| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00049/И |
| Дугаар | 320/ШШ2026/00329 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 320/ШШ2026/00329
| 2026 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 320/ШШ2026/00329 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Б.Н***-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: С.Б***д холбогдох,
нэхэмжлэлийн шаардлага: тоног төхөөрөмж ашиглан олсон ашигт 4,000,000 төгрөг, хөрөнгөд учруулсан хохирол 3,900,000 төгрөг нийт 7,900,000 (долоон сая есөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2026/00049/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Н***,
Хариуцагч С.Б***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Н*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Н*** нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2025 оны 8-р сарын 15-ны өдрөөс “***” хүүхдийн чийрэгжүүлэх озонтой усан спаг ажиллуулж эхэлсэн юм. Үүнээс хойш 2025.10.15-ны өдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж, байнгын тогтвортой орлоготой болсон байсан. Гэтэл хүүхэд маань Хөх хот руу явж яаралтай хагалгаанд орох шаардлагатай болж, мөнгөний хэрэгцээ гарсан тул уг бизнесээ зарахаар Фэйсбүүкийн зарын группт зар тавьсан.Уг зарын дагуу Б.Б*** гэх эмэгтэй холбогдож, бид харилцан тохиролцож, би өөрийн бизнесээ 17,000,000 төгрөгөөр зарахаар болж, харин Б.Б*** нь уг мөнгийг 2025.11.05-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон юм. Харилцан тохиролцсоны дагуу миний бие 2025.10.15-ны өдөр бизнесийн тоног төхөөрөмж болох 2 халуун жакузи, хүүхдийн усанд ордог банн, барианы ор, хүүхдийн тоглоомын булан, тек зэрэг бусад хэрэгслүүдийг түүнд хүлээлгэж өгөөд хүүгээ аваад Хөх хот руу явсан. Гэтэл Б.Б*** нь хэлсэн тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй. Би Хөх хотод байхдаа яаралтай хагалгааны төлбөрөө хийх болоод өөртэй нь зөндөө холбогдсон боловч янз бүрийн шалтаг, шалтгаан хэлж хойшлуулсаар байгаад өдийг хүрсэн. Би Мөрөн суманд ирээд хүүхдийн спа дээрээ очиход 1 халуун жакузиг зориулалтын бус зүйлс хийсний улмаас өмхийрч, хэрэглэх боломжгүй болсон байсныг засварчинд үзүүлэхэд озон ялгаруулагч төхөөрөмж нь эвдэрсэн солиулах шаардлагатай гэсэн. Одоо нэгэнт Б.Б*** нь хэлсэн тохирсондоо хүрээгүй учраас худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, түүнээс өөрт учирсан хохирол болох озон ялгаруулагч төхөөрөмжний үнэ 3,800,000 төгрөг, мөн 2 сарын хугацаанд миний тоног төхөөрөмжийг ашигласны төлбөр 4,000,000 (нэг сар нь 2,000,000) төгрөг, мөн өмхийрсөн жакузны хоолойг солих төлбөрт 100,000 төгрөг, нийт 7,900,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Иймд Б.Б***аас 7,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б*** нь миний тоног төхөөрөмжийг буюу бизнесийг нийт 17,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод би хүүхдээ аваад Хөх хот руу явахад мөнгийг минь араас шилжүүлэхээр болсон боловч шилжүүлээгүй би хүний нутагт орох хоноглох байрны мөнгөгүй, хүүхдээ эмчлүүлэх зардалгүй болсон. Хүүхдээ эмчлүүлж чадалгүй ирсэн. Б***д итгэж хүнээс түр хугацаанд мөнгө хүртэл зээлж авсан. Тэгээд иртэл Б***нь миний тоног төхөөрөмжийг ашиглаж ашиг орлого олсон байсан ба хэд хэдэн хүнээс спад хүүхдийг нь оруулна гэж мөнгийг нь авчихаад нөгөө хүмүүс нь миний пэйж хуудсаар захиалгаа өгсөн учир надаас мөнгө нэхэж байгаа зүйл ч байгаа. Би пэйж хуудсаараа захиалгыг нь хүртэл хийж өгч байсан. Би сар гарны хугацаанд 5 сая гаруй төгрөгний ашигтай ажиллаж байсан. Энэ талаараа нотлохоор дансныхаа хуулгыг шүүхэд өгч байна. Б***бол зөндөө ашиг олсон. Иймд би миний тоног төхөөрөмжийг ашиглаж олсон ашгаас нэг сарыг төлбөрийг 2,000,000 төгрөгөөр тооцож нийтдээ 4,000,000 төгрөгийг гаргуулах, мөн нэг озон ялгаруулах төхөөрөмж эвдэрч озон нь ялгарахгүй болсон бөгөөд Б***нь элдэв шар сүү, цай гэх зориулалтын бус зүйл хийснээс өмхийрсөн байсныг тэнд хамт түрээсэлдэг хүмүүс гэрчилнэ. Цэвэрлэхэд элдэв хог, өөх хүртэл гарч ирсэн байгаа. Үүний зургийг авч хавсаргасан байгаа. Энэ төхөөрөмжийг Хятад улсаас захиалж авч байсан тул үүний үнэ 3,800,000 төгрөгийг, нэг хоолойг солих шаардлагатай болсон тул түүний үнэ 100,000 төгрөгийг Б***аас гаргуулах ингээд нийтдээ 7,900,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна. Б***нь өвөлжөөний хашаагаа зараад өгнө авах хүний нь зээл бүтсэн, ажлын өдөр шилжүүлнэ, өөр хүнд зарахаар боллоо нөгөө хүн маань үхэр малаа зарахаар болоод явсан гэх зэргээр 2025 оны 10 дугаар сарын 25-наас хойш худал хэлсээр байсан. Мөн 2025 оны 12 дугаар сарын дундуур ирээд Б***ыг би олж уулзах гэж гэрт нь очиход хаалга үүдээ онгойлгож өгөхгүй байшин дотроо нуугдаад өчнөөн юм болж байж түлхүүрээ олж авсан. Мөн мөнгө зээлсэн хүн маань надтай хамт Б***ы ээжийнд очиж уулзахад Б***би авдагаараа авна гэж хэлээд харин ээж нь авч чадахгүй гэж хэлж байсан.
2.Хариуцагч С.Б*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би нэхэмжпэгч Б.Н***тэй харилцан тохиролцож 1 жакузи, хүүхдийн усанд ордог ванн, барианы ор, хүүхдийн тоглоомын булан, тек зэрэг эд зүйлийн *** гэдэг газрын 2 давхарт хүлээж авсан. Аваад 1 сар гаран ажиллуулсан, анх авахдаа хашаагаа зараад мөнгийг нь аваад худалдаж авна, түрдээ түрээслэе гээд хүлээж авсан. Гэвч нөгөө хашаа авна гэсэн хүн больчихсон. Тэгээд худалдаж авахаа болиод нэг сар орчим тэр байранд байсан сарын түрээс 1,400,000 төгрөг, цахилгааны, ус нь 180,000 төгрөг нийт 2 сая төгрөгөөр уг байрыг түрээслэсэн, Номин-Эрдэнэ Хөх хот хүүгээ аваад эмчилгээнд явсан. Энэ багаж хэрэгсэлийг түрээслэе гэж бид 2-н хооронд юм яригдаагүй харин худалдаж авахаар тохирсон боловч миний хашаа зарагдаагүй учир мөнгийг нь өгч чадахгүй болсон. Би багаж хэрэгсэлийг бараг ашиглаагүй, түүнд хүлээлгэж өгөхөд бүх зүйл зүгээр байсан. Иймд нэхэмжлэгч Б.Н***д мөнгө өгөх шаардлагагүй, харин ч ашиг олоогүй, түрээслэсэн төлбөрөөрөө харин ч хохирсон. Би ойролцоогоор мөнгө өгч л байсан хэд гэдгийг бол мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхдээ нэхэмжлэгч Н***ийн спад оруулж тэрнээс хойш таньдаг болсон. Тэгээд фэйсбүүк дээр тоног төхөөрөмжөө бизнесийн хамт зарна гэхээр нь би ярьж тохирч 17,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Мөнгийг нь араас нь шилжүүлэхээр тохирсон нь үнэн. Гэвч миний зарах гэж байсан өвөлжөөний газар хашааг авна гэсэн хүн авч чадахгүй болоод мөнгийг нь өгч чадахгүй болсон. Бас нэг хүн үхэр мал зараад авна гэж хэлээд бас авч чадаагүй. Би тохирсон ёсоор тонон төхөөрөмжийг нь авахаар хөөцөлдсөн боловч мөнгө бүтээгүй юм. Би тэгж ашиг орлого олсон зүйл байхгүй. Нэхэмжлэгчийг ажиллуулж байсан тэгж их хүн орж байсан байх. Тэр чинь дулаан байсан үе. Харин намайг ажиллуулж эхлэх үед хүйтний улирал болоод хүн ирэх нь багассан. Би байрны түрээс гэж сард 700,000 төгрөг хоёр сарын төлбөр өгөөд дээрээс нь цахилгаан, ус ашигласан төлбөрийг төлөхөд бараг 2,000,000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгөний хэмжээтэй л орлого орж ирсэн. Тийм болохоор надад ашиг ерөөсөө гараагүй. Тэгээд ч мэргэжлийн биш учраас нярай, бага насны хүүхэд бариа энэ тэр хийлгэх гэхэд мэдэхгүй хэцүү санагдсан учраас болихоор шийдсэн юм. Мөнгийг нь аваад спад оруулаагүй ганц нэгхэн л хүн байгаа. Тийм олон хүн байхгүй. Тоног төхөөрөмжийг нь ашиглаж байсан учир 2,000,000 төгрөг л өгье. Үүнээс ихийг бол би чадахгүй. Тоног төхөөрөмж эвдэрсэн гэдэг бол худлаа намайг ажиллуулж байхад эвдэрсэн зүйл байгаагүй. Тийм болохоор зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Н***ийн нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 5,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Н*** нь өөрийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт *** дэлгүүрийн 2 дугаар давхарт түрээслэн ажиллуулж байсан хүүхдийн спа буюу алжаал тайлбах тоног төхөөрөмжийг ажлын байрны хамт хариуцагч С.Б***д шилжүүлэхээр, хариуцагч С.Б*** нь тухайн тоног төхөөрөмжийн худалдан авч, нэхэмжлэгчийн үйл ажиллагуу явуулж байсан байранд үргэлжлүүлэн түрээс төлж ажиллуулахаар, хариуцагч хариу төлбөрт 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тус тус амаар тохирсон байна.
Дээрх хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн бизнесийн үйл ажиллагааг явуулж байсан түрээсийн байр болон өөрийн өмчлөлийн тоног төхөөрөмж болох 2 халуун жакузи, хүүхдийн усанд ордог банн, барианы ор, хүүхдийн тоглоомын булан, тек зэрэг бусад хэрэгслүүдийг хариуцагч С.Б***д шилжүүлэн өгсөн, хариуцагч нь нэхэмжлэгч Б.Н***д хариу төлбөр 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд түүнийг Хөх хот явах замд нь шилжүүлэх үүргийг хүлээжээ.
Гэвч хариуцагч С.Б*** нь дээрх гэрээний дагуу тохирсон 17,000,000 төгрөгийг төлөөгүй учир нэхэмжлэгч 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орчим өөрийн үйл ажиллагаа явуулж байсан түрээсийн байрны түлхүүрийг олж авсан зэрэг үйл баримт үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримтад талууд маргаагүй.
Нэхэмжлэгч тоног төхөөрөмж хэрэгслийг шалгахад өмхийрсөн зориулалтын зүйл хийгээгүйгээс өмхийрч муудсан, цэвэрлэхэд элдэв зүйл гарч ирсэн ба хэрэглэх боломжгүй болсон байсныг засварчинд үзүүлэхэд озон ялгаруулагч төхөөрөмж нь эвдэрсэн солиулах шаардлагатай гэсэн, мөн нэг хоолойг солих шаардлагатай болсон учир төхөөрөмжийн үнэ 3,800,000 төгрөгийг, солих шаардлагатай хоолойны үнэ 100,000 төгрөгийг, тоног төхөөрөмжийг ашиглаж ашиг олж байсан учир нэг сарын ашгаас 2,000,000 төгрөгөөр тооцож, 2 сар ажиллуулсан учир нийт 4,000,000 төгрөгийг нийтдээ 7,900,000 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч С.Б*** нь би 17,000,000 төгрөгөөр түрээсийн байранд нь үргэлжлүүлэн ажиллах хэлцэлтэйгээр нэхэмжлэгчийн ажиллуулж байсан хүүхдийн спаг (алжаал тайлах хэрэгсэл) тоног төхөөрөмж, хэрэгслийг нийтэд нь худалдаж авахаар тохиролцсон нь үнэн ба би малын өвөлжөөний хашаагаа зараад түүний мөнгөөр авахаар төлөвлөсөн боловч малын өвөлжөөний газар, хашаа зарагдаагүй учир авч чадахгүй болсон ба нэг сар гарны хугацаанд л би ажиллуулсан. Би тэгж их ашиг орлого олоогүй. Бараг түрээсийн төлбөр, цахилгаан усны төлбөр гэж 2,000,000 орчим төгрөг төлөөд хохиролтой шахуу байсан. Тоног төхөөрөмж, хэрэгслийг эвдэлсэн зүйл байхгүй. Тийм учраас түүнийг төлөхгүй. Тийм өмхийрч муудсан зүйл намайг ажиллуулж байхад байгаагүй. Харин тоног төхөөрөмжийг ашиглаж байсан учир 2,000,000 төгрөг л төлөхийг зөвшөөрнө гэж тус тус маргасан байна.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
Гэвч худалдан авагч тал буюу хариуцагч С.Б*** нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй учир худалдагч буюу нэхэмжлэгч Б.Н*** нь гэрээнээс татгалзсан байна.
4. Хариуцагч С.Б*** нь талуудын хооронд амаар тохиролцсон худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч С.Б*** нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй юм.
Түүнчлэн худалдан авагч гэрээнээс татгалзсанаар түүнд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-т үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хоногдлоос гадуур гэмтээсэн муутгасан, дутаасан устгасан бол мөнгөөр нөхөн төлөх үүрэг тус тус үүснэ.
5. Нэхэмжлэгч Б.Н*** нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205 дугаар зүйлийн 205.1.3-т тус тус зааснаар гэрээ биелнээс олсон ашиг, үүргийн зүйл болох озон ялгаруулагч төхөөрөмж ажиллахгүй эвдэрсэн, хоолойг солих шаардлагатай болсон учир тэдгээрийн үнийг хариуцагч С.Б***ас шаардах эрхтэй.
6. Хэрэгт авагдсан баримтаар озон ялгаруулагч төхөөрөмж хэрэгсэл, эвдэрсэн, хоолойг солих шаардлагатай болсонтой холбоотой дээрх төхөөрөмж хэрэгсэл нь ямар үнэтэй, эвдэрсэн, муудсан эсэхийг нотлох баримт авагдаагүй бөгөөд хариуцагчийг сард ямар хэмжээний ашиг олсон талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй.
Тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
7. Нэхэмжлэгч нь шүүхэд өөрийн ажиллуулж байх үед олж байсан орлогоо нотлохоор банкан дэхь дансны хуулгыг, мөн тоног төхөөрөмж, хэрэгсэл эвдэрсэн, өмхийрч муудсантай холбоотой гэрэл зургийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд үүгээр хариуцагчийн олсон ашгийг тодорхойлох боломжгүй бөгөөд гэрэл зургаар тухайн төхөөрөмж хэрэгслийг эвдэрсэн, өмхийлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
8. Хариуцагч С.Б*** нь нэгэнт би тухайн хүүхдийн алжаал тайлах төвийг 1 сар гаран ажиллуулсан юм чинь нэхэмжлэгчид 2,000,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна. Харин би тийм их ашиг олоогүй, түрээсийн төлбөр, цахилгаан, ус ашигласны төлбөрийг өгөөд таарсан гэж тайлбарласан.
Иймд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу тухайн тоног төхөөрөмжийг ашигласнаас олсон ашиг гэж үзэж хариуцагчаас 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас озон ялгаруулагч төхөөрөмж, хэрэгсэх эвдэрсэн ажиллахгүй, төхөөрөмжийн хоолой өмхийрч муудсанаас солих шаардлагатай болсон учир эдгээр үнэ 3,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй, хариуцагчийн гэрээний зүйлийг хүлээн авснаас хойшхи хугацааны олсон ашгийг тодорхойлох баримтгүй тул 5,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Номин-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,350 (нэг зуун дөчин нэгэн мянга гурван зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б***аас 46,950 (дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н***д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч С.Б***аас 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,900,000 (таван сая есөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Н***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,350 (нэг зуун дөчин нэгэн мянга гурван зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б***аас 46,950 (дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н***д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА