээн харж байна. Л.Д- болон Н.А- нар нь гэм буруугийн хувьд огт маргахгүй гэх байр суурьтай орж ирсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэм буруугийн асуудлыг хөдөлбөргүй тогтоосон хэмээн үзэж байгаа. н.Н- болон н.Г-ийн асуудлын тухайд шалгаж хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол бий. Түүнээс энэ асуудлыг огт шалгахгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад орхигдуулсан зүйл байхгүй. Тээврийн хэрэгслийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоол хэрэгт авагдсан. Үүнтэй холбоотойгоор Н.Б- болон түүний өмгөөлөгч нарын зүгээс уг тээврийн хэрэгслийг бидэнд олгож өгнө үү хэмээн анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийг хаана байгааг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй. Нэгэнт үүний улсын бүртгэлийн нэр сольж шилжүүлэх боломжгүй байхад буцааж олгох тухай хүсэлт гаргаад байдаг. Прокурорын зүгээс үүнийг хуулийн хүрээнд боломжгүй зүйл гэж үзсэн. Тухайн хохиролтой холбоотой хөрөнгийн хууль ёсны үнэлгээ гарсан. Түүний хохирлын асуудлыг шүүх шийдвэрлэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар мөрдөгч тээврийн хэрэгслийн хаана байгааг тогтоож чадаагүй. Гэвч өнөөдрийн хуралдаанд шилжиж чадаагүй, өөрт нь байгаа, байж магадгүй зэрэг таамаглал мэтийн зүйлээр, хэрэгт байхгүй нотлох баримтын хүрээнд үндэслэж асуудлаа дэвшүүлж байна. Үүнийг Ч.Г-оос гаргуулж хохирогчид олгох замаар шүүхийн шийдвэр гарах үндэслэлгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна хэмээн харж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.А-, Л.Д-, Т.И- нарыг “ганцаараа болон бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Н.А-, Л.Д-, Т.И- нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.А-г 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Д-ыг 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.И-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.А- “...2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Шар хадны “Да хүрээ” зах дээр очиход гаальтай машинуудыг надад Д- гэх хүүхэн, А- гэх залуу мөн зарах гэж байгаа машинуудын эзэн гэх Г-ийн ах болох Н- гэсэн 3 хүн байсан. Тэгээд зогсоол дээр байсан машинуудыг үзээд явж байхдаа Lexus RX450 машинаас 2 ширхэг, Тоёота Прадо 150 маркийн машинаас 1 ширхэг, Тоёота Приус 30 маркийн машинаас 1 ширхэг тус тус нийт 4 тээврийн хэрэгсэл худалдаж авахаар Д- гэх эмэгтэй хүнтэй тохиролцож, 4 машины үнэ хөлс болох 230,000,000 төгрөгийг би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банк руу орж байгаад теллер дээр очиж гүйлгээ хийсэн. Гүйлгээ хийхдээ Д-ын Хаан банкны .... тоот данс руу 110,000,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны Д- тоот данснаас шилжүүлсэн. Мөн Д-ын Голомт банкны .... тоот данс руу би өөрийнхөө Голомт банкны Д- тоот данснаас 120,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчхээд Д-тай цуг банкнаас гараад машинаа авах гээд очтол машинууд нь байхгүй байсан. ...Д- цаад машины эзэн хүмүүстэйгээ хаана байгаа талаар тодруулж асуухад “бид хэд одоохон очно, нэг машины аккумлятор суучихсан байна, нотариат дээр байна” гэх мэт зүйл яриад оройны 19 цаг хүртэл “Да хүрээ” зах дээр хүлээлгэсэн, ...машины эзэн Г-, Н- нар нь ерөөсөө ирэхгүй хүлээлгэсээр байгаад оройны 23 цаг болсон, одоо очиж байна” гээд л худлаа яриад ирэхгүй байсан. Энэ өдрөөс хойш одоог хүртэл дөрвөн машинаа ч аваагүй, мөнгөө авч чадахгүй байгаа... Би мөнгөө машины эзэд рүү шилжүүлэх саналтай байсан боловч Д- нь “наадуул чинь надтай харьцаад сурсан болохоор мөнгөө миний дансаар хийх хэрэгтэй” гээд байсан. ...” /1хх 12-14, 18-19, 23-24/,

гэрч Б.А- “...Би машинаа Н.А- гэх хүнд нь өгсөн. Үүнээс 30,000,000 төгрөгийг нь 2022 оны 12 дугаар сарын сүүлээр надад өгсөн байсан бөгөөд үлдэгдэл 20,000,000 төгрөгөө өгөөгүй байсан. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Г- над руу залгаад үлдэгдэл мөнгийг чинь хийе гэж хэлээд миний дансыг аваад 20,000,000 төгрөг хийсэн. ...” /1хх 48-49/,

гэрч Д.Ө- “...Би 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Тоёота Приус 40 маркийн машиныг Н.А- гэх хүнд 30,500,000 төгрөгөөр тооцож зээлээр өгсөн байсан, мөнгөө өгөөгүй байсан. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Н.Г-ийн эхнэр нь миний дансыг аваад шилжүүлж өгсөн. гэж хэлж байсан. ...” /1хх 52-53/,

гэрч Н.Г- “...Би Н.А- гэх хүнд Н.Г-аар дамжуулж 1 ширхэг Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр тооцож өгсөн байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 12 дугаар сард өгсөн байх гэж бодож байна. Машин авсныхаа дараа удалгүй 16,000,000 төгрөгт нь машин оролцуулж авсан байсан, үлдэгдэл 24,000,000 төгрөг байсан. Уг мөнгө нь орохгүй байж байгаад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Н.Г-ийн данснаас 24,000,000 төгрөг шилжиж орж ирсэн, надаас авсан “машины өр дууссан” гэсэн. ...” /1хх 56-57/,

хохирогч П.А- “...Би “Да хүрээ” зах дээр автомашин зардаг Г-аар дамжуулж утсаар Д-, Н- гэх хүмүүстэй танилцсан. Н.А- гэх хүн уг хүмүүсийг төлөөлж машин авч явдаг байсан. ...Г- надад хэлээд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2012 онд үйлдвэрлэсэн хар өнгийн Приус-41 загварын автомашиныг 32,000,000 төгрөгөөр, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2009 оны цагаан өнгийн Тоёота Харриер автомашиныг 50,000,000 төгрөгөөр, 2005 оны хар өнгийн Тоёота Харриер автомашиныг 40,000,000 төгрөгөөр, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2012 оны мөнгөлөг саарал өнгийн Апьфард автомашиныг 51,000,000 төгрөгөөр тус тус бодож А- авч явсан. ...149,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа. ...Энэ үед Г- Япон улсад байсан над руу мессенжерээр холбогдоод өгөөд явуул гэхээр нь өгөөд явуулсан. ...” /3хх 213-216/,

хохирогч Х.А- “...Г- гэх залуу надаас “машин байна уу, найдвартай авдаг хүмүүс байгаа, би тэр хүмүүст машин зардаг юм, танд ямар машин байна” гэхээр нь “Prado 120 болон Hilux байна” гэж хэлсэн. Би тухайн үедээ Г-аас “ямар учиртай хэн хэн гэж хүнд машин зарах гэж байгаа” талаар асуухад “Хөвсгөл аймагт махны бизнес эрхэлдэг хүн байгаа юм, найдвартай хүн, Хөвсгөлийн шүүхийн шийдвэрийн нягтлан бодогч Д- гэх хүн авч байгаа” гэж хэлсэн. Ингээд би өөрийн оруулж ирсэн 2002 оны сувдан цагаан өнгийн Prado 120 загварын автомашиныг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 60,000,000 төгрөгөөр, 2010 оны хар өнгийн Lexus RX450 загварын автомашиныг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 60,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 120,000,000 төгрөгөөр зарсан. Би Д- гэх хүнтэй уулзаж байгаагүй. Г-аар дамжуулан надаас машин худалдаж авч байгаа Д- гэх хүн А- гэх хүнийг явуулж “Да хүрээ” захын авто зогсоол дээрээс зарсан автомашиныг авч явсан. Тухайн үед би Д-тай утсаар ярьж А- гэх хүнд машин өгч явуулж болох талаар асуухад Д- нь “та наад машинаа надад өгч байна гэж бодоод А-д өгөөд явуулчих, миний хуурай дүү байгаа юм, санаа зоволтгүй” гэж хэлэхээр нь би итгээд А- гэх хүнд өгч явуулсан. ...мөнгөө Д-аас нэхтэл “хүний юм авсан юм чинь өгнөө, байшин сав зарах гээд байна, маргааш нөгөөдөр өгнө” гэсээр миний мөнгийг өгөхгүй байхаар нь би нэхсээр байгаад Г-аар дамжуулж 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны Г- дугаарын дансаар ...нийт 50.000.000 төгрөг авсан. ...” /4хх 152-153/,

