| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 1809 02448 0063 |
| Дугаар | 2025/ДШМ/1194 |
| Огноо | 2025-10-08 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 23.2.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/1194
2025 10 08 2025/ДШМ/1194
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Онолт,
хохирогч С.Ч-, С.О-, тэдгээрийн өмгөөлөгч К.Жархынбек, С.О-,
хохирогч С.Ч-ын өмгөөлөгч Ж.Очирхуяг,
хохирогч С.О-ийн өмгөөлөгч Б.Мэргэн,
цагаатгагдсан этгээд Д.Я-, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Ө.Алтангадас, З.Хүрэлсүх,
цагаатгагдсан этгээд Г.Ө-, Г.И- нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Ө.Учрал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1375 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Энхжаргалын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай эсэргүүцэл болон хохирогч С.Ч-, С.О-, тэдгээрийн өмгөөлөгч К.Жархынбек, С.О-, хохирогч С.Ч-ын өмгөөлөгч Ж.Очирхуяг, хохирогч С.О-ийн өмгөөлөгч Б.Мэргэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Я-, Г.Ө-, Г.И- нарт холбогдох 1809 02448 0063 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- овгийн Д-гийн Я-, ........, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:Д-).
2. О- овгийн Г-ийн Ө-, ........., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:Г-).
3. Н- овгийн Г-ийн И-, ......., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:Г-).
1. Д.Я- нь иргэн С.О-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 24 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2203016572 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлийг хуурамчаар үйлдэж, улмаар тухайн баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд тус үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр өөрийгөө бүртгүүлсэн,
2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Орон сууцнаас өмчлөгч хасуулах тухай” С.О-ийн бус гарын үсэгтэй хэлцлийг хуурамчаар үйлдэж, мөн өдөр дээрх хуурамч хэлцлийг ашиглан, улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж, бүртгэлийн Ү-2203016572 дугаартай /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 24 дугаартай байрны 3 дугаар давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэг/ эд хөрөнгийн өмчлөгчийн бүртгэлээс С.О-ийг хасуулсан,
Иргэн С.Цахиурын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж гаргасан улсын бүртгэлийн Ү-2203016574, Ү-2203026572 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн үрэгдүүлсэн гэрчилгээг дахин авах тухай хүсэлт болон 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг зэрэг баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан буюу эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэж ашигласан,
мөн өөрийн нөхөр С.Цахиурын төрсөн эх болох 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нас барсан С.Лхагвасүрэнгийн өмчлөлд байсан улсын бүртгэлийн Ү-2203016574 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн авах ашиг сонирхлын үүднээс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нас барсан С.Цахиурын нэрээр улсын бүртгэлийн Ү-2203016574 дугаартай үл хөдлөх хөрөнгийн “үрэгдүүлсэн гэрчилгээг шинээр авах” тухай С.Цахиурын бус гарын үсэгтэй хүсэлт болон мэдүүлгийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, улмаар нийтийн албан тушаалтан буюу Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Г.Ө-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу Г.Ө- нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан нийтийн албан тушаалтны хувьд хориглосон хэм хэмжээг болон Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаартай тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-д заасан бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах болон хориглох хэм хэмжээнүүдийг тус тус зөрчиж:
Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барснаар бүртгэгдсэн иргэн С.Лхагвасүрэнгийн нэрээр 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан эд хөрөнгийн эрхийн лавлагаа олгохыг хүссэн мэдүүлгийг өмчлөгч биш этгээдээс хүлээн авч, улмаар улсын бүртгэгч Г.И- нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016574 дугаар бүртгэлтэй холбоотой лавлагааг бичиж олгох нөхцөлийг бүрдүүлсэн,
2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нас барсны бүртгэлд бүртгэгдсэн С.Цахиурын нэрээр 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гаргасан “улсын бүртгэлийн Ү-2203016574 дугаартай үл хөдлөх хөрөнгийн үрэгдүүлсэн гэрчилгээг дахин авах” мэдүүлгийг хүлээн авч, С.Цахиур нь өв залгамжлах эрхтэй болохыг нотолсон баримт байхгүй байхад 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барсан С.Лхагвасүрэнгийн нэрээр “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000585492 дугаартай гэрчилгээ”-г 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр олгосон, улмаар 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нас барсан С.Цахиурын өв залгамжлагчаар Д.Я-г тогтоосон өвлөх эрхийн гэрчилгээг мэдүүлгийн хамт ирүүлсэн нотлох баримтад хавсаргаагүй байхад түүний гаргасан мэдүүлгээр С.Лхагвасүрэнгийн өвлөгчөөр С.Цахиурыг тогтоож “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн N0000585499 дугаартай гэрчилгээ”-г 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр С.Цахиурын нэрээр олгож, тухайн үл хөдлөх хөрөнгө 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Д.Я-гийн өмчлөлд шилжих боломжийг бүрдүүлж, давуу байдал олгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,
мөн нас барсан С.Лхагвасүрэнгийн нэрээр 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн Ү-2203016574 дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа олгохыг хүссэн мэдүүлгийг гаргаж, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Г.И-г Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан нийтийн албан тушаалтны хувьд хориглосон хэм хэмжээг болон Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаартай тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-д заасан бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах болон хориглох хэм хэмжээнүүдийг тус тус зөрчиж Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барсны бүртгэлд бүртгэгдсэн С.Лхагвасүрэнгийн нэрээр 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан лавлагаа олгохыг хүссэн мэдүүлгийг өмчлөгч биш, төлөөлөх эрхгүй, эд хөрөнгийн мэдээлэл авч болохгүй этгээдээс хүлээн авч, улсын бүртгэлийн Ү-2203016574 дугаартай үл хөдлөх хөрөнгийн эрхийн лавлагааг Д.Я-д бичиж олгосон, улмаар тус лавлагааг үндэслэн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Р.Онончимэг нь Д.Я-гийн нөхөр С.Цахиурт 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №016 дугаартай улсын бүртгэлийн Ү-2203016574 дугаар бүртгэлтэй хөрөнгийг “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г олгох нөхцөлийг бүрдүүлсэн буюу эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх албаны чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,
Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах болон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас өөртөө болон хамаарал бүхий этгээдүүдэд бий болсон улсын бүртгэлийн Ү-2203026572, Ү-2203016574 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх буюу эдийн бус хөрөнгийг ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэгт,
2. Г.Ө- нь Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан нийтийн албан тушаалтны хувьд хориглосон хэм хэмжээг болон 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах, 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасныг,
2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно” гэж заасныг, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэж заасныг,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаартай тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын бүртгэгч хүлээн авч, мэдүүлэгт хүлээн авсан тэмдэг дарж, хуудсыг дугаарлан, огноо, цаг, минутыг бичиж, мэдээллийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна” гэж заасныг тус тус зөрчиж эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх албаны чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барснаар бүртгэгдсэн иргэн С.Лхагвасүрэнгийн нэрээр 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан эд хөрөнгийн эрхийн лавлагаа олгохыг хүссэн мэдүүлгийг өмчлөгч биш этгээдээс хүлээн авч, улмаар улсын бүртгэгч Г.И- нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016574 дугаар бүртгэлтэй холбоотой лавлагааг бичиж олгох нөхцөлийг бүрдүүлсэн,
мөн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нас барсны бүртгэлд бүртгэгдсэн С.Цахиурын нэрээр 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гаргасан “улсын бүртгэлийн Ү-2203016574 дугаартай үл хөдлөх хөрөнгийн үрэгдүүлсэн гэрчилгээг дахин авах” мэдүүлгийг хүлээн авч, С.Цахиур нь өв залгамжлах эрхтэй болохыг нотолсон баримт байхгүй байхад 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барсан С.Лхагвасүрэнгийн нэрээр “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000585492 дугаартай гэрчилгээ”-г 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр олгосон, улмаар 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нас барсан С.Цахиурын өв залгамжпагчаар Д.Я-г тогтоосон өвлөх эрхийн гэрчилгээг мэдүүлгийн хамт ирүүлсэн нотлох баримтад хавсаргаагүй байхад түүний гаргасан мэдүүлгээр С.Лхагвасүрэнгийн өвлөгчөөр С.Цахиурыг тогтоож “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000585499 дугаартай гэрчилгээ”-г 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр С.Цахиурын нэрээр олгож, тухайн үл хөдлөх хөрөнгө 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Д.Я-гийн өмчлөлд шилжих боломжийг бүрдүүлж, Д.Я-д эдийн бус ашигтай байдал буюу давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,
3. Г.И- нь Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан нийтийн албан тушаалтны хувьд хориглосон хэм хэмжээг болон 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасныг,
2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно” гэж заасныг, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэж заасныг,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаартай тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын бүртгэгч хүлээн авч, мэдүүлэгт хүлээн авсан тэмдэг дарж, хуудсыг дугаарлан, огноо, цаг, минутыг бичиж, мэдээллийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна” гэж заасныг тус тус зөрчиж, Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барсны бүртгэлд бүртгэгдсэн С.Лхагвасүрэнгийн нэрээр 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан лавлагаа олгохыг хүссэн мэдүүлгийг өмчлөгч биш, төлөөлөх эрхгүй, эд хөрөнгийн мэдээлэл авч болохгүй этгээдээс хүлээн авч, улсын бүртгэлийн Ү-2203016574 дугаартай үл хөдлөх хөрөнгийн эрхийн лавлагааг Д.Я-д бичиж олгосон, улмаар тус лавлагааг үндэслэн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Р.Онончимэг нь Д.Я-гийн нөхөр С.Цахиурт 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №016 дугаартай улсын бүртгэлийн Ү-2203016574 дугаар бүртгэлтэй хөрөнгийг “Өвлөх эрхийн гэрчилгээ"-г олгох нөхцөлийг бүрдүүлсэн буюу эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх албаны чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Д.Я- болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал бий болгосон тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Я-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
Г.Ө-, Г.И- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б- овогт Д-гийн Я-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус,
О- овогт Г-ийн Ө-, Н- овогт Г-ийн И- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Я-, Г.Ө-, Г.И- нарыг тус тус цагаатгаж,
шүүгдэгч Д.Я-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Ө-, Г.И- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,
энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-, Г.Ө-, Г.И- нарт холбогдох хэргийг 651 хуудас бүхий 3 хавтас хавсралт материал, 3 ширхэг компакт дискийн хамт хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.
1. Прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “Нэг. Шүүгдэгч Г.Ө-, Г.И-, Д.Я- нарт холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн тухайд:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тогтоолын “Тодорхойлох” хэсэгт:
“...шүүгдэгч Г.Ө-, Г.И- нар нь ажил үүргээ гүйцэтгэхдээ нийтийн албан тушаалтны хувьд хууль журмын холбогдох заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон. ...ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан алдаа, хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг хөндсөн, нийгэмд аюултай, гэм буруутай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэхээргүй байна.
Нийтийн албан тушаалтанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байх, ингэснээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай болон бусад хувийн сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой. Хэргийн үйл баримтаас харахад Г.Ө-, Г.И- нар нь өөртөө эдийн болон эдийн бус баялаг, өмчлөх эрх олж авах, хөнгөлөлттэй аливаа ажил, үйлчилгээнд хамрагдах гэсэн шунахай санаа зорилготой албан тушаал ахих, бие биеэ хаацайлах зэрэг хувийн бусад сэдэлтэй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна... ” гэж дүгнэжээ.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой.
Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж юм.
Мөн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэрэг нь дээр дурдсан нийтлэг шинжээс гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй болон хөнгөлөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байх шаардлагатай.
Учир нь, энэхүү гэмт хэрэг хувьдаа болон өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, шунахай сэдэлтээр үйлдэгддэг ба эдгээр нь үгүйсгэгдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.
Харин Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийн улмаас өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээддээ эдийн ашигтай байдал бий болгосон буюу шунахайн болон бусад хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх сэдэлтээр үйлдэгдсэн байхыг шаардахгүй.
Гэтэл анхан шатны шүүх нь прокуророос нэр бүхий шүүгдэгч нарыг буруутгаагүй гэмт хэрэг буюу “нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн шинж хангагдаагүй талаар дүгнэлт хийж, улмаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ө-, Г.И- нар нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч иргэн, хуулийн этгээдээс гаргасан эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, лавлагаа гаргаж өгөх чиг үүрэг, бүрэн эрхтэй албан тушаалтан буюу Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж, бүртгэлийн үйл ажиллагааг явуулсны улмаас шүүгдэгч Д.Я-, түүний хамаарал бүхий этгээдүүдэд эдийн бус ашигтай байдал бий болсон үйл баримт тогтоогдсон.
Хууль тогтоогч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж аутентик тайлбарыг хийсэн.
“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хор уршиг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдагт оршдог бөгөөд “албаны эрх ашиг” гэдэг нь төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хууль ёсны байлгах, хууль дээдлэх ёсыг хамгаалахад чиглэсэн төрийн нийтлэг ашиг сонирхол юм.
Шүүгдэгч Г.Ө-, Г.И- нар нь албаны чиг үүргээ гүйцэтгэх явцдаа гэм буруугийн шууд санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, төрийн байгууллагын хууль дээдлэх ёсыг гажуудуулсан буюу албаны эрх ашгийн эсрэг үйлдэл хийсэн байхад анхан шатны шүүхээс “Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг хөндсөн, нийгэмд аюултай, гэм буруутай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэхээргүй байна” гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Хоёр. Шүүгдэгч Д.Я-д холбогдох Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн тухайд;
Эрүүгийн хэргийн анхан шатны тогтоолын “Тодорхойлох” хэсэгт: “...Мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээс харахад шүүгдэгч Д.Я- нь нотариатчийн үйлдлээр баталгаажсан дээрх хэлцлүүд болон хүсэлтийг бүхэлд нь хуурамчаар үйлдэж ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Нөгөө талаас нотариатч Р.Онончимэг, М.Саранцэцэг, Б.Батсүрэн нар нь Нотариатын тухай хуулийн 4.2 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөлтэй, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд баримт бичиг, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Д.Я- хэлцэл болон хүсэлтэд зурагдсан гарын үсгийг хуурамчаар зурсан, хоёр талыг байлцуулахгүйгээр нотариатч үйлдэл хийж, гэрчилсэн бол шүүгдэгчийн үйлдэлд нотариатч Р.Онончимэг, М.Саранцэцэг, Б.Батсүрэн нар нь хамтран оролцоотой, хамааралтай байх учиртай. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд прокуророос нэр бүхий нотариатч нарын үйлдэлд болон Д.Я-г буруутгаж ялласан яллах дүгнэлтэд гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх талаар дүгнэлт хийгээгүй, нотариатч нарын үйлдэл хүчин төгөлдөр байхад шүүх шүүгдэгч Д.Я-г уг үйлдэлд буруутган яллах боломжгүй юм..” гэж дүгнэсэн.
Хууль тогтоогчоос “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжийг “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдэл” гэж тодорхойлсон.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүдэгч Д.Я- нь эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон хэд, хэдэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, мөн дээрх баримт бичгүүдийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан үйл баримт тогтоогдсон. Тодруулбал, үргэлжилсэн үйлдлээр нийт 4 баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан нөхцөл байдал тогтоогдсон.
Тус гэмт хэрэг нь хуурамч баримт бичиг үйлдсэнээр болон түүнийг ашигласнаар төгс үйлдэгдсэнд тооцогддог. Тодруулбал, хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг нь хуульд тодорхойлсон, тодорхой төрлийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэнээр төгсөх буюу тухайн баримт бичгийг нотариатаар гэрчилсэн эсэхээс үл хамаарч төгс үйлдэгдсэн тооцогдоно. Гэтэл анхан шатны шүүхээс нэр бүхий нотариатууд тухайн баримт бичгүүдийг гэрчилснээр гэмт хэрэг төгссөн мэтээр хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлтийг хийсэн.
Мөрдөн шалгах ажиллагаагаар нотариатч Р.Онончимэг, М.Саранцэцэг, Б.Батсүрэн нар нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцэл, гарын үсгийг гэрчилсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг нэгэнт үйлдэгдсэний дараа үйлдэгдсэн бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл, нэр бүхий нотариатч нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлд заасан “Нотариатч, эрхийн улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих”, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлд заасан “Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих” гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхад хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл мэтээр үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.
Нэр бүхий нотариатч нарт холбогдох хэрэг нь 2009 болон 2017 онд үйлдэгдсэн, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон тул прокуророос тэдгээр холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй болно.
Мөрдөгчөөс нотариатч Б.Батсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал ирүүлсэн боловч прокуророос гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсан тогтоол үйлдсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт нэр бүхий нотариатч нарын үйлдлийн талаар тодорхой дүгнэлтийг гаргасан байхад анхан шатны шүүх “дүгнэлт хийгээгүй” гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.” гэж хуульчилсан.
Анхан шатны шүүхийн тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн талаар дурдсан атлаа “Шийтгэх тогтоол” үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд, 1375 дугаартай тогтоолыг хүчин болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
............
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч С.Ч-, С.О- болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэж шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийг хуульчилсан.
Гэтэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Д.Я-, Г.Ө-, Г.И- нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 2025/ШЦТ/1375 дугаартай шийтгэх болон цагаатгах тогтоол аль алыг нь гаргасан ноцтой алдаа гаргажээ.
Тодруулбал, 27 дугаар хавтаст хэргийн 1-107 дугаар талд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1375 дугаар “Цагаатгах тогтоол” авагдсан атал анхан шатны шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр /27хх 112/ тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1375 дугаар “Шийтгэх тогтоол”-ыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараахь зүйлийг тусгана:”, 1.1 дэх заалтад “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга”, 1.2 дахь заалтад “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тус тус тусгахаар хуульчилсан ба, шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болговол шүүгдэгч, хохирогч болон хэргийн оролцогчдын шударга шүүхээр шүүлгэх эрх хөндөгдөх эрсдэлтэй тул шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудад өгсөн дүгнэлтээ тайлбарлах үүрэгтэй.
Анхан шатны шүүх нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах талын нотлох баримтуудаар танилцуулсан:
- Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 7/4491 дугаартай албан бичгээр ирүүлсэн Улсын бүртгэлийн Ү-Г-, Ү-Г- дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийн талаарх мэдээлэл /3хх 44-50/,
- хохирогч С.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /4хх 80, 84-86, 19хх 169-170/,
- хохирогч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /4хх 67, 72-76, 11хх 181-182, 19хх 166/,
- гэрч Ж.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /13хх 194-195/,
- гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /13хх 197-198/,
- Эрхийн улсын бүртгэлийн Ү-Г- дугаартай /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Н-, 24 дугаартай байрны 3 дугаар давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэг/ эд хөрөнгийн хувийн хэрэг /16хх 62-101, 106-108, 117-121/,
- Эрхийн улсын бүртгэлийн Ү-Г- дугаартай /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Н-, 24 дугаартай байрны 4, 5, 6 дугаар давхар, 1 давхрын зоорины давхар, 2, 3 давхрын лифтний хэсэг/ эд хөрөнгийн хувийн хэрэг /12хх 92-127, 133-142, 149-156/,
- Эрхийн улсын бүртгэлийн Ү-Г- дугаартай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /12хх 88-89/,
- Эрхийн улсын бүртгэлийн Ү-Г- дугаартай хувийн хэргээс Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийи этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Г.И- 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 11-952932 дугаар лавлагаа олгосон талаарх баримтууд,
Г.Ө-, Г.И- нарыг албан тушаалд томилох тухай тушаал, улсын бүртгэгчийн ажлын байрны тодорхойлолт /13хх 201-212, 229-231, 233, 237-238, 14хх 175-178, 193-198/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №1951 дугаартай бичиг баримтын шинжилгээний шинжээчийн “...Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй Сүхбаатар дүүргийн 3 хороо, Н-, 24 дугаартай барилгын 3 давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэг байршилтай хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлийн дунд хэсэгт Самбуугийн О- гэсний доор зурсан шинжилж буй гарын үсэг нь О-ийн гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна.
Сүхбаатар дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй Сүхбаатар дүүргийн 3 хороо, Н-, 24 дугаартай барилгын 3 давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил, 1 давхрын үүдний хэсэг байршилтай хөрөнгийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хэлцлийн дунд хэсэгт Самбуугийн О- гэсний доор зурсан шинжилж буй гарын үсэг нь С.О-ийн гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна. ...” гэх дүгнэлт /1хх 113-115/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №54 дугаартай бичиг баримтын шинжээчийн: “...Сүхбаатар дүүргийн №124 нотариатч Р.О-ийн 2013 ӨЗЭГ 01-32 гэсэн хаягтай хавтаст баримтын №00203 дугаартай 2013.8.8-ны өдрийн “Өв хүлээн авахаас татгалзах тухай” С.О- гэсэн баримт болон Сүхбаатар дүүргийн №124 дугаартай нотариатч Р.О-ийн 2013 оны “Гарын үсэг” гэсэн хаягтай баримтын №103 дугаартай 2013.8.8-ны өдрийн “Өв хүлээн авахаас татгалзах тухай” Ч- гэсэн баримтуудын гар бичмэлүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С.О-ийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй.
Сүхбаатар дүүргийн №124 дугаартай нотариатч Р.О-ийн 2013 ӨЗЭГ 01-32 гэсэн хаягтай хавтаст баримтын №00203 дугаартай 2013.8.8-ны өдрийн “Өв хүлээн авахаас татгалзах тухай” О- гэсэн баримт болон Сүхбаатар дүүргийн №124 нотариатч Р.О-ийн 2013 оны гарын үсэг гэсэн хаягтай баримтын №103 дугаартай 2013.8.8-ны өдрийн “Өв хүлээн авахаас татгалзах тухай” Ч- гэсэн баримтуудын гар бичмэлүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С.Ч-ын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй.
Сүхбаатар дүүргийн №124 дугаартай нотариатч Р.О-ийн 2013 оны “Гарын үсэг” гэсэн хаягтай баримтын №103 дугаартай 2013.8.8-ны өдрийн “Өв хүлээн авахаас татгалзах тухай” Ч- гэсэн баримтын доод хэсэгт “Хүсэлт гаргасан” гэсний ард зурагдсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн “С.Ч-ын” гэх гарын үсгийн загвараар ирүүлсэн гарын үсгийн загваруудтай тохирохгүй. ...” гэх дүгнэлт, шинжилгээний баримтууд /6хх 130-137, 138-168/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №1600 дугаартай бичиг баримтын шинжилгээний шинжээчийн “...2017.6.13- огноотой Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст, “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах тухай” гэсэн баримтын “хүсэлт гаргасан” С.Ц- гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг нь С.Ц-ын гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай ерөнхий болон онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна.
Архивт хадгалагдах 969384 мэдүүлгийн дугаартай 2017.07/06/.04 /14/ гэсэн огноотой, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг (иргэн) мэдүүлэг гэсэн баримтын “мэдүүлэг гаргасан” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг нь С.Ц-ын гарын үсгийн чөлөөт загваруудтай ерөнхий болон онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна. ...” гэх дүгнэлт, шинжилгээний баримтууд /8хх 142-145, 146-156/,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Байгалмаагийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлт /13хх 158-180/,
- Нотариатчийн танхимын цахим программд үзлэг хийсэн тэмдэглэл /12хх 14-15/,
- Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 163 дугаартай албан бичиг, түүний хавсралт 11 хуудас бүхий баримт /17хх 73-84/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж буй үндэслэлээ тайлбарлаагүй байна.
Тухайлбал, анхан шатны шүүхийн цагаатгах агуулгатай тогтоолд:
“...шүүгдэгч Г.Ө-, Г.И- нар нь ажил үүргээ гүйцэтгэхдээ нийтийн албан тушаалтны хувьд хууль, журмын холбогдох заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон, ...шүүгдэгч Г.Ө-, Г.И- нарын ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан алдаа, хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг хөндсөн, нийгэмд аюултай, гэм буруутай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэхээргүй, ...өөртөө эдийн болон эдийн бус баялаг, өмчлөх эрх олж авах, хөнгөлөлттэй аливаа ажил, үйлчилгээнд хамрагдах гэсэн шунахай санаа зорилготой, албан тушаал ахих, бие биеэ хаацайлах зэрэг хувийн бусад сэдэлттэй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...хэрэгт авагдсан, дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Я- нь шүүгдэгч Г.Ө-, Г.И- нарыг хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, хатгасан, үйлдлээрээ нэгдэж бүлэглэсэн гэх үйл баримт хангалттай нотлогдоогүй.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч С.О-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Н-ны 24 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-Г- дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг С.О-, Д.Я- нар 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулж, дүүргийн нотариатч М.Саранцэцэг гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байна. /16хх 69/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №1951 дугаартай: “...Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Н-ны 24 дугаартай барилгын 3 дугаар давхар, 1, 2, 3 давхрын шатны хонгил 1 давхрын үүдний хэсэгт байрлалтай эд хөрөнгийн “Өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай” 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлийн дунд хэсэгт “С-гийн О-” гэсний доор зурсан шинжилж буй гарын үсэг нь С.О-ийн гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна. гэх болон ..уг мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээс харахад шүүгдэгч Д.Я- нь “нотариатчийн үйлдлээр баталгаажсан дээрх хэлцлүүд болон хүсэлтийг бүхэлд нь хуурамчаар үйлдэж, ашигласан...” гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
- Шүүгдэгч Д.Я-гийн хувьд прокуророос буруутгасан “...хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах болон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах...” гэмт хэргүүдийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон буюу суурь гэмт хэрэг үгүйсгэгдсэн тул мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болно.” гэх зэргээр дүгнэсэн буюу хэт ерөнхийлсөн дүгнэлтийг хийж, хэрхэн ямар үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэж байгаа хууль зүйн үндэслэл тодорхойгүй, яллах талын нотлох баримтууд болон улсын яллагчийн дүгнэлт, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах агуулгатай тогтоолдоо тайлбарлаж тусгаагүй байна.
3. Анхан шатны шүүхийн цагаатгах агуулгатай тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.
Тодруулбал, гэмт хэргийн шинжийг үгүйсгэж буй гэх утга агуулга бүхий дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэн нь хэргийн бодит байдлыг нотолж буй үйл баримт, баримтуудад бүрэн тулгуурлаагүй, хэрэгт авагдсан хамаарах бүхий л нотлох баримтыг бодит байдлаар харьцуулан шалгаж, үнэлж дүгнэх чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, нотлох баримтыг шалгах, үнэлж дүгнэх журам зөрчигдсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг шалгах, үнэлэх шаардлагатай бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол “үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоож, нотлогдсон үйл баримтад тулгуурлах” ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
Тухайлбал, анхан шатны шүүхийн цагаатгах агуулгатай тогтоолд “...Д.Я- нь нотариатчийн үйлдлээр баталгаажсан дээрх хэлцлүүд болон хүсэлтийг бүхэлд нь хуурамчаар үйлдэж, ашигласан...” гэх үйл баримт тогтоогдохгүй байна, мөн Г.Ө-, Г.И- нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй.гэж тус тус дүгнэсэн байх ба хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч С.О-, С.Ч- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, үл хөдлөх хөрөнгүүдийн хувийн хэргийн материалууд, ажлын байрны тодорхойлолт, нотариатын бүртгэлийн дэвтэр, үзлэг хийсэн баримтууд, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд, Б.Батсүрэнд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай 24 дугаартай тогтоол болон бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, үндэслэлээ заагаагүй, улмаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулжээ.
Тиймээс анхан шатны шүүх нь дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтыг зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй зэрэг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүхээс Г.Ө-, Г.И- нар нь нийтийн албан тушаалтны хувьд хууль, журмын холбогдох заалтыг зөрчсөн болох нь шинжээчийн №01 дугаартай дүгнэлт /13хх 158-180/ болон шинжээч, гэрч нарын өгсөн мэдүүлэг хэрэг авагдсан, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийсэн атлаа шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтаас аль баримтыг цагаатгах талын нотлох баримтаар авч үзэж субьектив шинж хангагдахгүй байна.гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхойгүй, өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийж, мөн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
4. Прокуророос Д.Я-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан буюу “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд энэхүү гэмт хэрэг нь хэзээ, хаана яаж үйлдэгдсэн зэрэг цаг хугацаа, гарсан газар тодорхойгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/” тогтоох гэсэн нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, мөн яллах дүгнэлт энэ талаарх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
5. Г.Ө-, Г.И- нарыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ тэдний үйлдэлд эрх, үүргийн хүрээ хязгаарыг нарийвчлан тодорхойлсон хууль тогтоомж, тэдгээрт тулгуурлан гаргасан хууль зүйн баримт бичигт тусгагдсан зохицуулалтууд хэрхэн зөрчигдсөн эсэх талаар буюу ямар хууль тогтоомж, журам, албан тушаалын тодорхойлолтын холбогдох заалтуудыг хэрхэн зөрчсөн гэж буй талаар хангалттай тодорхойлж яллах дүгнэлтэд тусгаагүй байна.
Энэ нь, холбогдох хууль, тогтоомж, журам, ажил байдлын нарийвчилсан баримт бичиг зэрэгт зааж, нарийвчлан тусгаснаар Г.Ө-, Г.И- нарт олгогдсон “эрх, үүрэг”-т дүгнэлт өгөхөд шууд хамааралтай юм.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1375 дугаар цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж, 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж, 1.3-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж тус тус заасныг үндэслэн хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлуудыг агуулгын хувьд хүлээн авч шийдвэрлэв.
Цагаатгагдсан этгээд Д.Я- нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзсан тул түүний гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1375 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Д.Я-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Ө-, Г.И- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА