| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00339/И |
| Дугаар | 308/ШШ2026/00367 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 308/ШШ2026/00367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, * дүгээр хороо, Г б центр *** тоотод оршин байрлах, "И Инвест ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, Ш з гудамж, * дугаар багт оршин байрлах, "Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар"-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20** оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ***** тоот мэдэгдлээр үнэлгээ тогтоосон улсын бүртгэлийн ************** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, Д аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20** оны 05 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: А.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ө, Г.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нар
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч "И Инвест ББСБ" ХХК Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д аймаг дахь Сум дундын И хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ***** дугаартай захирамжаар И Инвест банк бус санхүүгийн байгууллагаас гаргасан нийслэлийн тойргийн нотариатч Д 20** оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн *** тоот нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулж гүйцэтгэх хуудас бичүүлэх тухай хүсэлтийг хангаад хариуцагч З-с 236,575,000 төгрөгийг И Инвест ББСБ-д олгохоор барьцаа хөрөнгө болох Д аймгийн С сум * дугаар баг, з * дүгээр гудамжны *** тоот хаягт орших Улсын бүртгэлийн ****** дугаар бүхий 320м2 талбайтай үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан. Энэ шүүгчийн захирамж гарсантай холбогдуулаад Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 20** оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр эхлүүлээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэх ийм тогтоол гарсан. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулаад Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ** дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М 20** оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ******** дугаарт шинжээч томилох тухай тогтоол үйлдээд З-н өмчлөлийн дээрх хаягт орших үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор Б ХХК-аар үнэлгээ хийхийг шинжээчээр томилсон тогтоолдоо тус компанийн үнэлгээчин Б танилцаж, компанийн эрх бүхий этгээдийг томилсноор гарын үсэг зурж шинжээч томилох тогтоолоо танилцсан. Үнэлгээчин Б нь Монголын мэргэжлийн үнэлгээчдийн институтийн 20** оны **** тогтоолоор 3 жилийн хугацаатай олгосон үнэлгээчний 20****** дугаартай үнэлгээчин байсан. Үнэлгээчин Б нь хөрөнгийн үнэлгээний ажлыг 20** оны 4 дүгээр сарын 09-ний өдөр газар дээр нь явуулсан тухай үзлэгийн актаар үйлдэж 2 давхарт засвар ажил дуусаагүй гэх барилгад үнэлгээ хийсэн талаарх акт үйлдсэн тэмдэглэл хэрэг дотор авагдсан. Үнэлгээчин Б нь 20** оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ******* шинжээчийн дүгнэлт үйлдсэн. Үнэлгээчин Б нь 20** оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлгэж өгсөн ийм үйл баримтууд байгаа. Өөрөөр хэлбэл Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20** оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ****** дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр үнэлгээ болон улсын үнэлгээчин тогтооход үнэлгээний дүн нь 2,027,788,510 төгрөгөөр тогтоогдсон тухай мэдэгдэл ирсэн. Энэ мэдэгдлийг хүлээж аваад нэхэмжлэгчийн зүгээс Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч 20** оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар мэдэгдэлдээ 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээж авсан байгаа. З нь дээрх бүрдүүлэлтийн нийт хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт дээгүүр буюу 2,027,788,510 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг эс зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл эс зөвшөөрч байгаа хууль зүйн үндэслэлээ дараах 2 байдлаар тодорхойлж гаргаж шүүхэд мэдүүлж байгаа. Нэгдүгээрт шинжилгээ хийх эрх бүхий албан тушаалтан буюу Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээ гаргах талаар хуульд нийцээгүй ийм тогтоол үйлдсэн байна. Хоёрдугаарт Б компанийн шинжээч Б-ийн 20** оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан дүгнэлтийг шийдвэр гүйцэтгэлийг биелүүлэхтэй холбоотой шинжээч нь хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй буюу үнэлгээ хийх эрхгүй этгээд үйлдсэн гэх үндэслэлээр энэ нэхэмжлэлд дурдаад байгаа хөрөнгийн үнэлгээ гаргасан тогтоолыг хүчингүй болгох гэдэг ийм шаардлагыг гаргаж байгаа. Нэгдүгээр шаардлагын тухай тодорхойлъё. Өөрөөр хэлбэл Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч М нь Б буюу Б компанийг шинжээчээр томилохдоо дараах хууль тогтоомжийг зөрчиж тогтоол үйлдсэн гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээчээр оролцохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан, 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байна. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн эсвэл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн, бусдын ашиг сонирхолгүй гэдгийг шинжээчээр томилгоог болно гэсэн энэ заалтын дагуу томилогдсон гэж ойлгож байгаа. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт шинжилгээ гэж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэсэн. Өөрөөр хэлбэл шинжээчээр Шүүх шинжилгээний тухай хуулийг баримтлах ёстой эрх бүхий албан тушаалтан, Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд шинжилгээ хийх эрх бүхий этгээд, бусад этгээдээр хийлгэхтэй холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээг дурдах гэж байна. 10 дугаар зүйлийн 12 дахь хэсэг дээр шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдээр шинжилгээ хийлгэх санал тавьж гэж байгаа. 8.2-т шүүх шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэх гэж байгаа эрх бүхий этгээдийг нэрлэн зааж байгаа. Ингэхдээ санал тавихдаа хувийн бичиг баримт, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон бичиг баримтыг шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үед шинжээчээр ажиллахыг зөвшөөрсөн байгаа эсэхийг урьдчилан тодруулж баримтжуулна. Хууль зүйн тусгай мэдлэг бүхий этгээдийг шинжээчээр томилж байгаа бол хуульд заасан тусгай мэдлэг, бусад чадварыг нотолсон баримт бичгийг урьдчилж тодруулж, баримтжуулах үүргийг шийдвэр гүйцэтгэгч өөрсдөө хуулиар хүлээсэн байна гэж ойлгож байгаа. Дараагийн дугаарт энэ хөрөнгийн үнэлгээ хийхтэй холбоотой Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаал 20** оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ************* дугаар журам батлах тухай тушаалаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх журам гээд нэгдүгээрт үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх аргачлалыг, хоёрдугаар хавсралтаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээдүүд баталсан захиргааны хэм хэмжээний акт үйлчилж байна уу. Энэ журамд зааснаар буюу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх нэгдүгээр хавсралтаар баталсан журмын дагуу бол журмын 2.7 дээр Үнэлгээчин нь үнэлгээ хийх бэлтгэл ажлын хүрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний мэдээллийг газар, үл хөдлөх эд хөрөнгийн удирдлагын нэгдсэн системийн мэдээлэлтэй тулган баталгаажуулж үнэлгээнд хэрэглэнэ. Үнэлгээчин нь энэ журмын 2.7-д заасан тулган баталгаажуулалтаар эрхийн зөрчилтэй нь илэрсэн, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй тохиолдолд зөрчлийг арилгасны дараа хөрөнгийн үнэлгээ хийнэ гэсэн зохицуулалт байгаа. Нэгдүгээрт Заас гаргаж байгаа захирамжийн үндэслэл дээр үнэлгээ хийх гээд байгаа үл хөдлөх хөрөнгө бол үнэлгээний гэрчилгээнд 320м2 талбай бүхий байгаа. Гэтэл бодит байдал дээр 640м2 гэсэн ийм зүйл байгаа. Хоёрдугаарт саяын сайд нарын баталсан тушаалаар үнэлгээг хийх аргачлалыг баталсан. Үнэлгээ хийх аргачлалын батлагдсан энэ аргачлалын 2.1 дүгээр заалтын 2.1.7 дээр үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг дуусаагүй барилга тусгайлан хийхээр зохицуулсан зохицуулалт байгаа. Мөн 4.3 дээр үнэлгээ хийх хандлага, аргуудыг тодорхойлсон. Энэ асуудал дээр 2.2 дээр үнэлгээ хийх үл хөдлөх эд хөрөнгийн төрөл хэсэг дээр нийтийн орон сууц, амины хашаа байшингаас бусад хөрөнгийн үнэлгээг мэргэшсэн, тэргүүлэх зэрэгтэй үнэлгээчин хийнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл мэргэшсэн гэдэг нь оюуны өмчлөлөөр мэргэшсэн, үл хөдлөх, хөдлөх хөрөнгөөр мэргэшсэн гээд саяын Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээр холбогдох гэрчилгээг өгөхдөө яг ямар чиглэлээр үнэлгээ хийхтэй холбоотой асуудлыг гэрчилгээ дээр тусгадаг. Өөрөөр хэлбэл манай үнэлгээчин Э.Б зөвхөн үл хөдлөх хөрөнгө болон эд хөрөнгийн үнэлгээг хийх чиглэлээр мэргэшсэн байх бөгөөд зэргийн тухай тэргүүлэх зэрэг байхгүй. Өөрөөр хэлбэл үйлчилгээний зориулалттай байшин учраас уг үнэлгээг тэргүүлэх зэргийн үнэлгээчин хийхээр нарийвчилсан зохицуулалттай байна. Гэтэл энэ тэргүүлэх зэргийн үнэлгээг чинь хийхтэй холбоотой нарийвчилсан энэ хууль тогтоомж, журмын шаардлагад хангаж байгаа эсэхийг шинжээч томилох эрх бүхий гээд урьдчилсан байдлаар хангаж байгаа эсэхийг тодруулж хангасан тохиолдолд үүнийг баримтжуулж, шинжээч томилох үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна. Хоёрдугаарт Б үнэлгээ компанийн шинжээч Б 20** оны 4 дүгээр сарын дүгнэлт нь хууль тогтоомжид шаардлагыг хангаагүй, мөн үнэлгээ хийх эрхгүй этгээд хийчихсэн. Тэргүүлэх зэргийн биш үнэлгээчин үйлчилгээний зориулалттай барилгыг үнэлчихсэн байна. Хоёрдугаарт газар дээрх эрхийн зөрчилдөөн. Өөрөөр хэлбэл З 320м2 талбайг эзэмшихэд эрхийн өмчлөлийн гэрчилгээнүүдтэй байсаар байтал нэмээд 320м2 талбайтай эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг харгалзан үзэлгүйгээр журамд заасан байдлаар тодруулж, үнэлгээ хийх ёстой үүргээ биелүүлдэггүй. Энэ үнэлгээг хийсэн асуудал нь хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа учраас энэ үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгуулъя гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа: Д аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн **** дүгээр шүүгчийн захирамжаар И Инвест банк бус санхүүгийн байгууллагаас гаргасан Нийслэлийн тойргийн нотариатч Д 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***** тоот нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулах, гүйцэтгэх хуудас бичүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тус шүүхийн 20** оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаар гүйцэтгэх баримт бичгийн дагуу Заас 236,575,000 төгрөгийг гаргуулж И Инвест банк бус санхүүгийн байгууллагад олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 20** оны 01 дүгээр сарын 30-ны өдөр эхлүүлсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.З-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн **************** дугаарт бүртгэлтэй, Д аймаг С сум * дугаар баг, З * дүгээр гудамж *** тоот хаягт байрлах 320м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнийн санал авах мэдэгдлийг талуудад хүргүүлэхэд төлбөр төлөгч З нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2 тэрбум, төлбөр авагч И Инвест банк бус санхүүгийн байгууллагад 500,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлж талууд харилцан тохиролцоогүй тул 20** оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ************* дугаар шинжээч томилох тогтоолоор үнэлгээ тогтоолгохоор Б үнэлгээ ХХК-г томилон үнэлгээг тогтоолгоход 2,027,788,510 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад танилцуулсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь өөрөө төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хооронд байгуулсан 20** оны 3 дугаар сарын 20-ны өдрийн номер ********* дугаар барьцааны гэрээгээр барьцаалагдсан барьцаа хөрөнгө байдаг. Тус барьцааны гэрээний 2.2-т барьцаалуулагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулахаар дараах хөрөнгө, түүний бүрдэл хэсэг, дагалдах зүйл, тухайн хөрөнгийг засан сайжруулах зорилгоор оруулах нэмэлт өөрчлөлтийг хамтад нь барьцаалагчид барьцаалуулж болно гээд тухайн хөрөнгийг барьцаалан зээлийн гэрээ, барьцааны гэрээгээ байгуулсан байдаг. Гэтэл И Инвест банк бус санхүүгийн байгууллагаас хөрөнгийн үнэлгээг гэрчилгээнд заагдсан 320м2 талбай биш, 640м2 талбайгаар үнэллээ. Зах зээлийн үнэлгээг хэт өндрөөр тавиад байна гээд нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад байгаа нь үндэслэлгүй. Мөн дээрх хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 20** оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мөн Х үнэлгээ ХХК-г томилон үнэлгээг тогтоолгосон байдаг. Тухайн үед үнэлгээг тогтоолгоход 2,121,003,000 төгрөгөөр тогтоогдож байсан. Энэ нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа тухайн хөрөнгө ижил төстэй хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг дээш үнэлээд байна гэдгийг үгүйсгэж байгаа бодит нөхцөл байдал юм. Шинжээч томилох тогтоол маань өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даргын 20** оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн **** тоот тушаалаар батлагдсан загварын дагуу шинжээчийг томилж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Холбогдох хууль тогтоомж зөрчөөд шинжээч томилсон, эрхгүй этгээд үнэлгээ хийсэн, дээрээс нь урьдчилж тодруулж баримтжуулж байж дундаж эсэх асуудлаа шийдвэрлээгүй гэх асуудлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай талаас оруулсан уг шаардлагын үндэслэлтэй холбогдуулж ерөөсөө тайлбар хийсэнгүй. Хоёрдугаарт өмнө нь Хаан үнэлгээ компаниар хийлгүүлж байсан гэх асуудлыг хөндөөд 2 удаагийн үнэлгээгээр 2 тэрбум төгрөг гараад байгаа нь үнэн гэх агуулгыг илэрхийлээд байгаа нь үндэслэлгүй. Х үнэлгээ компанийг мөн хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр тус шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргасан. Энэ гомдлыг хангаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон. Х үнэлгээ компанийн шинжээч тогтоох үед 2 талаас санал асуусан. Үнийн дүн дээр З өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгийг яг өнөөдөр байгаа хэмжээнд нь 1 тэрбум төгрөгөөр үнэлж байсан баримт бичиг бий. Тэгэхээр энэ ялгаатай байдал гэдэг чинь өөрөө яг энэ чиглэлээр мэргэшсэн, хуулийн шаардлага хангасан, ийм талын тэргүүлэх зэрэгтэй ийм үнэлгээчин үнэлж хийдэг ийм үйл ажиллагаа байна. Өөрөөр хэлбэл би үүнийг яагаад дурдаад байна гэхээр тус шүүхээс хариуцагч талын хүсэлтийг хангаад үнэлгээ хийсэн Б-ээс холбогдох тайлбарыг авсан. Энэ тайлбартай холбогдуулаад шүүхэд ирүүлсэн баримттай манай тал танилцсан. Гэтэл үнэлгээчний өөрийнх нь хариулж байгаа энэ тайлбараас үзэхээр энэ үйл ажиллагаа, үнэлгээнийхээ үйл ажиллагаа, Шүүх шинжилгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, 20** оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан ********* тушаалаар баталсан хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журам, аргачлалыг баримтлаад хийсэн гэж тайлбар өгөөд байгаа. Өнөөдөр энэ хэрэг маргаанд огт хэрэглэгдэхгүй дүрэм журмыг үнэлгээчин маань энд тайлбарлаад сууж байгаа юм. Шинжилгээ хий гэсэн энэ үнэлгээчнийг зөв шинжилгээг явуулсантай холбоотой шинжээчийн дүгнэлтэд шинжилгээ хийхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг буюу журмын зохицуулалтыг энэ шинжээч маань тайлбарлаад хэлээд байгаа байдлаас үзвэл энэ хүн өөрөөр хэлбэл энэ мэргэжлийн үйл ажиллагаагаа хэр зөв ойлгож хийсэн этгээд вэ гэдгийг итгэхэд хүртэл эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тэгэхээр анхны шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч бид нарын гаргаж тавиад байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон асуудлыг ойлгоогүй байна гэж дүгнэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д Хөрөнгийн үнэлгээ хийхэд хууль тогтоомж, стандартад нийцсэн байх зарчмыг удирдлага болгохоор,
4.4.Хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт, энэ хуулийн 4.5, 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, журам, аргачлалыг удирдлага болгохоор заасан.
Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 20** оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ********* дугаар тушаалын нэгдүгээр хавсралт "Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журам"-ын
2.7. Үнэлгээчин нь үнэлгээ хийх бэлтгэл ажлын хүрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний мэдээллийг газар, үл хөдлөх эд хөрөнгийн удирдлагын нэгдсэн системийн мэдээлэлтэй тулган баталгаажуулж үнэлгээнд хэрэглэнэ.
2.8. Үнэлгээчин нь энэ журмын 2.7-д заасан тулган баталгаажуулалтаар эрхийн зөрчилтэй нь илэрсэн, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй тохиолдолд зөрчлийг арилгасны дараа хөрөнгийн үнэлгээ хийнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан *************** үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай Д аймгийн С сумын * дугаар баг, З * дүгээр гудамж, *** тоотод байрлалтай 320 м2 талбайтай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг "Б үнэлгээ" ХХК нь үнэлгээ хийхдээ 640 м талбайтай үйлчилгээний Зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үнэлжээ.
Үнэлгээний тайлангийн 3 дахь талд "...тус барилга нь 1 давхраа 20** онд барьсан ба 2 дахь давхраа 20** онд барьсан ба 2 давхрын засварын ажил дуусаагүй байсан. Шинжээч үзлэг хийхэд тухайн барилга одоогоор хоосон ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй байсан. 2 давхрын шалны ажил дуусаагүй дээвэр сэндвич хэвээрээ ханыг будсан байсан ч зарим хэсгээрээ будаг халцарсан зэрэг байдалтай байсан..." гэжээ.
Үзлэгт дурдсанаар тус барилгын 2 дугаар давхар нь баригдаж дуусаагүй дотор заслын ажил бүрэн хийгдээгүй байна. Гэтэл барилгыг үнэлэхдээ бүрэн ашиглалтад орсон барилгатай харьцуулан үнэлсэн нь дээрх хууль, журам, аргачлалын холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И Инвест ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Д аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар"-аас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "И Инвест ББСБ" ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "И Инвест ББСБ" ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч "Д аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар"-т холбогдуулан Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20** оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ****** тоот мэдэгдлээр үнэлгээ тогтоосон улсын бүртгэлийн ************** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг болон Д аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 20** оны 05 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "И Инвест ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-аас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И Инвест ББСБ ХХК-д олгосугай.
3. Зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