гэрч С.Б- “...Н.А- гэх хүн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2002 оны цагаан өнгийн Тоёота Ланд Круйзер Прадо-120 маркийн машин, мөн бор шаргал өнгийн Тоёота Харриер маркийн машин, хар өнгийн Тоёота Приус-41 маркийн машинуудыг зарна гэж байсан, “Да хүрээ” зах дээр машин зардаг С.Н- Харриер, Прадо-120 маркийн машиныг нь нэр дээрээ худалдах, худалдан авах гэрээ хийгээд мөнгийг нь миний дансаар шилжүүлж өгсөн. Би Тоёота Прадо-120 маркийн машиныг нь 50,000,000 төгрөгөөр тооцож авсан шиг санагдаж байна. ...” /4хх 216-217/ гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх мэдүүлэг тайлбараас үзэхэд, мөн Н.Г- гэрчээр “...Л.Д-аас та машинаа захын гадаа гаргаад тавьчих, бусад өртэй хүмүүстэй тааралдахгүйгээр машиныг нь аваад явчихмаар байна... гэж хэлсэн” гэх /1хх 43-44/ мэдүүлэг зэргээр Н.А-, Л.Д- нар бусдаас машинууд авч мөнгийг нь төлөөгүй их хэмжээний өртэй байсан бол Н.Г-, яагаад хохирогч Г.А-д Ц.Н-оор дамжуулан 4 автомашин үзүүлж, улмаар хохирогч мөнгөө шилжүүлсний дараа худалдана гэж үзүүлсэн машинаа хураасан эсэх, дээрх нэр бүхий хохирогч нарыг залилсан гэх үйлдэлд Н.Г-, Ц.Н- нар нь хамтран оролцсон оролцоо байгаа эсэх, мөн эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих иргэний хариуцагчаар тогтоогдох эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгавал зохих ажиллагааг хийх нь зүйтэй байна.

2. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхрийн найз Н.А- нь надад зуучилж өгөөд .... УНЕ улсын дугаартай Тоёота Ланд 200 маркийн автомашиныг М- гэх хүнээс 123,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 63,000,000 төгрөгийг Н.А-гийн данс руу шилжүүлж өгсөн. 60,000,000 төгрөгийг М-ын данс руу шилжүүлж өгөөд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд би машиныг өөртөө авчихсан байсан. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр А-гийн хамтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах Циркийн авто тээврийн үндэсний төв дээр А-гаас өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Машиныг чинь ченжид зараад мөнгийг чинь гаргаад өгье гэхээр нь би машины нэрийг шилжүүлж авчихсан юм чинь тэг гэж хэлээд Циркийн авто тээврийн үндэсний төвийн гадна А-д машиныг түлхүүртэй нь өгсөн.

...Анх А- надаас “чи мөнгө олоод өгөөч энд хямдхан машин байна, би 90,000,000 төгрөгөөр худалдаж авна, чи мөнгө олоод өгчих, чиний нэр дээр машины гэрчилгээг гаргаад өгнө. Тухайн машиныг цааш нь зарчхаад чиний данс руу мөнгө орно” гэхээр нь би хүнээс өдрийн 1 хувийн хүүтэй 123,000,000 төгрөгийг зээлээд А-д өгсөн. А- нь тухайн машиныг зараад надад 123,000,000 төгрөгийг хүүтэй нь болон зөрүү мөнгийг надад өгнө гэж хэлсэн. Тухайн мөнгийг 7 хоногийн хугацаатай эргүүлэн төлнө гэсэн боловч хугацаандаа өгөөгүй. Эхний мөнгийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 7,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрандаа интернэт банкаар шилжүүлсэн, мөн үүнээс хойш банкаар шилжүүлсэн. ...Н.А-, Т.И- хоёрт би мөнгө зээлүүлээгүй, харин машин худалдаж авахаар мөнгө өгсөн. Тухайн машиныг Н.А-, Т.И- хоёр буцааж зарахад тусална гэж хэлсэн. Үүний дагуу Н.А- надаас зарахаар хүнд үзүүлчхээд аваад ирье гэж авч яваад Т.И-т өгөөд, Т.И- нь хүнд барьцаанд тавьчихсан байсан. Би хүнээс 123,000,000 төгрөгийг зээлээд тэр доор нь А-гийн хэлсэн данс руу шилжүүлж өгч байсан. А-, И- хоёр надаас мөнгө зээлж, .... УНЕ улсын дугаартай машиныг барьцаалсан гэж худлаа хэлж байна. Уг машиныг би худалдаж аваад цааш үнэд хүргэж зарах гэж байсан. Намайг хүнээс мөнгө зээлж авч өгч байгааг Н.А- мэдэж байсан. ...Миний .... УНЕ улсын дугаартай машиныг Н.А- манай гэрийн гаднаас авч явсан. ...Тэгсэн дараа нь Т.И-, Н.А- хоёр хамт миний .... УНЕ улсын дугаартай Ланд 200 маркийн машиныг Г- гэдэг хүнд 50 орчим сая төгрөгийн барьцаанд тавьсан гэдгийг мэдсэн. ...” /6хх 76-78, 81-82, 85-86/,  

Гэрч С.Б-ийн “... .... дугаартай ланд 200 машиныг үзүүлээд А- би энэ машиныг худалдаж авч байгаа юм, чи авах уу гэж надаас асуусан. 123 сая гэж хэлсэн. Нэрийг нь шилжүүлэх арай болоогүй байна, мөнгийг нь төлөөд авч болно гэсэн. ...тэгээд эхнэр Б- өөрийнхөө нэр дээр А-гаас шилжүүлж авсан. ...” /6хх 95/

Н.А-гийн сэжигтнээр “...М- гэдэг хүнээс 2023 оны 4 дүгээр сарын 22-ны үед .... УНЕ улсын дугаартай машин худалдан авахдаа Б-, Б- хоёроос 123 сая төгрөг шилжүүлж худалдан авсан... Б- Б- хоёрт би машин зээлээр авч байгаа, та хоёр мөнгө зээлчих, машинаа зараад мөнгийг чинь гаргаад өгье барьцаанд нь машины нэрийг шилжүүлээд авчих гэж хэлсэн. Б-, Б- хоёр зөвшөөрсөн. Өмнө би бас ингэж машин аваад өгчихсөн байсан юм. ...” /6хх 121/, яллагдагчаар “....... УНЕ дугаартай машиныг Б- зараагүй, Б- Б- хоёроос мөнгө зээлж авсан. Уг машиныг барьцаа болгож нэрийг шилжүүлж өгсөн. Уг машиныг зараад мөнгийг өгөх байсан..., Б- захирлаасаа мөнгө зээлсэн тул машин нэр дээр байхгүй бол болохгүй гээд түүний нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн. ...” /7хх 137, 187/,

Т.И-ын сэжигтнээр “...Тухайн машиныг А- нь Б-, Б- хоёроос мөнгө зээлж авсан юм байна лээ. ...” гэх /6хх 108/ тус тус мэдүүлэг авагджээ.

Прокуророос “...Н.А-, Т.И- нарыг бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Б.Б- .... УНЕ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 загварын автомашиныг 123,000,000 төгрөгөөр худалдаж, улмаар түүний өмчлөлд шилжсэн уг тээврийн хэрэгслийг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “бусдад зараад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тээврийн хэрэгслийг залилан авч хохирогч Б.Б- 123,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж яллажээ.

Гэтэл дээр дурдсан хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, хохирогч Б.Б- нь зээлүүлсэн гэх мөнгөөр, эсхүл .... УНЕ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашинаар, эсхүл эд хөрөнгийн эрхээр алинаар нь хохирсон, залилуулсан эсэх нь тодорхой бус, энэ талаар нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна.

Энэ нь нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоогоогүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ.” гэж заасан ба мөрдөгч 2014 онд үйлдвэрлэсэн хөдөлгүүрийн багтаамж 4608, В евро хар өнгийн  Toyota Land Cruiser 200 автомашины үнэлгээг хийлгэх шинжээч томилсон тогтоолд /6хх 102/ ямар байгууллагыг шинжээчээр томилсон нь тодорхойгүй, “Сүлд үнэлгээ” ХХК /6хх 104/ хэний шийдвэрээр дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна.

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ.”, 2 дахь хэсэгт “шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна: тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг бүхий хүн, шинжилгээ хийх эрх авсан шинжээч, төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн, мэргэжлийн байгууллага” гэж заажээ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна.”, 10.3 дахь хэсэгт “энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.”, 10.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.3-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд энэ хуульд заасан журмын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.” гэж тус тус заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт, энэ хуулийн 4.5, 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, журам, аргачлалыг удирдлага болгоно.”,

 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна: 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх.”, 8.3 дахь хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгана: 8.3.10-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал”; 8.3.12-т “хөрөнгийн үнэлгээг энэ хуульд заасан стандарт, журам, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл-г тусгана.” гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл 2014 онд үйлдвэрлэсэн хөдөлгүүрийн багтаамж 4608, В евро хар өнгийн  Toyota Land Cruiser 200 автомашины буюу .... УНЕ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” маркийн автомашиныг зах зээлийн үнийг тогтоосон “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №229 дугаартай хөрөнгийн үнэлгээ Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг хангаагүй, хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Нөгөө талаар прокуророос хэрэв “Сүлд үнэлгээ” ХХК-ийн үнэлгээг нотлох баримтаар үнэлж байгаа бол тухайн үнэлгээгээр тээврийн хэрэгслийг 125,000,000 төгрөгөөр тогтоосон байхад яллах дүгнэлтдээ тээврийн хэрэгслийг залилж 123,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн нь зөрүү үүсгэсэн.

4. .... УНЕ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” маркийн автомашиныг хураан авах тухай прокурорын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай зөвшөөрөл /6хх 71-72/ байх ба тээврийн хэрэгслийг хураан авах ажиллагаа явагдсан эсэх, тээврийн хэрэгслийг хэнд хариуцуулсан, бодитоор хэний эзэмшилд одоо байгаа эсэх  тодорхойгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс .... УНЕ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” маркийн автомашины шилжилт хөдөлгөөний хязгаарласан прокурорын зөвшөөрлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн атлаа мөн хохирогч Б.Б- үнийн дүнгээр хохирлын төлбөр олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ. Тиймээс тээврийн хэрэгсэл хэнд байгаа эсэхийг тодруулж, дээрх асуудлыг нэг мөр тодорхой болгох нь зүйтэй.

5. Баянзүрх дүүргийн прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 62 дугаартай Н-ын Г-ын нэр дээр итгэмжлэл хийгдсэн хар өнгийн 2055, Toyota land cruiser prado загварын /VZJО-/ арлын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан зөвшөөрөл байх бөгөөд анхан шатны шүүхээс тухайн зөвшөөрлийг хэрхэх эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулжээ. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар тухайн тээврийн хэрэгслийг хохирогч Н.Б-оос шүүгдэгч Н.А-д өгсөн, Н.А-гаас Ч.Г-ид, Ч.Г- нь бусдад худалдсан гэх ба Ч.Г- нь иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Иймд дээрх арлын дугаартай тээврийн хэрэгсэл хэний эзэмшилд бодитоор байгаа, бусдад ямар байдлаар шилжсэн эсэх зэргийг тодруулсны эцэст 62 дугаартай зөвшөөрлийг шийдвэрлэх шаардлага байна.

6. Гэрч П.Б-ээс “...Б- машин зараад өгнө гэж хэлээд мөнгө авсан. С.Б- нь Н.А-д надаас авсан мөнгөө өгөөд машин авсан гэж байсан. ...би мөнгөө авах гээд С.Б-ээс асуухаар муу зарагддаг машинууд авсан байна, машин зарагдахаар мөнгийг нь өгнө гээд байдаг байсан.” гэж мэдүүлэх /7хх 206-208/ ба  хохирогчийн эрх зүйн байдалтай оролцсон С.Б- шүүгдэгч нартай автомашин худалдан авахад хамтран оролцож хохирогч нарт хохирол учруулсан эсэхийг шалгаж, хохирлыг хариуцвал зохих этгээд эсэхийг нягтлах нь зүйтэй.

7. Хохирогч С.Б-т 131,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх ба уг мөнгөнөөс 107,000,000 төгрөгийг Н.Г- авсан байхад түүнээс төлбөрийг гаргуулаагүй гэх гомдлыг шалгаж, хохирлыг хэн хэрхэн хариуцах, өөр хариуцвал зохих этгээд бий эсэхийг тодруулж эргэлзээгүй болгож шийдвэрлэх шаардлагатай.  

Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1422 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан шүүгдэгч, хохирогч нарын давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.А-, Л.Д-, Т.И- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1422 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.А-, Л.Д-, Т.И- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,                                               

                       ШҮҮГЧ                                                           Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                          Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                           Т.АЛТАНТУЯА