| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/01752/И |
| Дугаар | 320/ШШ2026/00345 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 320/ШШ2026/00345
| 2026 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 320/ШШ2026/00345 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б***ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: М.Д***т холбогдох,
нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 30,000,000 төгрөгийг буцаан, гэрээнээс үүдэн учирсан хохиролд 2,901,610 төгрөг нийт 32,901,610 (гучин хоёр сая есөн зуун нэг мянга зургаан зуун арав) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/01752/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б***, түүний өмгөөлөгч Б.Б***,
хариуцагч М.Д*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Д.Б***, нөхөр Д.Э*** нар 2025 оны 6 дугаар сарын 25-нд иргэн М.Д***тай хашаа худалдах худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу хашааны үнэ болох 30,000,000 (гучин сая) төгрөгийг М.Д***ын Х*** банкны *** тоот дансанд бүрэн шилжүүлсэн. Гэвч гэрээ байгуулагдсанаас хойш одоог хүртэл тухайн хашаанд холбогдох эзэмших эрхийн захирамж гараагүй бөгөөд холбогдох байгууллагаас тодруулахад “ хоёр эзэмшигчтэй, эзэмшигч давхцсан” гэх үндэслэлээр захирамж гараагүй, М.Д*** нь өөр хүнтэй энэ хашааны хувьд маргаантай байгаа гэж мэдэгдсэн. Газар эзэмших эрх шилжүүлэх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй тул бид санхүү, үнэт цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирч байна. Иймд бидний 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэн М.Д***тай хийсэн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчингүй болгож, хашааны үнэнд төлсөн 30,000,000 (гучин сая) төгрөгийг хариуцагч талаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний нөхөр Д.Э*** бид иргэн М.Д***аас эзэмшил газрыг нь гэрээний дагуу худалдан авч, төлбөр 30,000,000 төгрөгийг төлөөд газраа шилжүүлж авах гээд хөөцөлдөөд бүтэхгүй учир шүүхэд хандсан. Шүүхийн шатанд зохигчид хоорондоо эвлэрэх санал гаргацгааж эзэмшил газрыг шилжүүлэхэд бэлэн болсон гэдгийг иргэн М.Д*** илэрхийлсэн тул түүний хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн ГХБХБ-ын газрын дарга Идэртэй очиж уулзахад М.Д***ын өмнөх газрын давхцал шийдвэрлэгдээгүй байсан болохоор бидэнд тэр дор нь шилжүүлж өгөх газар нь мөд шилжүүлж өгөх нь тодорхойгүй байсныг баттай мэдсэн. Нэгэнт бодит байдал ийм байгаа болохоор би өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихээс өөр аргагүй боллоо. Иймээс миний бие доорх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:
Иргэн М.Д***т 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөгийг харилцах данс руу газрын үнэ гэж шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл авсан 30,000,000 төгрөгийг М.Д*** нь 8 сар орчим ашиглаж байна. Би Хаан банкнаас хашаа байшин худалдаж авах зориулалтаар 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 28,991,700 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувь буюу сарын 1,5 хувийн хүүтэй зээлийг авсан. Би өөрөө авч ашиглаагүй мөнгөний зээлийн хүүг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 2,901,610 төгрөг төлсөн. Үүнийг би хариуцагч М.Д***аас нэхэмжилж байна. Учир нь М.Д*** нь миний мөнгийг ашиглаж, үр өгөөж, ашгийг нь хүртэж байхад би түүний өмнөөс ямар ч ашиг хүртээгүй байж банкны хүүг төлж байгаа нь шударга биш байна. Иймээс банкинд төлж байгаа 28,991,700 төгрөгийн хүү болох 2,901,610 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зээлийн хүүний төлбөр:
2025.07.25-514,701.96 төгрөг
2025.08.25-432,572.33 төгрөг
2025.09.25-420,673.51 төгрөг
2025.10.25-395,412.38 төгрөг
2025.11.25-396,125.88 төгрөг
2025.12.25-371,293.44 төгрөг
2026.01.25-370,834.26 төгрөг, нийт 2,901,610 төгрөгийг төлсөн байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Тэр газар угаасаа одоо ч маргаантай байгаад байгаа учир энэ асуудал хэзээ ч шийдвэрлэгдэхгүй юм билээ. Ш*** гэж хүний давхацсан асуудал байгаа учраас бид шилжүүлж авсан ч маргаантай хэвээр байх юм билээ. Бид анх удаа л ийм наймаа хийсэн учраас хэмжиж барьж авах ийм тийм асуудал огт байгаагүй байгаа чигээр нь л ийм хэмжээтэй газар гээд л авсан. Гэтэл хэмжээний хувьд ч одоо өөр асуудал яригдах юм байна гэж ойлгосон. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар очиход Д*** чиний асуудал бол шийдвэрлэгдэнэ гээд байгаа мөртлөө одоо хүртэл шийдвэрлэгдээгүй маргаантай байгаа юм билээ. Бид тэгэхээр одоо больё ерөөсөө л төлсөн мөнгөө авья. Би төрийн албанд өчнөөн жил ажилласан хүн одоо тэтгэвэрт гарах дөхөж байгаа учир зээл авах эрхтэй байгаа дээрээ хүүхэддээ хашаа ч болтугай авч гэр барьж тусад нь гаргах зорилгоор банкнаас зээл авч авсан. Гэтэл одоо өчнөөн сар бараг жил болж байна. Энэ асуудлаас болж бид хүүхдээ тусад нь гаргаж чадаагүй банкны хүүгээ төлөөд явж байгаа. Тийм учраас өнөөдрийг хүртэл төлсөн хүүгийн төлбөрөө гаргуулмаар байна. Үүнээс болж хүүхэд бидний хооронд хүртэл таарамжгүй харилцаа үүсэх нөхцөл ч бий болж байгаа. Ямар ч асуудалгүй газар авчихсан бол бид төлөвлөсөн ёсоороо хүүхдээ тусад нь гаргаад гэр ч болтугай бариад тусдаа гаргачихсан байгаа шүү дээ. Би банкнаас 28,991,700 төгрөгийн зээл авч охин Б*** руугаа шилжүүлээд охин маань нэмж хариуцагч Д***ын данс руу шилжүүлсэн байгаа. Үүний өнөөдрийг хүртэл төлсөн зээлийн төлөлтийн дансны хуулга, зээлийн гэрээ, Б***ийн төрсний гэрчилгээний хуулбар, нөхөр бид хоёрын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б*** руу миний мөнгө шилжүүлсэн банкны дансны хуулга, Б***аас Д*** руу 30,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга зэргийг гаргаж өгсөн байгаа. Д***ын энэ газар маргаантай болохыг мэдээд бид Д***ыг олох гэж яаж хөөцөлдсөнийг Д*** ч мэдэж байгаа. Байж болох хаяг гудамж, машины дугаар зэргээр бүгдээр нь явж жаахан жаахан мэдээлэл цуглуулсаар сүүлдээ олдохгүй болохоор нь цагдаад хүртэл хандсан. Энэ хүн биднээс тэр дор нь 30,000,000 төгрөгийг аваад өнөөдрийг хүртэл ашиглаад байдаг бид харин газар ч үгүй, мөнгө ч үгүй өнөөдрийг хүртэл явж хүүгийн төлбөрийг хүртэл төлж байгаад маш их гомдолтой байна. ... гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү ... гэв.
Хариуцагч М.Д*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Д*** нь нэхэмжлэгч Д.Б***гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. М.Д*** миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***дугаар багийн ***-р -удамжны ***тоотод байрших 420 м.кв газрыг эзэмшдэг ба уг газраа Д.Э***т худалдахаар тохиролцож, 2025.06.25-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан. Бид Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очиж холбогдох албан тушаалтнаар нь мэдээллээ шүүлгэхэд “ямар ч асуудалгүй байна” гэх хариу өгсөн. Гэтэл яг газар эзэмших эрхээ шилжүүлж өгөхөөр Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очиход миний газар Б.Ш*** гэх иргэнтэй давхцсаныг олж мэдсэн. Үүнийг олж мэдсэн даруйдаа Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өргөдөл гаргаж, миний өргөдлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар шийдвэрлэж, одоо уг газрыг шилжүүлж өгөх боломжтой болсон. Тухайн Б.Ш*** гэх иргэнтэй газар давхцсан асуудал нь надаас шалтгаалсан асуудал биш бөгөөд хариуцсан ажилтан нь холбогдох мэдээллийг буруу хийсний улмаас миний газар эзэмших эрхэд халдсан байсан. Одоо уг асуудал шийдвэрлэгдэж, газар эзэмших эрхийг шилжүүлж өгөх боломжтой болсон тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***дугаар багийн ***-р гудамжны ***тоотод байрших 420 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлж өгөх хүсэлттэй байна. Би 2018 онд худалдаж авсан гэрчилгээтэй, миний газар мөн учраас тэр утгаараа “миний газрыг хурдан олж өг, энэ газар яагаад давхацсан юм бэ, хэний буруутай үйлдэл юм бэ, миний газрыг минь суллаж өг” гэсэн. Хууль дээр хүртэл хашаагаа барьсан хүн бол хууль ёсны эзэн, н.Ш*** гэдэг хүн хоосон газар аваад хашаа бариагүй 2 жил болоод цуцлагдана гэдэг хуулийн дагуу цуцлагдсан. Тэр хүмүүс тэртэй тэргүй худалдаж авсан учраас маргаан үүсгээд яах вэ, нэг газар олоод өгье гэж байгаа юм байна лээ. Түүнээс биш надтай ямар ч холбоо байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна....Худалдан авагч худалдан авч байгаа зүйлийнхээ орлогыг хэрхэн яаж бүрдүүлсэн нь надад хамаагүй, банкнаас зээл авах эсэх асуудал нь нэхэмжлэгчийн өөрийн шийдвэр сонголт байсан тул миний бие зээлийн хүүг хариуцахгүй гэжээ.
Хэрэгт нэхэмжлэгч талаас Хөвсгөл аймгийн тойргийн нотариатч Э.О***ын үйлдсэн бүртгэлийн 1529 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, цахимд байршсан зарын хуулбар 1 хуудас, Э*** Б***ийн дансны хуулга, гүйлгээ хийгдсэн мэдээллийн хуулбар, Хөвсгөл аймгийн газрын харилцаа барилга байгуулалт газарт өргөдөл гаргах нь гэж хаягласан өргөдөл гаргасан Д***ын өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, утасны дуудлага хийсэн тухай тэмдэглэгдсэн цахим баримтын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 2 хуудас, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, Э***ээс Б***д олгосон итгэмжлэл, “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 202** оны ***дугаар сарын ***-ны өдрийн тогтоолын хуулбар 4 хуудас, Д.Э***, Д.Б*** нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Э***ийн Б***ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д***ийн Б***ийн депозит дансны хуулга, Э***ийн Б***ийн дансны хуулга, Д.Б***гийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 3 хуудас, зээлийн гэрээ эх хувиар 4 хуудас,
Хариуцагчаас Хөвсгөл аймгийн ГХБХБГ-ын ГУХ-ийн даргын хурлын тэмдэглэлийн Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 2 хуудас, цахимаар шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч М.Д*** Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын мэргэжилтэн У***ыг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгч Д.Э***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б***гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*** нь хариуцагч Д.Д***тай 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээнээс үүдэн учирсан хохиролд 2,901,610 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 32,901,610 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж, дараах үндэслэлийг тайлбарлажээ. Үүнд:
2.1. Би төрийн албанд өчнөөн олон жил ажиллачихаад хурааж барьсан ч зүйлгүй, цалингийн зээл авах хугацаа маань хүрэхгүй болчих гээд тэтгэвэрт гарахаасаа өмнө зээл авч хүүхдээ тусдаа гаргахаар нөхөртэйгээ ярьж тохиролцон ядаж хоосон ч болтугай хашаа авья гээд 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр би Х*** банкнаас 28,991,700 төгрөгийн зээл аваад байж байтал Хөвсгөлийн нэг зар дээр /цахим/ Шинэ мөрөн захын ард хоосон хашаа зарна гэсэн зарын дагуу утас руу нь ярьж очиж үзэхээр болсон. Тэгээд анх тийм наймаа хийж байгаа учир зөрчилтэй элдэв юм хумыг нь ч судалж үзэлгүй авья гэж тохироод 30,000,000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд бид нотариат дээр очиж гэрээ хийсэн. Гэрээ хийхэд хариуцагч Д*** л нотариатын хүнтэй яриад гэрээний үнийг 1,050,000 төгрөгөөр хийсэн. Бид элдэв янзан бүрийн юм мэдэхгүй болдог л юм байх гэж бодсон. Татвар энэ тэрийг төлөх төлбөртэй л холбоотой юм байна лээ. Тэгээд охин Э.Б*** маань 30,000,000 төгрөгийг Д***ын данс руу шилжүүлсэн. Өмнө нь би авсан зээлийн мөнгөө охин руугаа шилжүүлсэн байсан. Тэгээд газрын албан дээр бид материалаа өгөөд улсын баярын амралт энэ тэр гэсээр нэлээд хугацааны дараа очтол нөгөө газар маань өөр хүнийхтэй давхацсан хоёр эзэнтэй болж таарсан.
Үүнээс хойш бид Д***ын утас руу утасдаад, анх зар тавьсан утас нь өөр хүний утас буюу хамт ирж хашааг үзүүлсэн хүний утас байсан. Нөгөө залуу маань би сайн гэр орныг нь мэдэхгүй гээд хэд хэдэн удаа ярьж байж бага сага мэдээлэлтэй болоод мөн унаж явсан машины дугаараар нь нөгөө зааж өгсөн хорооллын нь бараг гудамж болгоноор айл болгоны хашаагаар машиныг нь хайгаад утас руу залгахаар холбогдох боломжгүй болоод аргаа бараад бид цагдаад хандсан. Тэгтэл харин Д*** цагдаа дээр ирж ийм тийм асуудалгүй гэсэн зүйл хэлээд цагдаад хандсан өргөдөл хаагдсан. Тэгээд бид шүүхэд хандсан юм. Сая шүүх дээр бид үнэхээр тэр газар нь асуудалгүй бол авья асуудал нь цэгцэрсэн бол авья гээд 14 хоногийн хугацаа аваад Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт очтол өө тэр газар бүтэхгүй давхацсан хэвээрээ байгаа гээд нөгөө л ямар ч шийдвэрлэгдсэн зүйлгүй хэвээр байсан бөгөөд бид Д***тай байгуулсан гэрээнээсээ татгалзаж ерөөсөө өгсөн 30,000,000 төгрөгөө авахаас өөр аргагүй болж байна.
2.2. Би банкнаас 28,991,700 төгрөгийн зээл авч өнөөдрийг хүртэл хүүг нь төлж байгаа бөгөөд нийт 2,901,610 төгрөгийг хүүнд төлсөн. Энэ талаар зээлийн дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн байгаа. Хэрэв бид тухайн хугацаандаа газар авчихсан байсан бол хүүхдээ тусад нь гаргаад төлөвлөсөн барьсан зүйлээ хийчих хугацаа байлаа. Одоо бараг жил болох гэж байна. Энэ хугацаанд хариуцагч бидний 30,000,000 төгрөгийг ашиглаад л явж байгаа. Харин бид банкны хүүг төлөөд явж байгаа учир энэ төлсөн хүүг учирсан хохирол гэж үзэж нэхэмжилнэ гэжээ.
3. Хариуцагч М.Д*** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба маргаж буй үндэслэлээ газрын давхацсан асуудал нь надаас шалтгаалаагүй газрын албаныханы хариуцлагагүй байдлаас бий болсон. 2025 оны 7 дугаар сарын эхээр надад миний газрыг давхацсан байна гэхээр нь би өргөдөл өгчихөөд явсан. Энэ хугацаанд би гадагшаа явсан байсан учир утас холбогдохгүй байсан. Нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийг авсан. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу татварт төлөх төлбөр өндөр байсан учир би 1,050,000 төгрөгөөр гэрээний үнийг бичиж хийсэн нь үнэн. Тэгтэл цагдаагаас намайг дуудаад залилан хийсэн гэж өргөдөл юм ирсэн гэж хэлэхэд нь иртэл ийм асуудал болсон байсан. 2025 оны 11 дүгээр сард хуралдсан газрын албаныханы хуралдаанаар миний газрын асуудлыг шийдвэрлэсэн. Бид газрын албан дээр очиж уулзахад тухайн газрын дарга өөрчлөгдсөн байсан учир энэ талаар сайн мэдэхгүй, хариу тодорхой өгөөгүй. Одоо бол ямар ч асуудалгүй болсон байгаа. Би асуудалгүй болсон байна газраа шилжүүлье гэж өмгөөлөгч болон нэхэмжлэгч нар руу залгахад утсаа авахгүй байсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Банкны хүүг би төлөх үндэслэлгүй. Энэ хүмүүс худалдан авахдаа зээл авах, авахгүй нь өөрсдийн нь асуудал учир төлөхгүй гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, гэрчээс авсан мэдүүлэг зэргээр дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг Урандөш, 31 дүгээр гудамж, 26 тоотод байрлалтай, 420м2 талбай бүхий газар эзэмших эрхийг барьсан хашааны хамт Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр, гэрээний үнэ 1,050,000 төгрөг гэж байгуулсан боловч бодит байдал дээр гэрээний үнийг талууд 30,000,000 төгрөгөөр тохиролцон, нэхэмжлэгч хариуцагчид 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
Талууд холбогдох баримт бичгийг эрх шилжүүлэх гэрээний хамт Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт өгсөн боловч нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших эрх шилжээгүй.
Нэхэмжлэгч Д.Э***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*** нар нь албан ёсны гэр бүлийн харилцаатай бөгөөд Д.Б*** нь 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Х*** банкнаас 28,991,700 төгрөгийн цалингийн зээл авч, уг мөнгөө охин Э.Б*** руу шилжүүлэн, охин Э.Б*** нь хариуцагч М.Д***ын дансанд 30,000,000 төгрөг болгон 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдлоо.
5. Дээрх тогтоогдсон үйл баримтад талууд маргаагүй.
Харин хариуцагч нь одоо тухайн газар ямар нэгэн асуудалгүй, Ш***гэх хүний газар гэж кадастрын зураг дээр давхацсан байсан асуудлыг Газрын албаныхан шийдвэрлэж Ш***д өөр газарт газар олгохоор болсон учир шилжүүлэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй болсон тул би гэрээний дагуу газраа өгмөөр байна. Мөн гэрээний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхэд надаас шалтгаалаагүй газрын албаныханы хариуцлагагүй байдлаас болж шилжээгүй тул би зөвшөөрөхгүй, мөн нэхэмжлэгч нар төлбөрөө зээл авч төлсөн эсэх нь надад хамааралгүй тул төлөхгүй гэж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бид шүүхээс хугацаа авч газрын албан дээр очиход нөгөө давхацсан асуудал шийдвэрлэгдээгүй байсан, одоо шийдвэрлэгдээгүй энэ нь эрхийн догодолтой гэж үзнэ тийм учраас гэрээний дагуу бидний эзэмшилд газар шилжих боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж байна. Мөн бид хүүхдээ хашаатай, гэр оронтой болгох гэж зорьж анхнаасаа зээл авсан бөгөөд хашаа ч үгүй газар ч үгүй төлөвлөсөн зүйл минь энэ асуудлаас болж бүтээгүй зээлийн хүүг төлж хохирч байгаа тул хохирлоо ч мөн гаргуулна гэж маргажээ.
6. Нэхэмжлэгч Д.Э***, хариуцагч М.Д*** нарын хооронд 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээгээр нэхэмжлэгч Д.Э***ийн эзэмшилд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багт байрлах ***дүгээр гудамжны *** тоотод байрлах 420м2 хэмжээтэй гэр, орон сууцны хашааны газрыг шилжүүлэх үүргийг худалдагч буюу хариуцагч М.Д*** хүлээж, нь төлбөр болох 1,050,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлэх үүргийг хүлээсэн нь худалдах, худалдан авах гэрээний шинжтэй тохирч байгаа тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Гэвч бодит байдал дээр талуудын тайлбараар болон холбогдох дансны хуулгаар газрын эзэмших эрхийг худалдах, худалдан авах үнийг талууд 30,000,000 төгрөгөөр тохиролцсон ба энэ талаар хариуцагч өмчлөөгүй газар дээр 10 хувийн татвар авдаг учраас 30,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөг өгөхөөр байсан. Надад эмчилгээнд явахад мөнгө хэрэгтэй байсан учраас эгчтэй зөвлөлдөөд, нотариатчаас энэ газрын хамгийн доод үнэ нь хэд юм бэ гэж асуухад 1,050,000 төгрөг гэж хэлэхээр нь энэ мөнгөөр тохирч татвараа төлсөн гэж тайлбарласан ба худалдан авагч тал амаар тохиролцсон үнэ болох 30,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж гэрээний үүргээ биелүүлжээ.
Гэрээний 3.2-т гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацааг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэж тогтоосон боловч хариуцагч дээрх газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардах, учирсан хохирлоо шаардах эрхтэй.
7.Талууд гэрээнд заасны дагуу холбогдох баримтыг Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бүрдүүлэн өгсөн боловч гэрээний зүйл болох газрын эзэмших эрх нэхэмжлэгчид шилжээгүй бөгөөд гэрч У***ын “... Би кадастрын мэргэжилтнээр 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр томилогдож энэ эрх шилжүүлэх материалтай танилцаад энэ хоёр хүнтэй 20 хэдний үед уулзаад давхцал үүссэн байгааг харсан. Д***ын эзэмшлийн газар давхцалтай байгаа. Манай мэдээллийн системд хоёр иргэний мэдээлэл давхацсан байгаа. Яагаад гэдгийг ажлаа аваад удаагүй байгаа учраас би мэдэхгүй байна. Нөгөө давхацсан иргэн бас надтай ирж уулзаад би газрын даргатай уулзуулсан. Ийм зөрчилтэй байна, энэ зөрчлийг яаж арилгуулах вэ гэдэг асуудлаар газрын даргатай уулзаад энэ гудамжинд байгаа бүх иргэдэд мэдэгдэл өгье. Учир нь энэ айлууд бүгд талбайн хэмжээ өөрчлөлттэй буюу сунгасан айлууд байгаа. Энэ айлууд сунгаснаас болж нэг иргэн газаргүй болж энэ давхцал үүссэн байна гэж үзээд гудамжны айлуудыг ирж уулз гэсэн зар тавиад эхнээсээ ирж уулзсан Энэ гудамжны айлууд газраа хажуу тийшээ сунгасан айл ч байгаа Тэрнээс болоод 10-н айл байх ёстой байтал одоо 9-н айл болчихсон байгаа гэсэн үг. Гэхдээ мэдээллийн сан дээр давхцах ёсгүй. Манай удирдлагын түвшинд юм уу би өөрөө 420 метр квадрат газрыг шууд захирамжид оруулаад шилжүүлье гэсэн байдалтай байгаа. Захирамжийн төсөл орчихсон байгаа. Өнөө маргааш аймгийн засаг дарга эрүүл мэндийн шалтгаанаар байхгүй байгаа боловч ирэнгүүт нь төслөө танилцуулаад гаргана гэсэн байдалтай байгаа гэв. Одоо бодит байдал дээр Д***ын барьсан хашааны газрын хэмжээ 600 хэдэн метр квадрат байгаа. Үүнээс 420 метр квадратыг л шилжүүлнэ. Гэхдээ давхцал арилаагүй байгаа. Давхцалтай харагдаж байгаа. Манай удирдлагууд оны өмнө 11 дүгээр сар, 12 дугаар сар, 01 дүгээр сар гээд 2 сар гаруй хугацаанд солигдож ажиллаж байна. Үүнээс өмнө н.Г***дарга, н.Н*** ахлах нар энэ хүмүүстэй уулзаж харилцан тохиролцоод М.Д***ын газартай давхацсан иргэн н.Ш***ийг урагшаа шилжүүлье. М.Д***ын газрыг энд нь үлдээе гэж гарын үсэг зурагдсан тэмдэглэлтэй би танилцсан. Гэтэл н.Ш***ийн хамаарал бүхий ах, дүү, хажуу талын айлууд нь ирээд удирдлагуудтай уулзуулахад “намайг урагшаа шилжүүлэх гэж байгаа газар нь өндөр хүчдэлтэй ойрхон юм байна. Би энд байх боломжгүй” гэсэн. Тэгэхлээр нь та шилжихгүй байж болно, анх энд газар авсан учраас хашаагаа сунгаж барьсан байгаа айлуудын хашааг татуулахаар танай газар гарч ирнэ гэж хэлээд ийм шийдэлд хүрсэн. Тэнд байгаа айлууд бүгд хажуу тийшээ ч сунгасан, урагшаа ч сунгасан байгаа. Анх 400 метр квадратаар олгогдсон газар байтал одоо 600, 700 метр квадрат болсон байгаа. Д***ын газарч мөн ялгаагүй. Одоогоор энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Фэйсбүүк хуудсаар мэдэгдэл өгч зар тавьсан байгаа. Бодит байгаа байдлаасаа багасаж 420 метр квадратаараа шилжинэ... албан ёсоор шийдвэрлэгдсэн зүйлгүй. Маргаантай байгаа...” гэсэн мэдүүлгээр гэрээний зүйл болох хариуцагч М.Д***ын эзэмшлийн газарт хоёр иргэний эзэмших эрх давхацсан, 420м2 хэмжээтэй газрыг хариуцагч Д*** томруулан 600м2 хэмжээтэй болгон томсгож хашаа барьсан болох нь нотлогдсон.
Үүнээс үзвэл гэрээний зүйл буюу хариуцагчийн нэхэмжлэгчид худалдсан эзэмших эрх бүхий газрыг эд хөрөнгийн биет байдлын болоод эрхийн доголдолтой гэж үзнэ.
7.1.Хариуцагчийн эзэмших эрхтэй газарт мөн өөр этгээдийн эзэмших эрх давхацсан талаар хариуцагч 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр мэдэж тухайн Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар өргөдөл хүсэлт гаргасан байх бөгөөд хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ... холбогдох баримтаа өгөөд байж байтал хэд хоногийн дараа Газрын албанаас хүн чиний газар давхацсан байна гэж ярьсан, би өөрөө хүнээс аваад хашаагаа барьсан Ш***хашаа бариагүй учир түүнд уг газрын эзэмших эрх шилжихгүй гэсэн тайлбар зэргээр тэрээр эд хөрөнгийн эрхийн доголдлын талаар 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн, эд хөрөнгийн биет байдлын доголдлыг хариуцагч хашаа барихдаа өөрөө бий болгосон нь тогтоогдлоо.
Түүнчлэн нэхэмжлэгч тухайн газрыг худалдан авахдаа хэмжээгүй тухайн байгаа байдлаар нь хүлээн авахыг зөвшөөрч газар эзэмших эрхийг худалдах-худалдан авахаар тохиролцсон талаараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан болно.
7.2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Худалдагч буюу хариуцагч М.Д*** өөрийн эзэмших эрх бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн *** дүгээр гудамжны *** тоотод байрлалтай газрыг нэхэмжлэгч Д.Э***ийн эзэмшилд шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бодитоор үүссэн гэж үзэв.
Тодруулбал хариуцагч М.Д*** нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай байна.
7.3.Түүнчлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэ гэж заасан үүргээ ч мөн хариуцагч хэрэгжүүлээгүй гэж дүгнэлээ.
8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тухайн гэрээний зүйл миний эзэмшилд шилжих боломжгүй болсон учир газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж хуульчилсан.
Үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь 2025 оны 7 дугаар сард гэрээний зүйлийн эрхийн доголдын талаар мэдсэнээс хойш тус шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 3 сарын хугацаа өнгөрсөн, тухайн эд хөрөнгийн эрхийн доголдол үүссэн талаар хариуцагч 2025 оны 7 дугаар сард мэдсэнээс хойш үүргээ шударгаар хэрэгжүүлэх талаар нэхэмжлэгчид мэдэгдэж тодорхой нэмэлт хугацаа тогтоох талаар харилцан тохиролцоогүй бөгөөд хариуцагчид нэмэлт хугацаа тогтоосон ч дээрх үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчээс Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу харилцан тохиролцож хариуцагчид бодитоор шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс үүдэн гарсан хохиролд 2,901,610 төгрөг буюу тухайн газар эзэмших эрхийн худалдан авахаар банкнаас авсан зээл 28,991,700 төгрөгөнд тус иргэний хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд төлсөн хүүгийн төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд үүнийхээ үндэслэлийг хэрэв бид тухайн газраа авах ёстой цаг хугацаандаа авсан бол төлөвлөсөн ёсоор хүүхдээ тусад нь гаргаад цаг хугацаа алдахгүй банкны хүү гэж төлсөн ч нэгэнт түүнд тохирсон зүйлээ авчихсан учир нэхэмжлэхгүй байсан. Гэтэл энэ хүнд 30,000,000 төгрөгөө 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн хариуцагч энэ мөнгийг өнгөрсөн хугацаанд ашигласаар байсан учир банкны хүүг хохирол гэж нэхэмжилнэ гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээ, дансны хуулга, зээлийн дансны хуулга, гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч нар нь албан ёсны гэр бүл бөгөөд нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч Д.Б*** нь 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Х*** банкнаас 28,991,7000 төгрөгийн зээл авч үүнийгээ охин Э.Б***гийн М банкны данс руу шилжүүлсэн, охин Э.Б*** нь нэхэмжлэгч Д.Э***ийн хариуцагч М.Д***тай байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагчийн холбогдох дансанд 30,000,000 төгрөг болгон шилжүүлсэн нь нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн дансны хуулгаар тухайн ХААН банкнаас авсан зээлийн гэрээний дагуу зээл авснаас хойш зээлийн хүүгийн төлбөрт 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 513,981.30 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 427,214.04 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 394,017.80 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 397,241.51 төгрөгийг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 396,125.88 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 371,686.62 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 369,163.59 төгрөгийг нийт 2,869,430.74 төгрөгийг төлжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг худалдан авахдаа зээл авах, авахгүй нь өөрсдийн нь асуудал учир төлөхгүй гэж мэтгэлцсэн болно.
Шүүх нэхэмжлэгчийн банкнаас авсан зээлийн хүүд төлсөн 2,869,430.74 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.
Учир нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна.
Хариуцагч М.Д*** нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээний зүйлийг буюу газар эзэмших эрхийг шилжүүлэн аваагүй, авах боломжгүй нөхцөл байдал бий болжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь эд хөрөнгийн биет байдлын доголдлыг өөрөө бий болгосон бөгөөд тухайн худалдаж буй эд зүйлийнхээ доголдол, шинж байдлын талаар худалдан авагч талд үнэн зөв мэдээллийг өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, эд хөрөнгийн эрхийн зөрчилтэй талаар 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр мэдсэнээсээ хойш 2025 оны 10 дугаар сарыг хүртэл нэхэмжлэгчтэй холбогдож энэ талаар мэдэгдээгүй, тухайн доголдлыг арилгах талаар ямар нэгэн санал санаачлага гаргаагүй /2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өргөдөл гаргасанаас өөрөөр/ тул түүнийг үүргээ зөрчсөн, зохих ёсоор биелүүлээгүй буруутай.
Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг байгуулахаас өмнө ХААН банкнаас цалингийн зээл авсан байгаа боловч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зорилго нь тухай мөнгөөр хашааны газар авахаар зээл авсан, зээл авснаасаа хойш цахимаар болон бусад байдлаар зарагдах хашааны заруудтай танилцаж хариуцагчийн зарын дагуу холбогдож гэрээг байгуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчин тайлбар бусад баримтаар нотлогдож байгаа ба хариуцагчийн үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч ашиглаагүй зээлийн мөнгөнийхөө хүүг төлсөнийг хохирол гэж үзнэ.
Хариуцагч М.Д***ын үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирол болох 2,869,430.74 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, тухайн нэхэмжлэлийн шаардлагаас 32,179.26 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
10.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч М.Д***аас “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 (гучин сая) төгрөгийг буцаан, мөн нэхэмжлэгчид учирсан хохиролд 2,869,430.74 (хоёр сая найман зуун жаран есөн мянга дөрвөн зуун гучин төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг нийт 32,869,430.74(гучин хоёр сая найман зуун жаран есөн мянга дөрвөн зуун гучин төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32,179.26 (гучин хоёр мянга нэг зуун далан есөн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
11. Шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Д.Б*** нь тус нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан хэлэлцэх 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б*** нь би буруу нэхэмжлэл гаргаснаа мэдлээ. Учир нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг манай нөхөр Д.Э***, хариуцагч М.Д***тай байгуулсан учир нэхэмжлэгчийг сольж өөрийн нөхөр Д.Э***ийг нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг гаргаж, итгэмжлэлийг ирүүлсэн бөгөөд шүүх Д.Б***гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
12. Нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хоёр удаагийн шилжүүлгээр 70,200(далан мянга хоёр зуу) төгрөг, 307,950 (гурван зуун долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад 61,376 (жаран нэгэн мянга гурван зуун далан зургаа) төгрөгийг нийт 439,526 (дөрвөн зуун гучин есөн мянга таван зуун хорин зургаа) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байна.
Гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 (гучин сая) төгрөгийг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж нь 307,950 (гурван зуун долоон мянга есөн зуун тавь) төгрөг бөгөөд гэрээнээс татгалзаж байгаа нь 30,000,000 (гучин сая) төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох тул түүнийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй, улсын тэмдэгтийн хураамж тооцохгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,326 (гурван зуун ерэн зургаан мянга гурван зуун хорин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч М.Д***аас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 32,869,430.74(гучин хоёр сая найман зуун жаран есөн мянга дөрвөн зуун гучин төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 322,297 (гурван зуун хорин хоёр мянга хоёр зуун ерэн долоо) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Э***т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан “газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 (гучин сая) төгрөг, учирсан хохиролд 2,869,430.74 (хоёр сая найман зуун жаран есөн мянга дөрвөн зуун гучин төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөг нийт 32,869,430.74 (гучин хоёр сая найман зуун жаран есөн мянга дөрвөн зуун гучин төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч М.Д***аас гаргуулан, нэхэмжлэгч Д.Э***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,179.26 (гучин хоёр мянга нэг зуун далан есөн төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,326 (гурван зуун ерэн зургаан мянга гурван зуун хорин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Д***аас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 32,869,430.74 (гучин хоёр сая найман зуун жаран есөн мянга дөрвөн зуун гучин төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 322,297 (гурван зуун хорин хоёр мянга хоёр зуун ерэн долоо) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э***т тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА