| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2429001690233 |
| Дугаар | 2025/ДШМ/62 |
| Огноо | 2025-12-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/62
Д.*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: В.Төгсбаяр /цахим/
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Лхагвасүрэн /цахим/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “******* гуа” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.******* /цахим/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “******* гуа” ХХК-ийн өмгөөлөгч Н.Нарангарав
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг /цахим/,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус ерөнхий шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангаравын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.*******д холбогдох 2429001690233 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Д.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.*******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.*******гийн тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гээс 18,101,405 төгрөг гаргуулж, хохирогч С.*******-*******т, 6,054,500 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “******* гуа” ХХК-д, иргэний хариуцагч “******* гуа” ХХК-аас 89,205,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.*******д тус тус олгож,
Хохирогч С.*******-*******, иргэний нэхэмжлэгч Э.******* нар хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гээс сэтгэцэд учирсан хор уршигт 15,173,400 /арван таван сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.*******-*******т олгож,
Иргэний хариуцагч “******* гуа” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.*******гээс өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь хохирогч С.*******-*******ын хохирол төлбөрт 34,630,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “******* гуа” ХХК-ийн өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах гомдолдоо:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаартай шүүхийн шийдвэрийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулж, иргэний хариуцагч “******* гуа” ХХК-аас гэдгийг шүүгдэгч Д.Отгонбүйвэйгээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хариуцна гэж заасан. Тийм учраас осолд ордог тээврийн хэрэгсэл нь хэнийх вэ, тэр хэмжээгээрээ тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаа компани тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг зөвөөр тайлбарласан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тогтоох гол үндэслэл болно. Мөн дээрээс нь бусдад гэм хор учруулсан үйлдэл нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн байна.
Тээврийн хэрэгслийг ашиглах бололцоо олгосноор бусдад гэм хор учруулсан тохиолдолд өмчлөгч буюу эзэмшигч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Д.******* нь “******* гуа” ХХК-ийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогддог учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадсан.
Иргэний хариуцагч компанийн өмгөөлөгч Н.Нарангарав эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг үүднээс Шүүх шинжилгээний газраар бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон. Энэхүү бүрэлдэхүүнтэй шинжээчийн томилсон дүгнэлтээр үнэлгээ нь сая гаран төгрөгөөр нэмэгдэж ирсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хохирол, хор уршгийг учирсан бодит хохирлын хэмжээгээр тогтоох ёстой учраас энэ үнэлгээгээр гаргасан 6,054,500 төгрөг нь хууль ёсны үндэслэл бүхий байна. Иймд иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангаравын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн шийтгэх тогтоолын 6 болон 10 дахь заалтад Иргэний хуулийн 497.1, 505.1-т зааснаар Д.*******гээс 18,101,405 төгрөг, мөн тогтоолын 10 дугаарт зааснаар 497.1, 511.3, 505.1-д зааснаар Д.*******гээс сэтгэцэд учирсан хохирол 15,173,400 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч С.*******-*******т олгохоор шийдвэрлэсэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Энэ талаарх нотлох баримтаа давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн бөгөөд мөн хохирогч С.*******-*******ын зүгээс хохирол төлбөрөө авсан гэх хариу тайлбарыг өгсөн учраас өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн гэм хор учруулсан этгээд учруулсан гэм хороо арилгах үүрэгтэй гэж заасан. Гэтэл ямар ч хамаагүй “******* гуа” ХХК буюу осол гаргаагүй тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс хохирол буюу Э.*******д учирсан 89,205,000 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Д.******* нь “******* гуа” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний 5.2 дахь заалт дээр тухайн тээврийн хэрэгслийг ашиглах явцад өөрийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргасан тохиолдолд учирсан гэм хор, хохирол төлбөрийг тухайн буруутай этгээд бие даан арилгах үүрэгтэй гэдэг дээр тохиролцож гэрээ байгуулсан. Тэгэхээр Э.*******д учирсан 89,205,000 төгрөгийн хохирлыг “******* гуа” ХХК-иас гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлийг удирдлага болгосон.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйл буюу тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс хохирлыг гаргуулна гэж заасан заалтыг барьдаг боловч энэ нь энэ хэрэгт хэрэглэх боломжгүй заалт байна.
Танайд тууштай хөлсөөр ажиллаж, танай тээврийн хэрэгслийг ашиглаж, танайд ашиг, орлого олж өгнө. Хариуд нь би таарсан цалин хөлс авна. Энэ гэрээний явцад танай машиныг ашиглаад явах тул гэм хор учруулсан тохиолдолд миний буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргасан тохиолдолд учирсан хохирлыг би төлж барагдуулна гэж хэлээд хүний машиныг зөвшилцөж гэрээ байгуулаад авч явдаг.
Д.*******гийн хариуцлагагүй үйлдэл болохоос “******* гуа” ХХК нь нэхэмжлэлийг төлөх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл зам тээврийн хөдөлгөөнд оролцогчийн илт буруутай үйлдлээс буюу өөрөө мэдэх, ухамсарлах боломжтой үйлдлээс шалтгаалж учирч байгаа гэм хор учраас даатгалын компани мөнгө төгрөгийг нь аваад даатгалын гэрээ байгуулаад тухайн компанид учирсан эвдрэл, гэмтэл, хохирлыг арилгах үүрэг хүлээсэн боловч зөвхөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 13.1, 13.2-т заасан тохиолдолд энэ гэрээ үйлчлэхгүй байхаар зохицуулж өгдөг.
Д.*******гийн илт хариуцлагагүй буюу замын хөдөлгөөний дүрэм ноцтой зөрчсөн өөрийнх нь үйлдлээс шалтгаалж байгаа учраас энэ хариуцлагагүй үйлдлийг “******* гуа” ХХК хариуцах боломжгүй. “******* гуа” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн.
2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “******* гуа” ХХК нь “Хайрхан” авто засвар үйлчилгээ үзүүлдэг компанид 9,400,000 төгрөгийг шилжүүлээд тухайн тээврийн хэрэгслийг засуулсан. Шинжээчийн дүгнэлтээр 6,054,000 төгрөг гарсан. Гэхдээ манайхаас гарсан бодит хохирол нь 9,400,000 төгрөг болсон учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Д.******* нь манай компанид хөлсөөр ажиллах гэрээ буюу Иргэний хуулийг үндэслэж өөрийн мэргэшсэн ур чадвартай, улс хоорондын тээвэрлэлт хийх эрхтэй, мэргэшсэн жолооч 3 сарын хугацаагаар хөлсөөр ажиллах гэрээг гүйцэтгэхээр ажиллаж байсан. Зөвхөн нэг л өдөр ажиллахдаа осол гаргасан.
Манай компанийн өмч хөрөнгө болох автомашинд 9,416,610 төгрөгийн хохирол учирсан. Хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн дагуу үндэслэгддэг хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэж байгаа ажил биш. Хөлсөөр ажиллах гэрээний заалтууд дээр Д.*******гийн хариуцах хариуцлагын талаарх заалтууд маш тодорхой тусгагдсан.
Компанийн болон гуравдагч этгээдэд замын хөдөлгөөний дүрэм зөрчих юм уу, Монгол Улсын хууль тогтоомж зөрчиж хохирол учруулсан тохиолдолд гэрээт ажилтан, жолооч өөрөө хариуцаж хохирлыг нь нөхөн төлнө гэдэг заалтыг тусгасан. Тухайн заалтыг жолооч өөрөө уншиж танилцаад, гэрээгээ байгуулаад энэ хөлсөөр ажиллах гэрээт ажилтан болъё гээд зөвшөөрөөд ажил үүргийг гүйцэтгэж байсан. Энэ тохиолдолд манай компанийг иргэний хариуцагчаар тогтоож, анхан шатны шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******д 89,205,000 төгрөгийг “******* гуа” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүгч хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэв.
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм хорын нийтлэг зохицуулалтаар хохирогчийн хохирол, төлбөрийг тэргүүн ээлжид барагдуулах агуулгууд тусгагдсан. Ажилтан нь хохирол учруулбал байгууллага нь түрүүлж төлөөд тухайн ажилтнаасаа шаардаж авдаг.
Тээврийн хэрэгслийн зохицуулалтын хувьд бусад этгээд тухайн тээврийн хэрэгслээр осол, гэм хорын асуудал үүсгэсэн бол тухайн өмчлөгч энэ хохирлыг төлөх талаар зохицуулалтуудыг нарийвчлан тусгасан. Гэм хорын шатлалтай ийм зохицуулалт байгаа. Шаардах эрхийн хувьд нэгэнт гэм хорыг тухайн байгууллага буюу тээврийн хэрэгслийн өмчлөгч төлөх ёстой гэсэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “******* гуа” ХХК тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч байна. Ерөнхий бидний харж байгаагаар хөлсөөр ажиллах гэрээ байна уу, эсвэл хөдөлмөрийн гэрээ байна уу гэдгээс үл хамаараад өмчлөгч нь тэргүүн ээлжид гэм хорыг арилгах хуулийн зохицуулалттай.
Нэн тэргүүнд хохирогч буюу иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, ашиг буюу учирсан хохирлыг тэргүүн ээлжид төлүүлэх гэм хорын нийтлэг зохицуулалтын дагуу шүүх шийтгэх тогтоол дээр тодорхой тусгасан.
“******* гуа” ХХК-аас шаардах зүйл нь зөвхөн тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн гэм хорын хохирлоо шаардсан. Харин хохирогч С.*******-*******ыг тухайн газар нутгаас Улаанбаатар руу яаралтай онгоцоор тээвэрлэхтэй холбоотой бусад зардлууд Э.*******гаас гарсан. Э.******* эдгээр зардлаа шаардаж нэхээгүй. Үүнийг “******* гуа” ХХК-аас юм уу, эсвэл шүүгдэгч Д.*******гээс шаардах эрх нь нээлттэй байгаа учраас эдгээр хэсгийг нээлттэй үлдээж өгнө үү гээд энэ хүрээнд зарим хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн.
Иргэний нэхэмжлэгчийн хувьд учирсан хохирол 89,000,000 төгрөгийг энэ компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдээд өөртөө учирсан хохирлоо гаргуулахаар шаардсан. Шүүх энэ хүрээнд хууль зүйн хувьд зөв шийдлээр шийтгэх тогтоолд тусгагдсан учраас хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэгч, хариуцагч “******* гуа” ХХК-ийн өмгөөлөгч Н.Нарангаравын гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Д.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.*******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гээс 18,101,405 төгрөг гаргуулж хохирогч С.*******-*******т, 6,054,500 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “******* гуа” ХХК-д, иргэний хариуцагч “******* гуа” ХХК-аас 89,205,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.*******д тус тус олгож, хохирогч С.*******-*******, иргэний нэхэмжлэгч Э.******* нар хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гээс сэтгэцэд учирсан хор уршигт 15,173,400 төгрөгийг гаргуулж, хохирогч С.*******-*******т олгож, Иргэний хариуцагч “******* гуа” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.*******гээс өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Нарангарав нь “анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулж, иргэний хариуцагч “******* гуа” ХХК-аас гэдгийг шүүгдэгч Д.Отгонбүйвэйгээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг харгалзан үзнэ.” гэж зааснаар "шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ.
Гэтэл шүүгдэгч Д.*******гийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг аргилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх хуульд заасан шаардлага, үндэслэл тогтоогдоогүй байхад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийж шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй төдийгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шийтгэх тогтоол гарах үед бүрэн гүйцэд төлж барагдуулаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлэгт хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Прокуророос шүүх хуралдаанд шүүгдэгч Д.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх санал дүгнэлтийг гаргаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага оногдуулах шүүхээс гарах шийдвэрт нөлөөлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангаравын гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.*******д холбогдох 2429001690233 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА